| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 185/2022/0110/Э |
| Дугаар | 128 |
| Огноо | 2022-06-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 128
С.Б-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Цэдэндамба, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 463 дугаар магадлалтай, С.Б-т холбогдох эрүүгийн 2103004050007 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Цэдэндамбын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Уваш овогт С.Б нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч С.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Төв аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгаж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч С.Б-ын В, С ангиллын 29719 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,
шүүгдэгч С.Б нь хохирогч А.А-д нийт 2,030,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч С.Цэдэндамбын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Цэдэндамба хяналтын журмаар гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “С.Б-ыг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Боловсролын их сургуулийн урд талын замд “Тоёота королла аксио” маркийн 32-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан заалтыг зөрчсөний улмаас явсан зорчигч А.А-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Жолооч С.Б-ын холбогдож байгаа дээрхи хэргийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, харин хохирогч А.А ухаан мэдрэлээ алдатлаа архи уусан согтуу үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 5.6, 5.12-т заасан заалтыг зөрчсөн буруутай үйлдлээс болж, явж байгаа авто машины урдуур гэнэт орж хүнд хор хохирол учирсан нь тогтоогдож байхад С.Б-т шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн явдалд гомдолтой байна Үүнд:
1.С.Б-ын жолоодон явсан “Тоёота королла аксио” маркийн 32-42 УБА улсын дугаартай автомашин 40 км/цагийн хурдтай явж байх үедээ зорчигч А.А-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэдий боловч энэ хэрэг гарах болсон үндсэн гол шалтгаан нөхцөл нь шүүгдэгч С.Б-аас, эсхүл хохирогч А.Ааас болсон эсэхийг анхан шатны шүүх үнэн зөв тогтоож чадахгүй, хууль зүйн үндэслэлгүйгээр шийтгэх тогтоол гаргаж С.Б-ыг хохироолоо.
2.Шийтгэх тогтоолд хохирогч А.А-ыг согтууруулах ундаа хэрэглэж үйл хөдлөлөө зөв удирдан жолоодох чадваргүй үедээ явган хүний гарч, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэж явсан буруутай гэж дурьдсан боловч жолооч С.Б-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлдөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс болж осол гаргасан гэж дүгнэлээ. Гэтэл хохирогч А.А архи ууж ухаан мэдрэлээ бүрэн алдчихсан, хаана яаж яваагаа ч мэдэхгүй согтсон байх үедээ Замын хөдөлгөөний дүрмийн хоёр заалтыг ноцтой зөрчсөнөөс болж энэ осол гарсныг зөв тогтоож хууль зүйн үүднээс дүгнэлт хийж чадсангүй. Тухайлбал:
3.Хохирогч А.А нь Замын хөдөлгөөний 5.12 дугаар зүйлийн А-д “Явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно” гэсэн заалтын зөрчсөн байна.
4.Мөн дүрмийн 5.6 дугаар зүйлд “Явган зорчигч нь явган хүний гарц, гарамгүй бол замын дагуу 2 тийш сайн харагдах хайс хашлагагүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн гарна” гэсэн заалтыг зөрчсөнөөс болж энэ авто осол гарсан байна.
5.Хохирогч А.А нь зарим үед өөрийгөө хамгаалж “Би машин ирж явахыг харсан, амжаад гарчихна гэж бодоод урдуур нь явсан юм” гэж мэдүүлэг өгсөн хэдий ч түүний энэ мэдүүлэг ямар ч ор үндэслэлгүй болох нь өөрийнх нь өгсөн мэдүүлгээр батлагддаг. Үүнд: А.А аваар осолд ороод хөл нь хугарчихаад байхад түүнийгээ өвдөж зовиурлахыг мэдэхгүйгээр “гэмтлийн эмнэлэгт очсон хойноо, өглөө нь ухаан орж мэдэрсэн” гэсэн мэдүүлэг өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой байгаа. Үүнээс үзэхэд хохирогч ухаан мэдрэлээ алдчихсан үедээ 40 км/цагийн хурдтай явж байсан машины урдуур гэнэт явж орсон болох нь тодорхой байна.
6.Гэрч Н.О нь “Б 32-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явж байхад Багшийн дээдийн нүхэн гарц өнгөрөөд зүүнээс баруун чиглэлд 3 эгнээ замын 2 дугаар эгнээнд явж байтал урд талын замаас явган хүний гарцгүй газраар явган зорчигч эрэгтэй гэнэт гэрэлд орж ирэхэд машин тоормослосон боловч мөргөгдөөд зам дээр унасан” гэж мэдүүлсэн.
7.Шийтгэх тогтоолын 2 дугаар хуудсанд камерын бичлэг бүхий СД-д үзлэг хийсэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэлийг (хх-14) уншсан байдлаар яллах дүгнэлт болгож бичжээ. Шүүх хуралдаанд СД бичлэгийн тэмдэглэлийг 14 дүгээр хуудаснаас хурал даргалагч унших гэхэд нь өмгөөлөгч С.Цэрэндамба би “СД-ний бичлэгийн тэмдэглэл чинь зөвхөн яллах байдлаар бичигдчихсэн тэмдэглэл байгаа, тийм учраас уг бичлэгийг нүдээрээ харж үзье” гэсэн хүсэлт гаргаснаар тухайн тэмдэглэлийг уншихгүйгээр бичлэгийг удаа дараа давтан үзсэн. Тэгэхэд хохирогч зам хөндлөн гарч ирж байгаа нь харагдахгүй, зөвхөн машины гэрэлд гэнэт орж ирээд мөргөгдөж байгаа нь харагдсан. Үүнээс үзэхэд жолоочид эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруу байхгүй байгаа юм.
8.Багшийн их сургуулийн урд талын 2 урсгалтай 6 эгнээ зам нь эсрэг урсгалыг тусгаарласан хайс хашлагагүй, зөвхөн эсрэг урсгалыг тусгаарласан үргэлжилсэн цагаан шугамаар тэмдэглэгдсэн зам учраас эсрэг урсгалаар явж байгаа машинуудын гэрэлд цохигдон гялбаж байснаас болж зөвхөн Бын жолоодож явсан машины өөрийнх нь гэрэлд гэнэт орж ирээд мөргөгдсөн болох нь С.Б болон гэрчийн мэдүүлгээр батлагдаж байгаагийн гадна, камерын бичлэгээр давхар батлагдаж байна. Хэрвээ эсрэг гэрлийн гялбаанд ороогүй байсан бол хохирогч баруун тийш урсгалтай замын урд талын эгнээ рүү орж ирээд явсаар байгаад машинд мөргөгдсөн бичлэг гарах ёстой. Иймээс эсрэг урсгалын гялбаанд хохирогчийн бие, жолооч орсон учраас жолооч болон камерын бичлэгт харагдахгүй, зөвхөн С.Б-ын машины гэрэл гэнэт орж ирсэн хойноо жолоочид харагдсан, мөн энэ байдал камерын бичлэгээр харагдаж байгаа нь тодорхой байна.
9.Цагт 40 км/цаг хурдтай явж байгаа машин 1 минутанд 66,6м, 1 секундэд 11,6 см явдаг болох нь батлагдсан тооцоо юм аа. Жолооч С.Б нь тухайн үед 40км/цаг хурдтай явснаа удаа дараа мэдүүлдэг бөгөөд ийнхүү 40 км/цаг хурдтай явж байгаа үед машины урдуур гэнэт хүн орж ирэхэд тоормослоод шууд зогсоох ямар ч боломж байхгүй. Жолооч С.Б нь хохирогчийг машины урдуур гэнэт орж ирэхэд нь тоормозоо гишгэсэн. Зам дээр тоормосны мөр 2-3 метр газарт тухайн үедээ гарсан байсан боловч хэргийн газарт үзлэг хийсэн цагдаагийн хүмүүс 2 цаг орчмын дараа удаж ирсэн. Энэ хугацаанд хэргийн газарт ямар ч хамгаалалт хийгээгүйн улмаас машинууд зам дээгүүр явснаас болоод автын үзлэг хийх үед тоормосны мөр арилчихсан байсан гэж шүүгдэгч Б мэдүүлж байгаа нь үнэн бөгөөд цагдаад дуудлага өгсөнөөс хойш 1 цаг 45 минутын дараа ирж хэргийн газрын үзлэг хийгдсэн нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тодорхой байгаа. Жолооч С.Б тухайн үед машинаа зогсоох арга хэмжээ авсан талаар жолооч болон гэрчийн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй байна. Харин үүнийг үгүйсгэсэн ямар ч нотлох баримт байхгүй байгаагаас үзэхэд энэ нь үнэн бодитой нотлох баримт юм.
10.Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед жолооч нь хурдаа хасах буюу зогсоох арга хэмжээ авах”-ыг заасан. Тэгвэл жолооч С.Б хохирогч А-ыг машины гэрэлд гэнэт урдуур нь орж ирэхийг мэдмэгцээ тоормос гишгэхэд машин тэр дороо зогсох ямар ч боломжгүй байсан болох нь камерын бичлэг, гэрчийн мэдүүлгүүдээр батлагдаж байна. Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан заалт чинь жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үедээ л хурдаа хасах, зогсоох арга хэмжээ авахыг заасан байдаг болохоос биш хот дотор зөвшөөрөгдсөн хурдаар яваа үед аюул саад тулгарахыг мэдээгүй үедээ хурдаа хасах, машинаа зогсоох арга хэмжээ авдаггүй ч энэ хэргийг шийдвэрлэсэн хуульч (шүүгчид) зөвөөр ойлгохгүйгээр жолооч С.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн явдалд ихээхэн гомдолтой байна. Харин ч онц шаардлагагүй үед хэт удаан явахыг хориглосон заалт Замын хөдөлөгөөний дүрмийн 12.6 дугаар зүйлийн Г-д заасныг харгалзан үзэх ёстой.
11.Шүүх хуралдаан дээр шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгийг сонсоод асуулт хариулт явагдсаны дараа хурал даргалагчаас “Улсын яллагч хэргээс нотлох баримтаа унш” гэхэд улсын яллагч нь “ялын дүгнэлтэнд яллах нотлох баримт дурдагдсан учраас хэргээс унших зүйл байхгүй” гэж хэлээд суусан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 3-т “Улсын яллагч яллах дүгнэлтийг уншиж сонсгосноор шүүхийн хэлэлцүүлэг эхэлнэ” гэж тодорхой зааснаас үзэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд улсын яллагч зөвхөн шүүхийн хэлэлцүүлгийг эхлүүлээд орхисноос биш шүүгдэгчийн үйлдсэн хэргийг ямар нэг байдлаар нотолсон үйл ажиллагаа явагдаагүй байхад зөвхөн яллагчийн яллах дүгнэлтэд дурдсанаар С.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь утга учиргүй зүйл боллоо.
12.Энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулсан мөрдөгч Д.Бямбабат нь шинжээчийн эрхийг хэрэгжүүлж 340 тоот магадлагаа гаргасан. Мөрдөгч Д.Бямбабат ийнхүү магадлагаа гаргахдаа “яллагдагч С.Б-ын үйлдэл замын хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн буруутай гэж дүгнэсэн. Гэтэл уг магадлагаанд хохирогч Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дугаар зүйл, 5.12-т заасан заалтыг зөрчсөнийг бүрэн бодитойгоор дүгнээгүй, харин нэг заалтыг хагас дутуу дурдаад дээрхи 2 заалтын 1-ийг нь огт дурдаагүй нь хэт яллах талыг барьж дүгнэлт, магадлагаа гаргасныг харуулж байна.
13.Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-ийн 21-д “Шинжлэх ухаан, түүх, соёл, техник, технологи урлаг гар урлалын салбарт тусгай мэргэжил эзэмшсэн” мөрдөгч хүн байхыг тодорхой заасаар байтал энэ хэргийн мөрдөгч Д.Бямбабат нь дээр дурдсан салбаруудын талаар ямар ч мэдлэг, мэргэшилгүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж магадлагаа гаргаж болно” гэсэн заалтыг үндэслээд шинжээчийн эрхийг хэрэгжүүлсэн магадлагаа гаргасан нь хуулийг буруу хэрэглэж хууль зөрчлөө.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4-т шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлахыг тодорхой дурдсан. Гэтэл мөн хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1.1-т “Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгчөөр оролцсон бол шинжээчээр оролцож дүгнэлт гаргаж болохгүй” гэсэн заалтыг зөрчиж магадлагаа дүгнэлт гаргасан нь процессын хуулийг ноцтой зөрчсөн.
15.Шүүх шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.1-д “Тухайн хэрэгт мөрдөн байцаагчаар оролцсон бол шинжээчээр оролцож дүгнэлт гаргаж болохгүй” гэж заасан заалтыг зөрчсөн. Ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1-ийн 1, Шүүх шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.1-д заасан заалтуудыг зөрчиж С.Б-ыг яллах нотлох баримт болгосон нь хуулийг ноцтой зөрчсөн ажиллагаа болсон.
16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, яллагдагчийн гэм буруугийн талаар хөтөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн заалт зөрчигдлөө.
17.Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохгүй” гэсэн заалт зөрчигдсөн.
18.Мөн зүйлийн 2-т “Шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчиж, шүүгдэгч Бт ашиггүйгээр шийдвэрлэж хуулийн заалтыг зөрчлөө.
19.Шүүгдэгчид шинэ хууль, хуучин мөрдөгдөж байсан хоёр хуулийн аль хөнгөн ялтай хуулийг хэрэглэдэг, нэг хуулийн заалт хоорондоо зөрчилтэй байгаа бол шүүгдэгчид аль ашигтай байгаа хуулийн заалтыг хэрэглэж асуудлыг шийдвэрлэдэг нь хууль зүйн онолын болон хуулийн заалтаар тодорхой болсон зүйл юм. Гэтэл энэ асуудал хэрэгжиж биелэсэнгүй.
20.С.Б-т холбогдох хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж завсарлаад, шүүгч шүүгдэгч С.Б-ыг гэм буруутай гэж тогтоогоод /гэм буруутайг нь чухам ямар, шийдвэр, захирамжаар тогтоосон нь мэдэгдэхгүй/ хохирогчид 1,678,495 төгрөгийг төлөх ёстой гэж дурьдаад, тухайн шүүх хуралдааныг шүүгдэгчийн хүсэлтийг үндэслэн ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулсан юм. Энэ нь мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой байгаа. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагт хуралдахаар шийдвэр гаргаад товлосон өдөр цагтаа хурлаа үргэлжлүүлэн явуулж С.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх тогтоол гаргахдаа түүнийг гэм бурууг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шүүгчээс 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр бичгээр гаргасан ямар нэг шийдвэргүйгээр, амаар шүүгдэгчийг гэм буруутайг тогтоож, 1,678,495 төгрөгийг төлөх ёстой гэж дурьдаад, дахин 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаргасан шийтгэх тогтоолдоо дахин гэм буруутайг тогтоогоод эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д заасан заалтуудыг ноцтой байдлаар зөрчиж шүүгдэгч С.Б-ыг илэрхий хохироолоо.
21.Шүүгдэгч С.Б-т шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэм буруутайг нь тогтоосон шийдвэр гаргаж завсарласан ажлын 5 хоногийн хугацаандаа шүүгч Ж.Б нь 03 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагаас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон С.Бумгэрэлд холбогдох хэргийн хэлэлцсэн байна. Мөн шүүгч Ж.Б нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн даваа гаригт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Ж.Хэрлэнбаатарын хэргийг хэлэлцсэн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд орж хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хуралдааны зар болон тогтоолуудаар батлагдаж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлд “Шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэсэн заалтыг зөрчөөд С.Б-ын хэргийг эхлэн явуулж, уг хурлаа дуусгаагүй байхдаа дундуур нь 2 удаа шүүх хуралд оролцож шүүх хуралдааныг тасралтгүй явуулах тухай хуулийн заалтыг зөрчсөнөөс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалтыг зөрчсөн.
