Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2023/0466/з |
Дугаар | 001/ХТ2023/0079 |
Огноо | 2023-10-30 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2023/0079
Баянгол дүүргийн Татварын хэлтсийн
татварын улсын байцаагч
А.Б, Б.А нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: Д.Батбаатар
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0549 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2023/0506 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 385 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Б.Б, хариуцагч татварын улсын байцаагч А.Б, Б.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Б.А нарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-...... дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
2.1. “... Өмнө төлсөн татварыг давхардуулан ногдуулсан. Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн “Татвар төлөх үүрэг дуусгавар болох, бусдад шилжих” буюу 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10.1.2-т заасан “Тухайн төрлийн татварыг төлж дууссан” гэж, Татварын ерөнхий хууль /2020 оны/-ийн “Татварын үйл ажиллагаанд баримтлах зарчим” буюу 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.3-т “шудрага байх” гэж, “татвар төлөх үүрэг дуусгавар болох, бусдад шилжих” буюу 14 дугээр зүйлийн 1 дэх хэсгийн 14.1.1-д заасан “тухайн төрлийн татварын өрийг төлж дууссан” гэж тус тус заасантай зөрчилдөж байна.
2.2. 2011 оны татварт нөхөн ногдуулалт хийсэн нь татварын хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн. 2011 оны татварын асуудлаар эрүүгийн журмаар шалгаад эцэслэн шийдвэрлэсэн прокурорын шийдвэр 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гарсан. Татварын улсын байцаагч нар хууль, хяналтын байгууллага эцсийн шийдвэр гаргаснаас хойш 8 жилийн дараа татварын хяналт шалгалт хийсэн нь Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйл, Татварын ерөнхий хууль /2020 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4-т заасныг зөрчсөн” гэжээ.
3. Хариуцагчийн хариу тайлбар:
3.1. “... 2011 онд 293,727,455 төгрөгийн хуурамч падаантай худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр зах зээлээс худалдан авсан гэж тайлагнасан байдаг нь төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчил гэж үзэж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.1, 14.5 дахь хэсэг зааснаар хяналт шалгалтын явцад ямар нэгэн хасаж тооцсон зүйл байхгүй. 2010 оны зөрчилд Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хариуцлага ногдуулаагүй.
3.2. ... Нэхэмжлэгчийн гаргасан 2011 оны зөрчилд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу торгууль, алдангиас чөлөөлсөн. Маргаан бүхий актаар зөвхөн нөхөн татварын ногдуулсан.
3.3. Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үүссэн татварын хяналт шалгалттай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуульд заасны дагуу тогтооно гэж заасан. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт татвар төлөгч хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан. Үүний дагуу акт үйлдсэн.
3.4. Мөн Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газраас тухайн маргаад байгаа асуудалтай холбоотойгоор чиглэл ирүүлсэн байдаг. Үүнийг үндэслэсэн.
3.5. Татварын улсын байцаагч С.Д, Ё.Э нар 2012 онд татварын хяналт шалгалт хийгээд мөн оны 10 дугаар сарын 31-ний өдөр дүгнэлт үйлдэж, цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байдаг. Хэргийг Цагдаагийн ерөнхий газрын улсын мөрдөн байцаах газарт шалгуулахаар 2012 онд шилжүүлж, 2015 онд прокурорын тогтоол гарсан байсан. Энэ тогтоолыг бид 2020 оны 07 дугаар сард гардаж авч байгаа учраас тухайн хөөн хэлэлцэх хугацаа тасалдлыг тооцсон.” гэх агуулгатай тайлбар ирүүлсэн байна.
4. Хэргийн нөхцөл байдал:
4.1. Анх Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар “Т...” ХХК-ийн 2010-2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийг анхан шатны баримт, санхүүгийн тайлан, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 260028 дугаар дүгнэлтээр 625635.5 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаантай худалдан авалтыг санхүүгийн тайлан тэнцэл, нэмэгдэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг санаатайгаар буруулан, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гэж үзэж цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн байна.
4.2. Нэхэмжлэгч компаниас 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн татварын хэлтсийн “Х” банк дахь дансанд НӨАТ-ын нөхөн татвар гүйлгээний утгаар 58,839,500.00 төгрөгийг шилжүүлж байжээ.
4.3. Дээр дурдсан, татварын улсын байцаагчийн 2012 оны 260028 тоот дүгнэлтээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаар прокурорын тогтоолоор ...... дугаартай эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.
4.4. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/3506 дугаар албан бичгээр дээрх прокурорын тогтоолыг Баянгол дүүргийн татварын хэлтэст хуулбарлан ирүүлсэн.
4.5. Татварын ерөнхий газраас 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 06/2272 дугаар албан бичгээр Том татвар, төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэст “... 45 дүгнэлтэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол гарсан байна, ... Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, шалгагдаж байх хугацаандаа хохирлоо төлж, өршөөлийн хуульд хамрагдсан татвар төлөгчийн төлөлтийг шалгаж, төлөлт бүртгэгдсэн тохиолдолд Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолыг үндэслэн ногдол үүсгэх замаар илүү төлөлтийг хааж шийдвэрлэх...” чиглэлийг хүргүүлжээ.
4.6. Улмаар Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нараас “ ... 2011 онд хуурамч падаантай худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр зах зээлээс худалдан авсан гэж тайлагнасан нь төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчил”-д маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч “Т...” ХХК-нд 29,372,745.5 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр тогтоосон байна.
4.7. “Т...” ХХК уг актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан, тус зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр: Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4, 47 дугаар зүйлийн 47.18, 47.19, 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэг, 81.1.3, 81.1.4 дэх заалт, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.16 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т...” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн:
5.1. “... хариуцагч нараас ... Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2015 оны ... дугаартай тогтоолыг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/3506 тоот албан бичгээр хүлээн авсан өдрийг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан өдөр гэж үзэж, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр НА-...... дугаартай нөхөн ногдуулалтын актыг гаргаснаа 4 жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор багтсан гэж тайлбарлаж байгаа нь Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйл, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4, 47 дугаар зүйлийн 47.18, 47.19, 81 дүгээр зүйлийн 81.1, 81.1.3, 81.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.16 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтуудад нийцэхгүй байна.
5.2. Учир нь, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт ... эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар ... татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаас үзэхэд хууль тогтоогч хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэрийг хүлээн авсан /гардан авсан/ хугацааг бус, харин эцсийн шийдвэр гарсан хугацааг онцлон хуульчилсан.
5.3. Тус прокурорын тогтоол гарах хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах бөгөөд түүнээс хойш буюу 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш татварын хяналт шалгалтын хөөн хэлэлцэх хугацаа буюу 4 жилийн хугацааг шинээр тоолно. Ийнхүү тоолоход дээрх хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болсон байх бөгөөд тийм байхад хариуцагч нар 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр маргаж буй НА-...... дугаартай нөхөн ногдуулалтын актыг гаргасан нь хуульд нийцээгүй.
5.4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн акт гаргасан гэж дүгнэж байх тул “өмнө төлсөн татварыг давхардуулан ногдуулсан” гэх маргааны талаар дүгнэлт хийхгүй” гэжээ.
6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор хэргийг хянаад хэлэлцээд: анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хууль /2019 оны/ 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 5.1.3, 15 дугаар зүйлийн 15.1, 15.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс дараах агуулгатай дүгнэлтийг хийжээ:
6.1. “... Хэрэгт авагдсан баримтуудаар, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаартай тогтоолыг ... тухайн үед Баянгол дүүргийн Татварын хэлтэст хүргүүлсэн гэх үйл баримт огт тогтоогдохгүй, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/3506 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн татварын хэлтэст прокурорын тогтоолыг хуулбарлан хүргүүлсэн байна.
6.2. Татварын ерөнхий газраас 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 06/2272 дугаар албан бичгийг Том татвар, төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэст хүргүүлсэн, үүний дагуу Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга мөрдөж эхэлснээс хойших хугацаанд гардаж авсан прокурорын тогтоолтой дүгнэлтийг захиргааны акт болгохдоо Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг баримтлан Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасныг үндэслэн татварын улсын байцаагчийн бичиж, цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн өдрөөс эхлэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол гарч, түүнийг гардан авсан өдрийг хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулж тоолно гэсэн бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ... дугаар тогтоолыг гардан авсан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.
6.3. Нэхэмжлэгч компаниас нэмэгдсэн өртгийн албаны татварын хуурамч падаантай худалдан авалтыг санхүүгийн тайланд тусгаж, татвар ногдох орлогоо буруу тодорхойлсонтойгоо маргаагүй төдийгүй энэ нөхцөл байдал нь прокурорын тогтоолоор нэгэнт тогтоогдсон байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тогтоол гаргасан болохоо мэдэгдээгүй, 2020 онд татварын байгууллага өөрөө албан бичиг явуулан, хариуг хүлээн авснаар уг тогтоол гарсныг мэдэж, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн НА-...... дугаар нөхөн ногдуулалтын актаар 29,372,745.5 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:”, 5.1.1-д “зайлшгүй байх;”, 5.1.3-д “шударга байх;” зарчимд нийцсэн. ...” гэх дүгнэлтүүдийг хийсэн байна.
7. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Б.Б нар 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.
7.1. ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үзэж байгаачлан “... татварын улсын байцаагчийн бичиж, цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн өдрөөс эхлэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарч, түүнийг гардан авсан өдрийг хүртэлх хугацааг тасалдуулж тоолно.” хэмээн заагаагүй бөгөөд хуульд “гардан авах” гэсэн ойлголт байхгүй байна...
7.2. ... Хариуцагч нар нь Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ... дугаар тогтоолыг гардан авсан хугацаа нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гэж тайлбарлан, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.
7.3. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ... дугаар тогтоолыг тухайн үед гардаж аваагүй, мэдээгүй байсан гэж тайлбарласныг бүрэн нотлоогүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Зүй нь, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ... дугаар тогтоолыг тухайн үед мэдэгдсэн эсэх баримтыг холбогдох байгууллагын архиваас шүүхийн журмаар гаргуулан авч судлан, нотлох хэрэгцээ шаардлага, үүрэг нь Захиргааны хэргийн шүүхэд байгаа.
7.4. Түүнчлэн тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.4-т “Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг сэжигтэн, яллагдагч, хохирогчид 3 хоногийн дотор мэдэгдэж, гомдол гаргах журмыг тайлбарлан өгнө” гэж заасан байдаг.
7.5. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг татварын алба зохих журмын дагуу мэдээгүй...” гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь хуульд “мэдэгдэх”-ийг заавал бичгээр хэмээн тухайлан заагаагүй ба цахимаар болон аман /харилцаа холбоо ашигласан байж болох/ хэлбэрээр мэдэгдсэн байж болох боломжтой юм. Нөгөө талаар прокурорын байгууллагын зүгээс эрүүгийн хэрэг хааж архивт хүлээлгэн өгөхдөө хэргийн оролцогч нарт шийдвэр мэдэгдсэн эсэх талаар тэмдэглэгээ хийсэн байх ёстой.
7.6. Дээр дурдсан хууль хэрэглээний нэгдмэл байдал хомс, хуулийг шүүхээс зөрүүтэй тайлбарлан хэрэглэдэг, хуульд заасан зарчмыг бүрэн хэрэгжүүлээгүй байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан үндсэн зарчим, зорилгодоо нийцээгүй бөгөөд нэхэмжлэл гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулаад байна.
7.7. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 127.2.4-т зааснаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
8. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
9. Хариуцагч татварын улсын байцаагч А.Б-д 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хяналтын журмаар гомдол гаргасан тухай утсаар мэдэгджээ. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
10. Шүүхүүд Татварын ерөнхий хууль (2019)-ийн 15 дугаар зүйлд заасан “татварын хөөн хэлэлцэх хугацаа”-ны зохицуулалт, тодруулбал, 15 дугаар зүйлийн 15.4-т заасан “Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэх зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан”, “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” шийдлээр маргааныг өөр өөрөөр шийдвэрлэсэн байх тул хяналтын шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдуулан “татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдах” агуулгыг тайлбарлан, шүүхүүдийн хууль хэрэглээний зөрүүг арилгах шаардлагатай гэж үзэв.
11. Татварын ерөнхий хуулиар тогтоосон татварын хөөн хэлэлцэх хугацаа, “татварын хөөн хэлэлцэх хугацаа тоолох”, “татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдах” зохицуулалтууд нь процессын эрх зүйн хэм хэмжээ бөгөөд процессын эрх зүйн хэм хэмжээг буцаан хэрэглэхгүй, энэ тохиолдолд, маргаан бүхий актыг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хууль (2019)-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4-т заасан зохицуулалтуудыг “акт үйлдэх” үйл ажиллагаанд баримтална.
12. Татварын ерөнхий хууль (2019)-ийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх ...”-аар, 15.4-т “Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдах”-аар тус тус заасан, анхан шатны шүүх уг хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэжээ.
13. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ..... дугаар дүгнэлтээр “Т...” ХХК-ийг “... 2010-2011 онд 625,635.5 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаантай худалдан авалтыг санхүүгийн тайлан тэнцэл, нэмэгдэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусган татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг санаатайгаар буруулан, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй” гэж үзэж, цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн, үүний дагуу тус компанид холбогдуулан ...... дугаартай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын ... дугаар тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг тогтоол хүчин төгөлдөр болсон байна.
14. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нараас “ ... 2011 онд хуурамч падаантай худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр зах зээлээс худалдан авсан гэж тайлагнасан нь төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчил”-д маргаан бүхий 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-...... дугаартай нөхөн ногдуулалтын актаар “Т...” ХХК-нд 29,372,745.5 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр тогтоосон үндэслэлээ “2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын ... дугаар тогтоолыг тухайн үед нь мэдээгүй, ... 2022 онд мэдсэнээр акт тогтоосон” гэж тайлбарласнаас үзвэл, хариуцагч татварын улсын байцаагч нар акт гаргахдаа хуулиар тогтоосон процессын хэм хэмжээг зөв хэрэгжүүлээгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
15. Татварын ерөнхий хууль (2019)-ийн 15 дугаар зүйлийн 15.4-т “Татвар төлөгч татварын асуудлаар ... хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдах”-аар заасныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, татвар төлөгч “Т...” ХХК нь “2010-2011 онд нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаан ашиглаж, татвар ногдуулах орлогыг санаатайгаар буруулан, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн” гэх асуудлаар, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн татварын улсын байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ..... дугаар дүгнэлт бичигдсэн өдрөөс татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдан, цагдаа, прокурорын байгууллагаар шалгагдах хугацаанд үргэлжилж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаар тогтоол гарснаар хөөн хэлэлцэх хугацаа эргэж сэргэсэн гэж үзнэ.
16. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд “... эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаа” нь прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаар тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацааг ойлгоно, прокурорын тогтоолыг татварын байгууллага хэзээ мэдсэн, эсхүл хуулбарлан авсан хугацаа нь дээрх зохицуулалтын агуулгад хамааралгүй.
17. Хуулиар тогтоосон өөрийн чиг үүргийн хүрээнд захиргааны байгууллагаас “захиргааны акт” гаргахдаа хууль тогтоомжоор тогтоосон журмыг баримтална, хуульд заасан “эцсийн шийдвэр гарах хүртэл” гэсэн заалтыг уг шийдвэрийг захиргааны байгууллага “олж мэдэх хүртэл” гэх агуулгаар шүүх тайлбарлан хэрэглэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
18. Харин давж заалдах шатны шүүх “...... Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ... дугаар тогтоол гаргасан болохоо мэдэгдээгүй, 2020 онд татварын байгууллага өөрөө албан бичиг явуулан, хариуг хүлээн авснаар уг тогтоол гарсныг мэдсэн байна, ... прокурорын тогтоолыг гардан авсан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан” гэж Татварын ерөнхий хуулиар тусгайлан тогтоосон “татварын хөөн хэлэлцэх хугацаа тоолох”, “хөөн хэлэлцэх хугацаа тасалдах” зохицуулалтын агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримтад холбогдох хуулийн нарийвчилсан зохицуулалт болох Татварын ерөнхий хууль (2019)-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх заалтуудыг тайлбарлаагүй, “...нөхөн ногдуулалтын акт гаргасан нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:”, 5.1.1-д “зайлшгүй байх;”, 5.1.3-д “шударга байх;” зарчимд нийцсэн гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь буруу.
19. Түүнчлэн, Татварын ерөнхий газраас аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсүүдэд хандан албан бичгээр хүргүүлсэн “чиглэл” нь Татварын ерөнхий хуулийн “хөөн хэлэлцэх хугацаа”-ны зохицуулалтыг шүүх өөрөөр хэрэгжүүлэх, эсхүл хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй, энэ агуулгаар гаргаж буй хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй.
20. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Б.Б нарын хяналтын журмаар гаргасан “... татварын улсын байцаагчийн бичиж, цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн өдрөөс эхлэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарч, түүнийг гардан авсан өдрийг хүртэлх хугацааг тасалдуулж тоолно” гэж хуульд заагаагүй, хуульд “гардан авах” гэсэн ойлголт байхгүй ... /байхад/ давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх агуулгатай гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2023/0506 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0549 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