Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/01599

 

 

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/01599

 

ххххх-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/02332 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххх-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххд холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 4,420,510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, хариуцагч ххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ххххххх дүүргийн хх дугаар хороо, хх дүгээр хороолол, хххххххххх байрны ххх тоотод банк бус санхүүгийн байгууллага, хххххХХК, барилгын болон зураг төслийн томоохон компанийн эзэн ххххх нь ашигласан гэрэл, цахилгаан, ус, дулаан, хог, лифт болон СӨХ-ны төлбөрөө огт төлж сураагүй, арга заль хэрэглэж, бултаж сурсан, мэргэшсэн хүмүүс бөгөөд иргэний үүргээ ухамсарлаж, төлбөрөө төлөхгүй хүндрэл учруулж, нийт оршин суугчид болон СӨХ-г хохироож байгаа оффисийн нэг болно.

1.2. Мөн "ххххх" ХХК болон банк бус санхүүгийн байгууллагын эзэн ххххх нь арга зальтай, иргэний үүргээ биелүүлдэггүй, огт төлбөрөө төлж сураагүй, мэргэшсэн нэгэн бөгөөд биднийг болон СӨХ-г олон удаа залилж, хуурч байсан. ххххх-ны дарга хххх миний бие хууртагдаж, арга залинд нь орж, ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр өнөөдөр, одоохон, удлаа гэхэд хоёр хоногоос хэтрүүлэхгүй, бат, мөнгөө төлчихнө гэхээр нь ажилчдынхаа цалин хөлсийг тавьж чадахгүй, хүнд байгаагийн улмаас, хууртагдаж 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хууль бус баримт хийж өгсөн байсан.

1.3. хххххх ХХК захирал ххххх нь бидний тооцоо танд хамаа байхгүй, танай СӨХ тэд нараас авах өр, төлбөр, тооцоотой бол тэд нараас л ав гээд уурлаж байсан. Ийнхүү хүний гараар могой барьж, өөрсдөө мөнгөө гаргахгүй, эргэлдүүлж, мөнгө хүүлж сурсан, мэргэшсэн хүмүүс юм.

1.4. Иймд бид 2021 оны 4 дүгээр сараас 2023 оны 11 дүгээр сар дуустал, ашигласан, хэрэглэсэн, лифт, хог, дундын өмчлөлын талбайн засвар үйлчилгээний зардал, цэвэрлэгээ, цэвэр, бохир усны, жижүүр, харуул, хамгаалалт, орцны болон дундын өмчлөлийн тоног төхөөрөмжийн цахилгаан, дулааны зардал, СӨХ-ны зардал болох нийт 4,420,510 төгрөг нэхэмжилж байгаа тул СӨХ-г хохиролгүй болгож өгнө үү. Алданги тооцоогүй болно гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 4,420,510 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба шүүхээс шударга үнэнийг тогтоож нэхэмжлэлийг зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

хххххХХК нь ххххххх хотхоны ххххтоотод 2020 оноос хойш барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа. Бид тогтсон хугацаанд шаардлагатай төлбөр мөнгийг шилжүүлж одоог хүртэл хэрэглэсэн ус, дулаан, тогны мөнгийг зохих газарт төлж ирсэн бөгөөд төлбөрийн баримтыг хариу тайлбарын хамт хавсаргасан болно.

2.2. Нэхэмжлэгч ххххх нь нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсанаар хэрэглэсэн лифт, хог, дундын өмчлөлийн талбайн засвар, үйлчилгээний зардал, цэвэрлэгээ, цэвэр, бохир усны төлбөр, жижүүр харуул хамгаалалт, орцны болон дундын өмчлөлийн тоног төхөөрөмжийн цахилгаан, дулааны зардалд сар тутам манай хххххХХК-д 130,000 төгрөгийн төлбөр оногдуулан нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй.

хххххХХК нь тус барилгын 2 дугаар давхарт байрладаг тул лифт ашигладаггүй болно. Гэвч тус СӨХ нэхэмжлэлийн үндэслэлдээ лифтний төлбөр нэмж тооцож байгаа нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Бид хэрэглэсэн цэвэр бохир усны төлбөрийг зохих газарт тушаадаг тул тус СӨХ-ны гаргасан нэхэмжлэлд усны төлбөрийг дурдсан нь үндэслэлгүй, УБЦТС-д хэрэглэсэн цахилгаан, дулааны төлбөрийг тушаадаг тул тус СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагадаа дулааны зардал хэмээн оруулсан нь мөн хууль бус тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Бид хогны төлбөр, харуул хамгаалалтын төлбөр, дундын өмчлөлийн талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зардлыг хүлээн зөвшөөрдөг ба уг төлбөрийг төлөх боломжтой гэдгээ цаг тухай бүрт СӨХ-д мэдэгдэж байсан боловч ххххх нь компаний ашиглаж буй талбайн метр квадрат тутамд 1000 төгрөг тооцон 80,0015 төгрөгийг ямар ч үндэслэлгүйгээр нэмж тооцон нийт 130,000 төгрөгийг сар бүр нэхэмжилж байгаа нь хэтэрхий хууль бус дур зоргоороо үйлдэл байсан тул хүлээн зөвшөөрөөгүй.

Иймээс өмнөх хугацаанд СӨХ-ны нэхэмжилсэн мөнгөн дүнг төлөхгүй байх үндэслэл болсон юм.

2.3. Би ямар ч үндэслэлгүйгээр сар бүр нэмж тооцон нэмэгдсэн 80,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ СӨХ-ны даргад мэдэгдэж энэ 80,000 төгрөгийг ямар үндэслэлээр нэмж бодож байгаа гэдгээ үндэслэлтэй нотлох баримттай танилцуулахыг шаардсан боловч СӨХ-ны зүгээс надад хууль ёсны төлбөр болохыг нотолж чадахгүй байсан тул энэхүү нэмж тооцож байгаа 80,015 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлтэй.

Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Иргэний хууль, Орон сууцны тухай хуулиудад ерөнхийлөн зааснаар СӨХ нь оршин суугчаас дур мэдэн мөнгө нэхэх хуулийн зохицуулалт байхгүй. Холбогдох хууль тогтоомжид зааснаар Нийтийн эзэмшлийн ашиглалтын зардлыг ам метр тутамд 200-300 төгрөгөөр тооцож, айл өрхөөс авна гэж заасан байдаг.

Тэгвэл нэхэмжлэгч СӨХ иргэд, оршин суугчдын саналыг авч хэлэлцэлгүй дур мэдэн СӨХ байгуулж, өндөр төлбөр нэхэж байгаа гэж үзэж байгаа тул нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөхийг шаардаж байна. Тухайн сууц өмчлөгч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-д төлөх ёстой болохоос биш өөрийн эзэмшилд байгаа орон сууц, талбай тутамд дахин СӨХ-д төлбөр төлөх нь шударга бус билээ.

Энэхүү төлбөрөөс бусад өөрийн өмчлөлд байгаа орон сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, цахилгаан зэргийн ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлдөг. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу СӨХ-д төлөх мөнгөн дүнг сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, СӨХ-ны дүрмээр тогтоодог. Гэтэл ххххх нь сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн хурлыг зохион байгуулж, түүнийгээ нотлох баримтаар нотлоогүй хэрнээ сар бүр ашиглалтын зардал дээр нэмж, өөрсдийн дур зоргоор оршин суугч тутамд метр квадрат бүрийг 1,000 төгрөгөөр тооцон ямарч үндэслэлгүй төлбөр төлөхийг шаардаж байгаа нь өөрөө хууль бус, бусдын мөнгөн хөрөнгийг шамшигдуулах гэсэн оролдлого юм.

2.4. Мөн шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад намайг мэргэшсэн заль хэрэглэж сурсан, мөнгө хүүлэгч мэтээр ёс бус хэллэгээр гутаан доромжилж миний хувийн болон ажил хэргийн нэр хүндэд шууд халдаж байгаад гомдолтой байна.

Би дундын эзэмшлийн талбайн зардлыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гагцхүү ямар ч үндэслэлгүйгээр бусдын эзэмшилд байгаа 80 метр квадрат тутамд 80,000 төгрөг төлөхөөс татгалзсан тул энэ асуудал 2023 оныг хүртэл сунжирсан билээ. Би нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дурдсан шиг иргэний үүргээ биелүүлэхээс татгалзаагүй бөгөөд гагцхүү хууль бусаар үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа мөнгөн дүнг төлөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүх хуулийг харгалзан үзэж, шударга ёсыг тогтоож, хууль бусаар нэхэмжилж байгаа мөнгөн дүнг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хххххгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 4,224,990 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ххххххх Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 195,520 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 82,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. ххххх нь үндсэн СӨХ-ны төлбөр дээр манай хххххХХК-ийн үйл ажиллагаа эрхэлж буй талбайн метр квадрат тутамд 1,000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Учир нь СӨХ-ны төлбөр нь бидний эзэмшиж ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа талбайн хэмжээнд хамааралгүй ба зөвхөн нийтийн эзэмшлийн талбайн засвар үйлчилгээнд зарцуулагдах зориулалттай. Тухайн барилгад үйл ажиллагаа явуулж байгаа болон оршин сууж байгаа иргэд, хуулийн этгээдүүдийн ашиглах нийтийн эзэмшлийн талбай, орчин нөхцөл ашиглалт яг ижил байхад оршин суугчдын дундаа эзэмшиж, ашиглаж байгаа талбайн төлбөрийн хэмжээг оршин сууж, үйл ажиллагаа явуулж байгаа талбайн хэмжээгээр ногдуулж байгаа нь хууль бус үйлдэл юм.

