Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 478

 

 

 

 

 

 

 

                   

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

          Улсын яллагч Г.Ганбагана,

          Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М овогт Б.Бд холбогдох эрүүгийн 190901404056 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 6, эхнэр 4 хүүхдүүдийн хамт тоотод суудаг гэх, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овогт Б.Б, /регистрийн дугаар /.

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүгдэгч Б.Б нь тоот гэртээ 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр эхнэр Б.Цэцэнгуаг гадуур хонолоо гэх шалтгаанаар зодож улмаар түүний биед тархи доргилт, хамрын нуруу, зүүн нүдний дотор булан, хүзүүнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Б нь тоот гэртээ 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр эхнэр Б.Цэцэнгуаг гадуур хонолоо гэх шалтгаанаар зодож улмаар түүний биед тархи доргилт, хамрын нуруу, зүүн нүдний дотор булан, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

          Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “...“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

          Хохирогч Б.Цэцэнгуагийн "...2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажлаасаа оройны 20 цагийн үед гараад 14 настай өөрийн охин Мөнхсоёл руу утсаар залгаж яриад бага охиныхоо биеийг асуутал дүү маань ерөөсөө огт халуураагүй ээ, эмийг нь өгчихсөн байгаа гэж хэлсэн. Тэр өдөр манай нутгийн 10-н жилийн ангийн хүүхдүүд ойрхон ирчихсэн явна гэж хэлсэн тул тэдэнтэй уулзалдаад, удахгүй болох миний төрсөн өдрийг урьдчилан тэмдэглээд жаахан оройтсон. Тэгээд хөдөөнөөс ирсэн 10-н жилийн ангийн охиныхоо байсан айлд нь хамт очиж хоносон. 20-ны өглөө 09 цагийн үед ажил дээр ирсэн. Өдөр 14 цагийн үед Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тэнд ажлын шугамаар хүнтэй уулзсан, тэндээсээ гараад 15 цагийн үед гэртээ харьсан. Гэрт очиход манай 2 настай, 5 настай 2 бага хүүхэд болон нөхөр Б гурав байсан. Ороод удаагүй байтал нөхөр Б өдөж, өчигдөр хаана хоносон гэх зэргээр хардаж бид хоёр маргалдсан. Миний хоолойг эхэлж багалзуурдаад, эсэргүүцсэн чинь 2 гарыг арагш нь мушгиад барьчихсан. Тэгээд өмд хувцсыг бүгдийг нь тайлчихаад дээр гараад суучихсан. Би тухайн үед орилсон, гэхдээ 2 бага хүүхэд маань байсан учраас гайхсан байх. Тэгтэл нөхрийн маань гар утас дуугараад Улаанбаатар такси компанид жолооч хийдэг учраас дуудлага ирээд тэгээд гараад явсан. Гараад явангуут нь би гүйж гараад цагдаагийн хэлтэс дээр өргөдөл бичиж өгсөн. ...мөн толгой тархи руу гараараа олон удаа цохисон, мөн зүүн талын шанаа нилээн хөндүүр болчихсон байсан, 2 хацар руу ээлжилж алгадсан. Мөн миний хувцсыг тайлж надтай хэрүүл маргаан хийсэн..."гэх мэдүүлэг /хх-ийн17-18-р хуудас/,

 

Яллагдагч Б.Бы "...2019 оны 03 дугаар сарын 19-ний орой би ажилладаг тул ажлаа тараад оройны 22 цаг 30 минутын үед гэртээ ирсэн. Ирэхэд манай эхнэр Цэцэнгуа гэртээ ирээгүй байсан. Би тэр өдөр оройны 21 цагийн үед эхнэрийн ажлын газрын захирал руу нь залгаж асуухад Цэцэнгуа хүүхэд маш их халуураад байна, хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гэсэн юм гэж хэлээд 19 цаг 30 минутын үед чөлөө аваад явсан. Орой ажил тарчихсан хойно хүүхэд үзүүлэх эмнэлэг байдаг юм уу гэхээр орой очвол очерь багатай амар байдаг юм гэж хэлээд чөлөө аваад явсан гэж надад хэлсэн. ...орой нь манай бага охин болох 2 настай Мөнхтуулийн бие халуураад байсан. Шөнөжингөө хүлээсэн боловч эхнэр гэртээ ирж хоноогүй. ...би өөрийн эхнэр Цэцэнгуагийн 2 талынх нь шанаа, чамархай хэсэг рүү нь нэг, нэг удаа алгадсан. Тэгээд өөдөөс цохих гээд дайрахаар нь би баруун талын гарнаас нь мушгичихсан чинь цамцных нь ханцуй урагдсан. Тэгээд би орхисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,

 

2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 3700 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд "...Б.Цэцэнгуагийн биед тархи доргилт, хамрын нуруу, зүүн нүдний дотор булан, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/,

         

          Шүүгдэгч Б.Бы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-ийн 33 дугаар хуудас/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, Б.Бы “ХААН” банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 37-47 дугаар хуудас/,  Б.Бы хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 48-51 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Бд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

         

          Иймд шүүх шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М овогт Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Бг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.        

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ОДОНЧИМЭГ