Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 183/2023/04232/И |
Дугаар | 210/МА2024/01600 |
Огноо | 2024-08-14 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2024/01600
2024 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 210/МА2024/01600 |
ххххын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/02245 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ххххын нэхэмжлэлтэй,
Хариуцагч хххххт холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 900,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ххххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. хххх миний бие өөрийн өмчлөлийн ххххххххх дүүргийн хх дүгээр хороо, ххххххх гудамж, ххх байрны ххх тоот, зоорийн давхарт хх, хх тоот хаягт байршилтай хххх м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг автомашины зогсоолын зориулалттай хоёр гараашийн хамт 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 0725 тоот Худалдах, худалдан авах гэрээгээр нийт 1,050,000,000 төгрөгөөр хххххт худалдсан.
1.2. Гэрээний төлбөрөөс 550,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлсөн. Үлдэгдэл 500,000,000 төгрөгийг гэрээний 3.2-т зааснаар 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр талууд харилцан тохиролцсон боловч ххххх нь тогтоосон хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөхөөс удаа дараа зайлсхийж өнөөдрийг хүрээд байна.
1.3. Гэрээний 3.5-д гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор талууд тохиролцсон. Төлбөр төлөх сүүлийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл алданги тооцвол 625,000,000 төгрөг болсон байна. Үүнийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу тооцон 250,000,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулна.
1.4. Гэрээний үлдэгдэл төлбөр 500,000,000 төгрөг, түүний алданги 250,000,000 төгрөг нийт 750,000,000 төгрөг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан. Тэрээр уг төлбөрийг удаа дараа төлөхөө илэрхийлж, алдангийг бүрэн төлнө, нэмж 100,000,000 төгрөг төлөхийг илэрхийлж байсан.
Энэхүү нөхцөл нь талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3.6-д ...худалдан авагч тал гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх торгуулийг худалдагч талд суутгуулах бөгөөд үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно ... гэдэг утгаар төлөхөө илэрхийлээд байна.
1.5. Хариуцагчийн гаргаж өгсөн баталгаа, нэмэлт хэлцлээр хүлээсэн үүрэг болох 150,000,000 төгрөгийг өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмэгдүүлж нийт 900,000,000 төгрөг хариуцагч хххххаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ххххтай орон сууц худалдах, худалдан авах 0725 дугаартай гэрээ байгуулсан, тэр өдөртөө байрны үнийн 50 гаруй хувь буюу 550,000,000 төгрөгийг шууд төлсөн. Энэ талаар маргах зүйлгүй. Тухайн үед би анх гэрээ байгуулахын өмнө төлбөрөө бүрэн төлөх боломж нөхцөлийн талаар өөрийн бизнесийн боломжуудыг бодитой үнэн баримтуудыг үзүүлж танилцуулсан. Үүнд:
2.1. хххххх аймгийн хххххх сумын ххх баг, ххххх боомт орчимд байрлах ххххх к.мв талбайг авах дуудлага худалдаанд оролцож ялалт байгуулсан бөгөөд төлбөрийн 1,180,000,000 төгрөгийг төлж, Ачаа ачиж буулгах талбай байгуулах зориулалтаар 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрчилгээ авч, гэрээ байгуулж 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон байсан. Улмаар одоогийн маргаан бүхий орон сууцыг худалдан авах болсон тул энэ талбайгаа "хххххх" ХХК-д компанид компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээгээр 2,5 тэрбум төгрөгөөр худалдах гэрээ байгуулсан байсан.
2.2. Миний хувьд 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ххххххх ХХК-тай Ачааны хагас вагон түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр 100 ширхэг буюу 2 цуваа вагон түрээслэх, Чойр өртөөнөөс БНХАУ-ын Эрээн дэх боомтын өртөөнд хүргэх гэрээ байгуулан гэрээний нөхцлийн дагуу түрээсийн төлбөрт 763,400,000 төгрөгийг урьдчилан төлсөн байсан.
2.3. Хятад Улсын ххххххх ХХК-тай нүүрсийг 1 тонн тутмыг 125,550 төгрөгөөр, нийт 1,255,500,000 төгрөгөөр худалдах гэрээтэй байсан, өмнө нь хэд хэдэн удаа нүүрс нийлүүлсэн тогтсон бизнестэй байсан. Өөрөөр хэлбэл, би өөрийн бизнесийн орлогоор орон сууцны үлдэх төлбөрийг төлөх бүрэн боломжтой байсан юм. Гэвч манай ажил хэвийн явагдаж байх энэ үед УИХ, болон Засгийн газар, Гаалийн болон Төмөр замын байгууллагуудаас удаа дараа шинэ хууль тогтоолууд гарч миний бизнесийн явуулахад давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллүүд бодитойгоор нөлөөлж манай бизнесээс орох орлого 2022 оны 12 сараас эхлэн 2023 оны 8 дугаар сарыг дуустал зогссон.
