Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01558

 

 

2024 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01558

 

хххы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2024/03483 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххы нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххххд холбогдох,

 

Учруулсан хохиролд 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххх, хххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хэрэглэгчид үйлчлэх төвөөс залгаж танай цахилгааны мөнгө 1,500,000 төгрөг болсон гэж хэлсэн. Үүний дагуу очиж уулзахад 2021-2023 оныг хүртэл тогны мөнгө бичсэн мөнгөний заалт өгсөн. Уг төлбөрийг би төлөх үндэслэлгүй тул ххххх ТӨХК-ийн дарга ххххххт өргөдөл гаргасан. Өргөдлийн хариуг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр албан бичгээр надад өгсөн. Энэ тайлбар дээрээ 2021 оны 02 cap 99935 байснаас 03 сард уг заалт 100000 давахад ТУГУБ (тоолуур унших гар удирдлагатай багаж) нь эргэсэн заалтыг уншилгүй үлдээсэн буюу өдрийн заалтыг орхигдуулан хэмжиж эхэлсэн, 2023 оны 11 cap хүртэл үргэлжилсэн ба 2023 оны 12 сард уг заалтыг багажаар бус гараар бичиж ирсэнд уг хэрэглэгчийн өдрийн заалт нэг дор орсон бөгөөд энэ 1,078,810 төгрөг болсон байна.

1.2. 2021 оны 3 сараас 2023 оны 11 cap хүртэлх тус хэрэглэгчийн бичилтэд хяналт тавиагүй нь манай ажилчдын буруутай үйлдэл. 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 50700244 номертой тоолуурыг салган тоолуур хэмжих хэрэгслийн лабораторийн дүгнэлтээр уг тоолуурын ажиллагаа хэвийн гэж гарсан.

1.3. Тус хэрэглэгчийн талд бичилт нэг дор орсон хэдий ч Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний дагуу хэрэглэгч нь хэрэглэсэн цахилгааны төлбөрийг төлөх үүрэгтэй учир уг төлбөрөөс тэглэх боломжгүй болно гэсэн хариу өгсөн тул ххххх ТӨХК-ийг буруутай үйл ажиллагаа явуулсан гэж үзэж тус компаниас 1,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Уг төлбөрийн задаргаа нь надаас 1,078,810 төгрөг шаардаж намайг хохироож байх тул уг төлбөрийг тухайн байгууллагаас гаргуулах, мөн одоо бичигдээгүй байгаа тогны мөнгөний төлбөр хураагдаж байгаа тул би төлөхгүй тэглэж өгөхийг хүсэж байна. Хэрэглэгчид үйлчлэх төв надад төлбөрийн баримт өгөөгүй, амаар төлөх ёстой гэж хэлсэн. Тухайн байгууллага 2023 оны 12 сард надаас 1,500,000 төгрөг нэхэж эхэлсэн, өнөөдрийг хүртэл тухайн байгууллага мөнгийг нэхсэн. 1,500,000 төгрөг нэхэмжилсэн, албан ёсоор нэхэмжилж байгаа зүйл биш, ийм хэмжээний байх болов уу гэж тооцоолж тухайн байгууллагаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Би, энэ мөнгийг төлөхгүй, тухайн байгууллагын алдаа гэж харагдаж байна, би тухайн байгууллагаас ирүүлсэн үндсэн мөнгийг төлж ирсэн, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр надад мэдэгдэл өгөхдөө албан бичгээр мэдэгдэл өгөөгүй. Өдрийн заалт бичигдэхгүй, шөнийн заалт нь бичигдээд явсан байсан. Төрийн банкнаас хуулга аваад харахад уг төлбөрийг бүрэн төлсөн байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Тус хэрэглэгчдэд үйлчлэх төвд ххх нь 2024885 кодын бүртгэл дор цахилгаан эрчим хүчийг хэрэглэдэг. Уг хэрэглэгчийн тоолуурын заалтыг ТУГУБ (тоолуур унших гар удирдлагатай багаж)-аар авах зориулалттай боловч уг багажинд алдаа гарч өдрийн заалтыг орхигдуулан хэмжиж эхэлсэн. Энэ нь 2023 оны 11 cap хүртэл үргэлжилсэн ба 2023 оны 12 сард уг заалтыг багажаар бус гараар бичиж ирсэнд уг хэрэглэгчийн өдрийн заалт нэг дор орсон бөгөөд энэ 1,078,810 төгрөг болсон байна.

2.2. 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 50700244 номертой тоолуурыг салган Тоолуурын лабораторийн дүгнэлтээр уг тоолуурын ажиллагаа хэвийн гэж гарсан нь уг хэрэглэгчийн цахилгааны хэрэглээг тоолуур алдаагүй тоолсон болно.

2.3. ххххххххххийг буруутай үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэл хангалтгүй бөгөөд хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний эрх, үүргийн дагуу цахилгааны нийт төлбөр болох 1,270,773 төгрөгийг барагдуулах шаардлага тавьж байгаа гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дах хэсэгт заасныг баримтлан хххы нэхэмжлэлтэй хариуцагч ххххххх-д холбогдох 1,500,000 төгрөгийг буруутай байгууллагаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хххаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Миний бие ххх нь ххххххххх дүүргийн ххх дугаар хороо, ххххххх гудамж, хх тоот хаягт 2020 оноос хойш амьдарч байгаа бөгөөд cap бүр цахилгааны төлбөр ирсэн нэхэмжлэхийн дагуу төлдөг байсан. Гэтэл 2023 оны 12 сард манай цахилгааны төлбөрийг дутуу бичигдсэн байна гэж огт үндэслэлгүйгээр 1,078,810 төгрөг нэхэмжилсэн. Би хэрэглэгчийн хувьд ямар зөрчилгүйгээр, cap бүр цахилгааны төлбөрөө төлж байсан. хххххххх ТӨХК-ийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас багаж нь эвдэрсэн үү, ажилтны буруу юу, хэрэглэгчийг гэнэт их хэмжээний өрийн дарамтанд оруулж байгааг миний бие ойлгохгүй байна.

ххх би, хххххххх ТӨХК-аас мөнгө нэхэмжилсэн зүйл байхгүй. хххыг гэнэт их хэмжээний өр төлбөрт оруулсан төлбөрийн нэхэмжлэхийг хүчингүй болгуулах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан. Шүүх миний нэхэмжлэлийг ойлгохгүй 3 удаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлох, иргэний эрх хаана зөрчигдөж байгаа вэ гэдгийг тодорхойлж шийдвэрлэх ёстой гэж ойлгож байна. Гэтэл намайг ххххххх ТӨХК-аас мөнгө нэхэмжилсэн мэтээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүгч нэхэмжлэлийн шаардлагаа ойлгоогүй, хэргийг шийдвэрлэх сонирхолгүй байсан нь илэрхий юм.

ххх би хххххххх ТӨХК-ийн үндэслэлгүйгээр их хэмжээний өр төлбөрт оруулж байгаа, төлбөрийн нэхэмжлэхийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан, шүүх хуралдаанд үүнийг тодорхой тайлбарласан.

Тоолуурын хэвийн үйл ажиллагааг шалгуулах талаар миний бие зөндөө тайлбарласан боловч шүүх хүлээн аваагүй, би өөрөө 100 айлд байдаг лаборторид үзүүлэн баримт гарган өгсөн боловч шүүх үнэлэхгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой. Тухайн тоолуурын хэвийн ажиллагааг хөндлөнгийн хууль сануулсан шинжээчээр тодорхойлуулж, 2021 оноос өмнөх 3 жилтэй нь харьцуулан шийдвэрлэх ёстой байсан.

4.2. Үүнээс гадна 1,078,810 төгрөгийг нэхэмжлэхдээ Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан хххххх гэдэг байцаагч надаас амаар төлбөр нэхэмжлээд байсан. Уг төвөөс миний утсанд огт мессэж ирээгүй, бичгээр нэхэмжилж байгаагүй. Танай ажилтан надаас мөнгө нэхэмжлээд байна гэдэг асуудлыг хөндөж тавьснаас эцэстээ намайг огт үндэслэлгүйгээр төлбөр төлбөх ёстой гэсэн албан бичгийг ирүүлсэн. Байгууллага өөрийн ажилладаггүй багажнаас болсон асуудлыг өөрөө хариуцах ёстой. Би огт төлбөр төлөөгүй биш cap бүр яг өмнө нь төлж байсан төлбөрөө төлсөөр ирснийг шүүх анхаарах ёстой.

хххххххх ТӨХК нь 2021 оны 03 сараас 2023 оны 12 cap хүртэл нийт 33 сарын хуримтлагдсан өр төлбөрийг нэхэмжилсэн. Гэтэл би энэ 33 сарын хугацаанд cap бүр тогны мөнгө гэж 15-20 мянган төгрөг төлсөн байдаг. Миний бие ганцаараа амьдардаг гал түлдэг, ганц цахилгаан тогооноос өөр цахилгаан эд зүйлгүй. Гэтэл уг хуримтлагдсан өр төлбөрийг 33 сард хуваагаад өөрийн төлсөн мөнгөө нэмэхээр би сард 50-60 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэсэн гэж гарч байна.

Цахилгааны төлбөрөө огт төлөлгүй, хуримтлуулсан зүйл байхгүй, cap бүр нэхэмжлэхийн дагуу төлж байтал гэнэт иргэн намайг 1,078,810 төгрөгийн үндэслэлгүй төлбөрт оруулж байгаа хххххххх ТӨХК-ийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

ххх миний бие шүүхээс 1,500,000 төгрөг нэхээгүй, шүүх юу нэхээд байгааг ойлгоогүй, ажлаа хийхгүй байна гэж Сахилгын хороонд хандсан учраас Цахилгаан эрчим хүчний газрын зөв болгож асуудлыг шийдвэрлэсэн гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Манай байгууллага яагаад шүүхэд хандаагүй тухайд маргаан бүхий төлбөр 12 дугаар сард гарсан ба тухайн үед нь хэрэглэгчийг хэрэглэгчдэд үйлчлэх төвд дуудан уулзаж, төлбөр бөөн орсон талаар хэлж, хувааж төлөх саналыг танилцуулж талууд харилцан тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нь хэд хоногийн дараа манай байгууллагаас 1,500,000 төгрөгийг нэхэмжилж манай байгууллагыг шүүхэд өгсөн байсан тул манайх шүүхэд хандах шаардлага байгаагүй.

Төлбөрийн бичилт урд, хойно орсон гэх талаар ярьсан зүйл байхгүй ба нэхэмжлэгчийн төлбөрийн тухайд өдрийн заалтыг дутуу тоолсон учир өдрийн заалт бөөнөөрөө орсон асуудал байгаа. Төрийн банктай хэрэглэгчийн гэрээ байгуулаагүй гэх талаар мөн ярьсан зүйлгүй, хэрэглэгч нь 2022 онд Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг 10 жилийн хугацаатай байгуулсан ба одоо идэвхитэй гэрээтэй хэвээр байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ххх нь хариуцагч хххххххд холбогдуулан учруулсан хохиролд 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хэрэглэгчийн тоолуурын заалтыг тоолуур унших гар удирдлагатай багажаар авах зориулалттай боловч уг багажид алдаа гарч, зөвхөн шөнийг заалтыг хэмжиж эхэлсэн . Багажаар хэмжигдээгүй үлдсэн заалт нь тунарсаар 2020.12 сард нэг дор бичигдсэн, 2023.12.20-ны байдлаар хэрэглэгчийн үлдэгдэл 1,078,810 төгрөг байна. цахилгааны төлбөр 1,500,000 төгрөг болсон гэх үндэслэлгүй Засгийн газрын тогтоолын дагуу хөнгөлөлт нь 347,022 төгрөг байсан, 1,500,000 төгрөг нэхэмжлэгчээс нэхэмжилсэн мэдээлэл байхгүй байна гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргажээ. /хх-75/

 

3. ххххххх нь хэрэглэгчийг эрчим хүчээр хангасан, хэрэглэгч ххх нь худалдан авсан эрчим хүчний үнийг төлж байсан үйл баримтад талууд маргаангүй. /хх54-58/

 

4. Анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлжээ.

 

5. Хариуцагч байгууллагын буруутай үйлдлээс нэхэмжлэгч хххы эрх нь зөрчигдөж, түүнд 1,500,000 төгрөгийн бодит хохирол учирсан эсэх талаар талууд маргасан байна.

 

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэ зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

6.1. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 30.1.5-д тус тус зааснаар хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх, эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй.

6.2. ххх нь 2024855 хэрэглэгчийн кодын бүртгэл дор эрчим хүч хэрэглэдэг, тэрээр хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө тухай бүр төлж байжээ. /хх-43-44/ Хэрэглэгчийн тоолуур хэвийн ажиллагаатай, тоолуурын заалт алдаагүй гэж хариуцагч тодорхойлсон.

6.3. Нэхэмжлэгчийн 50700244 дугаартай, DDSF-36А маркийн тоолуурын заалтыг ТУГУБ /тоолуур унших гар удирдлагатай багаж/-аар авах зориулалттай ба уг багажид алдаа гарсны улмаас 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны хэрэглэсэн цахилгааны өдрийн заалтыг хэмжихгүйгээр зөвхөн шөнийн заалтыг хэмжиж байсны улмаас хххы хэрэглэсэн цахилгааны өдрийн заалт хуримтлагдаж 2023 оны 12 дугаар сарын байдлаар цахилгааны төлбөр 1,078,810 төгрөг болсон байна.

6.4. Нэхэмжлэгч хххы тоолуурын өдрийн заалт 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 99935, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 106615 гэсэн заалттай байсан болох нь хэргийн 45 дахь талд авагдсан бичгийн баримтаар нотлогдсон, энэ талаар зохигчид маргаангүй байхаас гадна давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь дээрх хугацаанд цахилгаан тасралтгүй хэрэглэж байсан, тоолуурын заалтад маргаангүй гэх агуулгаар тайлбарлаж байна.

Дээрхээс дүгнэхэд, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн эрчим хүчний хэрэглээний тооцоог эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн тооцохдоо хэмжилт хийдэг ТУГУБ /тоолуур унших гар удирдлагатай багаж/ хэвийн ажиллаж байгаа эсэхэд хяналт тавиагүйгээс хэрэглэгчийн өдөр хэрэглэсэн эрчим хүчний төлбөр хуримтлагджээ. Гэвч энэ хугацаанд нэхэмжлэгчийн эрчим хүчний хэрэглээ тасалдаагүй болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн дээрх буруутай үйлдэл нь хэрэглэсэн эрчим хүчний төлбөр төлөх үүргээс нэхэмжлэгчийг чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Мөн хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчээс цахилгааны төлбөр нэхэмжилсэн, хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, түүнд 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т заасан аргыг хэрэглэн нэхэмжлэгч хххы зөрчигдсөн эрхийг сэргээх хуулийн үндэслэлгүй болно. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул үндэслэлгүй төлбөрт оруулсан хххххххх ТӨХК-ийн шийдвэрийг хүчингүй болгуулна гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хангагдахгүй.

7. Нэхэмжлэгч хххы шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлоогүй, хариуцагч байгууллагаас мөнгө нэхэмжилсэн мэтээр хэргийг шийдвэрлэсэн, тоолуурын хэвийн үйл ажиллагааг шалгуулах талаар миний бие зөндөө тайлбарласан боловч шүүх хүлээн аваагүй, тоолуурын хэвийн үйл ажиллагааг хөндлөнгийн шинжээчээр тодорхойлуулж, 2021 оны өмнөх 3 жилтэй харьцуулан шийдвэрлэх ёстой байсан гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Учир нь, нэхэмжлэгч ххх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... ТУГУБ /тоолуур унших гар удирдлагатай багаж/-нь эргэсэн заалтыг уншилгүй үлдээсэн буюу өдрийн заалтыг орхигдуулан хэмжиж эхэлсэн, 2023 оны 11 сар хүртэл үргэлжилсэн, 2023.12 сард уг заалтыг багажаар бус гараар бичиж ирснээс өдрийн заалт нэг дор орж 1,078,810 төгрөг болсон байна. 2021.03 сараас 2023.11 сар хүртэл тус хэрэглэгчийн бичилтэд хяналт тавиагүй нь манай ажилчдын буруутай үйлдэл болно ..., ... хэрэглэсэн цахилгааны төлбөрөө хэрэглэгч нь төлөх үүрэгтэй тул төлбөрийг тэглэх боломжгүй гэсэн хариу өгсөн тул ххххх ТӨХК-ийг буруутай үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байх тул компаниас 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, ...тухайн байгууллага нь 1,078,810 төгрөг шаардаж намайг хохироож байгаа, ... байгууллагын буруугаас цахилгааны төлбөр над дээр хураагдсан ... гэж тайлбарлажээ. /хх-20, 75/

 

8. Түүнчлэн хэрэглэгч буюу нэхэмжлэгчийн тоолуур хэвийн ажиллагаатай, тоолуурын заалт алдаагүй гэж хариуцагч тал шүүхэд тайлбарласан байхаас гадна талууд тоолуурын заалтын талаар маргаагүй байхад шүүх хөндлөнгөөс оролцох эрх хуулиар олгогдоогүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хэрэгжүүлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2024/03483 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Т.ГАНДИЙМАА

 

 

Ч.ЦЭНД