Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 101/2024/03570/И |
Дугаар | 210/МА2024/01726 |
Огноо | 2024-09-09 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/01726
Б.О-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/03454 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б ХХК, Б.Ш нарт холбогдох, түрээсийн гэрээний үүрэгт 17,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч Б.Ш нь Б ХХК-ийн захирлаар ажилладаг гэж өөрийгөө танилцуулан Б.О надтай 2022 оны 07 сарын 19-ний өдөр машин механизм түрээслэх тухай гэрээ байгуулсан. Уг гэрээгээр миний эзэмшлийн **-** У** дугаартай том оврын өөрөө буулгагч ачааны машинаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Н гэх газарт байрлах алтны бичил уурхайд шороо зөөлгүүлэх ажлыг хийлгүүлсэн. Гэрээгээр 1 сарын төлбөрийг 17,000,000 гэж тохирсон. Миний бие дээрх компанийн уурхайд 1 сар гаруй хугацаанд ажилласан боловч ажлын хөлс, төлбөр мөнгөө авч чадаагүй тул шүүхэд хандаж байна гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Б.О нь Б ХХК-д хамтран ажиллаж байх хугацаандаа архи дарс ууж хувийн амьдралаа ажилтайгаа хольж байгууллагын дотоод журмыг удаа дараа зөрчиж байсан. Нэг сарын хугацаанд зогсолтгүй ажил хийсэн рейсийн бүртгэл байхгүй. Эвдрэлийн улмаас ажиллаагүй өдрүүд олон байсан. Түүний нэхэмжилсэн 17,000,000 төгрөг Б ХХК-тай байгуулсан учир хувь хүн Б.Ш надаас нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Б ХХК-аас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Ш-т холбогдох 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. 2024 оны 07 сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхэд шүүгч надаас шинээр гаргах хүсэлт байгаа эсэхийг асуусан би гэрч асуулгах хүсэлт гаргасан. Өөр хүсэлт гаргаагүй. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч нь хариуцагч Б.Ш, Б ХХК хоёрын аль нэгээс нь мөнгөө нэхэмжлэх ёстой, яг хэнээс нь 17,000,000 төгрөг нэхэмжилж байгаагаа сонго гэсэн. Миний хувьд Б.Ш нь Б ХХК-ийн захирал учраас компанийнхаа хариуцлагыг ч мөн хүлээнэ гэж ойлгож Б.Ш-ээс мөнгө гаргуулмаар байна гэхэд шүүгч тэгвэл Б ХХК-аас татгалзаж байна гэдгээ бичгээр бичиж өг хэмээн надад бичгийн цаас өгч бичүүлсэн. Үнэн хэрэгтээ би хариуцагчаас татгалзах, татгалзаж байгаагаа бичгээр бичиж өгнө гэдэг юу байдгийг ч огт мэдэхгүй. Гэтэл шүүх хуралдаан дуусаж шүүгч шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа хариуцагч Б ХХК-аас нэхэмжлэгч татгалзсан. Харин иргэн Б.Ш-тэй гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.2. Анхан шатны шүүхийн шүүгч надад хариуцагчаас татгалзсаны үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй хэр нь чи буруу сонголт хийсэн гэж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь шударга бус байна. Надад хоёр хариуцагчийн нэгээс л мөнгөө нэхэмжлэх ёстой гэж ойлгуулсан. Гэтэл заавал аль нэгийг сонго гэж шүүх шаардах ёсгүй, харин хэн нь нэхэмжлэлийг хариуцах вэ гэдгийг шүүх нотлох баримтуудад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж хурлын дараа хуульч тайлбарласан.
4.3. Миний хувьд өөрийн хүсэл зориг, санаачилгаар хамтран хариуцагч Б ХХК-аас татгалзаагүй тул анхан шатны шүүхээс хариуцагчаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг зөвшөөрөхгүй байна. Б.О миний бие шүүхэд гаргасан тайлбараа бүрэн дэмжиж байгаа болно.
Иймд анхан шатны шүүх нь хэргийн оролцогчоос хүсэлт гаргаагүй, хэргийн оролцогчид эрх, үүргийг хангалттай тайлбарлаж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Б.О нь Б ХХК, Б.Ш нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар ...нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа архи дарс ууж, байгууллагын дотоод журам зөрчиж байсан, мөн 1 сарын хугацаанд бүтэн ажиллаагүй, эвдрэлийн улмаас ажиллагаагүй өдрүүд олон байсан... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үнэлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
4. Талууд 2022 оны 07 сарын 19-ний өдөр Машин механизм түрээслэх тухай гэрээ байгуулж, Б.О нь өөрийн эзэмшлийн **-** У** улсын дугаартай автомашиныг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Н хэмээх газар уурхайд шороо ачиж, зөөх зориулалтаар түрээслүүлэх, Б ХХК нь 1 сард 17,000,000 төгрөгийн түрээс төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна.
Шүүх нэхэмжлэгч Б.О болон хариуцагч Б ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.
5. Хариуцагч хариу тайлбартаа ...Б.О нь Б ХХК-д хамтран ажиллаж байх хугацаандаа... гэж, ...1 сарын хугацаанд зогсолтгүй ажил хийсэн рейсийн бүртгэл байхгүй... гэж тус тус дурдсан, мөн уурхайд шороо ачиж, зөөх ажил хийж байсан гэх Х.Ш гэрчийн мэдүүлэгтээ ...Б.О өөрийн автомашинаар шороо зөөж байсан... гэж, ...1 км орчим газар зөөж байсан. Зарим үед 400 метр орчим газар шороог холдуулаад асгаж байсан... гэж, ...Компани түлш, хоол, ажлыг хариуцдаг байсан. Жолооч автомашины эвдрэл гэмтлийг хариуцдаг байсан... гэж тус тус мэдүүлсэн зэргийг өмнө дурдсан Машин механизм түрээслэх тухай гэрээ-тэй харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч Б.О-ийн гаргасан ...миний эзэмшлийн том оврын өөрөө буулгагч автомашинаар алтны бичил уурхайд шороо зөөлгүүлэх ажлыг хийлгүүлсэн, компанийн уурхайд 1 сар гаруй хугацаанд ажилласан... гэсэн тайлбарыг үнэн зөв гэж дүгнэхээр байна.
6. Иймд нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Б ХХК-аас 1 сарын түрээсийн төлбөр 17,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.
Хариуцагч Б.Ш нь Машин механизм түрээслэх гэрээ-ний оролцогч биш тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь татгалзлаа өөрөө нотолж, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй.
Хариуцагч нь ...нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа архи дарс ууж, байгууллагын дотоод журам зөрчиж байсан, мөн 1 сарын хугацаанд бүтэн ажиллаагүй, эвдрэлийн улмаас ажиллаагүй өдрүүд олон байсан... гэх татгалзлаа баримтаар нотлоогүй тул автомашиныг 1 сар түрээсэлсэн гэж үзэж холбогдох түрээсийн төлбөр болох 17,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
8. Анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч Б.О нь хүсэлт шийдвэрлэх үе шатанд Х.Ш-ыг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргаж, өөр хүсэлт гаргаагүй байна.
Улмаар, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үе шатанд даргалагч шүүгч ...Та Б.Ш-ээс 17,000,000 төгрөг авна, Б ХХК-аас авахгүй гэж хэлсэн зөв үү... гэж хөтөлж асуухад нэхэмжлэгч Б.О ...Тийм... гэснээр нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгч зөвлөлдөх тасалгаанд шилжсэн байна.
Түүнчлэн, хэргийн 37-р талд авагдсан гар бичмэлд Б.О нь хариуцагч Б ХХК-аас татгалзсан агуулга тусгагдаагүй байна.
9. Иймд, ...миний бие хариуцагч Б ХХК-аас татгалзаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрээ танилцуулахдаа хариуцагчаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй... гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
10. Дээрх шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр захирамжилжээ.
Энэ тохиолдолд шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх учиртай.
Гэтэл шүүх нэхэмжлэгч Б.О хариуцагч Б ХХК-аас татгалзсан мэтээр дүгнэлт хийж, улмаар түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/03454 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 1 гэж дугаарлан Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Б ХХК-аас 17,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгож, хариуцагч Б.Ш-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай" гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж дугаарлан, тус заалтад ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 242,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д буцаан олгосугай гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан,
тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 242,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР