| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0488/Э |
| Дугаар | 480 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 480
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч П.Ганбаатар,
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ийнБт холбогдох эрүүгийн 1809051770303 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт тоотод оршин суух, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан гэх, Б овогт О-ийнБ, /регистрийн дугаар /.
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч О.Б нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нэт Капитал” Банк бус санхүүгийн байгууллагад 6755 УБЛ улсын дугаартай “Лексүс-470” маркийн автомашиныг барьцаанд тавьж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Э.Энхманлайгийн "...2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр намайг "Нэт Капитал" ББСБ-ын эдийн засагчаар ажиллаж байхад зүс таних Гантулга 6755 УБЛ улсын дугаартай Лексүс-470 маркийн тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж болох уу гэж тээврийн хэрэгслийн эзэмшигч Тэмүүлэн, Б гэх хүмүүстэй ирж асуусан. Тухайн тээврийн хэрэгсэл нь засварын газарт байгаа гэхээр нь зургийг нь аваад явуулчих гээд зураг нь ирэхээр нь Тэмүүлэнтэй 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж cap 2.150.000 төгрөг төлөхөөр тохиролцож мөнгийг нь өгсөн. Тэгээд эхний сарын төлөлт 500.000 төгрөг төлөгдөхөөр нь энэ талаар Тэмүүлэнд хэлэхэд Б зээлийг төлнө, мэдэж байгаа гэж хэлсэн. Бтай ярихад үлдэгдлийг нь 2-3 хоногийн дараа хийнэ гээд алга болсон. Сүүлдээ машиныг нь хурааж авахаар мэдээлэл цуглуулахад тус машин байхгүй болох нь тогтоогдож Цагдаагийн байгууллагад хандсан. Надад Батсайхан гэх хүнээс Тэмүүлэн гэх хүн худалдан авсан гэрээг үзүүлсэн бөгөөд уг тээврийн хэрэгслийг огт хараагүй. Манай байгууллагад 15.000.000 хохирол учирсан. Бын ээж над руу ярьж хохирлыг барагдуулсан, манай байгууллага гомдолгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
Гэрч Д.Гантулгын "...Б надтай уулзахдаа Эрдэнэт хотод байдаг ахын нэр дээр Лексүс-470 маркийн авто машин байдаг, тэрийг ББСБ-д тавиад өгөөч гэхээр нь хугацаандаа төлбөрөө төлвөл таньдаг ББСБ-тай уулзуулаад өгье гэж ярьсан. Тэгтэл 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Б ирэхдээ Батсайхан гэж хүнээс Тэмүүлэн гэх хүн рүү шилжүүлсэн гэрчилгээ барьж ирээд машин засварын газарт байгаа, ББСБ-тай уулзуулаад өгөөч гэхээр нь "Нэт Капитал" ББСБ-ын зээлийн эдийн засагчтай уулзуулахад эдийн засагч зургийг нь явуулчих гэхээр нь Б өөрийн фэйсбүүкээр зургийг нь явуулаад Тэмүүлэн данс нээлгүүлж 15.000.000 төгрөгийг авсан. Тус мөнгийг Б авсан гэж бодож байна. Тэгээд сүүлдээ мөнгөө төлөхгүй болохоор нь Тэмүүлэнтэй холбогдоход миний нэрийг ашиглаж зээл авсан гэж хэлсэн. Сураг сонсоход тээврийн хэрэгсэл байдаггүй, бичиг баримтыг нь ашиглаж адил тээврийн хэрэгсэлд тавьж зургийг нь аваад зээл авсан гэж сонссон..." гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Гэрч М.Тэмүүлэнгийн "...2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Б над руу залгаад 100.000 төгрөгийн ажил байна, найз нь машинаа зээлэнд тавьчихсан болохоор давхар зээл авч болохгүй байна гээд гуйгаад байхаар нь "Нэт Капитал" ББСБ дээр очоод уулзахад Б байсан ба Лексүс-470 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ байсан. "Да Хүрээ" зах дээр очоод Батсайхан гэдэг хүнээс уг тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ хийж аваад "Нэт Капитал" ББСБ-аас нэхэмжлэх аваад уг тээврийн хэрэгслийг Автотээврийн газар очиж "Нэт капитал"-ын нэр дээр шилжүүлж 15.000.000 төгрөг бэлнээр Б аваад явсан. Би уг тээврийн хэрэгслийг нэг ч удаа хараагүй. Надаас гуйгаад байхаар нь зээл авч өрнөөсөө 100.000 төгрөг хасуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч Л.Батсайханы "...би 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 6755 УБЛ улсын дугаартай Лексүс-470 маркийн тээврийн хэрэгслийг 35.000.000 төгрөгөөр жижигхэн биетэй залууд худалдах, худалдан авах гэрээний дагуу бичиг баримт бүрэн бүтэн зарсан. Би Б гэх хүнийг мэдэхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Гэрч Ж.Оюун-Эрдэний "..."Нэт Капитал" ББСБ-аас над руу яриад би хохирлыг нь төлсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч М.Билгүүний "...Би Баас 2018 оны 08 дугаар сард Лексүс-470 маркийн саарал өнгөтэй машиныг гуйж унаад Төв аймгийн Баянцогт сум руу явж байхдаа осолд орж бүх хэсгээрээ эвдэрсэн. Тэгээд Бтай холбоо барьж Улаанбаатар хотод ирээд машиныг задалж зараад 8.000.000 төгрөгтэй болоод 7.000.000 төгрөгийг Бт өгсөн. Тухайн үед дөнгөж засвараас гараад унаад явсан бөгөөд бүтэн будганд орсон машин байсан, улсын дугаарыг нь санахгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 6755 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 46 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч өгсөн О.Бын "...Мөргөлдсөн машин хямдхан зарна гэсэн зарын дагуу Лексүс-470 маркийн машиныг худалдаж авсан. Тэгээд машины бичиг баримтыг ашиглаж зээл авах санаа төрөөд машин зардаг Гантулга ахыг гуйгаад өөрийнх нь машинд 6755 УБЛ улсын дугаарыг тогтоогоод зургийг нь аваад "Нэт Капитал" ББСБ-д машин засварт байгаа, зураг нь энэ байна гэж харуулаад 15.000.000 төгрөгийн зээл гаргуулж авсан. Уг мөнгөөрөө Лексүс-470 маркийн мөргөлдсөн машиныг 2.700.000 төгрөгөөр засуулаад зарах гэсэн боловч манай найз Билгүүн Төв аймаг яваад ирье гээд 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр аваад жалга руу унагаж засуулах боломжгүй болгож задалж зарсан боловч мөнгийг нь "Нэт Капитал" ББСБ-д өгөөгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
О.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 47 дугаар хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Б нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нэт Капитал” ББСБ-д 6755 УБЛ улсын дугаартай “Лексүс-470” маркийн автомашиныг барьцаанд тавьж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, хохирогчийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хохирогч Э.Энхманлай мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “Манай байгууллагад 15.000.000 хохирол учирсан. Бын ээж над руу ярьж хохирлыг барагдуулсан, манай байгууллага гомдолгүй..."гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч О.Бын гэмт үйлдлийг буюу бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдыг залилсан болохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт О-ийн Быг бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Быг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Бт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