Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/75

 

                          

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Мээпам

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Л 

Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгч: Т.Б 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хоньт овогт Тын Бөд  холбогдох эрүүгийн 1812004120274 тоот хэргийг хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулаг хорооллын 3-3 тоотод оршин суух хаягтай, урьд Архангай аймгийн хэсгийн ардын шүүхийн 1985 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 42 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 2 жилийн хорих ялаар, Дундговь аймгийн 3 дугаар хэсгийн ардын шүүхийн 1987 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3/12 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 1 жил 10 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Хоньт овогт Тын Б/РД:АИ............/ 

 

                      Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн ертөнцийн зүгээр баруун талын автозамын уулзварт 87-94 АРА улсын дугаартай, Ниссан санни маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Б.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

*Шүүгдэгч Т.Бийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Миний буруутай үйлдлээс болж осол гарсан, би хохирол төлбөрийг нь төлнө...” гэх мэдүүлэг, 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Манай нөхөр 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өөрийн үеэл дүү Хтай эмийн сан орох гэж яваад Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн баруун талын зам дээр осолд орсон байсан.  Манай нөхөр бүсэлхийнээс доошоо мэдээгүй байгаа, өөрөөрөө бие засаж чадахгүй, сэтгэл санааны гүн хямралд орсон. Осолд орсноос хойш Улаанбаатар хот орж байнга эмчилгээ хийлгэж байгаа, цаашдаа Хятад улсын Хөх хот явж эмчилгээ хийлгэх бодолтой байна.  Эмчилгээтэй холбоотой баримтаа шүүхэд гаргаж өгсөн, Хятад улсын Хөх хотод эмчлэгдэж болох юм байна гэсэн хариу ирсэн байгаа, осолд ороод манай нөхөр 8 сар болж байна, энэ хугацаанд Т.Б гэх хүн ганц удаа ч утсаар яриагүй, хохирол төлбөр төлөөгүй, мөн Улаанбаатар хот орж шинжилгээ өгөхөд бөөр нь муу байна гэж хэлсэн. Манайх 2-4 насны хоёр хүүхэдтэй, мөн нөхрийгөө асраад явж байна, хохирол төлбөрт 14.004.801 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг

*Эрүүгийн 1812004120274 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

*Хохирогч Б.Бийн өгсөн: 

“...Би өөрийнхөө эзэмшлийн улаан өнгөтэй, улсын дугааргүй, Мустанг-5маркийн мотоцикльтой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Нэгдсэн эмнэлгийн ертөнцийн зүгээр баруун талын уулзвар замд 87-94 АРА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Ниссан Санни маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осолд орсон. Уг осол 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11 цагийн үед болсон. Би өөрийнхөө эзэмшлийн мотоциклийг жолоодон явсан. Миний ард нагац эгчийн охин болох Х хамт явсан. Би ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй буюу  гол замаар буюу миний баруун гар талаас туслах зам дээр зогсож байсан дээрх автомашин надад зам тавьж өгөлгүй уулзвар руу орж ирсэн. Би тормос гишгэсэн бөгөөд тухайн автомашины чиглэлд дагаад эргэж гаръя гэж бодоод зүүн гар тийш мотоциклио эргүүлтэл мөргөлдчихсөн. Үүнээс болж миний нуруу нугас гэмтэж бөгсөн бие  хөл одоог хүртэл мэдээгүй байна. Тухайн үед бороо шивэрч орж байсан болохоор зам гулгаатай байсан. Замын хөдөлгөөн бага байсан. Зам эвдэрхий, замын хөдөлгөөнд саад болох зүйл байгаагүй. Би мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхтэй, осол болоход хамгаалах малгай хэрэглээгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, ойролцоогоор 30  км/цагийн хурдтай явсан. Би маш их гомдолтой байна. Би хүнд гэмтсэн, одоо хэвтэрт байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-20 дугаар тал/ 

 

*Гэрч М.Хын өгсөн: 

“...Би 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 11 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Нэгдсэн эмнэлэгийн ертөнцийн зүгээр баруун талд байх урдаас хойш чиглэлтэй асфальтан зам дээр өөрийн хамаатан Б.Бийн хамтаар түүний эзэмшлийн улаан өнгийн, улсын дугааргүй, мустанг-5 маркийн мотоцикль дээр сууж яваад тус багийн нутаг Нэгдсэн эмнэлэгийн ертөнцийн зүгээр баруун талын уулзвар дээр саарал өнгийн 87-54 АРА улсын дугаартай, Ниссан Санни маркийн автомашинтай мөргөлдсөн. Уг автомашин ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэйгээр буюу туслах замаас гол зам руу орж ирсэн. Б.Бэ бид хоёрыг уулзвар руу дөхөж явтал дээрх автомашин гол замаар яваа автомашинд зам тавьж өгөөд туслах зам дээр зогсож байсан ба гэнэт хөдлөж урдуур хөндлөн орсон ба Б.Бэ мотоциклио зүүн гар тийшээ дарж эсрэг урсгал руугаа ороод автомашины хажуу руу мөргөсөн. Үүний улмаас Б.Бийн биеийн байдал нь сайнгүй байна. Миний биеийн байдал хэвийн байна. Бороо орж байсан замын гадаргуу нойтон байсан ба тормоз гишгэсэн ба гулгаж очоод автомашины хажуу талаас мөргөсөн. Би яг ямар хурдтай явсныг хэлж мэдэхгүй байна. Б.Бэ бид хоёр эмийн сан орох зорилгоор явж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бүрхэг, бороотой, замын гадаргуу нойтон гулгаатай байсан. Зам дээр ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Замын хөдөлгөөн сийрэг байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-23 дугаар тал/ 

 

*Гэрч Д.Бийн өгсөн: 

“...Би 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 11 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг нэгдсэн эмнэлэгийн баруун талын уулзвар руу орох гээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байтал миний өөдөөс буюу зүүнээс баруун тийш чиглэлтэйгээр нэг саарал өнгийн жижиг тэрэг уулзвар руу орж ирж байсан. Харин гол замаар буюу урдаас хойш чиглэлтэй нэг мотоцикль уулзвар руу орж байсан. Тэгээд уулзвар дээр хоорондоо мөргөлдсөн. Харин энэ үед би зогсчихсон байсан учраас сайн харсан. Уг автомашин уулзварыг чигээрээ гарах гэж явсан. Туслах замаас орсон. Мотоцикль гол замаар явж байсан. Мөргөлдснийхөө дараа уг мотоциклийн жолооч газраас босч чадахгүй байсан. Харин түүний ард сууж явсан эмэгтэй нь эмнэлэг рүү гүйгээд явсан. Би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би тухайн үед ганцаараа өөрийн эзэмшлийн Алфард маркийн автомашинтайгаа явсан. Бороо шивэрч орж байсан. Замын гадаргуу нойтон байсан. Зам дээр ямар нэгэн саад байгаагүй. Уг уулзвар дээр машин мотоцикль хоёроос өөр тээврийн хэрэгсэл байгаагүй. Мотоцикль их хурдтай явсан. Мотоциклийг хурд ихтэй ирж байхаар нь би хүлээгээд зам тавьж өгөөд зогсож байсан. Ойролцоогоор 40-50 км/цагийн хурдтай л явсан байх. Харин автомашин нь хурд багатай уулзвар руу орж ирсэн. Автомашины жолооч болон мотоциклийн жолооч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би тухайн хүмүүс дээр очсон. Автомашин нь кабиндаа жолоочоос гадна нэг хүнтэй байсан. Би тухайн хүмүүсийг танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/ 

*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 69 дугаартай”..Жолооч Б.Бэ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчөөгүй байна. Жолооч Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дурмийн 12.9-д гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн. Жолооч Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөнии дүрмийн 12.9-д гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн. Жолооч Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөнии дүрмиин 12.9-д гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн  хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтыг зөрчснөөс уг зам тээврийн осол гарсан байх боломжтой. Замын гадарга, байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх зүйл илрээгүй. Жолооч Б.Бэ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн А ангиллын 110192 дугаарын эрхийн үнэмлэх хүчинтэй байна. / Лавлагааг хавсаргав./ Жолооч Т.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын 206318 дугаарын эрхийн үнэмлэх хүчинтэй байна./ Лавлагааг хавсаргав...” гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар тал/ 

 

*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай”...Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч цагдаагийн ахмад Ц.Баатарсамбуугийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн 69 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Жолооч Б.Бэ нь МУ-ийн ЗХД-ийн заалтыг зөрчөөгүй байна. Жолооч Т.Б нь МУ-ийн ЗХД-ийн 15.9-д Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хоёр дугаар асуултаар хариулагдсан. Жолооч Т.Б нь МУ-ийн ЗХД-ийн 15.9-д Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн болж зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.  Зам тээврийн осол гарахад замын эвдрэл гэмтэл бусад нөхцөл байдал/ үзэгдэх орчин хязгаарлагдмал зэрэг/ нөлөөлөөгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 105 дугаар тал/ 

 

  *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 472 дугаартай”...Б.Бийн биед бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, уг нугалмын түвшинд нугасны хөндийн нарийсал, дарагдал, зүүн хөлийн шилбэнд зулгарсан шарх гэмтлүүд учирчээ. Уг гэмтлийн улмаас бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарлыг засаж бэхлэх хагалгаа хийгджээ. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Бүсэлхийн 1-р нугалмын их биеийн хугарал, нугасны хөндийн нарийсал, дарагдал гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 3- 1-6-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, зүүн хөлийн шилбэний зулгарсан шарх гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 2-4-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг 35% ба түүнээс дээш хувиар тогтонги байдлаар алдагдуулах ба эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой...” гэх дүгнэлт/хх-ийн 39-40 дүгээр тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 70 дугаар тал/ 

 

* Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хохирлын баримт зэрэг болно. 

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн ертөнцийн зүгээр баруун талын автозамын уулзварт Т.Б нь 87-94 АРА улсын дугаартай, Ниссан санни маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргаж, Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Б.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Т.Б үйлдсэн болох нь хохирогч Б.Бийн “...Би өөрийнхөө эзэмшлийн улаан өнгөтэй, улсын дугааргүй, Мустанг-5маркийн мотоцикльтой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Нэгдсэн эмнэлгийн ертөнцийн зүгээр баруун талын уулзвар замд 87-94 АРА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Ниссан Санни маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осолд орсон. Би тормос гишгэсэн бөгөөд тухайн автомашины чиглэлд дагаад эргэж гаръя гэж бодоод зүүн гар тийш мотоциклио эргүүлтэл мөргөлдчихсөн. Үүнээс болж миний нуруу нугас гэмтэж бөгсөн бие хөл одоог хүртэл мэдээгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч М.Хын”... Б.Бийн хамтаар түүний эзэмшлийн улаан өнгийн, улсын дугааргүй, мустанг-5 маркийн мотоцикль дээр сууж яваад тус багийн нутаг Нэгдсэн эмнэлэгийн ертөнцийн зүгээр баруун талын уулзвар дээр саарал өнгийн 87-54 АРА улсын дугаартай, Ниссан Санни маркийн автомашинтай мөргөлдсөн. Б.Бэ бид хоёрыг уулзвар руу дөхөж явтал дээрх автомашин гол замаар яваа автомашинд зам тавьж өгөөд туслах зам дээр зогсож байсан ба гэнэт хөдлөж урдуур хөндлөн орсон ба Б.Бэ мотоциклио зүүн гар тийшээ дарж эсрэг урсгал руугаа ороод автомашины хажуу руу мөргөсөн. Үүний улмаас Б.Бийн биеийн байдал нь сайнгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бийн”... баруун тийш чиглэлтэйгээр нэг саарал өнгийн жижиг тэрэг уулзвар руу орж ирж байсан. Харин гол замаар буюу урдаас хойш чиглэлтэй нэг мотоцикль уулзвар руу орж байсан. Тэгээд уулзвар дээр хоорондоо мөргөлдсөн. Харин энэ үед би зогсчихсон байсан учраас сайн харсан. Уг автомашин уулзварыг чигээрээ гарах гэж явсан. Туслах замаас орсон. Мотоцикль гол замаар явж байсан. Мөргөлдснийхөө дараа уг мотоциклийн жолооч газраас босч чадахгүй байсан...” гэх мэдүүлэг, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 69 дугаартай шинжээчийн дүгнэлт, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болохыг тогтоосон  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 472 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Бийн авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

 

Иймд шүүгдэгч Т.Бийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохиролтой холбоотой нотлох баримтуудыг шүүх хуралдаанд ирүүлсэн байна. Уг баримтуудаас хохирогчийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн, эм тариа, асаргааны зүйл авсан нийт 6439966 төгрөг, мөн хохирогч хэвтэрт байгаа, зайлшгүй асрах шаардлагатай байсан тул түүний эхнэр 2 сарын цалингүй чөлөө авч асарсан талаар баримт ирүүлсэнийг хохирол, хор уршигтай холбоотой зардал гарсан гэж үзэх үндэслэлтэй гэж үзэн хүлээн авч нийт 7639966 төгрөгийг шүүгдэгч Т.Бөөс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор, түүний ирүүлсэн баримтаас өдөр тутамын хоол хүнсний зүйл авсан, утасны нэгж, төлбөр төлсөн баримтуудын хувьд хохирол хор уршигтай хамааралгүй байх тул 6363835 төгрөгийг баримтыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Шүүгдэгч Т.Б нь шүүх хуралдааны явцад хохирогчид 200.000 төгрөг өгсөн тул түүнээс гаргуулахаар заасан 7639966 төгрөгөөс хасч тооцсон болно.  

Хохирогч  нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч Т.Бөд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, түүнд хохирогчид төлөх хохирол төлбөрийг таван сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Шүүгдэгч Т.Бөд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолох, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Тын Бийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бөд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бөөс 7.439.966/долоон сая дөрвөн зуун гучин есөн мянга есөн зуун жаран зургаа/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг, Цагаандавааны 7-12 тоотод оршин суух хаягтай Д.Л/РД:/-д олгож түүний нэхэмжлэлээс 6.363.835/зургаан сая гурван зуун жаран гурван мянга найман зуун гучин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бөөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх 7.439.966/долоон сая дөрвөн зуун гучин есөн мянга есөн зуун жаран зургаа/ төгрөгийн хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай. 

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бөд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

8. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоногггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР