Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2021/0086/З |
Дугаар | 001/ХТ2023/0081 |
Огноо | 2023-10-30 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2023/0081
МО-ын ХНН УБТЗ-ын нэхэмжлэлтэй,
нийслэлийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Шүүгчид: Д.Батбаатар
М.Батсуурь
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 424 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 477 дугаар магадлалтай,
Хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Ц.Ж, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 359 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэсэн үндэслэлээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/100 дугаартай захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаар захирамж, Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, “УБТЗ” ХНН-д газар ашиглах эрхийг зохих журмын дагуу олгохыг даалгах,
2.Хэргийн нөхцөл байдал: Анх Я.С нь УБТЗ-ын цаашид ашиглах боломжгүй гэж, үндсэн хөрөнгөөс хасагдсан гарааш, засварын газрын байрыг худалдан авч, улмаар нийслэлийн Засаг даргын 1998 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/152 өдрийн захирамжаар 300 мкв газар эзэмших эрхтэй болсон, 2008 онд Г.Ц нараас “газар давхацсан” гэж шүүхэд маргаан үүсгэсний дараа нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжаар газрын байршлыг өөрчилж, хэмжээг нэмэгдүүлж, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд, 1000 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн, 2012 онд “Э” ХХК-д шилжүүлсэн байна.
3.Нэхэмжлэгч УБТЗ-аас “... уг газар нь төмөр замын зурвас газарт хамаарах бөгөөд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болохгүй газар, шилжүүлэхдээ манайд мэдэгдээгүй, газраа баталгаажуулахаар захиргаанд хандаж байсан боловч шийдэхгүй байсан, олон улсын гэрээний дагуу шийдэх байсан, Засаг дарга эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхгүй, дуудлага худалдаа, газар ашиглах гэрээ байгуулаагүй, гэрээний биелэлтийг жил бүр дүгнээгүй” гэж,
4.Хариуцагч нийслэлийн Засаг даргаас “... УБТЗ нь өөрсдөө хүлээн зөвшөөрөөд газрыг гуравдагч этгээдэд худалдсан байсан, маргаан бүхий газрыг нэхэмжлэгч нь хоёр улсын хэлэлцээрийн зорилго болох төмөр замын зориулалтаар өнөөдрийг хүртэл бодитойгоор эзэмшиж ашиглаагүй, маргаан бүхий газар нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа учраас нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан тул илт хууль бус нөхцөл байдал үүсээгүй, газрыг гуравдагч этгээдэд олгосон гэдгийг 2013 онд мэдсэн учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэл гаргах эрхээ алдсан” гэж,
5.Гуравдагч этгээдээс “... нэхэмжлэгч өөрөө газраа шилжүүлсэн, олон жилийн хугацаанд маргаж байгаагүй, газар эзэмших эрхээ хуульд заасны дагуу баталгаажуулаагүй, төлөвлөлтийн дагуу тусгай хэрэгцээнд газрыг авч байгаа, энэхүү төмөр замын төлөвлөлтөд гуравдагч этгээдийн газар орсон бол хууль ёсны дагуу нөхөн олговрын асуудал яригдана” гэж тус тус маргажээ.
6.Анхан шатны шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:
6.1.Нэхэмжлэгч “УБТЗ” ХНН-т маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр гараагүй, түүний эдэлбэр газраар бүртгээгүй байхад БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн болон 1952 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хэлэлцээрийн дагуу газрыг эзэмшүүлэх ёстой гэж үзэх үндэслэлгүй, газраа Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу баталгаажуулах учиртай,
6.2.Нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу иргэн Я.С нь газар, түүн дээр байрлах үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан, улмаар тэдгээрийн хүсэлтээр байршлыг өөрчилсөн, маргаан бүхий газарт түрүүлж хүсэлт гаргаж, холбогдох баримтаа бүрдүүлэн өгсөн,
6.3.Засгийн газрын ... үүрэг чиглэлийн дагуу нийслэлийн Засаг дарга нь 2021 оны А/823 дугаар захирамжаар УБТЗ-ын барилга, байгууламж бүхий нийслэлийн нутаг дэвсгэр дэх 49 нэгж талбар газраас эхний ээлжинд 19 нэгж талбар бүхий газрын ашиглах эрхийг олгосон, “Э” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгохыг, мөн нэхэмжлэгчид олгож баталгаажуулахыг даалгасан, чиглэл өгсөн зүйл огт дурдаагүй байна,
7.Давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Үүнд:
7.1.Нэхэмжлэгч “УБТЗ” ХНН нь БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн “б” болон БНМАУ-ын СнЗ-ийн 1955 оны 527 дугаар тогтоолоор ашиглах эрх олгогдсон газраа Газрын тухай хуульд заасан журмын дагуу баталгаажуулах зорилгоор 2006 оноос хойш нийслэлийн Засаг даргад хандан хүсэлт гаргаж байсан,
7.2.Нийслэлийн Засаг дарга нь тухайн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх үүрэгтэй атал иргэн Я.С-оос гаргасан, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасан шаардлагыг хангаагүй хүсэлтийг үндэслэн 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжаар түүнд маргаан бүхий газрыг эзэмшүүлж шийдвэрлэснийг эрх зүйн үндэслэлгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт байна,
7.3.Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 162 дугаар захирамжаар нэхэмжлэгч “УБТЗ” ХНН-ийн газар эзэмшлийн асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад үүрэг болгож байсан зэрэг үйл баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн хүсэл зориг, нэхэмжлэлийн агуулгын хүрээнд ... газрын ашиглах эрхийг нэхэмжлэгчид олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан байна.
8.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:
8.1.Хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрээр зохицуулсан зохицуулалтууд нь БНМАУ-ын нутаг дэвсгэрт хэрхэн хэрэгжих, хууль тогтоомжийн хувьд ямар хууль, эрх зүйн эх сурвалжийг үндсэн болгох талаар тодорхой зохицуулсан. Энэ нь Газрын тухай хуульд заасан журмын дагуу баталгаажуулж авах ёстой болохыг тодорхой, ойлгомжтой харуулж байна,
8.2.Давж заалдах шатны шүүх Олон Улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцийн 27 дугаар зүйл, Олон Улсын гэрээний тухай хуулийн 24.2-т зааснаар Монгол Улсын Засгийн газар Олон Улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж дүгнэсэн. Дээрх хуулийн зохицуулалтууд нь оролцогч талууд гэрээгээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд үйлчлэх заалт юм,
8.3.Нэхэмжлэгч нь газар ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй, газар ашиглах эрхээ баталгаажуулж авах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаж байгаагүй, маргаан бүхий газар буюу “Э” ХХК-д олгогдсон газарт газар ашиглах хүсэлтийг өнөөдрийг хүртэл гаргаж байгаагүй гэжээ.
9.Нэхэмжлэгч болон хариуцагчаас хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
10.Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
11.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан, тухайн тохиолдолд маргаан бүхий газрыг гуравдагч этгээд хуулийн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, газраа хуулийн дагуу баталгаажуулаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
12.Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 111 дүгээр тогтоолд “ ... гуравдагч этгээд “УБТЗ” нийгэмлэг нь 1994, 2002 оны Газрын тухай хууль, 1996 оны ТЗ-ын тээврийн аюулгүй байдлын тухай болон 2007 оны Төмөр замын тээврийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу газраа баталгаажуулж аваагүйгээс маргаан бүхий газрын хуульд заасан журмын дагуу эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэж байсан, нэхэмжлэгчийн “газар баталгаажуулж авах” тухай хүсэлтэд захиргааны байгууллагаас “судалж байна” гэж хариу өгч байсан боловч шийдээгүй буюу захиргааны байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд маргаж байгаагүй, 2014 оноос хойш газраа баталгаажуулаагүй нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэгчийн “газраа баталгаажуулж авахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч захиргаа шийдэж өгөөгүй” гэх тайлбараар нэхэмжлэлийг хангах боломжгүй.
13.1998 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн УБТЗ-ын Худалдаа, хангамжийн албаны албан бичигт “Ерөнхий хорооны 1996 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар хэлэлцэгдэн цаашид ашиглах боломжгүй гэж үзэж үндсэн хөрөнгөөс хасагдсан засварын газар, гараашийг иргэн Я.С-д худалдсан нь үнэн болно” гэсэн байх бөгөөд нийслэлийн Засаг даргын 1998 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барсимпекс компанийн баруун талд 300 мкв газрыг иргэн Я.С-д олгож, 2001 оны 11 дүгээр сарын 07-ны 518 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг нь баталгаажуулж, 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаар захирамжаар Я.С-ын газрын хэмжээг 272 мкв болгон өөрчилж, 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 428 дугаар захирамжаар дээрх газар эзэмших эрхийг сунгаж байснаас үзвэл гуравдагч этгээд хуулийн дагуу газар эзэмшиж байжээ.
14.Харин иргэн Н.Ц нарын “газар давхацсан” тухай маргааныг шийдвэрлэх явцад захиргааны байгууллага Я.С-ын газрын байршлыг өөрчилж, нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны 951 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд 1000 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шилжүүлэн олгосон, нэхэмжлэгчээс “ийнхүү шилжүүлэн олгохдоо төмөр замд мэдэгдээгүй” гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч уг захирамжийг мэдсэнээс хойш эрхээ хамгаалж, хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, тодруулбал, “2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12/1387 дугаар албан бичгээр нийслэлийн Засаг даргад захирамжийг хүчингүй болгуулахаар хандсан боловч хариу ирүүлээгүй, тухайн гомдлыг гарснаас хойш гуравдагч этгээд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй тул хүчингүй болсон гэж ойлгож байсан”[1] гэснээс үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, тухайн асуудлаар маргах эрхээ алджээ.
15.Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-т “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно” гэж заасан тул нэхэмжлэгчийн “газар шилжүүлээгүй, үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн” гэх тайлбар дээрх хуулийн заалтад нийцэхгүй.
16.Нэхэмжлэгчээс “маргаан бүхий газар нь төмөр замын эзэмшил ашиглалтад хугацаагүй шилжсэн газар” гэж маргаж байгаа боловч үүнийг нотолсон баримт байхгүй, эрх бүхий байгууллагын газар олгосон шийдвэр гараагүй, харин нэхэмжлэгч хуулийн этгээдийн дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой буюу нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрсдөө газраа бусдад шилжүүлснээр гуравдагч этгээдэд газар эзэмших эрх үүссэн тул гуравдагч этгээдийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан итгэл хамгаалах зарчим үйлчлэх ба хэрэв төмөр замын тухайн үеийн удирдлага хууль зөрчиж, газар шилжүүлсэн асуудал байгаа бол энэ нь захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээнд хамаарахгүй, эрүүгийн журмаар тусдаа шийдвэрлэгдэх асуудал юм.
17.Мөн нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/100 дугаар захирамж нь “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан буюу иргэн Я.С-ын хүсэлтийн дагуу “Э” ХХК-д шилжүүлсэн нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/445 дугаар захирамжийг үндэслэн гарсан байх тул өмнөх захирамжаас тусад нь салгаж дүгнэх боломжгүй, гэтэл зөвхөн хамгийн сүүлийн хугацаа сунгасан захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн эрх хэрхэн яаж сэргэх нь тодорхойгүй байна.
18.Хот байгуулалт хөгжлийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08/24 дүгээр албан бичигт “... Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, төв вокзал, түүний баруун тал орчим нь “барилгажсан суурьшил” бүс байхаар төлөвлөгдсөн байна” гэсэн[2] байх тул нийслэлийн Засаг дарга маргааны бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхтэй буюу нийслэлийн Засаг даргын 2018 оны А/100 дугаар захирамж илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна.
