Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01727

 

 Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/02886 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч А ХХК-д холбогдох, 17,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2022 оны 10 сарын 29-ний өдөр Б.Л-тай гэрээ байгуулж орон сууц худалдаж авсан. Худалдаж авахдаа төлбөр тооцоогүй гэсэн санхүүгийн баримтыг А ХХК-аас гаргуулан авсан. Үүний дагуу нотариатаар гэрээ байгуулаад төлбөр тооцоог өгч дуусгасан. Үүнээс хойш миний бие орон сууцаа 120,000,000 төгрөгөөр худалдах болоход Б.Л-тай манайх тооцоотой учраас заруулахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь А ХХК-ийн захиралтай уулзаад урьдчилаад төлье гэж хэлээд 17,900,000 төгрөгийг төлсөн. Гүйлгээний утга дээр маш тодорхой бичсэн. Миний бие Б.Л, А ХХК-ийн хоорондох төлбөрийг төлсөн учир 17,900,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь тухайн үед төлбөр тооцооны зөрүүг хүлээн зөвшөөрч Б.Л-гийн өмнөөс гэрээний үнийг нэмэгдүүлж 122,000,000 төгрөг болгож гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, өмнөх орон сууц худалдах, худалдан авах захиалгын гэрээний төлбөрөөс 17,900,000 төгрөг үлдсэн болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөд гэрээний үүргийг хүлээх ёстой байсан Б.Л-гийн өмнөөс шилжүүлээд, үүнийгээ гэрээн дээр нэмэгдүүлж тусгаад 2024 оны 01 сарын 18-ны өдөр шилжсэн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулаад тэр гэрээний зөрүү төлбөрт 17,900,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Д.М-аас ямар ч үндэслэлгүйгээр мөнгө шилжүүлж авсан зүйл байхгүй. Б.Л-гийн өмнөөс манай компанид төлбөр төлсөн бол үүнтэй холбоотой асуудлаа Б.Л-гаас нэхэмжлэх ёстой. Манай компанийн хувьд орон сууц захиалгын гэрээний үнэ 103,000,000 төгрөгийг 122,000,000 төгрөг болгоод өмнөх гэрээний зөрүү төлбөрийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөд гэрээний үүргийг нэмэгдүүлж байгуулаад төлбөрөө сайн дураараа төлсөн үйл баримт байгаа учраас талуудын хооронд байгуулагдсан өмнөх гэрээний үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч А ХХК /РД:****/-иас 17,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б овогт Д.М /РД:У******/-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 247,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч А ХХК-ийн хэрэгжүүлж байгаа төслөөс Хан-Уул дүүргийн *-р хороо, А-ын ам, Х хотхон, С блокийн **-р давхрын ** тоот 61 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 2,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2024 оны 01 сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан. Энэ гэрээ байгуулах болсон шалтгаан нь гэрээний зүйлийг А ХХК-аас Б.Л-тай газар шорооны ажил хийлгэсний хүрээнд бартерын шугамаар 2022 оны 10 сарын 29-ний өдрийн орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний дагуу 103,700,00 төгрөгийн үнэлгээтэй шилжүүлэхээр тохиролцсон байсан. Гэтэл Б.Л нь Д.М-д тухайн гэрээг шилжүүлэх үед гэрээний үлдэгдэл 17,900,000 төгрөг байгаа талаар мэдэгдэхэд Д.М нь Б.Л-тай ярьсан хөдөө явж байгаа учраас төлбөрийн зөрүүг би төлөөд Б.Л-гаас өөрөө авах учраас гэрээг 122,000,000 төгрөгөөр байгуулж өгөх-ийг хүссэн. Үүний дагуу 2024 оны 01 сарын 15-ны өдөр 41 тоот Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийн зөрүүг хүлээн зөвшөөрч 2024 оны 01 сарын 15-ны өдөр гэрээ байгуулсны дагуу 2024 оны 01 сарын 18-ны өдөр 17,900,000 төгрөгийг өөрийн хүсэлтээр Б.Л-гийн тооцоог урьдчилж төлөв гэдэг байдлаар төлсөн болох нь тогтоогдож байхад шүүх талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу Д.М болон Б.Л нар түүний А ХХК-д төлөх төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулж, төлбөрийг шилжүүлсэн нь талуудын хооронд үүрэг үүссэн болохыг харуулна. Шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан талуудын хүсэл зорилго байсан эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөлгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

4.2. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ А ХХК-ийн төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн тооцооны үлдэгдлийн баталгааг үндэслэн төлбөрийн үлдэгдэлгүй гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч Д.М болон хариуцагч А ХХК-ийн хооронд төлбөрийн зөрүүний асуудлаар талууд харилцан зөвшилцөөд 2024 оны 01 сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан, түүний дагуу 17,900,000 төгрөг шилжүүлсэн атал түүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй шүүхийн шийдвэрт дурдаагүй, хэт нэг талын нотлох баримтыг үнэлж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчил гаргасан.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Б.Л-тай худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Харин хариуцагч компанитай ямар нэг гэрээний харилцаанд ороогүй. Б.Л гаас байр худалдаж авахад А ХХК нь өр төлбөргүй бичгийг гаргаж өгсөн гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч А ХХК-д холбогдуулан Б.Л-гийн өмнөөс төлсөн 17,900,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 43/

3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ. Үүнд:

3.1.  А ХХК, Б.Л нар 2022 оны 10 сарын 29-ний өдөр 41 тоот Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулж, А ХХК нь Хан-Уул дүүргийн *-р хороо, А-ын ам, Х хотхон, С блок, **-р давхрын ** тоот хаягт байршилтай 61 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2023 оны 3-р улиралд багтаан барьж, ашиглалтад оруулан өмчлөлд нь шилжүүлэн өгөх, Б.Л нь гэрээний үнэ 103,700,000 төгрөгийг газар шорооны ажлаар төлж барагдуулах нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх 5-9/

3.2.  Улмаар, А ХХК, Б.Л нар 2023 оны 03 сарын 06-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримт үйлдэж, уг баримтад ...нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс нягтлан бодогч ажилтай Ч.М, төлөгчийн нэрийн өмнөөс Б.Л нар ... 2022 оны 10 сарын 29-ний өдрөөс 2023 оны 03 сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ ... нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Б.Л нь 0 төгрөг 0 мөнгө ...-ний өртэй гарсныг харилцан батлав. ...Б.Л нь А ХХК-ийн захиалгын дагуу баригдаж буй Х хотхоны ... 61 м.кв байрны төлбөр болох 103,700,000 төгрөгийг газар шорооны ажлын бартерт тооцуулсан болно гэж дурдсан байх ба гарын үсэг, компанийн санхүүгийн тэмдгээр баталгаажуулжээ. /хх 11-арын нүүр/

3.3. Үүний дараа, Б.Л, Д.М нар 2023 оны 03 сарын 06-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, Б.Л нь А ХХК-тай байгуулсан 2022 оны 10 сарын 29-ний өдрийн 41 тоот Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ-ний шаардах эрхээ буюу 61 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шаардах эрхээ шилжүүлэх, Д.М нь гэрээний үнэ 103,700,000 төгрөгийг 2014 онд үйлдвэрлэгдсэн Тоёота 4 Раннер маркийн автомашинаар төлж барагдуулах нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх 10/

3.4.  Улмаар, Д.М нь дээрх автомашиныг 2023 оны 03 сарын 13-ны өдөр Б.Л-гийн нэрлэн заасан этгээд болох Д.З-гийн өмчлөлд шилжүүлэн өгчээ. /хх 14/

4. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон дээрх үйл баримтуудаас дүгнэвэл А ХХК, Б.Л нар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Б.Л нь гэрээний үнийг газар шорооны ажлаар төлсөн, үүний дараа Б.Л, Д.М нар Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан шаардах эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, Б.Л нь А ХХК-аас орон сууц шаардах эрхээ Д.М-д шилжүүлж, Д.М нь гэрээний үнийг автомашинаар төлсөн гэж үзэхээр байна.

5. Хариуцагч А ХХК нь татгалзлын үндэслэлээ ...Б.Л-гийн төлөх төлбөрийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулж, төлбөрийг гүйцэтгэсэн... гэж тайлбарласан.

5.1. Гэтэл өмнө дурдсанчлан, А ХХК, Б.Л нарын үйлдсэн 2023 оны 03 сарын 06-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа-нд Б.Л нь А ХХК-тай байгуулсан 2022 оны 10 сарын 29-ний өдрийн 41 тоот Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан агуулга тусгагдсан тул хожим тус гэрээний төлбөрийг 17,900,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй.

5.2. Түүнчлэн, Д.М нь дээрх Тооцооны үлдэгдлийн баталгаа-г үндэслэн Б.Л-г А ХХК-д төлөх төлбөрийн үүрэггүй гэж итгэн Б.Л-тай 2023 оны 03 сарын 06-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-г байгуулж, гэрээний үнийг автомашинаар төлсөн тул хожим гэрээний нэмэгдүүлсэн үнэ гэх 17,900,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээхгүй.

5.3. Д.М нь бусдад орон сууцаа худалдахын тулд А ХХК-тай 2024 оны 01 сарын 15-ны өдөр 41 тоот Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж байгуулсан гэж үзэх боломжгүй. /хх 40-42/ 

6.  Нэхэмжлэгч Д.М нь төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй атлаа 2024 оны 01 сарын 18-ны өдөр А ХХК-д 17,900,000 төгрөгийг ...Б.Л-гийн тооцоог урьдчилж төлөв... гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар уг мөнгийг А ХХК-аас буцаан шаардах эрхтэй. /хх 4, 18, 44/

7. Иймд, анхан шатны шүүхийн хийсэн ...зохигчдын хооронд үүрэг үүсээгүй... гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/02886 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч А ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 247,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.НЯМБАЗАР