Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Халтарын Энхжаргал /ЗЮ70121161/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ‘’Элбэг хайрхан’’ ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл, алданги нийт 3135000 /гурван сая нэг зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э хариуцагчийн төлөөлөгч Б.Ц, төрийг төлөөлж хяналтын прокурор Ж.О  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ‘’Элбэг хайрхан’’ ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй 2014 оны 04-12 сар, 2015 оны 01-12 дугаар сарыг дуустал  хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус санд шилжүүлээгүй зөрчилтэй ажиллаж байна. Нийгмийн даатгалын санд хугацаандаа шилжүүлээгүй “Элбэг хайрхан” ХХК-ний нийгмийн даатгалын шимтгэлийг 1650000 төгрөгийг барагдуулах шат дараалсан арга хэмжээ авч удаа дараа тус ХХК-ийн удирдах албан тушаалтанд мэдэгдэхэд зээлтэй аж ахуй нэгж байгууллагууд зээлээ төлмөгц барагдуулна гэсэн хариу тайлбарыг өгч байсан. Гэтэл одоог хүртэл төлбөрийг барагдуулахгүй байгаа тул 2015 оны 06 сарын 15-ны өдөр Улсын байцаагчийн №11 дугаартай акт үйлдэж, нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс 7500000 төгрөг, түүнтэй адилтгах орлогод ногдох шимтгэлийн 1650000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоногийн алданги 825000 төгрөг, нийт 2475000 төгрөгийн актын төлбөр барагдуулах хугацаа өгсөн. Тус ХХК-ний захирал  нар нь уг актын төлбөрийг заасан хугацаанд барагдуулаагүй төдийгүй тус ХХК-ийн 2015 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны шимтгэлийг нийгмийн даатгалын санд шилжүүлэхгүй даатгуулагч иргэдийг хохироож байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь заалтын дагуу 2015 оны 6 дугаар сарын 15-ний өдрийн ‘’Элбэг хайрхан’’ ХХК-ийн 2475000 төгрөгийн актын төлбөр, 2015 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын санд шилжүүлээгүй шимтгэлийн 660000 төгрөг, нийт 3135000 төгрөгийн шимтгэлийн авлагыг ‘’Элбэг хайрхан’’ ХХК-иас гаргуулан нийгмийн даатгалын санд шилжүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “компани нь Нийгмийн датгалын хэлтэст Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлнө. Харин энэ шимтгэл төлөөгүй улмаас тавигдсан алданги болох 825000 /найман зуун хорин таван мянга/ төгрөгийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т ‘’хуульд тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ’’, 10.2-т энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл 2015 оны 7 сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин  төгөлдөр болон шийтгэх тогтоол, шийдвэр төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна гэж заасны дагуу манай аж ахуй нэгжийн өр төлбөрөөс алдангийн өрд хамаарах хэсэг өршөөлд хамрах үндэслэлтэй гэж үзэж байна  гэв.

Төрийг төлөөлсөн хяналтын прокурор Ж.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Очирбат би Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож байна. ‘’Элбэг хайрхан’’ компаниас 3135000 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн. Энэ нь нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч талын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан улсын байцаагчийн акт, актын хавсралт, А.Нэргүйн тайлбар, Б.Догоосүрэнгийн тайлбар, ярилцлагын тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр хариуцагч ‘’Элбэг хайрхан’’ компаниас нийгмийн даатгалын шимтгэлийн 2310000 төгрөг, алданги 825000 төгрөг, нийт 3135000 төгрөгийг гаргуулахаар байна.  Иймд 3135000 төгрөгийг ‘’Элбэг хайрхан’’ компаниас гаргуулж,  Дундговь аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтэст олгуулах нь зүйтэй гэсэн саналыг оруулж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, төрийг төлөөлж оролцсон хяналтын прокурор Ж.Очирбатын дүгнэлт шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Дундговь аймгийн  Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Х.Э нь ‘’Элбэг хайрхан’’ ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэл 2310000 /хоёр сая гурван зуун арван мянга/  төгрөг, алданги 825000 /найман зуун хорин таван мянга/ төгрөг, нийт 3135000 /гурван сая нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь 2310000 /хоёр сая гурван зуун арван мянга/ төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд маргаагүй бөгөөд харин үүргээ гүйцэтгээгүйн улмаас тооцож буй алданги 825000 /найман зуун хорин таван мянга/ төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ. Учир нь Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т ‘’хуульд тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ’’, 10.2-т энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл 2015 оны 7 сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин  төгөлдөр шийдвэр болон шийтгэх тогтоол, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна гэж заасны дагуу манай байгууллага нь  825000 /найман зуун хорин таван мянга/ төгрөгийн алданги төлөхөөс чөлөөлөгдөх тул  төлөхгүй гэжээ.

Хэрэгт авагдсан дараах баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан. Үүнд:

 

  1. Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл, алданги төлүүлэх тухай Улсын байцаагчийн акт /хэргийн 4-р хуудас/
  2. ‘’Элбэг хайрхан’’ ХХК-ийн 2014 он, 2015 оны нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, төлөлтөнд хийгдсэн шалгалтын актын хавсралт /хэргийн 5-7-р хуудас/
  3. УНДЕГ заавал даатгах даатгуулагчидын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл /ШО-9/ /хэргийн 8-9-р хуудас/
  4. Нийгмийн даатгалын хэлтсийн ахлах нягтлан бодогч, Улсын байцаагч Р.Нэргүйн шүүхэд гаргасан тодорхойлолт /хэргийн 10-р хуудас/
  5. Орлого шимтгэлийн улсын байцаагч Б.Догоосүрэнгийн шүүхэд гаргасан тодорхойлолт /хэргийн 11-р хуудас/
  6. Улсын Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2014.10.10-ны өдрийн 06 тоот мэдэгдэл /хэргийн 12-р хуудас/
  7. Улсын Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2015.03.06-ны өдрийн 04 тоот зөвшөөрөл /хэргийн 13-р хуудас/
  8. Тооцооны үлдэгдлийн баталгаа /хэргийн 15-р хуудас/
  9. ‘’Их хайрхан’’ ХХК-ны нягтлан бодогч Б.Цэцэгдэлгэртэй Орлого шимтгэлийн улсын байцаагч Б.Догоосүрэнгийн хийсэн ярилцлагын тэмдэглэл /хэргийн 16-р хуудас/ зэрэг болно.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар зөрчил гэдэг нь Монгол улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутагт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай болон болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл эс үйлдэхгүйг хэлнэ.

Захиргааны зөрчилд захиргааны шийтгэл ногдуулна. Захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр нь торгуулын хуудас, шийтгэвэр гэсэн 2 хэлбэртэй байдаг.

Захиргааны зөрчилд торгуулын хуудас болон шийтгэврээр ногдуулсан төлбөр нь Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулиар чөлөөлөгдөхөөр заагдсан байна.

Гэвч Нийгмийн даатгалын хэлтсээс “Элбэг хайрхан” ХХК-д Нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс 7500000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг, түүнтэй адилтгах орлогод ногдох шимтгэл 1650000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоногийн алданги 825000 /найман зуун хорин таван мянга/ төгрөг нийт 2475000 /хоёр сая дөрвөн зуун далан таван мянга/ төгрөгийг төлүүлэх тухай торгуулын хуудас эсхүл шийтгэвэр бичигдээгүй харин улсын байцаагчийн акт гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар нотлогдож  байна.

Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжилж байгаа 825000 /найман зуун хорин таван мянга/ төгрөгийн алданги нь торгуулийн хуудас болон шийтгэвэр бичигдсэний үндсэн дээр нэхэмжилж байгаа төлбөр биш харин Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 /дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног дутам 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтэрч болохгүй гэжээ./ дахь хэсэгт заасны дагуу ногдуулсан алданги бөгөөд энэхүү алданги болох 825000 /найман зуун хорин таван мянга/ төгрөгийг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 / хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэжээ/, 232 дугаар зүйлийн 232.6 /хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр заасан анзыг алданги гэнэ гэжээ/ дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул “Элбэг хайрхан” ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүйн алданги 825000 /найман зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

  Иймд зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн  3135000 /гурван сая нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг ‘’Элбэг хайрхан’’ ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч олгож, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг 65110 /жаран таван мянга нэг зуун арав/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч ‘’Элбэг хайрхан’’ ХХК-аас 65110 /жаран таван мянга нэг зуун арав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт зааснаар 3135000 /гурван сая нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг ‘’Элбэг хайрхан’’ ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч д олгосугай.

     

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг 65110 /жаран таван мянга нэг зуун арав/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ‘’Элбэг хайрхан’’ ХХК-аас 65110 /жаран таван мянга нэг зуун арав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х