Иймд cap бүрийн төлбөр дээр бидний үйл ажиллагаа эрхэлж явуулж байгаа талбайн хэмжээгээр нэмж нэхэмжилсэн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хариуцагч сууц өмчлөгчдийн холбооны талаар хэзээ ч хаана ч гомдол гаргаж байгаагүй бөгөөд ххххыг хүлээн зөвшөөрдөггүй. 2019 оноос хойш хххх сууц өмчлөгчдын холбоог авсан түүнээс эхлээд сууц өмчлөгчдын холбооны мөнгө төлдөггүй 10 айл байдгаас тэдний нэг нь хариуцагч өөрөө. Мөн сууц өмчлөгчдын холбоонд хураалгасан мөнгийг хххх хувьдаа ашигладаг гэж ярьдаг нь үндэслэлгүй.

Тухайн мөнгө ххххх-ны дансанд ордог гэх шүүхийн шийдвэр байдаг. Шинээр сууц өмчлөгчдын холбоог байгуулсан гэдэг ч энэ талаар бүртгэгдсэн зүйл байдаггүй. Хариуцагч хххход сууц өмчлөгчдын холбоонд өнгө төлдөггүй. Ашиглалтын зардал нь тусдаа цэвэр, бохир ус, дулаан. Харин ххххын авдаг мөнгө сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс тогтоосон мөнгөний хэмжээгээр авсан мөнгө үүнийг шүүх нэг бүрчлэн нотлох баримтаар хянаж, илүү зуун хэдэн мянган төгрөг гарч байна, үүнийг авах үндэслэлгүй гэж тайлбарласан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ххххх нь хариуцагч хххххд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 4,420,510 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас хог, харуул хамгаалалт, дундын өмчлөлийн талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зардлыг зөвшөөрнө. СӨХ-ны төлбөрт сар бүр 80,015 төгрөгийн нэмж тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ... ашиглалтын зардлыг хэрхэн тооцож байгаа нь тодорхойгүй гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн маргааны үйл баримтыг тогтоож, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

 

4. ххххххх дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ххххххх хххх дугаар байрны оршин суугчдын байгуулсан ххххх-г сууц өмчлөгчдийн бүртгэлд 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр бүртгүүлж, гэрчилгээ олгосон байна. /хх-3/

Тус СӨХ-г төлөөлж гүйцэтгэх захирал хххх нь хххххд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсгийн заасантай нийцжээ.

 

5. Хариуцагч хххххгийн эзэмшиж, ашиглаж буй ххххххх дүүргийн хх дугаар хороо, хх дүгээр хороолол, хххххххх дугаар байрны ххххтоот хаягт байршилтэй 130.05 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр түүний хүү ххххх улсын бүртгэлд бүртгэлтэй байна. Тэрээр ххххх нь ххххх-ны хуралд оролцох, СӨХ-ны төлбөр төлөх, СӨХ-тэй холбоотой маргаантай иргэний хэрэгт шүүхэд төлөөлөх үйлдэл хийх эрхийг итгэмжлэлээр олгосон байна. /хх88-89/

 

6. Нэхэмжлэгч ххххх нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг хариуцагч хххххгээс нэхэмжилж буйд хариуцагч маргаангүй. Харин СӨХ-ны төлбөрөөс ашиглалтын зардлыг 80,015 төгрөгөөр тооцон нэхэмжилж буй нь үндэслэлтэй эсэх талаар талууд маргажээ.

 

7. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй.

7.1. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хугацаанд хамаарах дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг хариуцагч төлөөгүй болох нь түүний тайлбараар тогтоогдсон байна. /хх-12-14/

7.2. ххххх-ны Удирдах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04 тоот тогтоолоор оршин суугчдын 2020.08.19-ний өдрийн хурал, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн шийдвэр, хххххх ХХК-ийн төлбөр, тариф зэргийг үндэслэн сууц өмчлөгч айл өрх, аж ахуйн нэгжээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой зардлын сард авах хэмжээг тогтоохдоо айл өрхийн талбайн хэмжээ нэг м.кв талбайгаар 300 төгрөг, аж ахуйн нэгж, байгууллага 600-1,000 төгрөг, цэвэрлэгээ 10,000 төгрөг, хог 3,000/10,000/ төгрөг, лифт 8,000 төгрөг, харуул хамгаалалт 18,000 /20,000/ төгрөг, нийтийн эзэмшлийн цахилгаан дулааны засвар 10,000 төгрөг байхаар төлбөрийн хэмжээг тогтоосон нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсгийн заасантай харшлахгүй байна. /хх-52/

7.3. Хариуцагч хххххгийн эзэмшиж, ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ нь 130.05 м.кв болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд тухайн обьектыг аж ахуйн зориулалтаар ашигладаг үйл баримтад хариуцагч маргаангүй.

Иймд ххххх нь үндсэн СӨХ-ны төлбөр дээр манай хххххХХК-ийн үйл ажиллагаа эрхэлж буй талбайн метр квадрат тутамд 1,000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээд, хариуцагч хххххгээс 2021 оны 04 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдох зардалд 4,224,990 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ххххх-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/02332 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,678 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

 

Ч.ЦЭНД