Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 386

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би Т.Э нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “...Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.С 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/96 тоот тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, энэхүү тушаалаар ажлаас халагдсан Т.Э эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, төрийн албаны мэдэгдлүүд, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Э шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Т.Э миний бие нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн дарга А.С нь намайг төрийн албан хаагчийн ажлын байранд /үндсэн орон тоонд/ авч ажиллуулах болсон тул ийнхүү татгалзаж байгаа болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...”, 66.4-т “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж тус тус заасан байна. 

Нэхэмжлэгч Т.Э нь 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буйгаа шүүхэд бичгээр гаргаж,  нэхэмжлэлээсээ татгалзснаас гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “...Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.С 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/96 тоот тушаалын холбогдох хэсгийг  хүчингүй болгуулах, энэхүү тушаалаар ажлаас халагдсан Т.Э эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, төрийн албаны нэмэгдлүүд, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Т.Э нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Э улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Ц.МӨНХЗУЛ