| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0044/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/109 |
| Огноо | 2019-04-29 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Э.Билгүүн
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн
Шүүгдэгч: Т.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотон овогт Тийн Чид холбогдох 1812005660334 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Х овогт Тийн Ч/РД:АМ............./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Ч нь 2018 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Хар үзүүр гэх газраас өөрийн төрсөн дүү Т.Оын 2 тооны монгол үхрийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 1812005660334 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Т.Оын өгсөн:
“...Манай малыг миний төрсөн ах Ч өвөл малладаг. Надад нийт 40 гаран тооны үхэр байдаг. Би 3 сарын дундуур хөдөө гараад 10 сард Архангай аймгийн төвд орж ирдэг. Би нэг үхрийг нь угаасаа бэлэглэж өгсөн байсан. Би хүүхдийнх нь хуримнаар хандив болгож ахдаа өгсөн. Манай 2 үхэр хөлөөрөө тэдний малтай нийлж очоод ах маань нядалсан байна. Ч ах надад нэг үхрийг нь ах эм үхэр болгоод өгье гэж бодсон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр тал/
*Гэрч Ч.Жгийн өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын эхээр би Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Таван улиас гэх газар дүүгийнхээ гэрийг сахиж байсан. Манай дүүгийнхтэй Т.Чийнх айл намаржиж байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өглөө би босоод адуундаа явах гээд байж байтал Т.Ч намайг дуудаад 2 үхэр төхөөрөх хэрэгтэй байна хамт төхөөрье гэж хэлээд хүрэн, улаан хүрэн зүстэй монголын эр шүдлэн үхрүүд бариад авсан. Тэгээд гэрийнх нь гадаа 2 бандитай нь бид 4 хамт янзлаад Архангай аймгийн төв рүү Т.Ч бид 2 миний цагаан өнгийн супер портер маркийн, 88-23 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд махыг нь ачаад аймгийн төвийн зээлд гэр нь байдаг Батаа гэх мал махны ченжид махыг тушаасан. Тэгээд буцах замдаа Халзан даваад явж байтал Ч энд түр зогсож бай гэж хэлээд зогссон чинь нөгөө 2 үхрийн толгойг гүнзгий жалга руу шидчихсэн тухаин үед би яаж байгаан болоо гэж бодоод л өнгөрсөн. Тэгээд 2 хоногийн дараа намайг аймгийн төвд ирчихсэн байж байхад Чийн дүү О надтай уулзаад та 2 манай үхрийг хулгай хийсэн байна гэж над руу дайрсан. Тэгэхээр нь би мэдэхгүй шүү танай ах чинь 2 толгойг нь халзангийн давааны цаана шарга морьт гэх газарт жалга руу хийгээд хаячихсан, би өөрийнхөө үхэр дотроос барьж авахаар нь өөрийнх нь юм байх л гэж бодсон шдээ гэж хэлтэл явж толгойг нь олж өг гэж намайг дагуулж яваад би нөгөө газраа зааж өгсөн тэгээд нөгөө 2 толгойгоо аваад аймгийн төврүү бид 2 ирсэн тэрнээс хойш тааралдаагүй. Чийн Сүхээ, Алтай гэх 2 хүү нь байсан бөгөөд хэний үхэр болох талаар юу ч яриагүй, тухайн үед 07 цаг өнгөрч байсан, би тэр 2 үхрийг Чийн үхэр юм байх гэж бодож байтал 2 хоногийн дараа дүү нь ирээд намайг хулгай хийсэн гээд л би Ч хулгай хийсэн талаар мэдсэн. Хэрэв авах ёстой байсан бол дүү нь над руу уурлаж дайрч хулгай хийсэн гэх шаардлага байхгүй байсан байлгүй. Тухайн үед Ч бид 2-ыг хулгай хийсэн гэж О дайраад байхаар нь би үнэн зөвөөр нь учрыг нь олоорой гэж хэлсэн. Тухайн үед Батаа гэх ченжээс Ч 50000 төгрөг л авсан бөгөөд тэр ченжид өртэй байсан юм шиг байна лээ. Тэгээд миний машинд түлшний мөнгө гэж 20000 төгрөг өгсөн тэр мөнгөөр тэр дор нь түлш хийсэн. Эхлээд бид 2 петровис шатахуун түгээх станц руу ортол түлш байхгүй байсан тэгээд Магнай трейд шатахуун түгээх станцаас авах гээд ортол гэнэт Ч яв яв эндээс аваад яах юм бэ? өөр газраас ав гэж хэлсэн тэгэхээр нь би яасан юм өртэй юм уу гэж асуугаад шууд яваад өгсөн тэгээд дээшээ өгсөөд Шунхлайгаас түлш авсан. Дараа нь сонсоод байсан чинь Т.О Магнай трейд дээр зогсож байсан бөгөөд Ч харчихаад л намайг яв яв гэсэн юм шиг байгаан, би тэр үед Т.Оыг хараагүй. Өглөө 10 цагт махаа тушаасан. Тэгээд дараа нь 13 цагийн үед цагдаа ирж бичиг авах гэтэл бичиг хийж өгөөгүй гэсэн. Тэгээд тэр ченжид мал махны бичиггүй махаа зарчихсан. Т.О өөрөө аваад явсан өөрөө мэдэж байгаа байх. Тухайн үед Төмөрхуяг гэх шар царайтай ах хүү хамт очиж үзсэн. Чийн хоёр хүү нэг нь Улаанбаатар хотод амьдардаг байх нэг нь аймагт байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар тал/
*Гэрч Ц.Огийн өгсөн:
“...Би зүсийг нь хараагүй манай нөхөр надад хэлэхдээ өөрийнхөө үхрээс 2 шүдлэн үхэр нядаллаа гэж хэлсэн би тухайн үед үнээ сааж байсан болохоор тэр үхрүүдийн зүсийг харж чадаагүй. 90 гаруй тооны үхэртэй. Т.Оынх 50-аад тооны үхэртэй, манай 2-ын үхэр нийлээд 150 орчим болдог. Би бага малаа зүсээр нь сайн мэдэхгүй. Уг хоёр үхрийг манай үхэр гэж манай нөхөр хэлсэн болохоор л би манай үхэр л юм байх гэж бодсон сүүлд нь сонсоод байсан чинь манай нөхрийн дүү Т.Оын 2 үхэр болж таарсан зүсийг нь сайн санахгүй байна гэхдээ нэг нь бараан зүстэй нэг нь улаан зүстэй байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/
*Гэрч С.Нгийн өгсөн:
“...Ч ах өөрийн төрсөн дүү Оын 2 үхрийг нядалж зарсан. Нэг үхрийг нь О Чид өгсөн. Тэр хэргээр цагдаад шалгагдаж байна. Ч ах маань даруу төлөв зантай дуугүй хүн. Ч ах маань өөрийн нэр дээр бог, бод нийлсэн 420 толгой малтай, үл хөдлөх хөрөнгө байхгүй байх. Т.О Ч ахад нэг үхэр өгч байсан. Яг хэзээ өгсөн талаар мэдэхгүй байна. Т.Ч ах өвөлд нь Т.Оын малыг хардаг. Зунд нь Т.О малаа өөрөө хариулдаг. Тэдний мал байнга хамт бэлчээрлэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/
*Шинжээч А.Бын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн“...Монголын шүдлэн насны 2 эр үхрийн үнэлгээг 2018 оны 10 дугаар сарын байдлаар 800.000/найман зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 26 дугаар тал/
*Яллагдагч Т.Чийн өгсөн:
“...Би яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 90 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нь 2018 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Хар үзүүр гэх газраас иргэн Т.Оын 2 тооны үхэр алдагдаж иргэн Т.От 800.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Т.Ч үйлдсэн болох нь хохирогч Т.Оын“...Би 3 сарын дундуур хөдөө гараад 10 сард Архангай аймгийн төвд орж ирдэг. Би нэг үхрийг нь угаасаа бэлэглэж өгсөн байсан. Би хүүхдийнх нь хуримнаар хандив болгож ахдаа өгсөн. Манай 2 үхэр хөлөөрөө тэдний малтай нийлж очоод ах маань нядалсан байна...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Жгийн “...Манай дүүгийнхтэй Т.Чийнх айл намаржиж байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өглөө би босоод адуундаа явах гээд байж байтал Т.Ч намайг дуудаад 2 үхэр төхөөрөх хэрэгтэй байна хамт төхөөрье гэж хэлээд хүрэн, улаан хүрэн зүстэй монголын эр шүдлэн үхрүүд бариад авсан. Тэгээд гэрийнх нь гадаа 2 бандитай нь бид 4 хамт янзлаад Архангай аймгийн төв рүү Т.Ч бид 2 миний цагаан өнгийн супер портер маркийн, 88-23 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд махыг нь ачаад аймгийн төвийн зээлд гэр нь байдаг Батаа гэх мал махны ченжид махыг тушаасан. Тэгээд буцах замдаа Халзан даваад явж байтал Ч энд түр зогсож бай гэж хэлээд зогссон чинь нөгөө 2 үхрийн толгойг гүнзгий жалга руу шидчихсэн тухаин үед би яаж байгаа юм бол гэж бодоод л өнгөрсөн. Хэрэв авах ёстой байсан бол дүү нь над руу уурлаж дайрч хулгай хийсэн гэх шаардлага байхгүй байсан байлгүй. Тухайн үед Ч бид 2-ыг хулгай хийсэн гэж О дайраад байхаар нь би үнэн зөвөөр нь учрыг нь олоорой гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Огийн “...Уг хоёр үхрийг манай үхэр гэж манай нөхөр хэлсэн болохоор л би манай үхэр л юм байх гэж бодсон сүүлд нь сонсоод байсан чинь манай нөхрийн дүү Т.Оын 2 үхэр болж таарсан зүсийг нь сайн санахгүй байна гэхдээ нэг нь бараан зүстэй нэг нь улаан зүстэй байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг, гэрч С.Нгийн”... Т.О Ч ахад нэг үхэр өгч байсан. Яг хэзээ өгсөн талаар мэдэхгүй байна. Т.Ч ах өвөлд нь Т.Оын малыг хардаг. Зунд нь Т.О малаа өөрөө хариулдаг. Тэдний мал байнга хамт бэлчээрлэдэг...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч Т.Чийн бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас Т.Чийн бусдын малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Т.Чид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Чид хорих ял оногдуулахгүй тэнсэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2018 оны 10 сарын 08-нд гэж маргаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хохирогч нь 2018 оны 10 сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө өөрийн 2 тооны үхэрээ алдсан бөгөөд шүүгдэгч Т.Ч нь 2018 оны 10 сарын 08-ны өглөө 07 цагийн орчим хохирогч Т.Оын 2 тооны үхрийг гэрийнхээ гадаа нядалсан гэж мэдүүлдэг ба 2018 оны 10 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө шүүгдэгчийн эзэмшилд шилжсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөв тогтоосон байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Тийн Чийг бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чид хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.Чид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Т.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Чид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР