Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1207

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 06 дугаар сарын 22                     Дугаар 1207                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/02221 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох,

 

6 260 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “ХХХ” ХХК-тай гэрээ байгуулан 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 30 000 ширхэг тоосго нийлүүлэхээр харилцан тохирч, 6 000 000 төгрөгийн төлбөрийг хариуцагч тал төлөхөөр болсон. Хугацааны хувьд ингэж тохирсон боловч Улаан тоосго худалдах-худалдан авах гэрээгээ 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хийсэн. “ХХХ” ХХК-ийн захирал ХХХХ нь 6 000 000 төгрөгийн төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулна, хэрвээ хугацаа хэтэрвэл хоног тутам 0.3 хувийн алданги тооцож өгөхөөр албан бичиг манай компанид ирүүлсэн. Гэвч хугацаа хэтрүүлсэн тул бид 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 70 хоногийн алдангийг 0.3 хувиар тооцсон. Ийнхүү тооцоход үндсэн төлбөр 6 000 000 төгрөг, алданги 1 220 000 төгрөг, нийт    7 220 000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч нь 960 000 төгрөгийг төлсөн тул хариуцагчаас үлдэгдэл 6 260 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани “ХХ” ХХК-тай 30 000 ширхэг тоосго худалдах-худалдан авах гэрээ хийсэн бөгөөд ийнхүү гэрээ хийхдээ алданги төлөхгүй гэж тохирсон байдаг. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 960 000 төгрөгийг хасч 5 040 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин 1 220 000 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл гэрээний 4.4 дэх заалт нь хэт нэг талд ашигтай буюу гэрээний талуудын тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан байна. 0.3 хувийн алданги төлнө гэсэн албан бичгийг үндэслэн алданги нэхэмжлэх эрхгүй юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч “ХХХ” ХХК-иас үлдэгдэл төлбөр 5 040 000 төгрөг, алданги 840 000 төгрөг, нийт 5 880 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 380 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 109 030 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Талуудын хооронд 2015 оны 06 дугаар сарын   8-ны өдөр Улаан тоосго худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээний 1,4-т гэрээний хугацааг 30 хоног гэж заасан байдаг. Гэтэл худалдагч тал улаан тоосго гэрээний хугацаанд нийлүүлж дуусаагүй буюу 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нийлүүлж дууссан байдаг нь тоосго хүлээлцсэн баримтуудаар тогтоогддог. Гэтэл шүүхээс дуусгавар болсон гэрээний дагуу алданги тооцсон нь үндэслэлгүй юм. Харин худалдан авагч "ХХХ" ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр буюу сүүлийн 10 000 тоосго хүлээж авсан өдөр 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлбөрийг төлж дуусгах талаар албан бичиг гаргасан байдаг нь талууд шинээр хэлцэл хийсэн болохыг баталдаг. Харин уг албан бичигт алданги төлөх талаар бичсэн байдаг боловч энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан "анзын гэрээг бичгээр хийнэ" гэсэн шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь бичгээр хийх гэрээ гэдэгт талууд гэрээний агуулгыг тодорхойлж гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болох нийтлэг шаардлага хангагдах ёстой.

Түүнчлэн 2015 оны 06 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдсан Улаан тоосго худалдах-худалдан авах гэрээ нь нэг тал алданги авахаар заалт оруулсан байгаа нь гэрээний талуудын тэгш эрхийн зарчимд нийцэхгүй байна. Худалдагч тал уг гэрээний хугацаанд улаан тоосго нийлээгүй байдаг нь талуудын тоосго хүлээлцсэн баримтуудаас харагддаг бөгөөд худалдан авагч талд алданги нэхэх эрхгүй байгаа нь шударга бус юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн шаардлагаас алданги болох 840 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

            Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6 000 000 төгрөг, алданги 260 000 төгрөг, нийт 6 260 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “…2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 960 000 төгрөгийг хасаж үлдэгдэл 5 040 000 төгрөгийг төлнө, анх худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа алданги төлөх талаар тохиролцоогүй” гэж маргажээ.

            Зохигчдын хооронд 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаан тоосго худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр нэхэмжлэгч “ХХ”       ХХК нь 30 000 ширхэг тоосгыг нэг бүрийн үнийг 200 төгрөгөөр тооцож хариуцагч “ХХХ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь төлбөр 6 000 000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

            Хариуцагч “ХХХ” ХХК нь тоосгоны үнэ 6 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3 хувийн төлөхийг зөвшөөрсөн, мөн худалдах, худалдан авах гэрээний 4.4-т “бүтээгдэхүүний төлбөрийг ажлын 20 хоногт төлөөгүй нөхцөлд нийт үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувийн алданги тооцно” гэж тохиролцсон байна.

            Иймд хариуцагч “ХХХ” ХХК нь төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулах тухай мэдэгдсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй тул дээрх өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны алдангийг нэхэмжлэгч “ХХ” ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 100 хоногийн алданги тооцсон гэж байгаа боловч нэхэмжлэлд дурдсан 1 220 000 төгрөг нь 70 хоногийн алданги гэж дүгнэж, 6 000 000 төгрөгийн 1 хоногийн алданги 12 000 төгрөгийг 70 хоногоор бодож алдангид 840 000 төгрөг, үндсэн төлбөр 6 000 000 төгрөгөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчийн төлсөн 960 000 төгрөгийг хасаж нийт 5 880 000 төгрөгийг хариуцагч “ХХХ”    ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч нь гэрээг анх байгуулах үед алдангийн талаар тохиролцоогүй гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм. 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулж, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.2 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн байна.

 

Иймд хариуцагч “ХХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/02221 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “ХХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн      24 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                                ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

 

                                                                                  М.НАРАНЦЭЦЭГ