2.4. хххх бидний хооронд гэрээ байгуулсан дараа төлбөр төлөх хугацаанд Нүүрсний хулгай хэрэг, Төмөр замын дарга нарын хээл хахуулийн хэргүүд дараа дараалан илэрч үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурал, Засгийн Газар, яам агентлагуудаас онцгой арга хэмжээнүүд авч, эрх хатуу хууль тогтоолууд баталж гаргасан. Бүх нүүрстэй холбоотой компаниудад энэ хүнд цохилт болсон. Монгол Улсын Засгийн газраас "Валютын нөөцийг нэмэгдүүлэх тухай" 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 362 дугаар тогтоолыг гаргаж, энэ тогтоолоор нүүрс тээвэрлэдэг компаниудад олгодог "С" зөвшөөрлийг зөвхөн олборлолт хийдэг компаниудад олгох болсон.
Ингэснээр манай компанийн автомашинаар тээвэрлэх эрх зогсоогдсон. Бүх уурхай нүүрсийг хилийн үнээр худалдах, бүх гэрээг цахимжуулж, НӨАТ-ын систем дээр бүртгэлжүүлэхээр заасан бөгөөд энэ ажлыг гүйцэтгэх зохион байгуулалтын ажил нь 2023 оны 7 дугаар сар хүртэл үргэлжлэн явагдсан. Энэ хугацаанд бидний борлуулалтыг мөн зогсоосон. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нүүрсийг зөвхөн нүүрс олборлогчид биржээр худалдахаар заасан учраас уурхайнуудаас нүүрс худалдан авч экспортолдог манай компанийн экспортыг зогсоосон.
УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталж, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нүүрсний биржийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэхээр заасан. Ийм нөхцөл байдал бий болсны дараа надтай гэрээ байгуулсан компаниуд гэрээгээ цуцалж оруулсан мөнгөө буцаан татаж эхэлсэн.
2.5.Түүнчлэн нүүрс экспортлох зах зээл дээр вагоны тээврийн хөлс, вагон ашиглалтын төлбөр 500-750 сая хүртэл өсч манай нүүрсийг экспортлоход ашиггүй байх бодитойгоор хүндрэл учирсан. Энэ бол бодит үйл баримт юм. Дээрх нөхцөл байдлуудын нөлөөллөөс хөрөнгийн эргэлт зогссон. Энэ нь Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар нотлогдоно. Гэрээт ажлууд тасалдаж зогссоноос шалтгаалан манай компани ямар нэгэн ашиг ололгүй алдагдалтай ажилласан нь компанийн жилийн эцсийн тайлан балансаар нотлогдоно.
2.6. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт үндэслэн дээр нөхцөл байдлуудыг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл нь гэрээний хугацааг хэтрүүлэхэд нөлөөлсөн байдлыг тогтоож 250,000,000 төгрөгийн алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж өгнө үү.
Тухайн үед би төлөөгүй 500,000,000 төгрөгийн алданги гэж бодон бичиг хийж өгч байсан. Гэвч 150,000,000 төгрөг нэмж нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Миний хувьд санхүүгийн боломжгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч хххххаас 800,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ххххад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,815,855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хххххаас улсын тэмдэгтийн хураамжид 4,157,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ххххад олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Шүүх хэрэглэвэл зохих зарим хуулийн заалтуудыг хэрэглэлгүйгээр хэргийг шийдвэрлэснээс миний нөхцөл байдлыг дордуулсан. Үүнд:
4.1. Миний бие анх тухайн орон сууцыг худалдаж авахдаа байрны үнийн 50 хувь гаруйн үнийг шууд төлж байраа хүлээж авсан бөгөөд өөрийн хийж гүйцэтгэж байсан ажлууд болон бизнесийн орлогоор төлбөрөө төлөх бүрэн боломжтой байсан болохоо нотлох баримтаар нотолж шүүхэд зохих баримтуудаа гаргаж өгсөн.
Байрны үнийн үлдэгдэл төлбөрийг төлөх явцад төр засгийн болон эрх бүхий агентлаг, яамдуудаас шинээр зарим хууль, тогтоол, журам гаргаж, нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж байсан миний ижил олон компаниудын бизнесийн үйл ажиллагааг зогсоосон нь үнэн байтал шүүх нотлох баримтуудыг үнэлсэнгүй шийдвэрлэсэн.
4.2. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл гэдэг нь тухайн гэрээ хэлцэл байгуулах үед урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал үүссэн, эсвэл тухайн нөхцөл байдал талуудын хяналтаас гадуур болсон, түүнийг даван туулах боломжгүй болсон нөхцөл байдал бөгөөд манай одоогийн мөрдөж байгаа хуулиудаар Засгийн газрын агентлагуудын гэнэтийн хууль тогтоол, шийдвэрүүдийг оруулахаар заасан бөгөөд үүнийг хүндэтгэн үзэх нөхцөл гэж үздэг.
4.3. хххх бидний хооронд гэрээ байгуулсны дараа төлбөр төлөх хугацаанд Нүүрсний хулгай хэрэг, Төмөр замын дарга нарын хээл хахуулийн хэргүүд дараа дараалан илэрч үүнтэй холбоотойгоор Их Хурал засгийн газар яам агентлагуудаас онцгой арга хэмжээнүүд авч, эрх хатуу хууль тогтоолууд баталж гаргасан. Бүх нүүрстэй холбоотой компаниудад энэ хүнд цохилт болсон.
Дээрх нөхцөлүүдээс учирсан хүндрэл бодит байдлууд, бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогсож, ажилчдын цалин түрээсийн төлбөр ч төлөх чадваргүй болж, ямар ч орлогогүй болсон тухайгаа шүүхэд өгсөн тайлбарт бүрэн дурдаж нэхэмжлэгчээс нэхэмжилсэн алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж өгөхийг хүссэн байна.
Иймд, давж заалдах гомдлыг хүлээн авч төлбөл зохих алдангийн хэмжээг 50,000,000 төгрөгөөр бууруулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд ххх тоот байрыг зоорийн давхрын ххххх тоот байр, зогсоолын хамт худалдсан. Байрны бодит ханш өнөөдрийн байдлаар 2,000,000,000 төгрөг хүрсэн. Тухайн үед ххххын хувьд гэрээ байгуулаад хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд дурдсан 550,000,000 төгрөгийг аваад, үлдэгдэл 500,000,000 төгрөгийг авъя гэж 2 жилийн өмнө гэрээ байгуулсан. Энэ хугацаанд ххххх нь мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэхгүйн тулд үүргийн гүйцэтгэл надаас болоогүй гэх байдлаар хэрэгт ач холбогдолгүй ямар нэгэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалсан тайлбар, нүүрсний сонсгол, нүүрсний хулгай гэх баримтыг шүүхэд гаргасан. Энэ 2 жилийн хугацаанд байрны үнэ 25 хувиар өссөн. Бодит зах зээлийн үнэ өндөр болсон үед шүүхээр маргаан үүсгэх нөхцөл байдалд орсон байна.
5.2 Алдангийн хэмжээг 50,000,000 төгрөгөөр бууруулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзсэн. Учир нь, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдах,худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсгээд мөнгөн төлбөрийн үүргийг нөгөө тал нь гүйцэтгэхээр заасан бөгөөд гэрээний 3.5, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг 0,5 хувиар тооцохоор тогтоогоод талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Алдангийн хэмжээ нь 250,000,000 төгрөг болж байгаа өөрөөр хэлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 0,5 хувиар бодохоор алдангийн хэмжээ 50 хувиас дээш гарсныг багасгаад хуульд заасан хэмжээгээр тогтоож өгсөн. ххххх гэх хүнээс хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаан үүсгээгүй.
Хариуцагч гомдолдоо алданги тооцохдоо шүүх буруу тогтоосон гэдэг. Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, мөн гэрээний 3.2-т заасан үндэслэлээр алданги зөв тооцсон.
5.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн талаар ярьдаг. Үүнийг анхан шатны шүүх бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххыг 100 хувь төлөөлж чадахгүй гэх үндэслэлээр шүүх хуралдаан хийгээд шийдвэр гарсан байдаг гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч хххх нь хариуцагч хххххт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 750,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ 150,000,000 төгрөгөөр ихэсгэж, нийт 900,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч би өөрийн бизнесийн орлогоор орон сууцны үлдэх төлбөрийг төлөх бүрэн боломжтой байсан боловч УИХ, болон Засгийн газар, Гаалийн болон Төмөр замын байгууллагуудаас удаа дараа шинэ хууль тогтоолууд гарч миний бизнесийн үйл ажиллагаа явуулахад давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллүүд бодитойгоор нөлөөлж бизнесээс орох орлого 2022 оны 12 сараас эхлэн 2023 оны 8 дугаар сарыг дуустал зогссон, миний буруугаас шалтгаалаагүй нөхцлүүдийн нөлөөллөөр гэрээний төлбөрийн үлдэгдэлийг хугацаа хэтрүүлсэн алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргажээ.
