Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01557

 

 

2024 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01557

 

хххх ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/02439 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххх ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххххх ХХК-д холбогдох,

 

27,121,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч хххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хххххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. хххх ХХК нь ххххх ХХК-тай Орон сууц бэлтгэн нийлүүлэх гэрээ-г байгуулсан. Энэ гэрээгээр манайх 9 ширхэг орон сууц авсан. Энэ байр нь хувь иргэдэд зарахгүй, уурхайн хүнтэй гэрээ хийсэн байр байсан. Энэ байрнаас 4 байрыг нь манайд ажиллаж байсан ххххх хувь хүмүүст зараад гэрээ хэлэлцээр хийчихсэн байсан. Эднийх нийтдээ 87,920,000 төгрөг Уг гэрээний дагуу хххх ХХК нь 87,902,000 төгрөг орсон гэдэг боловч ххххх өөрөө 120,000,000 төгрөг хийсэн гэж эрүүгийн хурал дээр удаа дараа хэлж байсан. Хариуцагч компани руу 87,920,000 төгрөг шилжүүлсэн нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 390 дүгээр шийтгэх тогтоолоор болон кассын орлогын ордер, банкны шилжүүлгээр нотлогдох ба уг шилжүүлсэн мөнгөнөөс 20,000,000 төгрөг нь хохирогч хххххийн мөнгө байсан. хххх нь шийтгэх тогтоолын дагуу хохирогч хххххд нийт 20,911,650 төгрөг төлсөн.

1.2. Хохирогч ххххххийн нөхөр ххххх нь орон сууц бэлтгэн нийлүүлэх гэрээг хххх ХХК-ийн ажилтан хххххт өгснөөс ххххх ХХК-д 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 1,500,000 төгрөг тушаасныг нярав хххххх хүлээн авсн баримт байдаг. хххх нь ххххххь, ххххх нарт 11,821,593 төгрөг шийтгэх тогтоолооор төлсөн бөгөөд баримтаар нотлогдож буй 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байна.

1.3. ххххх ХХК-д хохирогч ххххххийн 4,710,000 төгрөг орсныг ххххаар төлүүлсэн нь ххххххийн ХААН банкны дансанд 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн нь тогтоогддог.

ххххх ХХК нь 9 байрыг бүгдийг буцааж авсан тул гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу шаардаж байгаа. Тус компанид 87,902,000 төгрөг төлсөн боловч баримт байгаа 27,121,500 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ххххх ХХК нь Барилга хот байгуулалтын яамнаас 2019 онд ам.доллараар зээл аваад хямд орон сууцыг төрийн албан хаагчдад хүргэх төслийг хэрэгжүүлж байсан компани бөгөөд ам.долларын зөрүүнээс үүсэлтэй асуудал үүссэн. Улсаас авсан зээлээ төлөөд явж байхад 700,000,000 төгрөгийн 9 орон сууцыг 3 жил гацааж эрүүгийн хэргээр шалгагдах ажиллагаа явагдаж, орон сууцыг бусад боломжтой иргэд аваад зах зээлийн эргэлтэд оруулах боломжийг хаасан.

2.2. Тухайн 9 орон сууцанд амьдарч байсан хүмүүсээс буцааж аваад бид бусдад худалдан борлуулахын тулд нийт 40,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Мөн 9 айл нийт 9,000,000 төгрөгийн СӨХ-ны зардлын тооцоотой үлдсэн. Нүүлгэлтийн зардалд 6,000,000 төгрөг, гэрээ цуцлалтын хохирлын төлбөр гээд нийт 159,000,000 төгрөгийн баримтыг эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн.

2.3. Шийтгэх тогтоолоор энэ хохирлын төлбөрийг хххх төлөх нь зөв байна гэж шийдсэн. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үйл баримтыг манайхаас шаардсан гэдэг үндэслэлээр татгалзаж байна. Гэрээний үүргийг үндэслэж шаардаж байгаа, хохирол төлбөрийн тооцоо эсэх гэдэг нь тодорхой бус байна. хххх гэдэг хүний дансаар орсон зүйл тогтоогдохгүй байгаа тул хххх ХХК ямар үндэслэлээр мөнгө шаардаад байгаа нь тодорхойгүй байна.

ххххх ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг өөрийн өмчлөлийн биш гэдгийг мэдсээр байж бусдад худалдаад мөнгө авсан. хххх хэдэн төгрөг авсан гэдэг тооцооны зөрүүтэй асуудал гарсан. Шүүгдэгч нарын өмнөөс компани хохирол төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж хэргийг шийдсэн.

27 сая төгрөгийг хххх ХХК нь манай компанид өгсөн баримт байхгүй. Бусдад хохирол төлсөн баримтаа ххххх ХХК-д өгсөн үйл баримт болгоод тайлбарлаад байна. хххх ХХК-аас ххххх ХХК-д яаж шилжсэн ажиллагааг нотлоогүй байж хохирол төлбөр төлсөн үндэслэлээр шаардах эрхээ болгож байна. Хохирол төлсөн болохоор ххххх ХХК-аас гаргуулъя гэж байгаа нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч ххххх ХХК-аас 27,121,500 /хорин долоон сая нэг зуун хорин нэгэн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч хххх ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 307,600 төгрөг /290,880+16,720/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ххххх ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 293,557 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч хххх ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талаас дараах 2 агуулгаар үл зөвшөөрч байна.

4.1. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус талуудын маргаагүй шаардлагыг анхан шатны шүүх нь өөрөө шинээр тодорхойлж, шинэ нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө сайн дураараа тодруулан хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

Талуудын маргаагүй, шүүх хуралдаанд шүүхээс өөрийн шинээр тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцах, хариу тайлбар өгөх, татгалзалын үндэслэл болсон нотлох баримт гаргах, мэтгэлцэх зэрэг эрхийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зөрчил болсон гэж энэхүү гомдлын үндэслэлээ тодорхойлж байна.

4.2. Нэхэмжлэгч нь анх 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавтаст хэргийн 3 дугаар хуудаст Иймд миний бие хххх нь ххххх ХХК-д хххххын 3 хохирогчийн төлсөн 26,586,000 төгрөгийг гаргуулах олгуулах хүсэлттэй байна. Миний хүсэлтийг минь хүлээн авна уу? гэж нэхэмжлэлийн шаардлагаа анх тодорхойж, эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хавсарган шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Уг нэхэмжлэлд хариуцагч талаас хавтаст хэргийн 92 дугаар хуудаст хариу тайлбар өгөхдөө: нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна, хэнээс юуг ямар үндэслэлээр шаардаж буй нь тодорхойгүй ба хохирогч нарт шүүхийн шийдвэрээр хххх би төлбөр төлсөн тул тэдний компанид төлсөн 26,586,000 төгрөгийг өөртөө гаргуулах хүсэлттэй байна гэх шаардлагыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/390 дүгээр шийтгэх тогтоолоор шийдсэн буюу нэхэмжлэгчийн тодорхойлж буй нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэх агуулгаар хариу тайлбарын татгалзлаа үндэслэсэн.

Ийнхүү тус хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэхээр 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан боловч хариуцагч талаас хэнээс юуг ямар үндэслэлээр шаардаж буйг ойлгохгүй байх тул хариу тайлбарын татгалзлаа тодорхойлох боломжгүй байдал үүсч буй тухай хэлэхэд анхан шатны шүүхээс хавтаст хэргийн 96-102 дугаар хуудаст шүүх хурлыг хойшлуулж шийдвэрлэсэн. Хавтаст хэргийн 100 дугаар хуудсын 27-31 мөрт нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулна гэж тайлбарлаж хурал хойшилсон байдаг.

2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тухай баримтыг шүүх хуралдаанд авчирсан боловч хэд хэдэн ажиллагаа хийж байж нэмэгдүүлсэн шаардлагыг авах боломжтойг хэлж, тухайн өдөр тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг гардуулалгүй орхисон. Энэ хооронд нэхэмжлэгчээс шүүхээр дамжуулж цуглуулсан баримт нь Эрүүгийн хэргийн тусгай архиваас шийдвэрлэсэн гэх хэргээс баримт татуулсанаас өөрөөр нэмэлт баримтыг нэхэмжлэгч тал гаргаагүй.

Ийнхүү хавтаст хэргийн 149, 151 дүгээр хуудаст нэхэмжлэгчээс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан боловч дахин анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаараа нэхэмжлэлээ тодруулж өгсөн байсан. Үүнд хариуцагч талаас хавтаст хэргийн 160 дугаар хуудаст мөн өмнө өгсөн агуулгаар буюу хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн болон нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна гэж хариу тайлбараа өгсөн.

4.3. Мөн шийдвэр гарсан анхан шатны шүүх хуралдааны явцад /162-168 хуудас түүний 166 хуудас, 1-6 мөрд/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эрүүгийн хэргийн хохирогч хххххд төлсөн 20,911,650 төгрөг, хххххд төлсөн 1,500,000 төгрөг, хохирогч ххххххт төлсөн 4,710,000 төгрөг нийлээд эрүүгийн хэргийн хохирлын төлбөрт 27,121,500 төгрөгийг ххххх ХХК-аас гаргуулах нэхэмжлэл гаргасан гэж ойлгоод байгаа зөв үү гэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч: Зөв гэв гэж хариулсан байдаг ба энэ нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсоныг хэрхэн ойлгож буйгаа эцсийн байдлаар лавлан асуухад мөн ийнхүү хариулсан байдаг. Дээрх хэргийн 151 дүгээр хуудаст буй нэхэмжлэгчээс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эцсийн байдлаар тодруулсан нэхэмжлэлийн шаардлагаар анхан шатны шүүх хуралдаан хийж, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/02439 дугаар шийдвэр гарсан.

Гэтэл нэхэмжлэгч талаас эрүүгийн хэргийн хохирогч хххххд төлсөн 20,911,650 төгрөг, хххххд төлсөн 1,500,000 төгрөг, хохирогч ххххххт төлсөн 4,710,000 төгрөг нийлээд эрүүгийн хэргийн хохирлын төлбөрт 27,121,500 төгрөгийг ххххх ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ:

Нэхэмжлэгчээс нэг ч удаа хэрэг хянан шийдвэрлэх болон шүүх хуралдааны явцад гэрээнээс татгалзаж өгсөн авсанаа буцаах тухай шаардлага хэлээгүй, гаргаагүй, яриагүй байхад шүүх өөрөө сайн дураар шинэ нэхэмжлэлийн шаардлага зохиож, хэтэрхий нэг талыг барьж гэрээний татгалзалыг баталж, өгсөн авснаа буцаах гэрээнээс үүдэлтэй шаардлагаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л хэргийг шийдвэрлэх ёстой байсан гэж хариуцагч тал үзэж буй бөгөөд илт тэгш бус, шударга бус байдал гаргасанд гомдолтой байна.

Ийнхүү шүүх хуралдааны ажиллагаа дуусч, талууд мэтгэлцэж дууссаны дараа шүүхээс шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулахдаа нэхэмжлэгч гаргаагүй, хариуцагч танилцаагүй шинэ шаардлагаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хариуцагчийн нэхэмжпэлийн шаардлагатай танилцах, хариу тайлбар өгөх, татгалзалын үндэслэл болсон нотлох баримт гаргах, мэтгэлцэх зэрэг эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байх тул тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. хххх ХХК-ийн гүйцэтгэх захирал хххх гэдэг нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр хангалттай нотлогддог. хххх өмгөөлөгч аваагүй байхдаа 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр өөрийнхөө нэр дээр 26,586,000 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад би өмгөөлөгчөөр оролцоод нэхэмжлэгчийг дангаараа өөрийнхөө нэрээр оролцож болохгүй тухайн мөнгө хххх ХХК-ийн данснаас шилжүүлэг хийгдэж байсан болохоор компанийн нэрээр нэхэмжлэл гаргах хэрэгтэй гээд хххх ХХК-ийн нэрээр сольж нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тодруулж 27,121,500 төгрөгийг нэхэмжилсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний 290 дугаартай шийтгэх тогтоолд хххх нь хххх ХХК-аас иргэний хариуцагчаар тогтоогдсон ххххх ХХК-д 87,902,000 төгрөгийн шилжүүлсэн нь тогтоогдож байна. Мөн хххх нь хххх ХХК-ийг төлөөлж тухайн компанитай иргэний эрх зүйн харилцаа үүсгэн хоорондоо харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна гэж тодорхойлон хэргийг шийдвэрлэсэн. Уг тогтоолд тодорхойлохдоо хххх нь тухайн асуудлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдүүлэх боломжтой гэж тогтоосны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл үүссэн.

Учир нь ххххх ХХК нь хххх ХХК-тай орон сууц бэлтгэн нийлүүлэх, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Хариуцагч ххххх ХХК нь гэрээнээс шууд татгалзаад 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс мөн сарын 17-ны хооронд 9 байрыг буцаагаад шилжүүлж авсан энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Гэвч хххх ХХК-аас шилжүүлж авсан 87,902,000 төгрөгөөс ххххын хохирлыг ямар нэгэн байдлаар буцаан төлөөгүй. Мөн хххх ХХК-д 87,902,000 төгрөгийг шилжүүлээгүй гэх нотлох баримт хэрэгт авагдсан. Шүүхийн шийтгэх тогтоолд 87,902,000 төгрөгийн шилжүүлсэн эзэн нь тодорхойгүй байсан тул иргэний журмаар нотлох баримт бүрдүүлж нэхэмжлэл гаргах болсон. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад 3 хүн нийт 27,121,500 төгрөгийг ххххх ХХК-ийн данс руу шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогддог. ххххх, хххххх, хххххх гэх гурван хүний нэр дээр шилжүүлээд орж ирсэн мөнгийг тэр өдөрт нь ххххх ХХК руу шилжүүлсэн санхүүгийн баримт шийтгэх тогтоолд өгөгдсөн хохирогч нарын мэдүүлэг, ххххх ХХК-ийн захирал ххххххийн шүүхэд иргэний хариуцагчаар өгч байсан баримтууд хавтаст хэргийн 135 дугаар талд авагдсан байдаг.

Эдгээр баримтуудаар хххх ХХК-иас 87,902,000 төгрөгийг шилжүүлж авсан баримтууд байдаг эргүүлж өгөөгүй гэдэг нь тогтоогддог. Үүний дагуу 87,902,000 төгрөгөөс хөдөлбөргүй баримтаар тогтоогдож байгаа 3 хүний мөнгийг л нэхэмжилсэн, гэрээнээс татгалзсан бол талууд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу тогтоогдож байна. Мөн Иргэний хуулийн дагуу бэлтгэн нийлүүлэх, зээлээр худалдах,худалдан авах гэрээ байгуулсан нь тогтоогддог. Хариуцагч тал яг юуны үүрэгт гэрээ шилжүүлсэн нь тогтоогдоогүй гэж яриад байгаа нь ойлгомжгүй байна. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг хүлээж аваад 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дотор хариу тайлбараа гаргасан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваад 14 хоногийн дотор нэхэмжлэлээс татгалзах, зөвшөөрсөн, зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ гаргаж өгөх үүрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчид байсан гэтэл үүнийг гаргаж ирээгүй нь хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

Үүнийг хариуцагч маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан гэдэг шүүх тийм үйл ажиллагаа ерөөсөө ч хийгээгүй, тодруулсан шаардлагын хүрээнд үйл ажиллагаа хийсэн учраас шүүхийг үндэслэлгүйгээр буруутгаж байна. 2018 оны 3 дугаар сарын 14-ний 245, 520,000 төгрөгийн 4 байр, 2018 оны 3 дугаар сарын 19-ний 02 дугаартай зээлээр Орон сууц худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн 5 байрны 378,900,000 төгрөг нийт 624,420,000 төгрөгийн 9 байрыг авахаар шилжүүлээд урьдчилгаа гэдэг утгаар 87,902,000 төгрөг хххх ХХК-аас шилжүүлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зөв тодорхойлж, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг зөрчөөгүй байна.

Тодруулбал,

2.1. Шүүх нэхэмжлэгч ххххын хүсэлтийг үндэслэн, нэхэмжлэгчийг хххх ХХК-аар солих ажиллагаа явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан журамд нийцсэн байна. /хх119-126/

2.2. Нэхэмжлэгч хххх ХХК нь хариуцагч ххххх ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгөд 27,121,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тэрээр үндэслэлээ манай компани 2018 оны 3 сард ххххх ХХК-тай орон сууц бэлтгэн нийлүүлэх гэрээ хийсэн. Энэ гэрээгээр манайх 9 ширхэг байр авсан. Энэ байр нь хувь иргэдэд зарахгүй, уурхайн хүнтэй гэрээ хийсэн хэлэлцээрийн байр байсан. Энэ байрнаас 4-ийг нь манайд ажиллаж байсан ххххх хувь хүмүүст зараад гэрээ хийсэн байсан. Эднийх нийтдээ 87,902,000 төгрөг орсон гэдэг боловч ххххх нь өөрөө 120,000,000 төгрөг хийсэн гэж эрүүгийн хурал дээр удаа дараа хэлж байсан. ххххх ХХК-д 82,902,000 төгрөг өгсөн боловч баримт нь байгаа 27,121,500 төгрөг л нэхэмжилж байна гэж анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлажээ. /хх165/

2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ххххх ХХК нь барилга хот байгуулалтын яамнаас 2019 онд доллараар зээл аваад хямд орон сууцыг төрийн албан хаагчдад хэргэх төслийг хэрэгжүүлэгч компани, хххххХХК-д энэ хүмүүстэй холбоотой 159,000,000 төгрөгийн авлага байгаа. Тухайн 9 байранд хүмүүс амьдраад буцааж авахдаа бид нар бусдад худалдан борлуулахын тулд нийт 40,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Мөн 9 айл нийт 9,000,000 төгрөгийн СӨХ-ны зардлын тооцоотой үлдсэн, нүүлгэлтийн зардалд 6,000,000 төгрөг, гэрээ цуцлалтын хохирлын төлбөр гээд нийт 159,000,000 төгрөгийн баримтыг эрүүгийн хэрэгт өгөөд гаргаад явж байсан асуудал байгаа. шийтгэх тогтоолоор шийдсэн үндэслэл байгаа гэдэг үндэслэлээр татгалзаж байгаа. нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж мөн шүүх хуралдаанд тайлбарлан, маргасан байна. /хх166/ Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хэрэгжсэн гэж үзнэ.

 

3. хххх ХХК болон ххххх ХХК нар 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Орон сууц бэлтгэн нийлүүлэх гэрээ нэртэй гэрээ байгуулж, ххххх ХХК нь 2018.03.14-ний өдөр биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг бэлтгэн нийлүүлэх /борлуулах/ буюу хххх ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх, хххх ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн нийт үнийн 10 хувийг 2018.03.14-ний өдөр төлж, үлдэх 90 хувийн төлбөрийг хавсралт 1-ийн дагуу төлж барагдуулах нөхцөлийг харилцан тохиролцжээ. Талууд гэрээний хавсралт 1-ээр 88 б байрны 69,110 тоот, 88в байрны 118, 86 тоот 4 орон сууцны үнийг 245,520,000 төгрөгөөр тодорхойлж, төлбөр төлөх хуваарийг баталсан байна. /хх.41-43/

Мөн талууд 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ЦХ-2018-02 дугаартай Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ нэртэй гэрээгээр худалдагч ххххх ХХК нь нийт 5 орон сууцыг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлж, төлбөр тооцоо бүрэн дууссан үед өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь 5 орон сууцны үнэ болох 378,900,000 төгрөгийг гэрээний хавсралт 1, 2-оор баталсан хуваарийн дагуу тус тус төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх44-48/

 

4. Анхан шатны шүүх, дээрх нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон.

 

5. Хариуцагч ххххх ХХК нь 2 гэрээний дагуу нийт 9 ширхэг орон сууц хүлээлгэн өгсөн үйл баримтад талууд маргаангүй. Мөн хххх ХХК орон сууцны үнэ төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 9 орон сууцыг буцаан авсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

Иймээс хариуцагч ххххх ХХК-ийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр шилжүүлсэн 9 ширхэг орон сууцаа нэхэмжлэгч хххх ХХК-аас буцаан авсан гэж үзнэ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээний үнэд шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө хариуцагчаас шаардах эрхтэй.

 

6. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч хххх ХХК-ийг гэрээний үүрэгт 87,902,000 төгрөг шилжүүлсэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

6.1. Хэргийн 53, 112 дахь талд авагдсан бичгийн баримтад ххххх ХХК-д хххх ХХК-аас нийт 45,402,000 төгрөг /20,000,000+1,500,000+23,902,000/ хүлээн авсан, хүлээлгэн өгсөн этгээдүүд гарын үсэг зурсан байна.

6.2. Мөн хххх, ххххх нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ххххх ХХК-ийн гүйцэтгэх захирал хххххх нь иргэний хариуцагчаар оролцож, орон сууц худалдах, худалдан авах гэрээг хххх ХХК-ийн гүйцэтгэх захиралтай хийж, байрны урьдчилгаа мөнгө болох 87,902,000 төгрөг манай компанид хххх ХХК нь өгсөн, хххх ХХК-аас авсан 87,902,000 төгрөгийг 9 айлын засвар үйлчилгээ, тус айлуудыг нүүлгэх, тээвэрлэлт, гэрээний алданги, 9 айлын орон сууцны хэрэглээний мөнгөнд зарцуулсан, хххх ХХК нь гэрээний үүргийг зөрчсөн учраас гэрээний дагуу хариуцлага тооцож, гэрээг цуцалсан гэж мэдүүлжээ. /хх134/

6.3. Хүчин төгөлдөр болсон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/390 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч ххххын хххх ХХК-аас иргэний хариуцагчаар тогтоогдсон ххххх ХХК-д 87,902,000 төгрөг шилжүүлсэн байх ба хэрэгт хохирогчоор тогтоогдсон иргэдийн мөнгө мөн эсэх, хэрхэн яаж шилжсэн зэргийг тогтоогоогүй, тогтоогдох боломжгүй гэж үзэхээр байна гэж дүгнэсэн байна. /хх21/

6.4. Харин хэргийн 51, 52 дахь талд авагдсан төлбөрийн баримтад бичигдсэн иргэн хххххх, ххххх нараас тус тус төлбөр төлсөн гэх Кассын орлогын ордер нэртэй төлбөрийн баримтууд нь талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үнэ төлсөн үүрэгт хамааралгүй байхад шүүх төлбөрийн үүрэгт тооцсон дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулан дүгнэв.

 

7. Нэхэмжлэгч хххх ХХК нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/390 дугаартай шийтгэх тогтоолд заасан дүгнэлтийг үндэслэн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 27,121,500 төгрөгийг хариуцагч ххххх ХХК-аас буцаан гаргуулахаар нэхэмжилсэн, шүүх уг нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчимд нийцсэн.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэж, нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч ххххх ХХК-аас гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болох 27,121,500 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч хххх ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь зөв.

Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарахгүй Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй боловч шийдэлд нөлөөлөхгүй тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

8. Шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор шүүгдэгч хххх, ххххх нарт холбогдох гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, тус шийтгэх тогтоолд хххх ХХК болон ххххх ХХК нарын хоорондын гэрээний үүрэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус талуудын маргаагүй шаардлагыг шинээр тодорхойлж, хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийг хангасан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй байна.

 

9. Нэхэмжлэгч хххх ХХК нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа тодруулж өгсөн байх бөгөөд уг шаардлагад холбогдуулан хариуцагч ххххх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариу тайлбар гаргасан байна. Иймд хариуцагч талыг, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад хариу тайлбар гаргасан гэж үзэх тул шүүх нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагыг гардуулаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хангагдахгүй. /хх149,151, 162/

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/02439 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,560 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

 

Ч.ЦЭНД