22.Давж заалдах шатны шүүхийн магадлалд “жолооч С.Б-ыг 40км/ цагийн хурдтай явсан, гэрлийн гялбаанд орсон, хохирогч гэнэт гарч ирж мөргүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй” гэж дүгнэжээ. Жолооч 40 км/цагийн хурдтай явсан гэдгээ удаа дараа мэдүүлдэг, үүнийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт байхгүй, хохирогч гэнэт гарч ирж мөргүүлсэн гэж жолооч болон хажууд сууж явсан гэрч мэдүүлсээр байхад үүнийг үгүйсгэсэн, няцаасан ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй байгаагийн гадна хохирогчийн бие тухайн үедээ гэрлийн гялбаанд ороогүй байсан бол урд талаас баруун тийш урсгалтай 3 эгнээ замын урд талын энгээ рүү орж ирээд улмаар машины өмнүүр орж мөргөгдсөн үйл явдал камерын бичлэгээр тодорхой харагдах байсан. Гэтэл камерын бичлэгт хохирогч гэнэт орж ирээд л мөргөлдөн унаж байгаа нь харагдаж байгаа бөгөөд машинуудын хөдөлгөөн их /олон/ байснаараа гэрлийн гялбаанд ордог юм биш, зөвхөн 2 машин зөрж өнгөрөхөд л гэрлийн гялбаанд ордгийг анхаарч үзсэнгүй. Өмгөөлөгч С.Цэдэндамба би энэ хэргийг хэтэрхий яллах нэг талыг барьж шийдвэрлэлээ гэж давж заалдах гомдол гаргасан юм. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магалдалын 10 дугаар хуудсанд “Өмгөөлөгчийн гомдолд дурдсан ашиг сонирхлын зөрчил үүсээгүй байна” гэжээ. Яллах нэг талыг барьж асуудлыг шийдвэрлэлээ, ашиг сонирхлын зөрчил гэдэг хоёр үг чинь эрс тэс хоёр өөр утга санааг илэрхийлдэг гэдгийг ойлгохгүй шүүгч энэ хэргийг шийдвэрлэсэн явдалд туйлын сэтгэл дундуур бөгөөд гомдсоор байна.
23.Давж заалдах шатны шүүхийн магадлалын 7 дугаар хуудсан дахь тодорхойлох хэсэгт “Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан зүйл байхгүй байна” гэж дүгнэжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 10 дугаар хуудсанд “Мөрдөгчийн магадлагаа шүүхийн шинжилгээний тухай хуулиар зохицуулах харилцаанд хамаарахгүй” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4-т “Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа энэ хууль, шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлахыг тодорхой заачихсан байна шүү дээ. Мөн хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1.1-д “Хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд мөрдөгчөөр оролцсон бол шинжээчээр оролцож дүгнэлт гаргаж болохгүй” гэсэн заалтыг зөрчөөд магадлагаа дүгнэлт гаргаж хууль зөрчсөн байхад хуулийн энэ заалтыг давж заалдах шатны шүүх үл ойшоож үүний эсрэг дүгнэлт хийсэн нь хуулиа зөрчсөн үйлдэл боллоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд даасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж магадлагаа гаргаж болно” гэж заасныг үндэслээд энэ хэргийг гардан мөрдсөн мөрдөгч Бямбабат мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.21-д заасан тусгай мэдлэг, мэргэжилгүй байж шинжээчийн эрхтэй магадлагаа гаргаж хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл, үйл ажиллагаа яахаараа Шүүх шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.1-д “Тухайн хэрэгт мөрдөн байцаагчаар оролцсон бол шинжээчээр оролцож дүгнэлт гаргаж болохгүй” гэсэн заалтад хамаарахгүй, түүнийг зөрчөөгүй болдог юм бэ.
24.Энэ хэргийг 2022 оны 03 дугаар 02-ны өдөр хэлэлцсэн шүүх хуралдаан хуралдаж завсарлаад шүүгч ам шийдвэр гарган С.Б-ыг гэм буруутайг тогтоогоод 1,678,495 төгрөгийг хохирогчид төлөх ёстой гэж дурьдаад тухайн шүүх хуралдааныг шүүгдэгчийн хүсэлтийг үндэслэн ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулж, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагт хуралдуулахаар шийдвэр гаргаад товлосон өдрөө хуралдаанаа үргэлжлүүлэн явуулж улсын яллагчийн дүгнэлтийг сонссоны дараа өмгөөлөгчийн үг хэлэх зөвшөөрлийн дагуу би үг хэлэхдээ С.Б-ын үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй тухайгаа ярьж байтал хурал даргалагчаас намайг та гэм буруугүй талаар урьд нь ярьсан, харин одоо ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар л ярих ёстой гэж хэлэхэд нь би хурал даргалагчийн хэлсэн үгэнд оролгүй, прокуророос энэ хэргийг яллаж чадаагүй талаар яриад нэгэнт би энэ хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй гэж үзэж байгаа учраас ялыг хөнгөрүүлэн оногдуулах үг хэлэх нь энэ хүнийг өмгөөлж байгаа биш, харин ч яллаж байгаа хэрэг болно гээд цааш үргэлжлүүлэн үгээ хэлж байтал шүүх хуралдааны зохицуулагч цагдаа миний өмнө хүрч ирээд миний үгийг шууд зогсооход нь би хэргийг хэрэгсэхгүй болгох талаар урьд тавьсан саналаа дэмжиж байна гэж хэлээд суусан болно. Энэ нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлэх үгийг хязгаарласан үйл ажиллагаа биш юм уу? үүнийг ч давж заалдах гомдолдоо бичсэн байгаа.
25.Энэ хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд дээр дурьдсан байдлаар хуулиудын олон заалтыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх хууль зөрчөөгүй, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зүйл үгүй гэж дүгнэсэн нь буруу боллоо. Энэ бүх байдлуудад хууль зүйн үүднээс дүгнэлт хийж С.Б-т холбогдох хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэмжээний гэм буруу байхгүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хяналтын шатны шүүхээс хүсье” гэв.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Б нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн А.А-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Н.О, шүүгдэгчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Аын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээч томилсон ба шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр, дараагийн нэмэлт дүгнэлтээр хүнд гэмтэл гэж тогтоожээ. Дээрх 2 дүгнэлтийн сүүлийнх буюу хохирогчид хүнд гэмтэл учирсан байна гэж дүгнэсэн үндэслэлээ прокурор, шүүх аль аль нь дурдаагүй. Нэмэлт шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан дагз ясны шугаман хугарал нь хэрэг болохоос өмнө үүссэн гэмтэл гэсэн нь хохирогчид учирсан гэмтлийн зэрэг бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг баримтлан шүүгдэгч С.Бт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Цэдэндамбын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч С.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч С.Б-ыг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, МУБИС-ийн урд талын замд Тoyota Corolla Axio загварын 32-42 УБА улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч А.А-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу зам тээврийн ослын шалтгаан нөхцөл, осолд холбогдсон жолооч болон явган зорчигчийн гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирлын шинж чанарыг эргэлзээгүй тогтоож чадаагүй, мөн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын бичсэн яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтууд нь шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангаагүйгээс гадна зарим нотлох баримт нь хэргийн зүйлчлэл болон шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлөх зөрчлийг агуулсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх талуудын оролцоотойгоор нотлох баримтыг бүрэн бодитой шинжлэн судлаагүй, тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хуульд заасан шаардлагыг хангасан эсэхэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй, улмаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх мөрдөн шалгах ажиллагааны алдааг зөвтгөхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэв.
Шүүгдэгч С.Б нь хохирогч А.Аын эрүүл мэндэд учирсан хохирол, гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, мөрдөгчийн магадлагаа зэргийг эс зөвшөөрч, энэ хэрэгт дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах талаар мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Тээврийн прокурорын газарт бичгээр хүсэлт гаргасан /хх-121/ байхад хяналтын прокурор Ч.Батбаатар нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 340 дугаартай магадлагаа зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлд заасан “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх” журмын шаардлагыг хангасан гэж дүгнэн, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор яллагдагч С.Б-ын гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж /хх-122/ шийдвэрлэсэн нь яллагдагчийн өөрийгөө өмгөөлөх зорилгоор нотлох баримт шалгуулах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан байна.
Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараахь мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв. Үүнд:
1.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваасүрэн энэ хэрэгт шинжээчээр томилогдож, хохирогч А.Аын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11721 дугаартай дүгнэлтдээ “А.Аын баруун тахилзуур болон шаант ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгт шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ. /хх-42/
Шинжээч Б.Даваасүрэн энэ хэрэгт дахин шинжээчээр томилогдож, хэргийн материалаар нэмэлт шинжилгээ хийсэн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтдээ “А.Аын биед дагз ясны төвгөрөөс дагз ясны суурь луу үргэлжилсэн шугаман хугарал, баруун тахилзуур болон шаант ясны зөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгт шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Дагз ясны төвгөрөөс дагз ясны суурь луу үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтэл байна... Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн /хх-42/ байна.
Хохирогч А.Аын биед учирсан дагз ясны төвгөрөөс дагз ясны суурь луу үргэлжилсэн шугаман хугарал бүхий гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн болохыг шинжээч Б.Даваасүрэн 15 дугаартай дүгнэлтдээ дурдсан байхад мөрдөгч, прокурор нь хохирогчид учирсан тухайн гэмтлийн шалтгаан нөхцөлийг нарийвчлан шалгахгүйгээр С.Б-ын холбогдсон зам тээврийн ослын улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж дүгнэн, хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь эргэлзээ бүхий болжээ.
Иймд энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийн зүйлчлэл болон гэм хорын хохирлын хэмжээнд шууд нөлөөлөх энэхүү нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоохын тулд хохирогч А.А-д учирсан гэмтлийн шинж чанар, аль гэмтэл нь зам тээврийн ослын улмаас учирсан, тэдгээр нь тус бүрдээ гэмтлийн аль зэрэгт хамаарахыг нарийвчлан шалгаж, эргэлзээгүй тогтоох шаардлагатай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадлагаа гаргаж болно.”, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж тус тус заасан бөгөөд мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгчийн магадлагаа нь шинжээчийн дүгнэлттэй нэгэн адил нотлох баримтаар тооцогддог болно.
Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч...-ийн хувиар оролцсон бол” шинжээчээр оролцож болохгүй”, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж тус тус заасан байхад энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Бямбабат нь зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээч, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч-шинжээчийг хуульд заасан журмын дагуу томилохгүйгээр, өөрийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг бие даан үнэлэх замаар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 340 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” үйлдэж, жолооч С.Б-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн, харин явган зорчигч А.А-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Явган зорчигч нь явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэж жолооч болон явган зорчигчийн гэм буруугийн талаар дүгнэлт гаргажээ.
Зам тээврийн ослын хэрэгт холбогдсон жолоочийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхийн тулд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий шинжээчийг, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч-шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд томилогдсон шинжээч нь зохих тусгай мэдлэг, туршлагыг эзэмшсэн, гаргасан дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлал, хууль ёсны нотлох баримтад тулгуурласан, тавигдсан асуултад бүрэн дүүрэн хариулт өгч чадсан эсэхээс хамаарч тухайн дүгнэлтийн нотолгооны ач холбогдол тодорхойлогдоно.
Мөрдөгч Д.Бямбабатын гаргасан мөрдөгчийн магадлагааг судалж үзэхэд тэрээр жолооч С.Б, явган зорчигч А.А нар Замын хөдөлгөөний дүрмийн аль заалтыг зөрчсөн талаар дүгнэлт хийсэн байх боловч жолоочийн С.Б-ын хувьд хэдэн км/цаг-ийн хурдтай явсан, тэрээр эсрэг урсгалд өөдөөс явсан автомашины гялбаанд орсон эсэх, үзэгдэх орчин буюу зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг ямар зайнаас харах боломжтой байсан, жолооч тухайн замын нөхцөл, тээврийн хэрэгслийн онцлогоос хамаарч, самбаачлах хугацааны дотор зогсоох арга хэмжээ авахад явган зорчигчийг мөргөхгүйгээр тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой байсан эсэх зэрэг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг дүгнэхгүй орхигдуулсаас гадна түүний гаргасан магадлагааг оролцогчид хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн талаар маргаж байх тул энэ талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээчийг томилж, дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэв.
Иймд шүүгдэгч С.Б-т холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Ийнхүү хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч С.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулах талаар өмгөөлөгч С.Цэдэндамбын хяналтын журмаар гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд хэргийг прокурорт очтол С.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 463 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч С.Б-т холбогдох эрүүгийн 2103004050007 дугаартай хэргийг Тээврийн прокурорын газарт буцаасугай.
2.Хэргийг прокурорт очтол С.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН