Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01564

 

 

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01564

 

хххх ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2024/02115 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххх ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххх, хххххнарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,902,643.88 төгрөг, нотариатын зардалд 22,000 төгрөг, нийт 14,924,643.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, хариуцагч нарын өмгөөлөгч ххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Зээлдэгч хххх, хххххнар нь хххх ХК-ийн Баруун хүрээ тооцооны төвтэй 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ЗГ/201843423194 тоот зээлийн болон БГХ201843423194 тоот барьцааны гэрээ тус тус байгуулж 19,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлогыг 36 сарын хугацаагаар барьцаалуулсан.

1.2. Зээлдэгч нар нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 11,900,907 төгрөг, зээлийн хүүгийн 5,861,309 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 17,762,216 төгрөгийг төлсөн ба зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ төлж дуусгаагүй байгаа болно.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.1, 2.4.2, 2.4.4, 4.2.2, 4.3, 5.1.7, 5.1.10, 8.1, 8.2 дахь заалтууд болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дүгээр зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.8, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч хххх, хххххнараас 2018 оны 02 сарын 15-ны өдрийн ЗГ/201843423194 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 7,099,093.47 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7,127,253.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 676,296.83 төгрөг, нийт 14,902,643.88 төгрөгийг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлын 22,000 төгрөг, бүгд 14,924,643.88 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Зээлийн гэрээний үүрэгт 14,924,643.88 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүү 7,127,253.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 676,296.83 төгрөг гэж тус тус нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна.

Зээлдэгчийн эрх ашигт илт хохиролтойгоор хүү тогтоосон бол зээлдэгчийн хүсэлтээр хүүг багасгаж болохоор анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан багасгаж болохоор хуульд заасан байдаг. Цар тахлын улмаас тогтоосон хорио цээр болон хххх нь 2018 оны 07 сараас нурууны хүнд хэлбэрийн өвчтэй болж улмаар хөдөлмөрийн чадвараа алдсан нь түүний гэр бүлийн санхүү төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлсөн, өвчний улмаас ажилгүй байгаа тухайгаа банкинд мэдэгдэж хүсэлт гаргаж байсан. Зээлийн гэрээний 6.1.9-д зааснаар банкны санаачилгаар гэрээ цуцлагдах үндэслэлтэй байна.

2.2. Мөн хххх ХК нэхэмжлэлийн үндэслэлдээ ...Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ төлж дуусгаагүй байгаа болно... гэсэн нь банк гэрээний шаардах эрхээ мэдсээр байж зээлийн үлдэгдэл болох 7,099,093.47 төгрөгийг 11 хувиар өсгөж мөнгө хүүлэх зарчим баримталж зээлдэгчийн хөдөлмөрийн чадвараа алдаж төлбөрийн чадваргүй болсон нөхцөл байдлыг доордуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хүүгийн хэмжээг төлөөгүй үлдсэн үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй байлгаж, 3,549,546.5 төгрөг гэж тооцож түүнээс илүү бодогдсон 3,577,707.08 төгрөгийг болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч хххх, хххххнараас 14,924,643.88 төгрөгийг гаргуулж, хххх ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч хххх ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,573.22 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хххх, хххххнараас 232,573.22 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч хххх ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт талуудын маргаж буй үндэслэлийг дутуу дүгнэж, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, татгалзсан үндэслэлд дүгнэлт хийхгүйгээр орхигдуулж шийдвэрлэсэн.

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн үе нь гэрээ байгуулснаар буюу 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үүссэн ба эрх зүйн харилцаа үүсэх үед мөрдөгдөж байсан 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож бодно гэж заасан тул зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөгдөөгүй хугацааны хүү буюу гэрээнд заасан хугацаагаар тооцоход 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны зээл, хүүг төлөх үндэслэлтэй. /2020 оны 03 дугаар сарын 27-2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл 6,854,118.55 төгрөг, хүүгийн үлдэгдэл 795,523.25 төгрөг/

Хариуцагч хххххын 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл цалингийн данснаас автоматаар суутгагдаж байсан төлбөрүүд нь 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хуваарьт ногдох төлбөрт суутгагдаж байна. Иймд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх зээлийг төлсөн болно.

Гэтэл анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт өгөөгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаанд төлөх ёстой хүүг бус шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хүүг гаргуулж шийдвэрлсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн гэрээний дагуу төлөх ёстой үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллыг хэрхэн гаргасан талаар дүгнэлт хийхгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн тооцоолж гаргасан зээлийн тооцооллыг үндэслэж шийдвэрлэж буй нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Зээлдэгч нар 19,000,000 төгрөгийн зээл авсан ба зээлийн төлөлтөд 17,762,216 төгрөгийг төлсөн боловч их хэмжээний хүү буюу 7,127,253.58 төгрөгийн хүүг нэмж төлөх нь зээлдэгч нарын хувьд хэт хохиролтой бөгөөд шүүх эрх хэмжээний хүрээнд зээлийн хүүг багасгах боломжтой юм.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрт "... хххх ХК нь зээлээ төлөх мэдэгдэл 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шуудангаар хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан мэдэгдэл болон шууданд хүлээлгэж өгсөн баримтаар нотлогдож байна гэж үзсэн боловч тухайн мэдэгдлийг хариуцагч нар хүлээж авсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй юм.

Өөрөөр хэлбэл, хххх ХК-ийн зөвхөн нэр бүхий иргэний зээл төлөх мэгэгдлийг шууданд хүлээлгэж өгсөн баримтыг хариуцагч нарт гардуулсан гэж шууд үзэх боломжгүй.

Зээлдэгч нарын хувьд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хуваарьт хугацааны дагуу зээлийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд энэ тухай хххх ХК-д мэдэгдэж зээлийн хугацааг хойшлуулах хүсэлтийг өгсөн боловч хүсэлтийг хэрхэн шийвэрлэсэн талаар хариу өгөөгүй. Улмаар гэрээний хугацааг сунгасан гэж ойлгосон ба шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл ямар нэгэн шаардлага, мэдэгдэл ирүүлээгүй байсан.

хххх ХК нь 2020 оноос хойш 2024 он хүртэл ямар нэгэн шаардлага, мэдэгдэл явуулаагүй, гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн боловч гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд үүний үр дүнд зээлийн хүүг нэмэгдүүлэх зорилготой байсан болох нь тодорхой харагдана. Уг үйлдэл нь зээлийн хүүг санаатайгаар нэмэгдүүлж, зээлдэгч нараас их хэмжээний хүү шаардах нөхцөл бүрдсэн ба шүүх эрх хэмжээний хүрээнд зээлийн хүүг багасгах боломжтой юм.

4.3 Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах хуульд заасан хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд шаардах эрх нь эрх зөрчигдсөн буюу эрх зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх ёстой байсан үе нь талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаагаар тодорхойлогдохоор байна.

Тодруулбал, зээлдэгч нар 2018 оын 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл зээлийг хуваарийн дагуу хэвийн төлж байсан боловч уг хугацаанаас хойш зээлийг төлөх боломжгүй болж энэ тухай банкинд мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, 2019 оын 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн зээлийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлэхгүй, биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг мэдсээр байж шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. /энэ үеээс эхлэн эрх нь зөрчигдсөн тул шаардах эрх үүссэн/

Мөн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар сүүлийн зээл төлөх өдөр болох үүрэг гүйцэтгэх сүүлийн хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр буюу нэхэмжлэгчийн хувьд эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх ёстой байсан үе тул уг хугацаанаас эхлэн шаардах эрх нь үүссэн гэж үзэх боломжтой.

Иймд нэхэмжлэгч нар 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнө шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрх хэрэгжүүлэх үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх тухайн зээлийн гэрээг байгуулах үеийн буюу хуучин банкны тухай хуульд үндэслэн шийдвэрийг гаргасан. Зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан хугацаа 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр боловч зээлийн гэрээний хугацаа дууссан нь зээлийн гэрээний үүрэг биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэснийг анхан шатны шүүх шийдвэртээ тодорхой тусгаж өгсөн ба мөн хуульд зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож бодож болно гэж заасан болохоос яг үүний дагуу бодно гэх заалт байхгүй талаар мөн шийдвэрт тусгасан. Хариуцагч талын гаргасан анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгч талын гаргасан тооцоололд үндэслэн шийдвэрээ гаргасан нь бодит байдалд нийцэхгүй байна гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.2. Шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг маргаан үүссэнээс хойш нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг гардуулахдаа хариуцагч нарт өөрсдийнх нь эдлэх эрхийг тодорхой танилцуулж энэ талаарх баримтад гарын үсэг зуруулсан ба нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримттай танилцсаны үндсэн дээр тайлбар, татгалзлаа нотлох баримттай гаргах үүргийг хариуцагч нар хуульд заасны дагуу хүлээсэн болохыг танилцуулсан. Ийнхүү нэхэмжлэгч талын гаргасан тооцоолол бүхий баримттай хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад танилцаж, тооцооллыг яаж бодсон талаарх тайлбар болон шалгуулах эрх нь нээлттэй байсан ба энэхүү эрхээ өөрсдөө хэрэгжүүлээгүй бөгөөд шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн тооцоолол нь хууль зөрчөөгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