3. хххх, ххххх нар 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 0725 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч хххх нь эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаартай ххххххх дүүрэг, ххх дүгээр хороо, ххххххх гудамж, ххх байр, хххх тоот, зоорийн давхарт байрлах хххххх тоотод байрлах ххххх м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч ххххх нь гэрээний нийт үнэ болох 1,050,000,000 төгрөгөөс 550,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, үлдэгдэл 500,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-6/
4. Худалдагч хххх нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хххххын эзэмшилд шилжүүлэн өгсөн, худалдан авагч ххххх гэрээний үнээс 550,000,000 төгрөг төлсөн үйл баримтыг талуудын тайлбар, хххх банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх-1-2, 20-35, 94-95/
5. Харин зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.
5.1. Талууд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбогдох баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийн эхний хэсгийг гэрээ байгуулсан өдөр, 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор үлдэгдэл үнийг тус тус төлөх, худалдан авсан хөрөнгийг хүлээн авах нөхцөлийг харилцан тохиролцсон нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байна.
5.2. Мөн хариуцагч ххххх нь 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрээний төлбөрийн үлдэгдэл 500,000,000 төгрөг, түүний алданги 250,000,000 төгрөгийг 2023.07.02-ны өдөр төлбөр төлбөл нэмж 50,000,000 төгрөгийн хүү бодож төлөхөө илэрхийлсэн баримт үйлдэж /хх-8/ нэхэмжлэгч ххххад хүргүүлсэн нь дээрх хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т зааснаар төлбөр төлөх хүүгийн хэмжээний талаар талуудыг харилцан тохиролцсон гэж үзэхгүй. Иймд, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
6. Хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр 500,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх үүргээ гүйцэтгээгүй болохоо зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан тул түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг нэхэмжлэгч тал шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх, зохигчдын тайлбар, хариуцагч хххххын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн бичгээр үйлдсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 550,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдэлд зохигчид давж заалдах журмаар гомдол гаргаагүй болно.
7. Талуудын гэрээний 3.5-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх-өөр тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заасантай нийцсэн байна.
7.1. Хариуцагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй үйл баримт хэргийн нотлох баримтаар тогтоогдсон тул хоног тутамд гүйцэтгээгүй үүрэг болох 500,000,000 төгрөгийн 0,5 хувиар тооцон алданги төлөх үүрэгтэй.
7.2. Харин хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг анхан шатны шүүх багасгах боломжтой байжээ.
7.3. Хариуцагч нь шүүхэд тухайн үед би гэрээ байгуулахын өмнө төлбөрөө бүрэн төлөх боломж нөхцлийн талаар өөрийн бизнесийн боломжуудыг бодитой үнэн баримтуудыг үзүүлж танилцуулсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч нь үгүйсгэж, маргаагүй. Түүнчлэн хариуцагч хххххххххх гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгэж чадаагүй үндэслэлээ бизнесийн үйл ажиллагаанд Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдон Монгол Улсын Засгийн газраас авсан хорио цээрийн арга хэмжээ нөлөөлж, бизнесийн орлого буурсан гэж тайлбарлан холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
8. Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал буюу хариуцагчийн гүйцэтгэсэн үүрэг болон гүйцэтгэвэл зохих үүрэг, гэрээгээр тохироогүй боловч нэмж өгөхөөр тохирсон үүрэг, эдгээр үүргээ гүйцэтгэхэд саад болсон хүчин зүйл зэргийг харгалзан алдангийн хэмжээг 200,000,000 төгрөгөөр тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийн заасантай нийцнэ. Энэ үндэслэлээр алдангиас 50,000,000 төгрөг багасгуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангана.
Харин Бараа худалдах, худалдан авах тухай олон улсын конвенцийг хэрэглэх тухайд олон улсын хувийн эрх зүйн харилцаанд энэхүү конвенцийг маргаан гарсан тохиолдолд хэрэглэхээр тохирсон гэрээний талуудад хамаарах тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад хууль хэрэглээний болон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад тус тус өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/02245 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 гэж, 800,000,000 гэснийг 750,000,000 гэж, 100,000,000 гэснийг 150,000,000 гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 4,157,950 гэснийг 3,907,950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Ч.ЦЭНД