Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1586

 

С.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00270 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л Ж Х-д холбогдох

 

72 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Н миний бие 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Солонгос улсын иргэн Л.Ж.Х-тай зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Л.Ж.Х нь гэрээнд заасан хугацаанд зээл хүүгээ төлөөгүй тул зээлийн гэрээг 2013 оны 01 дүгээр сарын 26 хүртэл 2 сараар, 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 1 сараар сунгаж нэмэлт гэрээ байгуулсан.

Дээрх гэрээнд заасан хугацаа дуусахад Л.Ж.Х нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй сүүлдээ олдохгүй байсан тул түүнийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж хаягийг нь тогтоож, нэхэмжлэл гаргасан.

Нэмэлт гэрээгээр гэрээний хугацааг 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сунгаж хугацаа хэтэрсэн тохиолдолд барьцаа болгож ........ дүүрэг ........ дүгээр хороо .......... айлын орон сууцны 02, .......... тоот 2 байрыг захиран зарцуулах эрхийг олгосон гэж ойлгож байсан, гэтэл Л.Ж.Х нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 3/1603 тоот шаардах хуудсаар О.С-г 02 тоот орон сууцыг суллаж өгөхийг шаардсан байна. Иймээс Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2, 236.1.3, 236.2-т заасны дагуу талууд харилцан тохиролцож үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тул үүргийн харилцаа дуусгавар болсон гэж үзэх боломжгүй юм. Би нэмэлт гэрээнд зааснаар ...... дүүрэг ...... дүгээр хороо ...... айлын орон сууцны ..... тоот 2 байрыг захиран зарцуулах эрхийг надад олгосон гэж ойлгоод Б.Б-г дагуулан ирж Л.Ж.Х нь Б.Б-тай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан 12 300 000 төгрөгийг би хүлээн авсан. Мөн О.С-д ..... тоот байрыг зарахаар тохиролцож 5 000 000 төгрөг авсан. Зээлдүүлсэн мөнгөний хүүд 2 000 000 төгрөг авсан, эдгээрийг нийт зээлээс хасахыг хүлээн зөвшөөрнө.

Иймд Л.Ж.Х-гаас 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний дагуу үндсэн зээл 40 000 000 төгрөг, 5 сарын хүү 12 000 000 төгрөг, алдангид 20 000 000 төгрөг нийт 72 000 000 төгрөг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНСУ-ын иргэн  /Л.Ж.Х/ миний бие ...... дүүрэгт ....... айлын орон сууцны барилгын ажил хийж байх үедээ Монгол улсын иргэн С.Н тай 2012 оны 9 дүгээр сарын 26-нд зээлийн гэрээ байгуулан 40 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлсэн нь үнэн. Зээлийн хугацаанд 2 сая төгрөгийг зээлийн хүүд төлсөн. С.Н нь зээлийн гэрээ хийж надад мөнгө зээлдүүлсэн өдөртөө ........ дүүргийн .......дүгээр хорооны ...... айлын орон сууцны ...... болон ....... тоот тус тус 2 өрөө 45,76 м.кв байрыг нэг бүрийг нь 49 000 000 төгрөгт тооцож худалдаж авахаар 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Орон сууц захиалгаар барих 2 ширхэг гэрээг надтай байгуулсан.

Тус 30 айлын орон сууцны санхүүжилт зогссоны улмаас улсын комисст хүлээлгэн өгч чадаагүй, Н-аас зээлсэн мөнгөө өгч чадахгүй байсан. 2013 оны 3 дугаар сард С.Н нь Багануур дахь байрны 05 тоотод оршин суух хүн байна гээд Б.Б-г дагуулан ирсэн. Тухайн үед С.Н ад өгөх мөнгө байгаагүй тул С.Н-ын саналыг хүлээн авч Орон сууц захиалгаар барих тухай гэрээг Б.Б гийн нэр дээр хийх Б.Б нь тус орон сууцны төлбөрийг С.Н ад төлөхөөр болсон. С.Н нь байрны үнийг 41 000 000 төгрөг болгон бууруулж гэрээ хийх, зөрүү төлбөрийг бүгдийг нь авна гэхэд надад хохиролтой байсан хэдий ч 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд С.Н тай тооцоо дуусахаар тохиролцсон. Б.Б нь С.Н ад 12 300 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн бөгөөд Б.Б нь ... тоотод амьдарч байна. С.Н 2014 оны 4 дүгээр сард 02 тоот байрны цоожийг эвдэн О.С тай 2014 оны 5 дугаар сарын 14-нд гэрээ хийж 5 000 000 төгрөг авсан байна. Би О.С-г 02 тоотод оруулахыг зөвшөөрөөгүй тул О.С-д байр чөлөөлж өгөх тухай шаардлага тавихад С.Н ад 15-25 сая төгрөг төлсөн хэмээн ярьж өнөөдрийг хүртэл хууль бусаар амьдарч байна. Багануур дүүргийн 30 айлын орон сууцыг 2015 оны 11 дүгээр сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Миний хувьд С.Н-ын төлбөрт Багануур дүүргийн 30 айлын орон сууцнаас 05 тоот орон сууцыг Нармандахын хүсэлтээр Б.Б гаас ямар нэгэн төлбөр авалгүй Баярааг оруулж өнөөдрийг хүртэл амьдруулж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2, 236.1.3, 236.2-т заасны дагуу талууд харилцан тохиролцож үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тул үүргийн харилцаа дуусгавар болсон гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ...........дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 айлын орон сууцны 02 тоот 2 өрөө байрыг 45 000 000 төгрөгөөр худалдан авахаар С.Н тай тохиролцож урьдчилгаанд нь 5 000 000 төгрөг өгсөн. Би С.Н ыг энэ байрыг зарах эрхтэй хүн гэж ойлгож байсан тул 5 000 000 төгрөгөө өгсөн гэтэл намайг “Э” ХХК-ийн захирал Л.Ж.Х нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 3/1603 тоот шаардах хуудсаар 02 тоот орон сууцыг суллаж өгөхийг шаардсан. Байдал нэгэнт ийм болж байгаа тохиолдолд би Б.Б-тай адилхан Орон сууц захиалгаар бариулах гэрээг Л.Ж.Х-тай хийхийг хүсэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан БНСУ-ын иргэн /Л.Ж.Х/- гаас 52 700 000 төгрөг гаргуулж С.Н ад олгож, нэхэмжлэлээс 19 300 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 421 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу тайлбар, гуравдагч этгээдийн шүүхэд гаргаж өгсөн тайлбар мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтанд хангалттай үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Хэрэгт авагдсан баримтаар С.Н Л.Ж.Х нарын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийн биелэлтийн явцад зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэгч нь гуравдагч этгээд болох Б.Б , О.С нараас 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн явцад нийт 17 300 000 төгрөгийг гэрээний үүрэгт тооцон авч цаашид үлдэгдлийг Иргэний хуулийн 236 дугаар 236.1.2, 236.1.3, 236.2-т заасны дагуу гуравдагч этгээд болох Б.Б гаар хангуулахаар тохиролцсон болох нь Б.Б гийн тайлбар нэхэмжлэгчид мөнгө шилжүүлсэн баримт, орон сууц захиалгын гэрээ, оршин суугаа тодорхойлолт зэргээр тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн зээлийн гэрээний үүрэг түүнтэй холбоотой шаардлагыг онцолж шийдвэрлэсэн. Харин хариуцагч нь Б.Б гийн эзэмшиж буй байрыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээс, гуравдагч этгээд О.С-д 2 өрөө 45.76 м.кв талбай бүхий орон сууцыг тухайн үеийн ханшаар буюу 49 000 000 төгрөгт тооцон шилжүүлэх, үнийн дүнгээс нэхэмжлэгчид өгсөн 5 000 000 төгрөгийг хасч тооцохоос татгалзаагүй болно.

Багануур дүүрэг дэх 30 айлын орон сууцны эзэмшигч нь тухайн үед ч тэр одоо ч “Э” ХХК байгаа, гэтэл тус орон сууцны ..... болон .... тоот 2 өрөө 45.76 м2 талбай бүхий 49 000 000 төгрөгний /тухайн үеийн зах зээлийн ханшаар/ үнэ бүхий орон сууцанд амьдарч буй О.С /эзэмшигчийн зөвшөөрөлгүй 2014 оны 4 сараас хойш/ Б.Б эзэмшигчийн зөвшөөрлөөр /2013 оны 3 сараас/ нараас байрны урьдчилгаа төлбөр авсан хүн бол нэхэмжлэгч. Анхан шатны шүүх иргэд хоорондын зээлийн гэрээнд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-т заасныг баримтлан анз тооцсоныг эс зөвшөөрч байгаа болно. Учир нь Иргэний хуулийн 281-286 дугаар зүйлүүдэд зээлийн гэрээнд анзыг хэрэглэх талаар зохицуулалт байдаггүй бөгөөд харин мөн хуулийн 452.2 дахь заалтанд “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж заасан байдаг. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл бүхий хэмээн дүгнэж хэрэг маргааныг шийдсэн бөгөөд хариуцагчаас төлсөн гэж тооцогдож байгаа 17 300 000 төгрөг, нэхэмжлэгчид өгсөн 2 000 000 төгрөгийг /талууд маргаагүй/ гүйцэтгэлээс хасч тооцохгүй байгаа нь, мөн гуравдагч этгээдүүдээс төлсөн 17 300 000 төгрөгийг хохирлоос яагаад хасч тооцож байгаа, энэ нь гуравдагч этгээдүүдийн эрх ашигтай хэрхэн уялдах талаар огт дурдаагүй нь ойлгомжгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч Л Ж Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 72 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, талууд харилцан тохиролцож үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тул үүргийн харилцаа дуусгавар болсон гэж маргажээ.

Талууд 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нь 40 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээний хугацааг 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сунгаж, хугацаа хэтэрсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох .......дүүрэг ....... дүгээр хороо ...... айлын орон сууцны ....., ....... тоот 2 байрыг захиран зарцуулах эрхийг олгохоор нэмэлт гэрээ байгуулсан талаар маргаагүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Анх гэрээ байгуулсан өдөр хариуцагч нь дээрх зээлийн гэрээнд дурдсан өөрийн компанийн барьж буй 2 өрөө, 2 орон сууцыг “Захиалан бариулах гэрээ”-г нэхэмжлэгчтэй байгуулсан байх боловч, уг орон сууцнуудыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөөгүй, энэ талаарх баримтгүй тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2, 236.1.3, 236.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг өөр үүргийн гүйцэтгэлээр хангуулсан гэж үзэхгүй юм.

 

Мөн уг орон сууцнуудыг захиран зарцуулах эрх олгохоор зээлийн гэрээ, нэмэлт гэрээгээр талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар барьцааны гэрээ байгуулаагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Талууд дээрх гэрээнүүдэд зээлийг хүүгийн хамт төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас анз шаардах эрхтэй байна.

 

Иргэд хоорондын зээлийн харилцаанд анз тооцохыг хуулиар хориглоогүй болно.

 

Хариуцагч Л.Ж.Х нь зээлийн төлбөрт 2 000 000 төгрөг төлж, гуравдагч этгээд Б.Б-тай дээр дурдсан орон сууцны нэгийг 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, түүний урьдчилгаанд төлсөн 12 300 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж, үлдэх орон сууцыг нэхэмжлэгч 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хэлцлийн дагуу гуравдагч этгээд О.С-д шилжүүлэхээр тохиролцсоны дагуу түүнээс 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгч авсан болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тайлбар, мөнгө шилжүүлсэн баримтуудаар тогтоогдсон бөгөөд хариуцагч үүнийг няцаасан тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Гуравдагч этгээдүүд нь бие даасан шаардлага гаргаагүй тул зохигчтой тэдгээрийн байгуулсан гэрээний талаар дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд нь шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүй юм.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 486 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

  

                            ШҮҮГЧИД                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                      

                                                                                                        С.ЭНХТӨР