| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0021/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/15 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эруүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг
Шүүгдэгч: П.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пгийн Над холбогдох 1712001810063Т тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт Пгийн Н/РД:................/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний орой иргэн Я.От 3 тооны адууны махыг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон мал, махны гарал үүслийн бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч П.Нын шүүх хуралдаанд мэдүүлсэн”...2017 оны 09 дүгээр сарын 21-ний орой Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн иргэн Я.О нь 3 тооны малын бичиг авсан. Тухайн үед хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй малын гарал үүслийн бичиг өгсөндөө харамсаж байна. Өөрийн буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн 1712001810063Т тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Гэрч С.Аийн өгсөн:
“...Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3-р багийн нутаг Хавчиг гэдэг газраас 2017 оны 09 дүгээр сарын 18-наас 20-ны хооронд 3 нас нийлсэн морио хулгайд алдаад цагдаагийн байгууллагад хандсан. Би буурал, зээрд халзан морь, хас тамгатай цавьдар морь дугуй дотор 3 тамгатай 3 тооны морио хулгайд алдаж цагдаагийн байгууллагад хандсан. Би буурал зүсмийн морио 10.000.000/арван сая/ төгрөгөөр үнэлнэ. Миний буурал морь нь 7 настай морь сумын баяр наадамд 4 удаа шөвгөрсөн, ойр орчимд болсон овоо тахилгын наадамд 3 удаа шөвгөрсөн морь. Хүрэн халзан морио 5.000.000/таван сая/ төгрөгөөр үнэлнэ. Би хүрэн морио Хотонт сумын иргэн Б гэдэг хүнээс уралдуулах гэж 5.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний хүрэн халзан морь Б гэдэг хүнд байхдаа Хотонт сумаар хэд хэдэн наадамд айрагдаж, түрүүлж байсан 8 настай морь. Цавьдар морио Хотонт сумын иргэн Батсайхан гэдэг хүнээс 2014 онд 4.000.000 төгрөгөөр бодож мал оролцуулан худалдан авч байсан морь байгаа. Миний цавьдар морь Сүхбаатар аймгаас гаралтай морь байсан. Намайг 3 хурдан морио хулгайд алдсан талаар нутгийн ард иргэд бүгд мэдэж байгаа. Би ганц нэг хүн сэжиглэж байсан тэр хүмүүсээ цагдаагаар шалгуулсан. Би 3 морио хулгайлж авсан хүмүүсээс хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна. Би 3 морины араас эрэн хайж яваад 1.000.000/нэг сая/ гаруй төгрөгийн хохирол гарсан энэ бүх зардал мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21/
*Гэрч Д.Цгийн өгсөн:
“...Би яг сайн мэдэхгүй байна 2017 оны 09-р сарын 20-ны өдөр Я.О миний 88728089 дугаарын утас руу залгаад би хөдөө мал янзлаж байна чи багийн даргаас малын бичиг ав гэхээр нь би багийн дарга руу залгасан. Би сайн мэдэхгүй байна хоёр гурван адуу нядалсан гэж ярьж байсан. О надаас өмнө эхнэр хүүхэдтэй байсан юм. Тэгээд өөрийнх нь өмнөх эхнэрийн том охин Төвшрүүлэх суманд Дада гэдэг залуудтай суусан гэж ярьж байсан. Сая хөдөө явахдаа хүргэнийдээ очсон. Надад хэлэхдээ хүргэнийхээсээ авсан гэж ярьж байсан. О 3 адууныхаа махыг 2017 оны 09 сарын 21-нд Улаанбаатар хотод авч ороод Дэнжийн мянгын захад зарсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-39 дүгээр тал/
“Гэрч Ц.Оын өгсөн:
“...2017 оны 09 дүгээр сарын сүүлээр яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна. Ядамын О гэх хүн надаас гурван тооны адууны мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээ бичиг авсан. Надад Я.О гэх хүн хэний гурван тооны адууг авч явж байгаа талаар хэлээгүй. Харин Я.О Байшир багийн Засаг дарга П.Наас багийн даргын гарал үүслийн тодорхойлолтыг уг гурван адуундаа авсан байсан. Би уг багийн даргын гарал үүслийн бичгийг үндэслэл болгон гурван тооны адуунд мал маханд мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээ өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/
*Яллагдагч П.Нын өгсөн:
“...2017 оны 09 дүгээр сарын 21-ны орой 18 цагийн орчимд манай сумын Байшир багийн иргэн Я.О нь 41-08 гэх дугаартай микро маркийн авто машинтай манай гэрийн гадаа ганцаараа ирээд манай гэрт орж ирээд малын бичиг авах гэсэн юм би Улаанбаатар хот руу явж байгаа 3 тооны адууны бичиг хийгээд өгөөч гэж хэлэхээр нь би Я.От 3 тооны адууны гарал үүслийн бичиг хийж өгсөн. Намайг бичиг хийж өгч байх үед Я.О адууныхаа зүсийг надад хэлж өгөөд бичүүлж байсан. Би тухайн үед Я.Оын ачиж явсан адууг нүдээр хараагүй, учир нь тэр үед яаруу ажилтай байсан учраас Я.Оыг ачиж явсан гэх адууны мах арьс шир толгойг үзэж харалгүй шууд бичиг хийж өгөөд гарал үүслийн бичигээ хувилж өөрт авч үлдэлгүй нэг хувь үйлдэж Я.От өгөөд явуулсан. Үүнээс хойш 2017 оны 09 дүгээр сарын 27-28-ны үед Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэн С.А гэх хүн ирээд надтай уулзаж Я.О таниас 3 тооны адууны гарал үүслийн бичиг авсан уу? ямар зүсмийн им тамгатай адуу байсан юм бэ гэж асуухаар нь би Я.О надаас 3 тооны адууны гарал үүслийн бичиг авч явсан ямар зүсмийн ямар им тамгатай адуу байсан талаар би хараагүй мэдэхгүй байна ямарч байсан гарал үүслийн бичиг бичүүлэх үедээ 1 халзан зүсмийн адуу гэж хэлж бичүүлж байсан гэж хэлсэн. Тэгээд би С.А гэх хүнтэй хамт Я.Оыг мал алж янзалсан байж болзошгүй гэх газраас эрэл сурал болж хайж явсан, бас айлуудар явж асууж сурагласан. Би Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Засаг дарга ажилтай уг ажлыг 1 жил гаран хугацаанд хийж байна. Я.О нь Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн иргэн. Би тэр үед хогийн хашаа бариад зав муутай байсан урчаас Я.Оын ачиж явсан мал мах арьс ширийг өөрийн нүдээр үзэж харч чадаагүй. Би тэр үед бас л завгүй байсан болохоор өөрт үлдэх хувиа авч үлдээгүй ганц хувь үйлдээд Я.От өгөөд явуулсан. Иргэдэд мал махны бичиг хийж өгөөд нэг хувийг нь өөрт авч үлдэж, бас гэрэл зураг авч материалжуулах ёстой байдаг. Тухайн үед би матераилжуулж авч үлдэж чадаагүй. Тэр үед ажил ихтэй зав муу байсан болохоор материалжуулж чадаагүй. Я.Оыг тухайн үед гэмт хэрэг үйлсэн эсэх талаар мэдээгүй сүүлд нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99-100 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
П.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний орой иргэн Я.Оын 3 тооны адууны махыг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон мал, махны гарал үүслийн бичгийг хуурамчаар үйлдсэн гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч П.Н үйлдсэн болох нь гэрч С.Аийн”... Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3-р багийн нутаг Хавчиг гэдэг газраас 2017 оны 09 дүгээр сарын 18-наас 20-ны хооронд 3 нас нийлсэн морио хулгайд алдаад цагдаагийн байгууллагад хандсан. Би буурал, зээрд халзан морь, хас тамгатай цавьдар морь дугуй дотор 3 тамгатай 3 тооны морио хулгайд алдаж цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Цгийн”... Би яг сайн мэдэхгүй байна 2017 оны 09-р сарын 20-ны өдөр Я.О миний 88728089 дугаарын утас руу залгаад би хөдөө мал янзлаж байна чи багийн даргаас малын бичиг ав гэхээр нь би багийн дарга руу залгасан. Би сайн мэдэхгүй байна хоёр гурван адуу нядалсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Оын”... 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна. Ядамын О гэх хүн надаас гурван тооны адууны мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээ бичиг авсан. Надад Я.О гэх хүн хэний гурван тооны адууг авч явж байгаа талаар хэлээгүй. Харин Я.О Байшир багийн Засаг дарга П.Наас багийн даргын гарал үүслийн тодорхойлолтыг уг гурван адуундаа авсан байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Нын хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдсан, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч П.Нын үйлдсэн гэх хуурамч бичиг баримт хэрэгт авагдаагүй боловч шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул П.Ныг хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлттэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.Нын гэмт хэрэг үйлдсэн 2017 оны 09 сарын 21-ний өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хорихоос өөрт төрлийн ял оногдуулахаар хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн, ...мөн зүйлийн 2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж заасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төрбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Пгийн Ныг хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.Над холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч П.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР