| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2024/02129/И |
| Дугаар | 210/МА2024/01559 |
| Огноо | 2024-08-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2024/01559
| 2024 оны 08 сарын 05 өдөр | Дугаар 210/МА2024/01559 |
хххххийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2024/02557 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч хххххийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч хххххт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 13,670,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх, хариуцагч ххххх, хариуцагчийн өмгөөлөгч ххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. хххххь нь хххххтэй 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай 14,000,000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлэх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх нөхцөлийг харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан.
ххххх нь үндсэн зээлээс 9,910,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 4,090,000 төгрөгийг төлөөгүй тул 2 сарын хүү 163,000 төгрөг, алданги 2,036,000 төгрөг, нийт 6,290,300 төгрөг төлөх үүрэгтэй.
1.2. Дараагийн зээлийн хувьд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 7,000,000 төгрөг зээлдүүлсэнээс 4,620,000 төгрөгийг төлсөн, 2,380,000 төгрөг төлөөгүй.
1.3. 3 дахь гэрээ нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг зээлдүүлсэн, энэ гэрээний үүргийг огт төлөөгүй.
1.4. Хэрэгт авагдсан дансны хуулгууд өөр зээлийн төлөлт учраас хэрэгт хамааралгүй, өөр хэн нэгэн рүү мөнгө шилжүүлснийг манай төлөлт гэж үзэхгүй.
Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлт болох үндсэн төлбөр 8,877,000 төгрөг, 2 сарын хүү 354,800 төгрөг, алданги 4,438,500 төгрөг, нийт 13,670,300 төгрөг хариуцагч хххххээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. хххххь бидний хооронд мөнгө өгөх авах асуудал байнга байдаг. хххххьд өмнө олон удаа мөнгийг нь өсгөж өгдөг байсан. Зээл авсантай маргаагүй. 7, 5, 14 сая төгрөгийг төлсөн талаарх банкны кү ар кодтой 110 хуудас баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
2.2. хххххь над руу нэхэмжлэлд дурдсан 14,000,000 төгрөгийг шилжүүлснийг хххххийн өөрийнх нь хэлснээр хххххх гэх хүний хххххх банкны ххххххтоот данс руу 9,403,000 төгрөгийг шилжүүлэн өгч байсан. Би энэ хүнийг нь танихгүй. хххххь хүүтэй мөнгө бусдад зээлдүүлдэг, буцааж авахдаа надад мөнгө өгөөд хүүг нь өөр хүний данс руу хийлгүүлдэг.
2.3. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлд өдөр бүр 140,000 төгрөг төлж 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 4,480,000 төгрөг төлсөн.
2.4. 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 14,000,000 төгрөгийн зээлээс тэр өдөртөө нэхэмжлэгчийн найз ххххххын данс руу 4,015,000 төгрөг шилжүүлсэн, 02 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 7,259,000 төгрөг төлсөн. 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 11 сая төгрөгөөс 9,403,000 төгрөгийг хххххд нэхэмжлэгчийн хүсэлтээр шилжүүлсэн.
2.5. 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 215,200,150 төгрөг гэх мэтээр төлөхөөр 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 4,215,000 төгрөгийг төлсөн. 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 4,393,000 төгрөг төлсөн. 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 4,000,000 төгрөг орж ирснээс тэр өдөр нь 3 саяыг нь шилжүүлээд 8 дугаар сарын 05-ны өдрөөс 22-ны өдөр хүртэл 1,396,000 төгрөг төлсөн, нийт 36,663,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хххххх, хххххх, ххххх, хххххх нарт 24,257,000 төгрөг ингээд нийтдээ 61 сая орчим төгрөг төлсөн байхад ямар мөнгө нэхээд байгаа нь ойлгомжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 д тус тус зааснаар хариуцагч хххххээс 8,670,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч хххххьт олгож, үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хххххээс 153,674 төгрөг гаргуулан нэхэмжлэгч хххххьт олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Хариуцагч ххххх нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр зээлсэн 5,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй бөгөөд харин анхан шатны шүүхээс хххххийн төлсөн гэж үзсэн 5,870,000 төгрөг нь хариуцагч хххххийн нэхэмжлэгч хххххиас зээлсэн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 11,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 4,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 14,000,000 төгрөгийг тус тус төлж байсан мөнгө болно.
Нэхэмжлэгч тал нь дээрх 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зээлсэн 11,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр зээлсэн 4,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зээлсэн 14,000,000 төгрөгийг хариуцагч хххххийн дансны руу шилжүүлсэн хуулгыг хэрэгт нотлох баримтуудаар гаргаж өгсөн байдаг.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна.
Нотлох баримтыг тал бүрээс үнэлнэ гэдэг нь хэргийн оролцогч хэн алины гаргаж буй үндэслэл, баримтыг анхаарах ёстой байтал анхаараагүй болно. Өөрөөр хэлбэл, хариуцагч талын хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй нотлох баримтууд байдаг. Гэтэл шүүх эргэлзээтэй нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулж 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Манай талаас анхан шатны шүүхэд хххххх банкны дансны хуулга гаргаж өгсөн ба энэ хуулгаар тодорхой харагдаж байх тул анхан шатны шүүх тухайн нотлох баримтыг үнэлж 5,000,000 төгрөгийн зээлийг төлсөнд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хххххийн дансанд 5,000,000 төгрөг орж ирсэн бөгөөд энэ зээл нь бичгээр байгуулсан гэрээгүй, амаар тохиролцсон зээл байсан ба 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 334,000 төгрөгөөр өдөр бүр төлсөөр 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэхэд нийт 6,000,000 гаруй төгрөг төлсөн буюу илүү төлөлттэй байгаа. Үүнийг анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд үнэлж 5,000,000 төгрөгийн зээлийг төлсөнд тооцсон нь үндэслэлтэй гэжээ.
6. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 11,000,000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 05-ны өдөр 4,000,000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 25-ны өдөр 14,000,000 төгрөгийг /нийт 29 сая төгрөг/ тус тус ххххх нь хххххх банкны ххххххххххх дугаартай дансаар хүлээн авч мөн данснаас хххххийн хххххххххх дугаарын дансанд нэхэмжилсэн 26 сая төгрөгийн хамт бүгдийг буцаан төлсөн.
Үүнээс үзвэл ххххх нь өөрийн хххххх банкны дээрх дугаартай дансаар хххххиас нийт 55,000,000 төгрөг хүлээн авсан бөгөөд мөн данснаасаа эргүүлэн нийт 56,910,500 төгрөг төлсөн байх ба 1,910,500 төгрөгийг илүү төлсөн нь хххххх банкны баримтаар тогтоогдож байна.
Баримтаас тооцож үзвэл ххххх нь нэхэмжилсэн 26,000,000 төгрөг, нэхэмжлээгүй боловч зээлж авсан 29,000,000 төгрөг, нийт 55,000,000 төгрөгийг бүгдийг нь буцаан төлсөн. Илүү төлсөн 1,900,000 төгрөг төлсөн байхад анхан шатны шүүх нэг данснаас цувуулан төлсөн төлөлтийг яаж тооцохоороо дундаас нь таслан бодож дутуу төлсөн гэж 8,670,300 төгрөгийг хххххьд дахин төлөх ёстой гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, буруу шийдсэн гэж үзэж байна.
6.2. ххххх нь нэхэмжлэгч хххххийн хүсэлтээр нийт зээлж авсан 55,000,000 төгрөгөөс ххххххт 7,844,500 төгрөг, ххххххд 9,403,000 төгрөг, хххххээд 3,000,000 төгрөг, ххххххт 4,015,000 төгрөг /нийт 24,262,500 төгрөг/ өгсөн боловч хххххь одоо төлбөртөө авсанд тооцохгүй гэж байгаа. Гэтэл үүнээс гадна ххххх зээлийн эргэн төлөлт гэж бага багаар цувуулан нийт 32,648,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл өдөр бүр төлсөн /дээрх хүмүүст өгсөн нийт 24,262,500 төгрөгийг эс тооцож/ байгаа нь хххххх банкны хуулгаар тогтоогдож байна. хххххийн ххххх банкны ххххххххххх дугаар дансанд зээлийн эргэн төлөлт 2,174,000 төгрөг төлсөн болохыг тэр өөрөө хүлээн зөвшөөрдөг.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Хариуцагч тал бүх мөнгийг төлсөн гэж тайлбарладаг боловч анхан шатны шүүх үнэн зөв шийдвэрлэсэн. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 7,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 14,000,000 төгрөг авсан ба энэ хугацаанд 7,000,000 төгрөгөөс 4,620,000 төгрөгийг төлсөн баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн.
Мөн хариуцагч тал нь ххххх банкны дансаар 2,171,000 төгрөг орж ирсэн гэж тайлбарладаг. Гэтэл энэ нь 14,000,000 төгрөгийн зээлийн 9,910,000 төгрөгт орсон мөнгөн дүн байхад хариуцагч тал нь ороогүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
ххххх банкны ххххххххххх гэх данс нь хххххийн данс биш хххххийн өөрийнх нь данс юм. Үүнийг хариуцагч тал баримтаа сайн тулгаж хараагүйгээс алдаатай тайлбар гаргаж байх бөгөөд үүнийг анхан шатны шүүхийн шийдвэрт зөв тайлбарлаж шийдвэрлэсэн тул хариуцагч талын гаргаж буй гомдол үндэслэлгүй.
Учир нь цаг хугацааны хувьд зээл хоорондын төлөлт болон үлдэгдэл нь хэрэгт авагдсан дансны хуулгаас тодорхой харагдах тул анхан шатны шүүхийн шийдвэрийн 8,670,300 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч хххххь нь хариуцагч хххххт холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2,380,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 6,290,300 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг, нийт 13,670,000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч тал эс зөвшөөрч, нийт 5 удаагийн шилжүүлгээр 55,000,000 төгрөг зээлсэн, зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэсэн гэх үндэслэл заан, маргажээ.
3. хххххь, ххххх нар 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, зээлдүүлэгч нь 14,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, хүүгийн хамт буцаан төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. Гэрээний дагуу зээлдүүлэгч хххххь нь зээлдэгч хххххийн хххххх банк дахь ххххххххххх тоот данс руу 14,000,000 төгрөг шилжүүлжээ. /хх-5/
4. Дээрхээс гадна хххххь нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 7,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 11,000,000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 05-ны өдөр 4,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг тус тус хххххт шилжүүлж, нийт 55,000,000 төгрөг зээлдүүлсэн үйл баримт тэдгээрийн тайлбар, хххххх банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.
Харин хэргийн нотлох баримтыг дутуу үнэлж, тооцооллын алдаа гаргасан байхын зэрэгцээ дээрх 3 зээлийн гэрээний үүргийг хэрхэн тооцож, шийдвэрлэсэн нь тодорхой бус байна. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулах боломжтой гэж үзлээ.
5.1. Нэхэмжлэгч хххххь нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 7,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 14,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 5,000,000 төгрөгт холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан бөгөөд хариуцагч гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
5.2. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн тухайд:
Хариуцагчаас тус өдөр дээрх дүн бүхий мөнгөн хөрөнгийг шилжүүлж авсан үйл баримтад маргаангүй.
Нэхэмжлэгч нь зээлийн үүргээс 4,620,000 төгрөг төлж, үлдэх 2,380,000 төгрөгийн үүргийг хариуцагч гүйцэтгээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.
Хариуцагч ххххх нь хххххх банк дахь өөрийн эзэмшлийн ххххххххххх дугаартай данснаас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хүртэл хугацаанд 140,000 төгрөгөөр нийт 4,760,000 төгрөг нэхэмжлэгч хххххийн хххххххххх дугаартай данс руу шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хххххх банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон байх тул энэ зээлийн гэрээнээс 2,240,000 төгрөг /7,000,000-4,760,000/-ийн үүргийг хариуцагч гүйцэтгээгүй гэж үзнэ. /хх-41-52/
5.3. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 14,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн тухайд:
Талууд гэрээг бичгээр байгуулж, хүү болон алдангийн нөхцөлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсгийн зохицуулалтад тус тус нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Мөн уг гэрээ нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
Талуудын гэрээгээр харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу хариуцагч ххххх нь 14,000,000 төгрөгийн гэрээний үүрэгт 14,560,000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлөх үүрэг хүлээсэн байна. Хэргийн баримтаас үзвэл хариуцагч нь өөрийн эзэмшлийн хххххх банк дахь данснаасаа 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 7,259,000 төгрөг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлжээ. /хх-53-71/
Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу зээл, зээлийн хүү болон гүйцэтгээгүй үүрэгт алданги тооцон шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь миний ххххх банкны данс руу хариуцагч мөнгө шилжүүлсэн, уг гэрээний үүрэгт 9,910,000 төгрөг хариуцагч төлсөн гэж тайлбарлан, зээлийн тооцооллыг шүүхэд гарган өгсөн. Тэрээр зээлийн үлдэгдэл болох зээлийн хүүг үндсэн зээлийн үлдэгдэл 4,090,000 төгрөгөөс /2 хувь/ тооцон 163,000 төгрөг, алдангийг үндсэн зээлээс тооцоод нийт 6,290,300 төгрөг нэхэмжилсэн байх тул энэ хэмжээгээр хангах нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь талуудын зарчимд нийцнэ.
5.4. 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн тухайд:
Хариуцагч ххххх нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг нэхэмжлэгч хххххиас зээлсэн талаар зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээ аман хэлцлээр байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /хх-158/ Харин тус гэрээний үүрэгт 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 5,870,000 төгрөг хариуцагчийг төлсөн гэж анхан шатны шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шүүх хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй байна.
Нэхэмжлэгч хххххь нь уг зээлийн үүргийг хариуцагч гүйцэтгээгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
Хэрэгт авагдсан хариуцагч хххххийн хххххх банкны дансны хуулбар /хуулга/ нь тус банкны Кю Ар /QR/ кодтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байна. Уг баримтаас үзвэл, хариуцагчаас 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 11 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд 8,964,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлжээ. Нэхэмжлэгч дээрх мөнгөн шилжүүлгийг өөр зээлийн гэрээний үүрэгт тооцсон гэх боловч уг нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүйн гадна энэ талаарх тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд хариуцагчийг 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэсэн гэж дүгнэх үндэслэлтэй ба шүүх эргэлзээтэй нотлох баримтыг үнэлсэн гэх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол хангагдахгүй.
6. Дээрхийг нэгтгэн дүгнээд, хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 8,964,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийн зээлийн үүргийг хасч, илүү төлсөн 3,964,000 төгрөгийг бусад зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргээс суутган тооцох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Тодруулбал, 14,000,000 төгрөгийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6,290,300 төгрөг, 7,000,000 төгрөгийн зээлийн гүйцэтгээгүй үүрэг болох 2,240,000 төгрөг, нийт 8,530,300 төгрөгийн үүргээс 3,964,000 төгрөгийг суутган тооцож, 4,566,300 төгрөгийг хариуцагч хххххээс гаргуулан нэхэмжлэгч хххххьд олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.
6.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтээр зээлсэн 55,000,000 төгрөгөөр ххххххт 7,844,500 төгрөг, ххххххд 9,403,000 төгрөг, хххххээд 3,000,000 төгрөг, ххххххт 4,015,000 төгрөг, нийт 24,262,500 төгрөг өгсөн боловч хххххь төлбөртөө тооцохгүй байна, шүүх зээлийн үүргийг буруу тооцож шийдвэрлэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь нэхэмжлэгч 3 зээлийн гэрээний үүрэг шаардсан тул уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дүгээр зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимд нийцнэ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2024/02557 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын 8,670,300 гэснийг 4,566,300 гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын 153,674 гэснийг 88,010 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153,675 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ
Ч.ЦЭНД