19.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан, энэ тохиолдолд хариуцагч гуравдагч этгээдийг “газраа ашиглаагүй” гэж буруутгаж маргаагүй, харин гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг “... барилга барихаар холбогдох байгууллагад хүсэлтээ гаргаж, зураг төслөө батлуулах, хэсэгчилсэн төлөвлөгөө батлуулах, зөвшөөрөл авах гэх мэт ажил хийж байсан нь нотлогддог, иймээс түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа эзэмшээгүй гэж үзэх боломжгүй” гэсэн үндэслэлээр[3] баталгаажуулсан шийдвэр гарсан байх тул шүүхээс захиргааны шийдвэрийн үндэслэл болоогүй асуудлаар эрх зүйн дүгнэлт хийхгүй, иймд нэхэмжлэгчийн “гуравдагч этгээд маргаан бүхий газрыг ашиглаагүй, газар эзэмших гэрээ байгуулаагүй, үйл ажиллагаа явуулаагүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
20.Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/823 дугаар захирамжаар 19 байршилд УБТЗ нийгэмлэгт газар ашиглах эрх олгосон, үүний дотор маргаан бүхий газар багтаагүй, нөгөө талаар “маргаан бүхий газарт дохиолол холбооны кабель сүлжээ, түүний хамгаалалтын зурвас оршиж байгаа” гэж нэхэмжлэгчээс маргаж байгаа боловч уг үндэслэлээр газар эзэмших эрх үүсгэсэн захирамжийг илт хууль бус захиргааны актад тооцохгүй, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ ...кабель манай газар дээгүүр явж байгаа бол бид нар тэр кабел байгаа газар зам, байшин барихгүй байх үүрэг хүлээж байгаа” гэж[4] тайлбарласан байх тул хэргийн оролцогчид харилцан тохиролцон шийдвэрлэх боломжтой.
21.Давж заалдах шатны шүүхээс “... Я.С-оос гаргасан шаардлагыг хангаагүй хүсэлтийг үндэслэн ... газрыг эзэмшүүлж шийдвэрлэснийг эрх зүйн үндэслэлгүй буюу ... илт хууль бус захиргааны акт байна” гэж дүгнэсэн нь буруу бөгөөд хэдэн сарын хэдний өдрийн ямар хүсэлтийг, хэрхэн “шаардлага хангаагүй хүсэлт” гэж үзсэн талаар тодорхой бичээгүйгээс гадна энэ нь захиргааны актыг илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэлгүй болохгүй, мөн Я.С-д 1998 оноос эхлэн газар эзэмших эрх олгосон захиргааны актуудад эрх зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулснаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.
22.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасанд агуулгын тайлбар хийхэд, захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргаж, эрхэд халдсан, энэ нь хэн ч харсан илэрхий тодорхой алдаатай байх тохиолдлыг ойлгох бөгөөд энэхүү маргааны тухайд Нийслэлийн Засаг дарга өмнөх захирамжаа үндэслэн гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасныг “хуульд заагаагүй үндэслэлээр газар эзэмшүүлсэн” гэж үзэхгүй, давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлажээ.
23.Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн “Ерөнхий сайдын 2021 оны 162 дугаар захирамжаар нэхэмжлэгч “УБТЗ” ХНН-ийн газар эзэмшлийн асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад үүрэг болгож байсан зэрэг үйл баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн хүсэл зориг, нэхэмжлэлийн агуулгын хүрээнд ... газрын ашиглах эрхийг нэхэмжлэгчид олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв” гэсэн дүгнэлт нь үндэслэл муутай байна. Учир нь хариуцагч шийдвэрээ гаргасан буюу маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд олгосон захирамж гаргасан байхад нийслэлийн Засаг дарга ямар эс үйлдэхүй гаргасан, ямар хуулийг зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
24.Нэхэмжлэгчээс “маргаан бүхий газар нь төмөр замын шинэ төв буудал, зурвас газар хийхээр төлөвлөсөн газар” гэж маргаж байх бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэгдэх асуудал тул энэхүү маргаанд шууд хамааралгүй юм.
25.Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 477 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 424 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
Ц.ЦОГТ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