Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/01700

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 19-ний өдрийн 181/2024ШЗ/02484 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 25,608,184 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Барьцаа төлбөрийн үлдэгдэл 7,337,627 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагчийн өмгөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь Т ХХК-тай 2022 оны 07 сарын 23-ны өдөр 22-521 тоот түрээсийн гэрээг байгуулсны дагуу хариуцагч нь нийт 4,189 ширхэг бараа түрээслэн авч 75-172 хоног ашигласан. Түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 17,072,123 төгрөгийг шалтаг шалтгаан тоочин өнөөдрийг хүртэл төлөөгүй. Мөн хариуцагч нь 4 удаагийн зарлагын падаанаар нийт 19,228,750 төгрөгийн үнэ бүхий 16,335 ширхэг бараа худалдаж авсан. Түрээсийн төлбөр 101,183,003 төгрөг болсон. Ашигласан бараа материалыг буцаан хүлээлгэн өгөх үед 212 ширхэг нь эвдрэлтэй байсан тул гэрээгээр тохиролцсон гэмтлийн төлбөр 4,323,000 төгрөг болсон. Мөн ашигласан нийт 4,189 ширхэг бараанаас 13 ширхэгийг хүлээлгэн өгөөгүй дутаасан тул гэрээгээр тохиролцсон актын төлбөр 858,000 төгрөг болсон. Түрээсийн гэрээний дагуу 106,364,003 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний дагуу 19,228,750 төгрөг, нийт 125,592,753 төгрөгийн төлбөр тооцоо үүссэн. Үүнээс Т ХХК нийт 108,520,630 төгрөгийг төлж, түрээсийн гэрээний үлдэх төлбөр 17,072,123 төгрөгийг төлөөгүй.

Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 17,072,123 төгрөг, алданги 8,536,061 төгрөг, нийт 25,608,184 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Талуудын хооронд 2022 оны 07 сарын 23-ны өдөр 22-521 дугаартай барилгын материал түрээслэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч Х ХХК нь туслах бараа материалыг тодорхой хугацаанд түрээслүүлэх, манай Т ХХК нь гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөр төлөх үүргийг хүлээсэн. Манай компанийн зүгээс гэрээнд заасан бараа материалын төлбөрийг Х ХХК-д бүрэн төлж барагдуулсан. Үүний дагуу талууд 2023 оны 01 сарын 12-ны өдөр хүлээн авсан бараа материалын акт үйлдсэн. Уг актаар нийт бараа материалын түрээсийн төлбөр 101,183,003 төгрөг болсныг талууд харилцан баталсан. Тухайн үед нэхэмжлэгч ямар ч үндэслэлгүйгээр бараа материал гэмтсэн, эвдэрсэн гэж биднээс гэмтлийн төлбөр болон актын төлбөрийг нэмж төлөхийг шаардсан. Хэрэв төлөхгүй тохиолдолд бараа материалыг хүлээн авахгүй, хүлээн аваагүй тул түрээсийн төлбөр бодогдож явах болно гэх шахалтад оруулсан. Иймд манай компанийн зүгээс нийт 108,520,630 төгрөгийг нэхэмжлэгч компанид төлсөн. Дээрхээс үзэхэд манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, илүү төлөлт хийсэн бөгөөд нэхэмжлэгч ямар ч үндэслэлгүй төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэгэнт үндэслэлгүй төлбөр нэхэмжилж байх тул алданги төлөх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Түрээсийн бараа материалыг хүлээлгэн өгөх явцад "Х" ХХК-аас хэвийн ажиллагаатай ашиглагдаж байсан материалуудыг эвдрэлтэй, гэмтэлтэй байна гэж шалтаглаж эхэлсэн. Хэрэв энэ эвдрэл гэмтлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд бид материалуудаа хүлээж авахгүй, хүлээж авахгүй тохиолдолд танай байгууллага цаашид түрээсийн төлбөрөө төлөх үүрэгтэй гэх албан шахалтыг бидэнд тулгаж байсан. Шаардлагагүй түрээсийн төлбөр төлөх нь их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй байсан тул Х ХХК-ийн албан шахалтын дагуу бараа материалыг хүлээлгэн өгсөн. Ингэхдээ талууд 2023 оны 01 сарын 12-ны өдөр 22-521 дугаартай Хүлээн авсан бараа материалын акт" үйлдсэн. Тус актаар манай "Т " ХХК нь нийт 4,189 ширхэг бараа материалыг Х ХХК-д бүрэн хүлээлгэн өгсөн мөн уг бараа материалуудын нийт төлбөр 101,183,003 төгрөг болсныг талууд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан. Харин "Х " ХХК-ийн албан шахалтын дагуу тус компанийг бусад төлбөрүүдээ нэхэмжлэх эрхтэй талаар Хүлээн авсан бараа материалын акт"-д тэмдэглэн үлдээсэн. Манай байгууллагаас барьцаа мөнгө болон түрээсийн төлбөрт нийт 108,520,630 төгрөгийг Х ХХК-д төлсөн. "Х ХХК нь манай компанийн барьцаа төлбөрөөс ямар ч үндэслэлгүйгээр 7,337,627 төгрөгийг илүү бодож авсан.

Иймд барьцаа мөнгөний үлдэгдэл 7,337,627 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Түрээсийн төлбөрт нийт 108,520,630 төгрөг төлсөн гэж маргаж байх боловч уг төлбөрийн 19,228,750 төгрөг нь түрээсийн гэрээнээс тусдаа худалдах, худалдан авах гэрээний дагуу борлуулагдсан бараа материалын үнэд төлсөн төлбөр юм. Хариуцагч нь түрээсийн төлбөрт нийт 89,291,880 төгрөг төлсөн.

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй, нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Т ХХК-аас 25,608,184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч Х ХХК-аас 7,337,627 төгрөгийг гаргуулж, хариуцагч Т ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,990 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 135,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

6.1. Талуудын хооронд хэрэгжсэн гэрээг дүгнэх байдлаар үйлдэгдсэн 2023 оны 11 сарын 12-ны өдрийн Хүлээн авсан бараа материалын акт-д дурдсан тооцооллыг хүлээн зөвшөөрч хариуцагч тал гарын үсэг зурсан. Гэтэл шүүх уг актын нотлох баримтын хүрээнд үнэлээгүй, зөвхөн хариуцагч талын бусад дүнг зөвшөөрөхгүй шахалт, дарамтад орж зурсан, зөвхөн 101,183,003 төгрөгийг л зөвшөөрч тухайн үед зурсан гэх аман тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьсан бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна.

6.2. Хариуцагч нь 2022 оны 07 сарын 23-ны өдрийн 22-521 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний хүрээнд 3 удаагийн зарлагын падаанаар нийт 4,189 ширхэг барааг түрээслэн авч, ашигласан. Зөвхөн түрээслэн ашигласан хугацааны түрээсийн төлбөр нь 101,183,003 төгрөг болсныг хариуцагч тал маргаагүй, зөвшөөрдөг. Гэтэл түрээсийн гэрээний дагуу ашигласан нийт 4,189 ширхэг бараанаас 4,176 ширхэг барааг буцаан орлогын падаанаар хүлээлгэн өгч, дутуу 13 ширхэг барааг огт хүлээлгэн өгөөгүй дутаасан тул гэрээгээр тохиролцсон актын төлбөр 858,000 төгрөг болсныг орлогын баримт болон актад гарын үсэг зурсан атлаа хүлээн зөвшөөрдөггүй.

6.3.  Мөн бараа материалыг буцаан хүлээлгэн өгөх үед 212 ширхэг бараа эвдрэлтэй байсан тул гэрээгээр тохиролцсон гэмтлийн төлбөр 4,323,000 төгрөг болсныг орлогын баримт болон актад гарын үсэг зурсан атлаа хүлээн зөвшөөрдөггүй. Гэтэл анхан шатны шүүх актын төлбөр 858,000 төгрөг, гэмтлийн төлбөр 4,323,000 төгрөгийг баримтаар нотлогдохгүй байна гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.4. Худалдах, худалдан авах гэрээний дагуу 4 удаагийн зарлагын падаанаар нийт 19,228,750 төгрөгийн үнэ бүхий 16,335 ширхэг барааг Т ХХК худалдаж авсан. Талуудын гарын үсэгтэй зарлагын падаан хэрэгт авагдсан бөгөөд уг бараануудыг хариуцагч тал худалдаж авсан тул түрээсийн гэрээний бараа материалтай нэгэн адил манайд буцаан хүлээлгэн өгөх шаардлагагүй тул орлогын баримт уг бараанууд дээр үйлдэгдэхгүй буюу буцаж манайд эргэж орж ирэхгүй бараанууд юм. Гэтэл шүүх уг зарлагын падаанаар баримтжуулж, худалдсан барааг худалдах, худалдан авах гэрээ бичгээр хийгдээгүй тул 19,228,750 төгрөгийн үнэ бүхий бараа худалдсан нь нотлогдохгүй байна гэж хариуцагч талаас төлсөн 108,520,630 төгрөгөөс 19,228,750 төгрөгийг борлуулалтын төлбөрт хасаж тооцон, түрээсийн төлбөрт төлсөн 89,291,880 төгрөг, алданги 8,536,061 төгрөгийг түрээсийн гэрээний үүрэг 106,364,880 төгрөгөөс хасаж тооцон нийт 25,608,184 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэн хариуцагч талын сөрөг нэхэмжлэл 7,337,627 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь бодит байдлыг бүрэн үнэлээгүй, нотлох баримтуудыг үнэн зөвөөр дүгнээгүй, нэхэмжлэгч талын зөрчигдсөн эрх ашгийг дордуулсан шийдвэр гаргаж, нэхэмжлэгч талыг хохироож байна.

Иймд уг маргааны бодит үнэнийг үнэн зөвөөр нь үнэлж тогтоон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа барилгын материал түрээслэх гэрээний төлбөр нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хуралдаанаар худалдах, худалдан авах гэрээ гэдэг асуудал яригдаж эхэлсэн. Шүүх хэргийг бүтэн хэлэлцээд нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Дахин шүүх хуралдаан болох хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс худалдах, худалдан авах гэрээний дагуу 19,228,750 төгрөгийн бараа материал өгсөн гэдгээ нотолж чадаагүй, баримтаа гаргаж өгөөгүй. Актад 4,189 ширхэг бараа хүлээж авсан талаар бичсэн байдаг. Бодит үйл явдлын хувьд өвөл 1-р сард барааг ашиглах шаардлагагүй болсон учраас хүлээлгэж өгсөн. Гэтэл ийм нөхцөл байдал үүссэн байна, хүлээн зөвшөөрөхгүй бол хүлээж авахгүй гэсэн шаардлага тавьсан. Бидний зүгээс нэхэмжлэх эрхтэй гэдэг байдлаар үлдээ, бид өр төлбөртэй гэж бичихгүй гээд уг актыг үйлдсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2-т хэдэн төгрөгийн ямар барааг хүлээлгэж өгсөн гэдгийг хавсралт 2-т зааж өгнө гэсэн байдаг. Хавсралт 2-оо гаргаж өгөхгүй байсаар шүүх хуралдаан болсон. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ бүрэн биелүүлээгүй гэж шийдсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Зарлагын баримтуудын хувьд аль нь барилгын материал түрээслэх гэрээний дагуу хийгдсэн, аль нь худалдах, худалдан авах гэрээний дагуу хийгдсэн эсэхийг нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 17,072,123 төгрөг, алданги 8,536,061 төгрөг, нийт 25,608,184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, барьцаа төлбөрийн үлдэгдэл 7,337,627 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, талууд маргажээ.  

3. Талууд 2022 оны 07 сарын 23-ны өдөр 22-521 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулж, Х ХХК нь Т ХХК-ийн эзэмшил, ашиглалтад барилга угсралтын үйл ажиллагаа явуулахад нь зориулж барилгын туслах материал шилжүүлэх, Т ХХК нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ.

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

5. Түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад нийт 4,189 ширхэг барилгын туслах материалыг шилжүүлсэн, түрээслэгч нь тэдгээр барилгын туслах материалыг эзэмшиж, ашиглаад 2022 оны 08 сарын 10-ны өдрөөс 2022 оны 08 сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд түрээслүүлэгчид буцаан хүлээлгэж өгсөн бөгөөд нийт 108,520,630 төгрөгийг төлсөн үйл баримтын тухайд зохигчид маргаагүй.

6.  Улмаар талууд 2023 оны 01 сарын 12-ны өдөр Хүлээн авсан бараа материалын акт гэсэн баримт үйлдэж, хариуцагч Т ХХК нь түрээсийн төлбөр 101,183,003 төгрөг, борлуулалтын дүн 19,228,750 төгрөг, гэмтэл 4,323,000 төгрөг, актны төлбөр 858,000 төгрөг, нийт 125,592,753 төгрөгөөс 108,520,630 төгрөгийг төлж, үлдэх 17,072,123 төгрөгийг төлөөгүй байгаа болохыг баталгаажуулж, гарын үсэг зуржээ.

7. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

8. Хариуцагч нь дээрх Хүлээн авсан бараа материалын акт-ыг нэхэмжлэгчийн дарамт, шахалтын дор үйлдсэн гэх боловч хэргийн баримтаар уг нөхцөл байдал тогтоогдоогүй.

Түүнчлэн, хариуцагч нь түрээсийн гэрээний үүрэгт 101,183,003 төгрөг төлөх ёстой гэж тайлбарлах боловч ямар учраас 108,520,630 төгрөг буюу илүү төлөлт хийсэн болохоо, мөн барьцаа төлбөрийн үлдэгдэл 7,337,627 төгрөгийг буцаан гаргуулах ёстой гэж тайлбарлах боловч ямар учраас уг Хүлээн авсан бараа материалын акт-д тусгаагүй болохоо тус тус үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй.

9. Хариуцагч Т ХХК-ийн төлсөн нийт 108,520,630 төгрөгөөс хэд нь түрээсийн төлбөр болох, хэд нь барилгын туслах материалын үнэ болох нь талуудын үйлдсэн Хүлээн авсан бараа материалын акт-аас ялгаж зааглах боломжгүй байх тул нэхэмжлэгчийн шаардсан төлбөрийн үлдэгдэл 17,072,123 төгрөгийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. 

10. Харин нэхэмжлэгчийн шаардсан алданги 8,536,061 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь:

10.1. Өмнө дурдсанчлан хариуцагч Т ХХК-ийн төлсөн нийт 108,520,630 төгрөгөөс хэд нь түрээсэн төлбөр болох, хэд нь барилгын туслах материалын үнэ болох нь ялгаж зааглагдахгүйтэй холбоотойгоор алданги тооцох дүнг тодорхойлох боломжгүй.

10.2. Талууд барилгын туслах материал худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар алданги шаардах эрхгүй.

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт үнийн дүнгийн болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 19-ний өдрийн 181/2024ШЗ/02484 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Т ХХК-аас 17,072,123 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,536,061 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Х ХХК-аас барьцаа төлбөрийн үлдэгдэл 7,337,627 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч Т ХХК-ийг сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 285,990 төгрөг, хариуцагчаас төлсөн 135,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 243,311 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 286,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Д.НЯМБАЗАР