5.3. Хариуцагч нар нь Ковид-19 цар тахлын үе буюу хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарладаг боловч энэ үед банкны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох үүргийг хууль болон ямар нэгэн журам, тушаал, шийдвэрээр банкинд оногдуулаагүй. Мөн хохиролтой нөхцөл байдал үүсэх нөхцөл байдлыг хариуцагч нар өөрсдөө бүрдүүлсэн буюу үнэхээр хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн бол энэ талаар банк тодорхой арга хэмжээ аваагүй тохиолдолд хариуцагч нар өөрсдөө энэхүү байдлаа нотолж шүүхэд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байхад хариуцагч нар энэ эрхээ хэрэгжүүлээгүй ба хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд хххх ХК гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй болохоос ямар нэгэн байдлаар үүрэг хүлээгээгүй. Иймд хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.4. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан өргөдөлтэй холбоотой баримтуудыг банк хүлээж авсан болон яаж шийдвэрлэсэн талаарх холбогдох системд үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд талуудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан ба гэрээ байгуулагдсан өдрөөс хойш хугацааг тооцоолоход хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусахаар байсан. Тиймээс нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ нь ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч хххх ХК нь хариуцагч хххх, хххххнарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,924,643.88 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагагаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч 2020 онд хххх нь хөдөлмөрийн чадваргүй болж группт орсон, өөрөө огт хөдөлмөрлөх боломжгүй орлогогүй болсон тул ххххинд хандаж зээлийн хугацаа сунгуулах хүсэлтийг өгсөн боловч хариу өгөөгүй, зээлийн хүү хэт их, үндсэн зээлээсээ давсан, Ковид19 цар тахалтай холбоотой ажиллах боломжгүй, өвчтэй хүнд байсан, зээлийн гэрээнд зээлдэгч нь өр төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, төлбөрийн чадваргүй болсон зээлдэгчийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах заалт байгааг хххх ХК хэрэгжүүлэх ёстой байсан , 3 жил өнгөрсөн учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргажээ.

 

3. хххх ХК, хххх, хххххнар 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ЗГ/201843423194 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч хххх ХК нь 19,000,000 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч хххх, хххххнар гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээл, хүү төлөх, хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлээс зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-10-12/

Зээлийн гэрээний дагуу хххх ХК нь 19,000,000 төгрөгийг зээлдэгч хххххын тус банк дахь хххххх тоот данс руу 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон. /хх-23, 26/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн үндэслэлийн талаар зөв дүгнэлт хийсэн байна.

 

5. Хариуцагч хххх, хххххнар нь зээлийн үүргээс үндсэн зээл 11,900,907 төгрөг, зээлийн хүүд 5,861,309 төгрөг, нийт 17,762,216 төгрөгийг төлсөн, зээлийн үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй үйл баримтад зохигчид маргаангүй, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон шаардаж буй үндэслэлийн талаар маргажээ. /хх24-25/

5.1. Талууд зээлийн гэрээний 8.3-т гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд гагцхүү бичгээр үйлдэх, гэрээнд эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болох нөхцөлийг харилцан тохиролцсон байна.

Хариуцагч хххх, хххххнар нь хххх ХК-д хххххын эрүүл мэндийн байдал болон Коронавируст халдвар цар тахалтай холбогдон зээл төлөлтийн хугацааг сунгуулах хүсэлт гаргасан гэх боловч дээрх гэрээнд заасан хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн хүү төлөх хугацааг сунгасан үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

5.2. Түүнчлэн тус банкны зээлийн өргөдлийн мэдээллийн санд хххххын зээлийн өргөдлийг бүртгэсэн түүхээс өөр хүсэлтийн бүртгэл гарч ирээгүй болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогджээ. /хх-72/

5.3. Гэрээний 2.4.4-т Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж талууд харилцан тохиролцжээ. /хх-10/

Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн Зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож болно гэсэн заалтыг талуудын маргаанд хэрэглэхгүй. Энэ үндэслэлээр гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол хангагдахгүй.

5.4. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл,түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дууссан, хариуцагч нар гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ бүрэн биелүүлээгүй үйл баримт хэргийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул хариуцагч нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хугацааны хүү тооцон нэхэмжлэгч шаардах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

6. Нэхэмжлэгч талаас хариуцагч нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдон Зээлийн бүртгэлийн карт нэртэй бичгийн баримт шүүхэд гаргаж өгсөн байх бөгөөд хариуцагч тал уг баримтыг өөр баримтаар үгүйсгэж маргаагүй байна. Тус баримтаар хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 28-ны өдөр 97,565 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 240,000 төгрөг, нийт 837,565 төгрөг төлжээ. /хх24-25/

Нэхэмжлэгч уг төлбөрийг үндсэн зээлийн үүргээс хасч тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийн заасантай нийцсэн.

6.1. Харин анхан шатны шүүх, үндсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүүгийн тооцооллыг нэхэмжлэгч талаас тодруулаагүй нь буруу болжээ. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт замаар дээрх алдааг залруулах боломжтой байна.

6.2. Талуудын зээлийн гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дууссан. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн Зээлийн тооцооллын баримт-д 2021.01.20-ны өдрийн байдлаар үндсэн хүүд 2,085,868 төгрөг хуримтлагдсан гэж тэмдэглэгдсэн байх тул үндсэн хүүгийн үлдэгдэл үүргийг 2,085,868 төгрөг гэж үзнэ.

6.3. Хэтэрсэн хугацааны зээлийн хүүгийн тооцооллын хувьд: 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 10 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны 4 сар 4 хоногийн зээлийн хүү /7,936,658-500,000=7,436,658 х1.9%=141,296 х4 сар 4 хоног/ 584,024 төгрөг,

2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл /7,436,658-97,565=7,339,093 х1.9%=139,442 х12 сар 6 хоног/ 1,701,197 төгрөг,

2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл /7,339,093-240,000=7,099,093 х1.9%=134,882 х14 сар 21 хоног/ 1,888,348 төгрөг, нийт хэтэрсэн хугацааны хүү 1,982,764 төгрөг болж байна.

6.4. Зээлийн гүйцэтгээгүй үүрэг нь үндсэн зээл 7,099,093 төгрөг, үндсэн хүү 2,085,868 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 4,267,985 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 676,297 төгрөг, нийт 14,129,243 төгрөг болно.

 

7. Хариуцагч тал гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотариатын зардалд 22,000 төгрөг төлснийг хохиролд тооцон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлд холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь оновчгүй байна. Учир нь талуудын гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэгчийн хохирол шаардах эрх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийн зохицуулалтад хамаарна. Энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

8. Нэхэмжлэгч хххх ХК, хариуцагч хххх, хххххнарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаанд иргэн, хуулийн этгээд хоорондын зээлийн гэрээг зохицуулсан мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дэх хэсгийн хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэсэн зохицуулалт үйлчлэхгүй. Иймээс шүүх эрх хэмжээний хүрээнд зээлийн хүүг багасгах боломжтой гэх хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

9. Гэрээний 6.1.1-д зааснаар нэхэмжлэгч хххх ХК нь Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банк санаачилгаараа гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардах эрхтэй. Гэхдээ уг эрхээ хэрэгжүүлээгүй зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг багасгах үндэслэл болохгүй тул энэ талаарх хариуцагч нарын татгалзал, давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.

 

10. Хариуцагч талын ... хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

10.1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар талуудын гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Хариуцагч нар 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс гэрээгээр тогтоосон зээл төлөх хуваарийг зөрчсөн боловч энэ өдрөөс шаардах эрх үүссэн гэж үзэхгүй. Учир нь талууд зээлийн гэрээг 36 сар буюу 3 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусах тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар уг хугацаанаас шаардах эрх үүснэ.

10.2. Нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлээгүй байна. Анхан шатны шүүх талуудын гэрээнд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэх талаар зөв дүгнэсэн боловч Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дэх хэсгийг хэрэглэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн буруу байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.

11. Талууд 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр БГХ201843423194 дугаартай хөдлөх эд хөрөнгө барьцаалах барьцааны гэрээ байгуулсан байна. /хх13-14/ Энэ гэрээний үүрэг нэхэмжлэгч шаардаагүй, анхан шатны шүүх уг гэрээтэй холбоотой эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2024/02115 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 227 дугаар зүйлийн 227.3 гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 дэх гэж, 14,924,643.88 гэснийг 14,151,243 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлээс үлдэх 773,400.88 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 232,573.22 гэснийг 228,707 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ххххас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,574 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

 

Ч.ЦЭНД