| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0459/Э |
| Дугаар | 461 |
| Огноо | 2019-05-10 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 461
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Ж.Энх-Амгалан,
Хохирогч С.Батбуян,
Шүүгдэгч Э.Ө нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э.Ө-т холбогдох эрүүгийн 1909010540271 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт тоотод оршин суудаг, Б овогт Э.Ө, /регистрийн дугаар/.
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Э.Ө 2019 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Централ таурын урд талын төв зам дээр такси барьсан иргэн С.Батбуянгийн уг таксинд орхисон цүнхтэй эд зүйлийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 2.492.664 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 13-нд шилжих шөнө Цогзолбоотой хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд хохирогчийн цүнхийг аваад явснаа хүлээн зөвшөөрч байна. Дараа нь найзындаа очоод Гантулга, Эрдэнэсайхан хоёрыг утсаар дуудсан. Тэгээд Гантулгынд очсон. Маргааш нь Гантулга, Эрдэнэсайхан хоёртой хамт явж нөүтбүүкийг 120.000 төгрөгөөр зарсан. Дараа нь Гантулгын баруун салаанд байдаг хадам ээжийнд очсон. Би нөүтбүүкийг зарж, зарсан мөнгийг нь би өөрөө захиран зарцуулсан гэв.
Хохирогч С.Батбуян шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 3 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед Централ тауэрын үүдэнд таксинд цүнхээ түр тавиад хүнтэй уулзаж байсан. Тэгтэл такси хөдлөөд явчихсан. Би таксины араас гүйсэн боловч гүйцээгүй. Таксин дотор цүнх, цүнхэн дотор нөүтбүүк болон бусад эд зүйл байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Цагдаагийн байгууллагаас энэ асуудлыг шалгаад би цүнх болон бусад эд зүйлээ хүлээж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Гэрч Б.Алинзулын “...би “Централ” таурын үүдэнд очоод зогссон. Машинд сууж явсан залуу нэг хүнийг утсаар дуудсан. Удалгүй 3 охин ирсэн. Миний машинд сууж байсан залуу “уулзаадахъя” гээд машинаас буусан. ...5 орчим минутын дараа эргээд хартал тэд алга болчихсон байхаар нь би явахаа больчихсон юм байна гэж бодоод хөдлөөд явсан. …миний машинаас буухдаа цүнхээ авсан гэж бодсон. ...”Улаанбаатар” зочид буудлын урд талын сааднаас 2 охин нэг залууг аваад “Бөхийн өргөө”-ний хажууд буулгасан...” гэх мэдүүлэг /14 дүгээр хуудас/,
Гэрч Б.Цогтсайханы “...линова тинкпад загварын компьютерийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 10-11 цагийн орчимд 30 орчим насны 2 залуугаас 120.000 төгрөгөөр худалдан авсан. ...анх авахад түгжээтэй кодтой байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч Б.Цогзолбоогийн “...би 2019 оны 03 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед найз Өийн хамт “Улаанбаатар” зочид буудлын урд талын сааданд 22 цаг өнгөрч байхад нэг залууд биеэ үнэлэхээр Өийн хамт тохиролцож, “Улаанбаатар” зочид буудлын зүүн талын замаас такси бариад” Хөдөө аж ахуй-сансар” гэх автобусны буудлын гадаа буусан. Таксинаас буухад Ө нэг хар цүнх үүрчихсэн байсан. Би “юун цүнх юм бэ” гэж асуухад манай найзынх гэсэн. …бид хоёр цүнхийг аваад гартал Тулгаа, Сайнаа гэх хоёр залуу ирсэн байсан. Ө үүрч байсан хар өнгийн “найк” брэндийн цүнхээ Тулгад өгсөн. ...Ө таксинд суухдаа цүнхгүй байсан. Цүнхийг нээхэд хамгийн хойд талд нь хар дөрвөлжин зүйл байсан. Юу гэдгийг мэдээгүй наад талд нь бичиг баримтууд байсан юм. Дотор нь хоолны халуун сав, цайны сав, ороолт зэрэг байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч Я.Гантулгын “...22 цагийн үед Ө над руу залгаад “Бондрок бид хоёр Хөдөө аж ахуйн буудлын хажууд байна хүрээд ир” гэж хэлсэн. ...“Даймонд” зочид буудлын урд очтол үүдэн дээр Ө, Бондроктой хамт зогсож байсан. Тэгээд Ө гадаа цүнхээ үлдээчихээд “Сансар” гэх зочид буудал руу ороод 20 орчим минут болоод гарч ирсэн. ...03 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн үед Ө, Эрдэнэсайхан бид гурав гэрээсээ гараад “Монтел” гар утасны худалдааны төв орсон. Тэнд нөүтбүүкийг 120.000 төгрөгөөр зараад “Баруун салаа”-нд байрлах хадам Энхтайваны гэр рүү явсан. ...хулгайн цүнх гэдгийг анх уулзахдаа мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч А.Эрдэнэсайханы “...Ө гадаа цүнхээ үлдээчихээд Сансар гэх буудал руу ороод 20 орчим минут болоод гарч ирсэн. …хулгайн цүнх гэдгийг анх уулзахдаа мэдээгүй дэлгүүр рүү явж байхдаа Ө Бондроктой таксинаас аваад буусан тухай ярьж байсан. ...цүнхнээс нөүтбүүкийг аваад зарчихсан түрийвч, нэрийн хуудас, ороолт, халуун сав, ажлын үнэмлэх зэрэг эд зүйлс нь гэрт нь үлдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн Э.Өийн “...”Улаанбаатар” зочид буудлын зүүн талын замаас мөнгөлөг саарал өнгийн “приус 20” маркийн таксинд гар өргөөд суусан. Суухад арын суудал дээр хар өнгийн “найк” гэсэн эмблемтэй цүнх байсан. ...би цүнхийг аваад буучихсан. ...цүнхийг нээж үзэхэд хоолны халуун сав, цайны халуун сав, жижиг нөүтбүүк, компьютер, хар өнгийн ороолт, хар өнгийн түрийвч, ажлын үнэмлэх, нэрийн хуудас, бичиг цааснууд байсан. Дотроос нь цааснуудыг гаргаж хаяад урагшаа алхаад 13 дугаар хороололын дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архи, 1 сав ундаа авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээнд 2.492.664 /хоёр сая дөрвөн зуун ерөн хоёр мянга зургаан зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийн хохирол гэжээ. /хх-ийн 27 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.Өийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Ө2019 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Централ таурын урд талын төв зам дээр такси барьсан иргэн С.Батбуянгийн уг таксинд орхисон цүнхтэй эд зүйлийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 2.492.664 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Өийн гэмт үйлдлийг буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч С.Батбуян шүүхийн хэлэлцүүлэгт “Цагдаагийн байгууллагаас энэ асуудлыг шалгаад би цүнх болон бусад эд зүйлээ хүлээж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас 42 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Дээрх гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э.Ө-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Ө-ийг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Э.Ө-ийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцож, эдлэх ялыг 64 /жаран дөрвөн/ цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Өт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Э.Ө энэ хэргийн улмаас 42 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