Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/47

 

 

 

 

 

 

 

 

 

                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Мээпам

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Н

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Насанжаргал, Г.Доржготов 

Шүүгдэгч: Н.С 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Нийн Сд холбогдох эрүүгийн 1812002160142 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч:  М овогт Нийн С/РД:АР................/ 

 

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.С нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг, Өлзийт хорооллын 11-01 тоотод иргэн Н.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан өшиглөж, түлхэж унаган түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Н.С нь миний ээж Н.Ог 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр түлхэж унагаагаад зодож гэмтэл учруулсан. Хохирол төлбөрт 4.700.000 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн Мөнгөнгүүр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Би тухайн үед ор хоногийн мөнгө гэж 1.700.000 төгрөгийг бэлэн төлж байсан. Н.С нь миний ээжийн эгч учраас суманд эмчилгээ хийлгэсэн, зарим нэг баримтгүй төлбөрүүдээ нэхэмжлээгүй. Баримтаар нотлогдсон хохирлоо нэхэмжилж байна. Би маш их гомдолтой байна. Миний ээж элэгний хорт хавдартай байсан ч гэсэн манай аав олон жил асарч, хамгаалж явж байсан. Бидний ах, дүүсийн холбоо маш сайн байсан. Хэрвээ Н.С эгч манай ээжийг түлхээгүй байсан бол өнөөдөр амьд байх байсан болов уу гэж бодож байгаа. Би өнөөдөр маш их гомдолтой байна. Би айлын ганц охин, маш дураараа өссөн хүүхэд. Миний фэйсбүүк хаягнаас хэрэгт хамааралгүй зүйл хуулбарлаж авчихаад нотлох баримтаар гаргаж өгч байгааг ойлгохгүй байна. Н.С нь миний ээжийг түлхэж унагааснаас хойш миний нэр хүндэд маш их халдаж байсан. Миний ээжийг нөхөр нь түлхээд унагаачихсан гэсэн, охин нь Улаанбаатар хот аваад явчихсан гэнэ лээ гээд гадуур худлаа цуурхал тараасан байсан. Би ээжийгээ хөлнөөс нь болж алдсандаа маш их гомдолтой байна. Миний ээж хүний гарт асаргаанд байсан. Н.С эгч миний ээжийг нас барахад нь ирээгүй, сая цагаан сараар ч ирээгүй. Гэхдээ миний ээжийг Мөнгөнгүүр эмнэлэгт очиж үзүүлэхэд хамт явсан гэв...” гэх мэдүүлэг 

 

 

*Эрүүгийн 1812002160142 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч Н.Огийн өгсөн:

 

“...Би 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэртээ нөхөр Б, З настай Н, Г4 настай, Г 11 настай бид тавуулаа байж байсан. Орой 19 цагийн үед С хашаанд байх бага дүү Бийд эхнэр болох Агийн хамтаар согтуу ирсэн.  Тэр хэдтэй уулзах гээд ороход гэрт нь Агийн охин М 9-р ангид сурдаг, М 4-р ангид, мөн миний дүү болох Эын хүүхэд С 11 настай, Уртнасан 2-р ангид сурдаг эдгээр хүүхдүүд байсан. Бид 3 бэр гуйлганы юм ярьж сууж цаг гаран хуучилсан. Тэгээд би гэрээс нь гараад явах гэхэд С намайг зүүн талаас минь түлхэж унагаагаад үхдэггүй авгай вэ ингээд үх гээд өшиглөсөн. Тэгээд М хүү намайг өмөөртөл тэр хүүг чих рүү нь 1 алгадаж нуруу руу нь 2 цохьсон, А согтсон байсан. Гараад гүйгээд явсан. Том ажааг түлхэж байхаар намайг түлхэхгүй яасан юм гэж хэлж байсан. Миний ач Г тэдний гэрээс гаргаж би явж чадахгүй хашаанд гэрийн наана сандал дээр сууж байтал нөхөр Б гэрээсээ гарч ирэн намайг түшиж бага багаар алхаж байгаад арай гэж гэртээ орсон. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, А, С хоёр их согтуу ирсэн. Намайг ямар нэгэн шалтгаан байхгүй үхдэггүй авгай гээд түлхсэн. 2016 онд С намайг тэтгэврээ зээл гэж гуйж байсан. Би үгүй гэхэд тэр асуудлаас болж хэрэлдэж байсан. Зүүн талаас гараараа түлхээд унагаасан, би баруун талаараа гэрийн зүүн хэсэг орны хажууд унасан. Баруун талын дунд чөмөг бэртэж толгой хэсэг нь хугарсан хагалгаанд орж дунд чөмгөнд портез суулгасан. Зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Сгаас эмчилгээний зардал 1.750.000 төгрөг, хагалгааны зардал 10.800.000 төгрөг, эрчимт эмчилгээний зардал 466.000 төгрөг болон бусад эм тариа хэрэглээний төлбөр байгаа. Мөнгөн  гүүр эмнэлэгтэй С уулзаж хагалгааны зардлын гэрээ хийсэн байсан. Би бие эрүүл мэндээрээ хохирч байна. Сэтгэл санаа хохирсон хэвтэрт хүний гарт орсон надад хэцүү байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/ 

 

*Хохирогч Н.Огийн дахин өгсөн:

“...Би 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өөрийн төрсөн дүү Сд түлхүүлэн унаж баруун хөлний дунд чөмөг хэсгээр хугарч гэмтсэн. Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 6-р багт гэртээ байж байхад манайхтай айл байдаг миний отгон дүү Бийн эхнэр А гэртээ байсан. Аийг миний дүү С гэрт нь хүргэж ирэхэээр нь сайн явж ирсэн үү гээд гэрт нь ороод ярилцаж сууж байгаад гэрээс гарах гэтэл С намайг балай авгай үхдэггүй авгай гээд намайг зүүн тал руу түлхээд унагаасан. Би намайг битгий түлх гэж гуйсан боловч С тухайн үед согтуу байсан болохоор түлхээд унагаасан. Миний баруун хөлний дунд чөмөгний дээд хэсэгт хугаралтай. Хэд хоног эмчилгээ хийлгээд хагалгаанд орно. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Бидний дунд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Одоогоос 1 жилийн өмнөөс тэтгэврийнхээ зээлийг аваад өгчих гэж гуйгаад байдаг байсан. Би тэтгэврийн зээл авч өгөөгүй болохоор үүнтэй холбоотой байж магадгүй гэж бодож байна. Би архи уугаагүй эрүүл байсан. Би тухайн үед Цагдаагийн байгууллагад хандаагүй, сүүлд нь эмнэлэгт үзүүлсэний дараа цагдаад хандсан. Би Сд гомдолтой байна. Би эмчилгээний зардал гаргуулмаар байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/

 

*Гэрч  Ж.Бын өгсөн:

“...2018 оны 03 сарын 20-ны өдөр би эхнэр О ач Г, Г, Н нарын хамт гэртээ байсан. Бийнх манай хашаанд байдаг. Бэ нь Огийн дүү А нөхөр юм.  А С нар 19 цагийн үед согтуу ирсэн. Би гэрээс гараагүй кино үзэж байсан. Ач Гг эмээгээ харчихаад ир гээд Аийн гэр рүү явуулсан. Нэлээд удаж байтал 3 настай Н уйлаад ороод ирсэн. Тэгээд би гэрээс гараад хартал О гэрийн хажууд сандал дээр Гтэй сууж байсан. Би арай гэж  түшиж дамнаад оруулсан. Юу болсон бэ гээд асуухад С намайг түлхчихлээ гэж хэлсэн.  А Сгийн араас явах гээд согтуу орилоод байж байсан. 2 хүүхэд нь явуулахгүй татаж чангаагаад гэр рүү нь оруулж байсан. С байхгүй байсан би Аийн гэр рүү ороогүй. Би Сгийнд очиход гэрт нь хүн байхгүй байсан. Эргээд 10 цагийн үед очоод Стай уулзаад Огийн бие муу байна гэж хэлсэн. С очоод эмч дуудаж үзүүлээд аймаг руу явуулсан. Аймгаас эмчилгээ байхгүй гээд хот явуулсан. Хотод 03 сарын 28-нд эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон. Би болсон зүйлийг хараагүй гэртээ байсан. С архи уухаараа агсам, Атай нийлж уудаг. Огээс тэтгэврийн мөнгө зээлж өгөөч гэж байнга гуйдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/

 

*Насанд хүрээгүй гэрч Б.Мгийн өгсөн:

“...Тэр өдөр С эгчийн хүүхдийнх нь бэр гуйлга болж ээж А, С эгчтэй айл руу явсан. Орой 19 цагийн үед ээж Аийг авах гээд С эгчийн гэрт очиход хоёр архи уусан согтуу байсан. Бид 3 С эгчийн гэрээс манайх руу явсан. Манайд очиход О эгч манайд байсан. Тэгээд байж байтал ээж А согтчихоод би явлаа гээд гарах гээд байсан. Би ээжийг унт гэж хэлээд байлгаж байтал О эгч гэр рүүгээ орох гээд явах гэтэл С эгч О эгчийг түлхээд унасан. О эгч намайг яаж байгаан бэ? гээд хэлээд гуйгаад байсан. С, О нар ирэхдээ согтуу ирсэн манай гэрт уугаагүй. Юунаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй, түлхэж унагаахыг харсан. С эгч О эгчийг зүүн талын гуя руу нь хөлөөрөө өшиглөж байсан. Хэдэн удаа гэдгийг сайн мэдэхгүй байна. Би татаад босгох гэтэл О эгч босч чадахгүй байсан. Би С эгчид та О эгчийг яах гэж түлхэж унагааж байгаан бэ? гэж хэлсэн О эгчийг орон дээр босгож суулгаад байж байтал С эгч миний чих рүү 2 удаа , нуруу руу нэг удаа цохиж намайг чи босооч яагаад худлаа маяглаад байгаан гэж хэлсэн. Ээж нөгөө талын орон дээр хараад сууж байсан. Дүү М /9 настай/ ээжид С эгч Н.О эгчийг цохьчихлоо гэж хэлсэн. Маргааш нь миний толгой өвдөж чихээр хатгаад байсан. Би хичээлээсээ чөлөө авсан. Одоо гаагүй байгаа би ээжид хэлсэн, ээж чихэнд шар тостой хөвөн хийж өгсөн. Тухайн үед миний төвөнхөөр  нь өвдөөд байна гэж байсан, маргааш нь эмч дуудаж үзүүлсэн...”  гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/

 

*Гэрч Б.Аийн өгсөн:

“...2018 оны 03 сарын 20-ны өдөр 18 цагийн үед С эгчийн хүүхдийнх нь гуйлганаас С эгчийн гэрт нь ирсэн. С эгчийг дагуулаад охин Мгийн хамтаар манай гэр рүү явсан. Очиход манай гэрт бага хүүхэд М 9 настай, хадам дүүгийн хүүхэд Уртнасан 7 настай энэ хоёр байсан. Очоод С эгч бид юм яриад сууж байтал О эгч орж ирсэн. Тэгээд бид гурав хууч хөөрөөд сууж байгаад О эгч гарах гэтэл С эгч бага зэрэг халамцуу байсан. О эгчийг гаргахгүй гээд түлхээд унагаасан. О эгч газар унасан манай хүүхдүүд босгоод орон дээр суулгасан. Тэгээд С эгч гэр рүүгээ гараад явсан. О эгчийг Б ах орж ирж авсан. Манайд уугаагүй С эгч бид хоёр гуйлганаас ирэхдээ уусан согтуу ирсэн. С эгчийн гэрт бид хоёр 750 граммын архинаас талыг нь уучихаад гарсан. Бид гурав маргалдаагүй, гуйлганы талаар ярьж хөөрч суусан. Юунаас болж түлхэж унагаасан гэдгийг сайн санахгүй байна. Гэрээс гаргахгүй сууж бай гээд түлхээд унагаасан. Зодож хөлөөрөө өшиглөж гэмтээж байхыг хараагүй. Түлхэж унагаахыг харсан. Үхдэггүй авгай вэ гэж хэлснийг сайн мэдэхгүй байна. Тухайн үед би их согтсон байсан. Тэр хоёрын дунд хувийн таарамжгүй харьцаа байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/ 

 

*Гэрч Ж.Бийн өгсөн: 

“...2018 оны 03 сарын 20-ны орчим өдөр, цагийг нь сайн санахгүй байна. Гэмтсэн гэсэн дуудлага охин нь ирж хэлсэн. Тэгээд гэрт нь очиж үзэхэд Огийн баруун дунд чөмөг дээд гуравны нэгээр хугарсан байсан. Бусад амин үзүүлэлтүүд тогтвортой байсан. Эм бичиж, аймгийн нэгдсэн эмнэлэгт зураг авахуулахыг зөвлөгөө өгч 3 сарын 23-нд аймгийн нэгдсэн эмнэлэгт их эмч хүргэж өгсөн. Шинэ гэмтэл байсан. Өмнө нь ямар нэгэн гэмтлээр үзүүлж байгаагүй. О эмчийн хяналтанд байдаг байсан. Элэгний архаг үрэвсэл хатуурал гэсэн оноштой...” гэх мэдүүлэг /хх-ийн 90 дүгээр тал/ 

 

*Насанд хүрээгүй гэрч Ц.Ггийн өгсөн: 

“...Тухайн үед би өвөө Бынд байсан. Хүүхэд уйлах чимээ сонсоод хашаанд байх Бэ ахын гэрт яваад ороход О эмээ А С нар байсан. О эмээ зүүн талын орон дээр босч чадахгүй сууж байсан. Тэгээд би түшээд үүдэн дээр авчирч өвөө Б ирж бид гурав гэр рүүгээ орсон. О эмээ С эгч нь намайг түлхээд унагчихлаа гэж байсан. Юунаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй байна, түлхэж унагаахыг хараагүй. О эмээ алхаж чадахгүй байсан. Өмнө нь хэрэлдэж зодолдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 91 дүгээр тал/

 

*Насанд хүрээгүй гэрч Б.Мы өгсөн: 

“...Тэр өдөр ээж А С эгч хоёр гуйлганаас ирсэн. Тэгээд О эмээ гэрээсээ манайд ирсэн. Тэгээд байж байтал С эгч О эмээг яасан үхдэггүй юм бэ гээд түлхэж унагаасан. Аль хөлийг нь сайн хараагүй хоёр удаа өшиглөсөн. Тэгээд О эмээ ёо ёо гээд хэлэхэд С эгч битгий ямбал гээд орон дээр хүчтэй суулгасан. Тэгээд гаднаас Э хашаанд орж ирээд С эгчийг аваад явсан. Тэгээд Б өвөө Г хоёр О эмээг гэр рүүгээ аваад явсан. С эгч ээж хоёроос архи үнэртэж байсан. Юунаас болж маргалдсаныг нь сайн мэдэхгүй байна, яасан үхдэггүй авгай вэ үх чи гээд түлхэж унагаасан. О эмээ алхаж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 92 дугаар тал/ 

 

*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4422 дугаартай: 

“...Н.Огийн биед баруун дунд чөмөгт ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 31-32 дугаар тал/ 

 

*2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 88 дугаар тал/ 

 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 176 дугаартай: “...100 толгой төлөг, 2 толгой бярууны үнэлгээг 2018 оны 07 дугаар сарын байдлаар 6.160.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 103 дугаар тал/ 

 

*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 50 дугаартай: 

“...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4422 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Н.Огийн биед баруун дунд чөмөгний эргүүлэг дайрсан далд зөрөөтэй хугарал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Үхлийн шалтгааныг цогцост задлан шинжилгээ хийж тогтоох ба дээрх ирүүлсэн материалаар тогтоохгүй. Н.О нь элэгний 5, 7, 8-р сегментүүдийг хамарсан хорт хавдар, ходоодны архаг шарх өвчтэй байжээ. Цогцост задлан шинжилгээ хийгдээгүй тул дээрх өвчнүүд нь үхэлд хүргэсэн эсэхийг тогтоохгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 33-35 дугаар тал/ 

 

*Яллагдагч Н.Сгийн өгсөн

“ ...Би 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүүхдийнхээ бэрийн гуйлганд явж ирээд отгон дүүгийн эхнэр Аийн хамтаар 18 цагийн үед О эгчийн хашаанд байх гэрт нь очиход Аийн гэрт О эгч сууж байсан. Бид хоёр бэр гуйлганаас халамцуу ирсэн. Ухаанаа алдтал согтуу байгаагүй. А О эгчийг та нар намайг гэртээ хүн амьтан оруулдаг гэж харддаг гэж уурлаад О эгчид хэлсэн. Би Аийг за дугай бай өвчтэй эгчтэй юу яриад байгаа юм бэ ганц хоёр юм уучихаад битгий тийм юм ярьж бай гэж хэлсэн. Тэгээд байж байтал за би харьлаа гээд гараад явахад миний өөдөөс нөхөр Эрдэнэ-Очир хашааны үүдэнд ирсэн. Би гадаа хүлээх зуур манай нөхөр Аийн гэр рүү шагайж харчихаад О эгчтэй мэндэлчихээд бид хоёр гэр рүүгээ харьсан. Өглөө 09 цагийн үед хүргэн ах Б гэрт ирээд эгчийн чинь бие муу байна. Очоод уулз гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь очоод уулзахад О эгч орон дээрээ сууж байсан. Юу болсон бэ гэж асуухад чи түлхчихээд гараад явсан ш дээ гэж хэлсэн. Эмнэлэгт үзүүлье гэж хэлэхэд явахгүй байсан. Тэгээд сумын хувийн эмнэлгийн эмч Цогзолмаа эмчийг дуудаж үзүүлсэн. Эмч аймаг юм уу хот яв гэж эмч хэлсэн. Тэгээд 2, 3 хоног гэртээ бариачаар бариулаад охин нь аймгаас ирээд сумын эмнэлэгт үзүүлээд 1 хоног хэвтсэн. Бид хоёр сахиж хоносон. Маргааш өглөө аймаг явж рентгэнд харуулаад хот яв гэсэн. Тэгээд хотод очоод Мөнгөн гүүр гэдэг эмнэлэгт хэвтсэн. Эмчилгээ хийлгүүлж байгаад хагалгаанд орсон. Хагалгааны зардал хийгээгүй эм тарианы төлбөрийг охин Н өгсөн. Эмнэлгээс гарахдаа намайг хагалгааны зардал төл гээд үлдээгээд явсан. Би эмч нарын хамт цагдаа дээр очсон. Би Аийн хамт Архангай аймгийн Хашаат гэх газар бэр гуйсан айлдаа 20 хүн байсан. Ах дүү нар нь цугларсан байсан. 5 шил архи уусан. Гэртээ болон Аийн гэрт архи нэмж уугаагүй. Би О эгчтэй маргалдаж элдэв асуудал гаргаагүй. Би эрүүл ухаантай байсан. О эгчийн биед хүрч гэмтэл учруулаагүй. Хэрэлдэж маргалдаж байгаагүй, харин том эгчдээ тус болж байдаг. Тухайн үед Аийн гэрт М, М гэх хүүхдүүд байсан. Өөр хүн байгаагүй, О эгч А бид хэд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар тал/ 

*Ял шалгах хуудас /хх-ийн 49-50 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг, Өлзийт хорооллын 11-01 тоотод иргэн Н.О бусдад зодуулж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Н.С үйлдсэн ба хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.Огийн“...Тэгээд би гэрээс нь гараад явах гэхэд С намайг зүүн талаас минь түлхэж унагаагаад үхдэггүй авгай вэ ингээд үх гээд өшиглөсөн. Тэгээд намайг өмөөрөөд М хүү намайг өмөөртөл тэр хүүг чих рүү нь 1 алгадаж нуруу руу нь 2 цохьсон, А согтсон байсан. Гараад гүйгээд явсан. Том ажааг түлхэж байхаар намайг түлхэхгүй яасан юм гэж хэлж байсан. Миний ач Г тэдний гэрээс гаргаж би явж чадахгүй хашаанд гэрийн наана сандал дээр сууж байтал нөхөр Б гэрээсээ гарч ирэн намайг түшиж бага багаар алхаж байгаад арай гэж гэртээ орсон. Зүүн талаас гараараа түлхээд унагаасан, би баруун талаараа гэрийн зүүн хэсэг орны хажууд унасан. Баруун талын дунд чөмөг бэртэж толгой хэсэг нь хугарсан хагалгаанд орж дунд чөмгөнд портез суулгасан. Зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна...” “...Аийг миний дүү С гэрт нь хүргэж ирэхэээр нь сайн явж ирсэн үү гээд гэрт нь ороод ярилцаж сууж байгаад гэрээс гарах гэтэл С намайг балай авгай үхдэггүй авгай гээд намайг зүүн тал руу түлхээд унагаасан. Би намайг битгий түлх гэж гуйсан боловч С тухайн үед согтуу байсан болохоор түлхээд унагаасан. Миний баруун хөлний дунд чөмөгний дээд хэсэгт хугаралтай...” гэх мэдүүлэг, гэрч  Ж.Бын “...Ач Гг эмээгээ харчихаад ир гээд Аийн гэр рүү явуулсан. Удаж байтал 3 настай Н уйлаад ороод ирсэн. Тэгээд би гэрээс гараад хартал О  гэрийн хажууд сандал дээр Гтэй сууж байсан. Би арай гэж  түшиж дамнаад оруулсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Мгийн “...Би ээжийг унт гэж хэлээд байлгаж байтал О эгч гэр рүүгээ орох гээд явах гэтэл С эгч О эгчийг түлхээд унагаасан. О эгч намайг яаж байгаан бэ? гээд хэлээд гуйгаад байсан. С, О нар ирэхдээ согтуу ирсэн манай гэрт уугаагүй. Юунаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй, түлхэж унагаахыг харсан. С эгч О эгчийг зүүн талын гуя руу нь хөлөөрөө өшиглөж байсан. Хэдэн удаа гэдгийг сайн мэдэхгүй байна. Би татаад босгох гэтэл О эгч босч чадахгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Аийн өгсөн “...Тэгээд бид гурав хууч хөөрөөд сууж байгаад О эгч гарах гэтэл С эгч жаахан халамцуу байсан. О эгчийг гаргахгүй гээд түлхээд унагаасан. О эгч газар унасан манай хүүхдүүд босгоод орон дээр суулгасан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Бийн”... Тэгээд гэрт нь очиж үзэхэд Огийн баруун дунд чөмөг дээд гуравны нэгээр хугарсан байсан. Бусад амин үзүүлэлтүүд тогтвортой байсан. Эм бичиж, аймгийн нэгдсэн эмнэлэгт зураг авахуулахыг зөвлөгөө өгч 3 сарын 23-нд аймгийн нэгдсэн эмнэлэгт их эмч хүргэж өгсөн. Шинэ гэмтэл байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Мы”... Тэгээд байж байтал С эгч О эмээг яасан үхдэггүй юм бэ гээд түлхэж унагаасан. Аль хөлийг нь сайн хараагүй хоёр удаа өшиглөсөн. Тэгээд О эмээ ёо ёо гээд хэлэхэд С эгч битгий ямбал гээд орон дээр хүчтэй суулгасан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4422 дугаартай дүгнэлт, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 176 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 50 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Сгийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Н.Сг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Хохирогч хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой баримтаас нотлох баримтын шаардлага хангасан хохирогчийн хагалгаа хийлгэх болон эм тариа, асаргаа сувилгаатай холбоотой 3.376.861 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож түүний ирүүлсэн баримтаас 61.400 төгрөгийн гоо сайханы бүтээгдэхүүн, 47.000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн авсан баримт нь хохирол төлбөртэй хамааралгүй байна гэж үзэж мөн хохирогчийг машинаар авч явсан гэх жолоочийн гаргаж өгсөн тодорхойлолтын хувьд үйл баримтыг нотлохгүй, нотариатын баталгаа нь зөвхөн гарын үсэг үнэн зөв болохыг баталсан байх тул хохирол төлбөртэй холбоотой гэж үзэх үндэслэлгүй байх тул түүний нэхэмжлэлээс 808.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хохирогч Н.Од учирсан хүндэвтэр гэмтлийг шүүгдэгч Н.С учруулсан болох нь тогтоогдож байх бөгөөд уг хүндэвтэр гэмтлийн улмаас хохирогч Н.О нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт хагалгаа хийлгэсэн бөгөөд уг хагалгааны зардалд 10.800.000 төгрөг төлөх ёстой байсныг төлөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, Мөнгөн гүүр эмнэлгийн нэхэмжлэл зэргээр тогтоогдож байх тул иргэний нэхэмжлэлийг хангаж шүүгдэгч Н.Сгаас гаргуулах нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч Н.Сд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэж түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх 3.376.861 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Нийн Сг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сг 2.000/хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000/хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сд шүүхээс оногдуулсан 2.000/хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000/хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Сгаас 3.376.861/гурван сая гурван зуун далан зургаан мянга найман зуун жаран нэг/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн 11-1 тоотод оршин суух Б.Н/РД:АР89041607/-д олгож түүний нэхэмжлэлээс 808.400/найман зуун найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч Н.Сгаас 10.800.000/арван сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туулын хөвөө хотхоны 38-р байрны 58 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Б.Хоролшүрэн/РД:ЗП95103106/-д тус тус олгосугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сгаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нд учруулсан 3.376.861/гурван сая гурван зуун далан зургаан мянга найман зуун жаран нэг/ төгрөгийн хохирол төлбөрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь шүүхээс оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлээгүй  тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг тайлбарласугай. 

 

8. Шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР