Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 181/2022/04191/И |
Дугаар | 210/МА2024/01788 |
Огноо | 2024-09-18 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2024/01788
И.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/02677 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Я.Ц-т холбогдох, гэрээний хохиролд нийт 138,260,367 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2013 оны 09 сарын 19-ний өдөр Я.Ц-тэй Хан-Уул дүүргийн **-р хороо, *-р гудамж, ** тоот хаягт байрлах 412 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай объектыг түрээслэх Эд хөрөнгө хөлслөх гэрээ-г байгуулсан. Тухайн үед Я.Ц нь уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ удахгүй миний нэр дээр гарна, би эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн байгаа гэж хэлээд гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа миний бие уг объектод 39,839,200 төгрөгийн засвар хийсэн. Я.Ц нь надаас барьцаа 56,000,000, цахилгааны төлбөр гэж 700 ам.доллар, түрээсийн төлбөр гэж 36,000,000 төгрөг авсан. Засвар хийхийн тулд Б ХХК-аас зээл авсан бөгөөд зээлийн хүүнд 5,047,200 төгрөг төлсөн. Засвар хийж байтал Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ-нээс уг объектыг цахилгаанаар хангах гэрээ байгуулаагүй, хулгайгаар цахилгаан хэрэглэсэн гэж цахилгааныг тасалсан, мөн гэрээний зүйл болох объект нь өөр хүний өмч болох нь тогтоогдож уг хөрөнгийн хууль ёсны эзэн нь хөрөнгөө шаардан авах болсноор гэрээ биелэгдэх боломжгүй болсон. Я.Ц нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, эрхийн болон биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлж, гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор барьцаа мөнгө, түрээсийн төлбөр болон бусад хохирлыг гаргуулах хүсэлтэй байна.
Иймд барьцаа 56,000,000 төгрөг, түрээсийн төлбөр 36,000,000 төгрөг, засан сайжруулалт, хөрөнгө оруулалтын зардал 39,839,200 төгрөг, бэлэн өгсөн 700 ам.доллар буюу 1,373,967 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 5,047,200 төгрөг, нийт 138,260,097 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Я.Ц нь И.Б-ийн хүсэлтээр 2013 оны 09 сард Хан-Уул дүүргийн **-р хороо, *-р гудамж, ** тоот хаягт байрлах авто угаалгын газрыг түүнд хөлслүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа Я.Ц нь хөдөө орон нутагт уурхайн шинэ ажил эхлүүлэхээр явсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ барьцаа 56,000,000 төгрөг, түрээсийн төлбөр 36,000,000 төгрөгийг Я.Ц-т өгсөн гэж худал бичсэн байна. Тодорхой хугацааны дараа Я.Ц нь хотод ирэхэд түүний зөвшөөрөлгүй объектын даацын ханыг И.Б дур мэдэн нурааж, дээврийг хуулж шууд ус алдахаар болгож өөрчилсөн байсан. И.Б-тэй уулзахад ...би энэ газрыг ажиллуулахаа болилоо, би чадахгүй байна, маш цөөхөн машин угаалгаж байна, объектыг галерей болгох гэж их засвар хийсэн, цаашид хөлслөхгүй болохоор хүлээж авбал ав үгүй бол би ямар ч байсан ажиллуулахгүй гэж хэлээд орхиж явсан. Тухайн үед объектын дээврийг хуулсан байсан мөн өвлийн жавар орсон байсан тул дахин засвар хийж чадалгүй хавар хүртэл хүлээсэн. Энэ хугацаанд паараа хөлдөөхгүйн тулд халаалт өгч дэмий цахилгааны төлбөр төлж байсан. 2014 оны 04 сард өөрөө зээл авч И.Б-ийн дур мэдэн хуулсан дээвэр болон бусад зүйлсийг янзалж авсан.
Иймд ямар ч мөнгө аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар хариуцагч Я.Ц-ээс нийт 81,606,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Б-т олгож, үлдэх 56,653,597 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 849,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 565,982 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 81,606,500 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь:
4.1. Талууд 2013 оны 09 сард түрээсийн гэрээ бус эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсны дараа объектоо хүлээлгэж өгөөд хариуцагчийн хувьд хөдөө орон нутаг руу явсан. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлбөр төлөх байсан хэдий ч мөнгө орж ирэхээр өгнө, удахгүй өгнө гэсээр 2, 3 cap болсон. Орон нутгийн ажлаа зохицуулаад И.Б дээр ирэхэд объектын даацын ханыг нураасан, дээвэр хуулсан байсан. Я.Ц-ийн хувьд өөрөө очсоны дараа тухайн нөхцөл байдлыг мэдсэн. Мөн нэхэмжлэгчийн хувьд тухайн цаг үед гэрээнээс татгалзах болсон шалтгаанаа ашиг орлого олохгүй байна, объектоо хүлээж авбал ав би цаашид ирэхгүй гэж хэлсэн ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөр шалтгаан хэлсэн байдаг.
4.2. Талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй харин эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан бөгөөд эд хөрөнгө хөлслөх гэрээнд зайлшгүй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага тавигддаггүй. Талууд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулна гэж тохиролцсон, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. Харин шийдвэрт улсын бүртгэлд бүртгүүлэх тохиролцоог хариуцагч биелүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй. Учир нь анхнаасаа гэрээг бүртгүүлэх тохиролцоо хийгээгүй, эд хөрөнгө хөлслөх гэрээнд улсын бүртгэлд заавал бүртгүүлэх талаар заагаагүй тул хариуцагч тал ямар ч тохиролцоог зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн талууд гэрээ байгуулах үед тухайн объект нь тусгай хамгаалалттай газар нутагт байдаг тул улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй учир гэрчилгээ гарах хүртэл нэр шилжүүлэх боломжгүй, харин объект хариуцагчийн эзэмшлийнх учир ямар ч асуудалгүйг хэлж байсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч Б.Б нотолсон.
4.3. Нэхэмжлэгчээс объектод засвар хийж байгаа талаараа хариуцагчид хэлээгүй буюу дур мэдэн засвар үйлчилгээ хийсэн. Объектын даацын ханыг нураасан, дээвэр хуулсныг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийг объектыг орхиж явсан учир зайлшгүй объектоо дулаарах хүртэл хүлээх боломжгүй болж үйл ажиллагаа явуулаагүй хэдий ч дулаанаар байнга хангаж байсан. Мөн нэхэмжлэгчийн хэлж буй засвар үйлчилгээ ч дуусаагүй хана нураасан учир барилгын хог үлдсэн, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учир тэр бүгдийг хариуцагч миний бие дуусгаж, янзалсан гэдгийг дурдах нь зүйтэй. Магадгүй хариуцагч миний бие засвар үйлчилгээ явуулахыг зөвшөөрсөн бол гарсан зардлын тодорхой хувийг хариуцах боломжтой байсан ч зөвшөөрөл аваагүй, 7 жилийн хугацаатай гэрээ байгуулсан хэдий ч дур мэдэн 2-3 сарын дараа гэрээг дангаар цуцалж объектыг орхиж явсан тул дур мэдэн засвар хийсэн зардлыг хариуцагч нөхөж өгөх боломжгүй байна.
4.4. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн өргөтгөлийн материалын тооцоон дээр бичигдсэн үнийн дүн болон зарлагын баримт дээрх үнийн дүнгийн 80 орчим хувь нь хоорондоо зөрүүтэй. Тодруулбал, тухайн баримт дээрх үнийн дүнтэй 100 хувь тохирсон зарлагын баримтын нийт үнэ 4,392,000 төгрөг байдаг тул зарлагын баримтаар тогтоогдсон гэх 16,606,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн зураг төслийн 11,000,000 төгрөгийг дур мэдэн засвар хийсэн, зөвшөөрөл өгөөгүй гэх шалтгаанаар хариуцагч талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хуулбар гэрээний 4-д хөлслөгч нь гэрээгээр хүлээн авсан эд хөрөнгөд хөлслүүлэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр урсгал засвар, дахин сайжруулалт хийж ашиглах... талаар заасан байдаг.
4.5. Ц.С нь нэхэмжлэгчтэй гэр бүлийн хамаарал бүхий этгээд учир нэхэмжлэгч талд ашигтай мэдүүлэг өгөх бүрэн боломжтой. Хариуцагч талаас Ц.С-г огт харж байгаагүй, 2 удаа уулзаж мөнгө авсан, өгсөн нь худлаа гэдгийг шүүх хуралдааны үед тайлбарласан. Нөгөөтэйгүүр 20,000,000 төгрөг хүлээлгэж өгсөн, хүлээж авсан баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй. Учир нь Я.Ц-т ямар ч мөнгийг Ц.С болон өөр бусад этгээд хүлээлгэж өгөөгүй гэдгийг дурдах нь зүйтэй.
4.6. Шүүхээс гэрчийн мэдүүлэг нь нэхэмжлэгчийн тайлбарыг нотолж байна гэж үзсэнд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгчийн асуусан гэрч нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд бөгөөд зөвхөн амаар тайлбар өгсөн өөр баримт байхгүй. Харин хариуцагч тал тухайн цаг үед Я.Ц-ийн болон нэхэмжлэгч И.Б-ийн удирдлага дор авто угаалгын газар ажиллаж байсан Б.Б гэх хүнийг гэрчээр асуусан бөгөөд гэрч нь объект хариуцагчийн эзэмшлийнх байсан, Т.Б гэх хүнээс худалдаж авсан, тогны ямар ч асуудал гарч байгаагүй, cap болгон тогны мөнгөө тушаадаг байсан зэргийг гэрчилсэн боловч нотлох баримтын хүрээнд авч үзээгүй атлаа нэхэмжлэгч талаас асуусан гэрчийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байна.
4.7. Гэрч Г.Б-ыг нэхэмжлэгчийн хувийн жолооч гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг. Хариуцагч талаас барьцаа мөнгө авч байгаагүй жолооч Г.Б огт харж байгаагүй. Мөн Г.Б-ын өгсөн гэрчийн мэдүүлгийг үндэслэж хариуцагчид барьцаа мөнгө өгсөн гэж үзсэн шүүхийн шийдвэрийг нотлох баримтад тулгуурлаагүй, хэт нэг талыг барьсан шийдвэр болжээ. Тухайн цаг үед нэхэмжлэгч И.Б, Г.Б нарын хооронд ажил олгогч, ажилтны харилцаатай байсан бөгөөд даргынхаа талд худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Хариуцагч нь Г.Б-ыг харж байгаагүй, мөнгө аваагүй учир хангаж шийдвэрлэсэн 34,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
4.8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн прокурорын газраас нэхэмжлэлд хуулбар байдлаар авагдсан гэх Эд хөрөнгө хөлслөх гэрээ хуулбар үнэн тамгатай ирсэнтэй холбогдуулан хариуцагч талаас тухайн гэрээний эх хувь байхгүй, учир нь гэрээг байгуулаагүй гэдгээ дурдаж, үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн прокурорын газарт авагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээ нь прокурорын газарт хуулбараар хавсаргагдсан эсхүл эх хувь баримт байгааг мэдэх зорилготой Хан-Уул дүүргийн прокурорын газраас үүнийг тодруулах талаар хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлт тодорхойгүй үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан. Уг баримтын эх хувь Хан-Уул дүүргийн прокурорын газарт байгаа эсэхээс шалтгаалан шинжээч томилох, цаашлаад бусад арга хэмжээг авах зорилготой хүсэлт гаргасан хэдий ч шүүхээс зөвхөн хүсэлт тодорхойгүй үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь процессын алдаа гаргасан гэж үзэхээр байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэх боловч анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд аж ахуйн үйл ажиллагаанд зориулагдсан учраас талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Мөн 2013 оны 09 сарын 19-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээнд өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан өдрөөс хойш 1 сарын дотор улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр тохиролцсон тул түрээсийн гэрээний зохицуулалт байсан нь нотлогдож байна. Хариуцагч нь биет байдлын доголдолтой эд хөрөнгийг шилжүүлж өгсөн учраас нэхэмжлэгч засвар хийсэн. Гэвч тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь өөр хүний өмчлөлийн эд хөрөнгө болсон учраас цахилгааныг хулгайгаар хийсэн гэж цахилгааныг тасалж, өөр өмчлөгч нар гарч ирсэн. Уг нөхцөл байдлын улмаас урт хугацаанд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах боломжгүй гэж үзэж, талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалсан. Хариуцагчийн зүгээс гэрээ цуцалсан үйл баримтад маргасан зүйл байхгүй. Мөн хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны явцад хариу тайлбар гаргахдаа Б.Б-ээр дамжуулан эд хөрөнгийг хүлээн авсан гэж тайлбарладаг. Хэргийн 65-р талд авагдсан эрх шилжүүлэх гэрээгээр 2014 оны 06 сарын 03-ны өдөр эрхийг шилжүүлж, хуулийн этгээдийн лавлагаа гаргуулж, тухайн компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн. Тухайн үед түрээсийн гэрээ байгуулах эрхгүй этгээд гэрээг байгуулсан тул эрхийн зөрчилтэй болох нь нотлогдож байна. Мөн 2013 оны 09 сарын 19-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр 2013 оны 12 сарын 09-ний өдөр хүртэл түрээсийн төлбөрт 10,833,000 төгрөгөөр тооцсон. Гэвч 2013 оны 12 сарын 19-ний өдрөөс 18,000,000 төгрөг болж өссөн. Эхний 3 сарын хугацаанд түрээсийн төлбөрийг багаар тооцож, засан сайжруулалт хийж, өөрт боломжтойгоор ашиглах боломжтой байдлыг бий болгосон. Тухайн эхний 3 сарын хугацаанд түрээслэх боломжгүй байсан учраас бага төлбөр төлөхөөр тохиролцсон. Тухайн үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийхгүйгээр ашиглах боломжгүй байсан. Мөн 28,839,200 төгрөгийн засвар, хөрөнгө оруулалтын зардлуудыг задаргааг хэргийн 148-р талд нотлох баримтаар хавсаргасан. 2013 оны 09 сарын 18-ны өдрийн н.Т-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр 9,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Мөн оны 10 сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээгээр н.З-д 4,300,000 төгрөгийг төлсөн. Барилгын өргөтгөлд 14,714,200 төгрөгийг зарцуулж, нийт 28,014,200 төгрөг болсон. Тээвэр 500,000 төгрөг, хог хаягдал 160,000 төгрөг, шат угсралт 165,000 төгрөг, нийт 825,000 төгрөгийн зардал гарсан боловч нотлох баримт байхгүй. Гэвч бусад зардлыг нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн. Г.Б нь 34,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр хүлээлгэн өгсөн талаар гэрчийн мэдүүлэгт авагдсан. Ц.С-гийн гэрчийн мэдүүлэгт 2 удаа төлбөр төлсөн бөгөөд 12,000,000 төгрөг, 8,000,000 төгрөгийг 2 тусдаа өгч, нийт 20,000,000 төгрөгийг өгсөн гэх үйл баримт тогтоогдсон. Зураг төслийн 11,000,000 төгрөгийн баримтыг хэргийн 164-р талд хавсаргасан бөгөөд уг төлбөрийг 6,600,000 төгрөг, 4,400,000 төгрөгөөр нийт 2 удаа салгаж төлсөн. Түрээсийн төлбөрт 14,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж Я.Ц 2013 оны 09 сарын 19-ний өдөр хүлээн авч, гарын үсэг зурж, баталгаажуулсан. Мөн уг хэрэг 2017 оноос хойш шүүхийн журмаар хянан шийдвэрлүүлж байгаа бөгөөд 1 удаа нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан. 2017 оны 09 сарын 27-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт 14,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр авснаа хүлээн зөвшөөрсөн. Гэвч дахин нэхэмжлэл гаргаж, маргаан үүсэхэд хариуцагчийн зүгээс ямар нэгэн мөнгө аваагүй гэж худал тайлбар гаргадаг. Мөн Б ХХК-аас 21,000,000 төгрөгийн зээл авч, 5,903,200 төгрөгийн хүүг төлж байсныг нотлох баримтыг хавсаргасан.
Хариуцагчийн зүгээс удаа дараа зөрүүтэй тайлбар гаргасан тул хариуцагчийн тайлбарыг хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч И.Б нь хариуцагч Я.Ц-т холбогдуулан гэрээний хохиролд барьцаа мөнгө 56,000,000 төгрөг, түрээсийн төлбөр 36,000,000 төгрөг, засан сайжруулалт, хөрөнгө оруулалтын зардал 39,839,200 төгрөг, бэлнээр өгсөн 700 ам.доллар буюу 1,373,967 төгрөг, бусдад зээлийн хүүнд төлсөн 5,047,200 төгрөг, нийт 138,260,367 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ шаардлагынхаа үнийн дүнг 138,260,097 гэж бичсэнийг техникийн алдаа гэж үзэв.
3. Талууд 2013 оны 09 сарын 19-ний өдөр Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр Я.Ц нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгаа Хан-Уул дүүргийн **-р хороо, *-р гудамж, ** тоот хаягт байрлах 412 м.кв талбайтай объектийг 2020 оны 09 сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд И.Б-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан өдрөөс хойш сарын дотор гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, И.Б нь 2013 оны 09 сарын 18-ны өдрөөс сарын 10,833,000 төгрөг, 2013 оны 12 сарын 19-ний өдрөөс сарын 18,833,000 төгрөг, 2015 оны 12 сарын 19-ний өдрөөс сарын 20,833,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх, гэрээний баталгаа болгон гэрээ байгуулахад 30,000,000 төгрөг, 2013 оны 12 сарын 19-ний өдөр 24,000,000 төгрөг, 2015 оны 12 сарын 19-ний өдөр 6,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийн барьцаа мөнгийг Я.Ц-т хадгалуулах нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, уг гэрээ хүчин төгөлдөр бус гэж зөв дүгнэжээ. Учир нь:
4.1. Дээрх 412 м.кв талбайтай объектийг И.Б нь автомашин угаалгын үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар Я.Ц-ээс түрээслэн авсан болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан ...нэхэмжлэгчтэй уулзахад би энэ газрыг ажиллуулахаа болилоо, маш цөөхөн автомашин угаалгаж байна гэж хэлээд орхиод явсан... гэсэн хариу тайлбараар тогтоогдсон.
4.2. Мөн талууд 2013 оны 09 сарын 19-ний өдөр Эд хөрөнгө хөлслөх гэрээ-ний 1-д ...Өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан өдрөөс хойш сарын дотор энэхүү гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ гэж тусгасан.
4.3. Иймд, ...талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй, харин эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан... гэх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.
5. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2-т зааснаар түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 318 дугаар зүйлийн 318.4-т тус тус зааснаар 2013 оны 09 сарын 19-ний өдрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус.
Анхан шатны шүүх гэрээ хүчин төгөлдөр бус гэж зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхийн зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.
6. Гэрээ хэрэгжээгүй бөгөөд И.Б нь 2014 оны 12 сард гэрээний зүйлийг орхин явж, Я.Ц-т хүлээлгэн өгсөн үйл баримтын тухайд зохигчид маргаагүй.
7. Хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д ...хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу шийдвэрлэх учиртай.
8. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас хариуцагчаас илүү мөнгөн дүнг гаргуулсан алдаа гаргасныг доорх байдлаар залруулах нь зүйтэй.
8.1. Хариуцагчийн гарын үсэг бүхий гар бичмэлд ...2013.09.19-нд 14 сая төгрөг бэлнээр авлаа... гэж бичигдсэн байх тул хариуцагчаас 14,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Гэрээний 1-д ...Гэрээний баталгаа болгон гэрээ байгуулахад 30,000,000 төгрөг ...-ний барьцааг хөлслүүлэгч талд хадгалуулах... гэж заасан тул дээрх 14,000,000 төгрөгийг барьцаа мөнгөнд хамааруулсан болно.
8.2. Нэхэмжлэгч нь хариуцагчид түрээсийн төлбөр 36,000,000 төгрөг, бэлнээр 700 ам.доллар буюу 1,373,967 төгрөгийг тус тус өгсөн болохоо баримтаар нотолж чадаагүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
8.3. Нэхэмжлэгчийн хийсэн хөрөнгө оруулалт, засан сайжруулалт нь нэхэмжлэгч тал үлдэж байгаа учир баримтаар нотлогдож буй 8,311,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.
Хэргийн 44, 48-р талд авагдсан зарлагын падаанууд засвартай, 47-р талд авагдсан зарлагын падаан байгууллагын нэр тодорхойгүй, санхүүгийн тэмдэггүй, 49-р талд авагдсан зарлагын падаан засвар хийсэн гэх цаг хугацаанаас хойшхи огноотой тул эргэлзээтэй, хэрэгт гүйцэтгэсэн ажлын үр дүн байхгүй тул 53-54-р талд авагдсан зураг төслийн ажлын хөлс төлсөн гэх баримт эргэлзээтэй учир эдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
8.4. Зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүрэг нь зээлдэгч И.Б-ийн хүлээх үүрэг тул зээлийн хүүнд төлсөн гэх 5,047,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
9. Анхан шатны шүүх Ц.С, Г.Б нарын гэрчийн мэдүүлгийг үндэслэн барьцаа мөнгө гэж 34,000,000 төгрөг, түрээсийн төлбөр гэж 20,000,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу.
Учир нь, гэрчийн мэдүүлэг нь өөр бусад баримтаар дэмжигдээгүй тохиолдолд нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө өгсөн эсэхийг, мөн мөнгөний дүн зэргийг эрзэлзээгүй нотлох баримт болж чадахгүй.
Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзнэ.
10. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж зөв дүгнэсэн атлаа түрээсийн гэрээ болон гэрээний үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагатай холбоотой хуулийн зохицуулалт баримталж маргааныг шийдвэрлэсэн нь буруу тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
11. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хангах үндэслэлгүй.
11.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т Төрийн ... байгууллага ... нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж зохицуулсан тул хэргийн 125-126-р талд авагдсан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хуулбар үнэн гэсэн тэмдэгтэй Эд хөрөнгө хөлслөх гэрээ, 2013 оны 09 сарын 19-ний өдөр үйлдсэн гар бичмэл зэргийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлснийг буруутгахгүй.
11.2. Хариуцагч талаас гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн байна.
12. Дээрх үндэслэлээр хариуцагчаас 22,311,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 115,948,867 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/02677 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д зааснаар хариуцагч Я.Ц-ээс 22,311,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Б-т олгож, үлдэх 115,948,867 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...565,982 төгрөг... гэснийг ...269,507 төгрөг... гэж өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Я.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 565,990 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР