Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/01697

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 24-ний өдрийн 103/ШШ2024/00372 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б-т холбогдох, 86,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2014 оны 09 сарын 19-ний өдөр Ц.Б-тэй уулзахад тэрээр "надад 60,000,000 төгрөг хэрэгтэй байна, зээлээч" гэж гуйсан. Түүнээс "зээл авах данс"-ыг асуухад Ц.Б миний дансаар авах боломжгүй, харин С.А гэдэг хүний дансаар авах боломжтой, С.А-ийн Төрийн банкны *********** тоот дансанд шилжүүлж өгнө үү" гэсний дагуу тус дансанд 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь Ц.Б нэмж 26,000,000 төгрөг хэрэгтэй байна, зээлээч гэхээр нь миний бие зөвшөөрсөн. Ингээд 2015 оны 03 сарын 15-ны өдөр Ц.Б өөрийн биеэр ирж надаас бэлнээр 26,000,000 төгрөгийг өмнөх зээл дээрээ нэмж авсан. Тухайн үед Ц.Б нь хөрөнгө, мөнгөний чадвар сайтай, итгэл төрүүлсэн хүн байсан. Ц.Б нь би Д.Б-ээс авсан 86,000,000 төгрөгийг 2019 оны 05 сарын 15-ны дотор төлж бүрэн барагдуулна гэсэн баталгаа тодорхойлолтыг 2019 оны 04 сарын 28-ны өөрийн гараар бичиж өгсөн. Зээлдэгч нь зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй тул 86,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 17.3-р зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг Б.О-тэй бүлэглэн үйлдсэн гэм буруутайд 2021 оны 10 сарын 05-ны өдөр тооцогдон 6 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Д.Б нь Б.О-ийн нөхөр юм. Нэхэмжлэлд дурдсан мөнгийг шилжүүлэн авсан С.А нь миний шийтгэгдсэн эрүүгийн хэргийн хохирогч юм. С.А-д анх Б.О хохирол гэж 60,000,000 төгрөг шилжүүллээ гэж надад хэлсэн. Энэ 60,000,000 төгрөгийг хохирол гэж өгч байхад Д.Б ийг огт танихгүй байсан. С.А-д мөн 26,000,000 төгрөгийг хохирол гэж бэлнээр өгсөн ба энэ нь шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой харагдана. Миний бие Б.О-тэй бүлэглэн залилсан хэрэгт Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад 2018 оноос эхлэн Б.О-ийн нөхөр Д.Б надаас 86,000,000 төгрөг нэхэж байнга дагах, гэр оронд ирж уулзаж мөнгө өг, тэр мөнгө миний мөнгө гэж дарамталдаг болсон. Энэ мөнгө Д.Б-ийн мөнгө биш ба Б.О эдгээр мөнгийг өөр компанид ажил авч өгнө гэж авсан мөнгө юм. Эдгээр хүмүүс гэр орноор ирж дарамтлаад байхаар нь 2019 оны 04 сарын 28-ны өдөр энэ мөнгийг төлж барагдуулна гэж баталгаа бичиж өгсөн. Энэ баталгааг өөрийн хүсэл сонирхлоор бус гадны нөлөөнд автаж бичсэн.

Иймд Д.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.Б-ээс 86,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 587,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-т олгож шийдвэрлэжээ.  

4. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Ц.Б 3-р Автобус баазын угсралтын ажлын тендерийг авч өгье гэхээр нь урьдчилгаа 60,000,000 төгрөгийг С.А гэх хүний данс руу шилжүүлсэн, 100 айлын цэцэрлэг, 73-р сургуулийн барилга нураалтын тендерийн ажлыг авч өгнө гэж 26,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэх шаардлага хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байхад шүүхээс хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.2. Харин хэргийн материалд авагдсан 2021 оны 10 сарын 05-ны өдрийн Эрүүгийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан агуулгаар харахад Ц.Б болон нэхэмжлэгч Д.Б-ийн гэр бүлийн хүн болох Б.О нар хамтран С.А гэх хүнийг залилсан гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 86,000,000 төгрөгийг төлсөн гэдэг нь нотлогдож байхад хуулийг илт буруу тайлбарлаж Д.Б-т мөнгө олгуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Б-ийн нэхэмжлэлтэй, Ц.Б-т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Ц.Б нь тендер авч өгнө гэж хэлсэн ч мөнгө авахдаа Д.Б-ийг С.А гэх хүний дансанд хийчих гэж хэлээд хийлгэсэн. Ц.Б нь залилангийн хэрэгт шалгагдаад төлөх ёстой мөнгийг төлсөн гэж ярьдаг. Энэ нь төлөх ёстой мөнгө биш. Хэргийн 92-р хуудсанд авагдсан баримтад PCT компанийн захирал С.А гэх хүний хохирлыг Ц.Б төлөх ёстой нь харагдана. Ц.Б нь 85,000,000 төгрөгийн хохирол төлүүлсэнд тооцуулсан. Б.О буюу нэхэмжлэгчийн эхнэрт төлбөр төлөх үүрэг үүсээгүй. Д.Б нь С.А-г таньдаггүй байсан ба Ц.Б нь Д.Б-т та С.А-ийн данс руу мөнгө хийчих би танд тендер авч өгнө гэж 60,000,000 төгрөгийг хийлгэж авсан. Дараа нь Ц.Б өөрөө 26,000,000 төгрөгийг гэрээс нь очиж авсан. Хариуцагч нь анхан шатны шүүх хуралд өгсөн тайлбартаа нийт 86,000,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрсөн ч үүнийг хохиролд төлөх ёстой мөнгө гэж ярьдаг. Ц.Б нь өөрөө төлөх ёстой мөнгийг өрөө төлсөн гэж ярьдаг. Ц.Б нь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд би Д.Б-ээс мөнгө авсан буцааж төлнө гэдэг.

Иймд давж заалдах шатны гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав. 

2. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ц.Б-т холбогдуулан 86,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан Төрийн банкны Орлогын мэдүүлэг, Ц.Б-ийн гараар бичсэн Тодорхойлолт зэрэг баримтаар ...хариуцагч Ц.Б-ийн нэрлэн заасан этгээд болох С.А-ийн данс руу 2014 оны 09 сарын 19-ний өдөр 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн, үүний дараа Ц.Б-т 26,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн... гэсэн нэхэмжлэгч Д.Б-ийн тайлбар нотлогдсон. /хх 5/

4. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

5. Хэрэгт авагдсан дараах баримтуудаар хариуцагчийн гаргасан ...уг 86,000,000 төгрөг бол эрүүгийн хэргийн хохирогч С.А-д нэхэмжлэгчийн эхнэр Б.О-ийн төлсөн мөнгө, 2019 оны 04 сарын 25-ны өдрийн гар бичмэлийг дарамт шахалтад орж бичсэн... гэх татгалзал няцаагдаж байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй. Үүнд:

5.1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 05-ны өдрийн 634 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч Ц.Б ...Б.О-ийг 60,000,000 төгрөгийг шилжүүлээд өгөөч гэхэд шилжүүлж байсан. 25,000,000 төгрөг нь Б.О-ийн нөхөр Д.Б-ээс зээлж байсан мөнгө. Ц.Б-т 86,000,000 төгрөгийг төлнө. 60,000,000 төгрөгийг Б.О-ийн нөхөр Д.Б өгсөн гэж хэлсэн... гэж мэдүүлсэн нь тусгагдсан; /хх 25/

5.2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 05-ны өдрийн 634 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгч Ц.Б ...Д.Б нь Б.О-ийн нөхөр юм. Энэ нь 60,000,000 төгрөгтэй холбогдож байгаа. Тэгээд би төлнө гээд баримт үйлдэж өгсөн... гэж хэлсэн нь тусгагдсан; /хх 85-арын нүүр/

5.3. Эрүүгийн 201201051319 дугаартай хэргийн хохирлын тооцооны 25-рт Хохирогч: РСТ ХХК материал импекс С.А, Хохирол төлсөн: Яллагдагч Ц.Б 85,000,000 гэж тусгагдсан; /хх 92/

5.4. Дээр дурдсан шүүхийн шийтгэх тогтоолд ...Шүүгдэгч Б.О би Ц.Б-ийн өмнөөс РСТ ХХК-д 86,000,000 төгрөг төлсөн тул энэ мөнгийг түүнээс авч бусдад төлөх төлбөртөө тооцуулна гэж мэдүүлж байгааг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд харин энэ талаар эрх бүхий этгээд нотлох баримтаа бүрдүүлэн Ц.Б-ээс жич нэхэмжлэх эрхтэй... гэж дүгнэгдсэн. /хх 62/  

6. Анхан шатны шүүх хариуцагч Ц.Б-ээс 86,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгтэй холбоотой Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон тул уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 24-ний өдрийн 103/ШШ2024/00372 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт... гэснийг ...281 дүгээр зүйлийн 281.1-д... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар анхан шатны шүүх хариуцагч Ц.Б-ийг давж заалдах гомдлын улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.НЯМБАЗАР