| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 181/2016/04840/И |
| Дугаар | 181/ШШ2016/00233 |
| Огноо | 2016-06-30 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2016/00233
2016 оны 06 сарын 30 өдөр Дугаар 181/ШШ2016/00233 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байр, 387 тоотод оршин суух, 1991 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, ИЮ:91032611 тоот регистрийн дугаартай Олхунууд овогт Ганболдын Энхмөнхийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 30 дугаар байр, 13 давхарт байрлах Говь боловсрол Төв ХХК-д холбогдох
Гэрээнээс татгалзснаас үүссэн үр дагаварт 971.195 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Энхмөнх, гэрч Д.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Энхмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний найз Д.Амартүвшин, н.Энхмандах, миний эхнэр н.Долгормаа бид дөрөв БНХАУ-д суралцах хүсэлтэй, сургууль бүтвэл хамт явахаар ярьж, зуучлагч хайж байсан юм. Д.Амартүвшин урьд нь БНХАУ-д орчуулагч, олон улсын худалдааны чиглэлээр суралцаж байсан бөгөөд бидэнтэй гэрээ байгуулсан Говь боловсрол төв ХХК-ийн захирал Х.Юмчмаагийн хүү н.Бат-Дамдинтай хамт сурч байсан юм билээ. Гэтэл н.Бат-Дамдин Д.Амартүвшин рүү 2016 оны 1 дүгээр сард “бүтэн тэтгэлэг олсон, би өөрөө явах гэтэл миний диплом урдаас ирээгүй тул явж болохгүй байна” гэж Y чатаар бичихээр нь Д.Амартүвшин энэ тухай бид 3-т хэлсэн. Улмаар н.Бат-Дамдингийн ээжийн компани болох Говь боловсрол төв дээр ирж, тус компанийн боловсролын зөвлөх Б.Мөнхсоёл, н.Бат-Дамдин нартай уулзаж тодорхой мэдээллүүдийг авч гэрээгээ байгуулахаар тохирсон. Ингээд Г.Энхмөнх миний бие Говь Боловсрол Төв ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-д тэтгэлгээр суралцуулах гэрээг байгуулан гэрээний нийт үнэ 3.500 доллар гэж тохирч, урьдчилгаанд 500 доллар буюу нэг долларыг 2000 төгрөгөөр тооцож 1.000.000 төгрөгийг, баримт бичгийн хамт гэрээ байгуулсан өдөр хүлээлгэж өгсөн. Уг гэрээний дагуу 2016 оны 9 дүгээр сард, БНХАУ-ын Далиан хотод бизнесийн удирдлагын чиглэлээр мастерт суралцах нөхцөлөөр гэрээ байгуулсан. Гэвч гэрээ байгуулснаас хойш 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус төвөөс гэрээнд заасны дагуу суралцах боломжгүй талаар мэдэгдсэн.
Тэд Нианжин хотод Олон улсын худалдааны чиглэлээр, тэтгэлгийн өөр нөхцөлөөр сургах боломжтой талаар мэдэгдсэн. Миний бие дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр амаар мэдэгдсэн ба 04 дүгээр сарын 04-ний өдөр албан ёсоор өргөдлөө өгсөн ч одоо болтол хариу ирэхгүй байгаа. Тус компанитай бид дөрөв гэрээ байгуулсан бөгөөд Д.Амартүвшин мөнгөө өгч амжаагүй байсан, нөгөө хоёр надтай адилхан урьдчилгаанд өгсөн мөнгөө авахаар шүүхэд хандсан байгаа. Гадуур БНХАУ-д магистраар суралцуулахад зуучилдаг олон компани, сургалтын төвүүд байдаг боловч Далиан хотод бизнесийн удирдлагын чиглэлээр хамтад нь явуулах боломжтой гэхээр нь гол нь мэргэжил нь хамтдаа, дээр нь гадаадын оюутнууд ихэвчлэн суралцдаг гэдгээр нь хот нь таалагдсан. Нөгөө талаар Д.Амартүвшингийн найз болохоор н.Бат-Дамдинг найдвартай гэж үзсэн. Гэтэл бидэнд зуучилж, сургуультай холбож өгөөгүй, үүргээ биелүүлээгүй тул мастерт суралцах нөхцөлөөр урьдчилгаанд өгсөн 500 долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож /500х1942.39/=971.195 төгрөг нэхэмжилж байна. Шүүхэд өгөхөөс өмнө Б.Мөнхсоёлтой утсаар ярьж мөнгөө авъя 100 долларыг нь шимтгэл болгоё, үлдсэн мөнгийг өгчих гэтэл 250 доллар өгнө, өөр мөнгө өгөхгүй гэдэг. Нэг удаа имэйль бичсэний төлөө 3 хүнээс 750 ам.доллар буюу 1.500.000 төгрөг авна гэдэг нь утгагүй юм. Би үнийн дүнгээс хасаад эвлэрье гэдэг санал хүртэл тавьсан боловч зугатаагаад ирэхгүй байгаа юм. Говь боловсрол төв ХХК-ийн буруугаас болсон тул өгсөн мөнгөө буцаан нэхэмжилж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Энхмөнх хариуцагч Говь боловсрол төв ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзснаас үүссэн үр дагаварт 971.195 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Г.Энхмөнх нь Говь боловсрол төв ХХК-ийг БНХАУ-д тэтгэлгээр суралцуулах тэтгэлэгт хамруулах гэрээний үүргээ биелүүлээгүй, үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 971.195 төгрөгийг нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Говь боловсрол төв ХХК, Г.Энхмөнх нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-д тэтгэлгээр суралцуулах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний зорилго нь МУ-ын Иргэний болон бусад хууль тогтоомж, Говь боловсрол Төв ХХК-ийн шалгуур болзол, БНХАУ-ын Их, дээд, сургууль, коллежид элсэн суралцах шалгуур болзлыг хангасан 16-35 насны МУ-ын иргэнийг өөрийн хүсэлтийн дагуу сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах болон энэхүү гэрээтэй холбоотой харилцааг зохицуулахаар ерөнхий нөхцөлөө тохирсон байна.
Тус төв нь сургалтын хөтөлбөрийн үндсэн нөхцөлийг танилцуулах бөгөөд тавигдах шаардлага болон байгууллагын дотоод журамд заасан нөхцлийг хангасан МУ-ын иргэнтэй гэрээ байгуулах, уг гэрээг байгуулснаар суралцах хүсэлт гаргагчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хөтөлбөрт хамрагдах талд холбогдох материалыг шилжүүлэх, хариу ирүүлэхтэй холбоотой төлбөр хураамжийг гаргуулах болон хөтөлбөрт хамрагдах хугацааг урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээжээ.
Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ, нэхэмжлэгч болон гэрчийн мэдүүлгээс дүгнэж үзэхэд Говь боловсрол Төв ХХК, Г.Энхмөнхийг БНХАУ-д тэтгэлгээр суралцуулахад зуучлах зорилготой байсан байх ба Г.Энхмөнхөөс Хятад улсад тэтгэлгээр суралцуулах гэрээний төлбөрийн урьдчилгаанд гэж 500 ам.доллар авсан нь тус төвийн санхүүгийн тамга дарсан 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д “Энэ хуулийн 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдсэн санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасан байх ба Г.Энхмөнхийн зорилго нь БНХАУ-д тэтгэлгээр суралцах, Говь боловсрол Төв ХХК нь БНХАУ-ын Их, дээд, сургууль, коллежид элсэн суралцахад зуучлах байжээ.
Гэвч Говь боловсрол Төв ХХК гэрээнд заасан үүргээ хэрхэн биелүүлсэн эсэх нь тодорхойгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан гэрээ байгуулснаас хойш буюу 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус төвөөс гэрээнд заасны дагуу суралцах боломжгүй талаар мэдэгдэж, Нианжин хотод Олон улсын худалдааны чиглэлээр, тэтгэлгийн өөр нөхцөлөөр сургах боломжтой талаар мэдэгдсэн боловч Г.Энхмөнх дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр амаар мэдэгдсэн, улмаар 04 дүгээр сарын 04-ний өдөр албан ёсоор өргөдөл өгсөн ч одоо болтол хариу ирэхгүй байгаа гэх тайлбараас үзэхэд зуучлагчаас /Г.Энхмөнх/-ээс олгосон бүрэн эрхийн дагуу хэлцэл хийх этгээдтэй холбож өгсөн гэж үзэхгүй байх тул хариуцагч Говь боловсрол Төв ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээний зорилго биелэгдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар Г.Энхмөнх Говь боловсрол Төв ХХК-иас урьдчилгаанд өгсөн мөнгөө нэхэмжлэх шаардах эрхтэй гэж үзнэ.
Иймд Говь боловсрол Төв ХХК-иас 971.165 төгрөг гаргуулж Г.Энхмөнхөд олгож шийдвэрлэв.
Хариуцагч Говь боловсрол Төв ХХК-ийн захирал Х.Юмчмаа 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчийг төлөөлж оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Мөнхсоёлыг томилж, тэрээр нэхэмжлэлийн хувийг 2016 оны 05 дугаар сарын 06-нд хүлээн авсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг” хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй байна.
Түүнчлэн хариуцагчид нэхэмжлэлийг гардуулах үед эрх үүргийг танилцуулсан бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж, үгүйсгэж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх зэрэг эрхтэй байх боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй, шүүх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болоогүйг дурдах нь зүйтэй.
Говь боловсрол Төв ХХК-д холбогдох хэргийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 10.30 цагт хэлэлцүүлэхээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсоёлд мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тэрээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч Г.Энхмөнх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах, түүнчлэн Д.Амартүвшинг гэрчээр оролцуулах үндэслэлээр шүүх хуралдааныг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 13.30 цагт хэлэлцүүлэхээр хойшлуулсан байна.
Түүнчлэн хариуцагч Говь боловсрол Төв ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсоёл 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 13.30 цагт хэлэлцэгдэх шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч гарын үсгээ зурсан боловч дахин шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ямар шалтгаанаар ирээгүй талаар шүүхэд мэдэгдээгүй бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэснийг тэмдэглэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: