| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2023/05376/И |
| Дугаар | 210/МА2024/01627 |
| Огноо | 2024-08-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2024/01627
| 2024 оны 08 сарын 19 өдөр | Дугаар 210/МА2024/01627 |
ххххх ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/01385 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ххххх ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч хххххд холбогдох,
Байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 5,423,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, хариуцагч ххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ххххх нь манай компанид 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд тээврийн хэлтэст жолооч ажлын байранд ажиллаж байсан. ххххх нь манай компанид ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн орчим ххххххх дүүргийн ххх дугаар хороо, ххххххх гудамж, ххххх худалдааны төвийн хойд уулзвар дээр хххххын хххххх маркийн хххххх улсын дугаартай автомашиныг зүүн гар тийш эргэх үйлдэл хийх үед нь араас нь мөргөж эд хөрөнгийн хохирол учруулсан болно.
1.2. ххххх нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн.
1.3. Иргэн ххххх нь өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шүүхэд хандаж, манай компанийг хариуцагчаар татан оролцуулсан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/02768 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу ххххх ХХК нь нэхэмжлэгчид учруулсан хохирол болох 5,423,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Иймд Иргэний хуулийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч хххххээс гэм хорын хохиролд 5,423,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Миний бие нь 2022 оны 8 дугаар сард жолооч авна гэсэн Үнэгүй.мн сайтад тавигдсан зарын дагуу ххххх ХХК-ийн байранд очиж уулзсан.
2.2. Уулзахад ажилд ороход бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг танилцуулж, нийтийн тээврийн жолоочоор ажиллахад мэргэшсэн жолоочийн үнэмлэх шаардлагатай боловч таныг ажиллаж байх хугацаанд сургалтад хамруулж, 150,000 төгрөг таны цалингаас суутгаад мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй болгож өгнө. Мөн ажилд гарахад даатгал заавал шаардлагатай тул та өөрийн зардлаар даатгал хийлгэх ёстой. Мэргэшсэн жолоочийн даатгал хийлгэчих, мэргэшсэн жолоочийн үнэмлэхээ гартал яваад байж болно. Тантай цуг засварын цехэд дадлага хийж байгаа, манайд ажилд орохоор хүсэлт гаргасан хүн тийм даатгалд хамрагдсан байна. Тэр хүнтэй адилхан даатгал хийлгэхэд болно гэснээр Бодь даатгалын мэргэшсэн жолоочийн даатгалд хамрагдсан.
2.3. Ингээд 2 хоног засварын цехэд, 1 хоног Ч:38 чиглэлд дадлагын жолоочоор цалингүй ажиллах нөхцөлийг зөвшөөрч нийт 3 хоног ажиллаж, хүний нөөцийн зүгээс бичиг баримт хангагдсан, дадлагад бүрэн хамрагдсан гэж үзэн 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс ххххх ХХК-ийн эзэмшлийн хххххххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээн авч хуваарилагдсан чиглэлийн дагуу нийтийн тээврийн зорчигч тээвэрлэх үйлчилгээнд ажиллаж эхэлсэн. Ингээд тус байгууллагад ажиллаж байх хугацаанд буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ч:61 чиглэлээс бууж ххххх ХХК-ийн зогсоолд автобусаа байрлуулахаар явж байх замдаа ДЦС 4-ийн урд Хос бэрс худалдааны төвийн уулзварт хххх улсын дугаартай хххххххх маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осолд холбогдсон.
2.4. Цагдаад шалгагдаж байх хугацаанд ххххх ХХК нь ххххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг дур мэдэн засварлаж ажилд гаргасан бөгөөд тээврийн цагдаагийн албаны дотоод сүлжээнд зарлагдаж журамлагдан нарийвчилсан нөхцөл байдлын шалгалт явуулах боломжгүй болгож эд мөрийн баримтыг устгасан, хурдан буруугаа хүлээж автобус яаралтай цагдаагийн газраас авчирч ажилд гарга, оношилгоонд оруулмаар байна гэх дарамт шахалтаас үүдэн аргагүй эрхэнд ослыг өөрийн буруугаас болсон гэж хүлээн зөвшөөрч торгуулийн арга хэмжээ авагдсан.
2.5. Миний бие нь гэм хорын хохирлыг даатгалаар шийдүүлэхээр судлахад ххххх ХХК-ийн эзэмшлийн хххххх тээврийн хэрэгсэл нь жолоочийн албан журмын даатгалгүй байсан бөгөөд Бодь даатгалтай холбогдож даатгалын тохиолдол авч болох талаар лавлахад мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй бол боломжгүй гэсэн хариу өгсөн.
2.6. Хувийн амьдралын хувьд санхүүгийн боломжгүй.
Иймд дээрх үндэслэлээр ххххх ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч хххххээс 2,711,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ххххх ХХК-д олгож, үлдэх 2,711,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хххххээс 58,334 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөрчиж нэгэнт тогтоогдсон үйл баримт, гэм буруугийн асуудалд дахин дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг гэм буруутай гэж өөрөөр дүгнэлт хийсэн байна.
Учир нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар 183/ШШ2023/02768 хүчин төгөлдөр шийдвэрээр жолооч хххххийг 100 хувийн буруутай болохыг дүгнэж иргэн хххххад учирсан хохирол болох 5,423,000 төгрөгийг хуульд заасан журмын дагуу ажил олгогч байгууллага хариуцна гэж шүүх дүгнэж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байгаа болно.
Гэтэл өмнө нь анхан шатны шүүх нэгэнт хххххийн 100 хувийн гэм буруугаар хохирол учирсан болохыг тогтоосон байхад үйл баримтыг дахин дүгнэж ххххх ХХК-ийн 50 хувийн буруутай үйлдлийг тогтоож, 2,711,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
4.2. Шүүх талуудын хооронд үүссэн гэм хорын харилцааг зөв дүгнэсэн атлаа гэм хор барагдуулах журам, зарчим, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ххххх нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ хххххад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгасан тул түүнээс өөрт учирсан хохирлоо буцаан шаардах эрх хуульд зааснаар үүссэн байгаа болно.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардах эрхийн хэмжээ, гэм буруу болон түүнийг хариуцан арилгах этгээдийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэсэн байх тул түүнийг дахин үнэлж, гэм бурууг дахин тогтоох хуулийн үндэслэлгүй болно.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар 183/ШШ2023/02768 хүчин төгөлдөр шийдвэрээр хххххийн эд хөрөнгийн байдал, хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл зэргийг дүгнээд гэм буруутай этгээд болон түүний учруулсан хохирлын хэмжээг тогтоосон байхад шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
4.3. Мөн хариуцагч хххххийн нэрийг үндэслэх хэсэгт ххххх гэж бичсэн илэрхий алдааг засварлаж өгөхийг хүсэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч компанид намайг анх ажилд орох үед ххххх гэх дэд захирал хурал зарлаж хуралдсан бөгөөд тухайн хуралдаанаар ...манай компанийг даатгах даатгал олдохгүй байгаа тул бид даатгуулж чадахгүй байна... гэж хэлж байсан. Гэтэл жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагч хуваарилах журам гэх санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 271 дүгээр тогтоолын хавсралтаар санхүүгийн зохицуулах хороо хамгийн боломжит даатгалын компанийг нэхэмжлэгч компанитай холбон өгч даатгуулах зохицуулалтыг хийсэн байхад нэхэмжлэгч компани хуульд заасан үүргээ биелүүлээгүй.
5.2. Түүнчлэн Д ангиллын тээврийн хэрэгслийн үнэлгээг албан журмын даатгалын 40.1.2-т заасны дагуу 10.1, 10.3, 10.1.4-т заасан тээврийн хэрэгслийг 10,000,000 хүртэлх төгрөгөөр даатгуулж болно гэж заасан. Тухайн автотээврийн осол хуулийн байгууллагад шалгагдаж байх хугацаанд миний бие осолд холбогдсон тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч компаний автобаазад хүлээлгэн өгсөн ба нэхэмжлэгч компани тухайн тээврийн хэрэгслийг дур мэдэн засварлаж, маргааш нь шугаманд гаргаж, эд мөрийн баримтыг устгасан тул би нарийвчилсан шинжилгээ буюу дараа дараагийн арга хэмжээг авахад нэхэмжлэгч тал саад учруулсан.
5.3. Мөн ... автобусыг оношлогоонд оруулмаар байна, яаралтай автобусыг авчирч өг, би чамайг зарлуулна... гэж дарамталж байсан ба би аргагүйн эрхэнд эд мөрийн баримтаар өөрийгөө хамгаалах чадваргүй болсон учир 100,000 төгрөгийн торгуулийг хүлээн зөвшөөрч, үргэлжлүүлэн ажлаа хийж байхад надад урьдчилгаа цалин 300,000 төгрөг, он гарсны дараа 110,000 төгрөгийн цалин өгсөн тул би ажлаасааа гарсан. Маргаан бүхий хохирлыг нэхэмжлэгч тал 100 хувь хариуцах ёстой гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ххххх ХХК нь хариуцагч хххххд холбогдуулан байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 5,423,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, компани жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй байж намайг шугамд гаргасан, том оврын автобус жолоодох мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүйн улмаас даатгалын компаниас нөхөн төлбөр авч чадаагүй гэх үндэслэл заан татгалзан, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зариим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцсэн байна.
4. Тодруулбал, ххххх нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шөнө хххххх дүүргийн ххх дугаар хороо, ххххх зам дээр ххххх ХХК-ийн эзэмшлийн хххххххх улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа хххххххх маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргаж, иргэн хххххын эд хөрөнгөд 5,423,000 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан. /хх-3,88/
4.1. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр буюу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/02768 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан ххххх ХХК-аас гэм хорын хохиролд 5,423,000 төгрөг гаргуулж хххххад олгож шийдвэрлэсэн байна. /хх-18-11/
Дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй.
Тодруулбал, ххххх, ххххх ХХК нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, ажилтан ххххх нь иргэн хххххын эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулсан, ажил олгогч ххххх ХХК уг хохирлыг хариуцан арилгасан үйл баримт тус компанийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/338 дугаартай ажилд томилох тушаал, 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх-5,12-13/
5. Иймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ххххх ХХК нь байгууллагад учирсан хохирлыг хариуцагч хххххээс шаардах эрхтэй.
5.1. Гэвч нэхэмжлэгч ххххх ХХК нь хот орчим, хотын доторхи нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй эрх бүхий этгээдийн хувьд өмчлөлд буй тээврийн хэрэгслийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаагүй, мөн хүн тээвэрлэхэд зориулсан Д ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн болон мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй жолоочоор жолоодуулах тухай Монгол Улсын Замын хөдөлгөөны дүрэм, Автотээврийн тухай хууль болон холбогдох журмыг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ххххх ХХК нь нийтийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй этгээд буюу хариуцагч хххххээр хүн тээвэрлэх нийтийн тээврийн хэрэгсэл жолоодох боломж олгосон гэм буруутай болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ.
6. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзээд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасныг зөв хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг 2,711,500 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэл бүхий болжээ. Иймд энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч хххххийн нэрийг ххххх гэж алдаатай бичсэнийг залруулан дүгнэв.
8. Тус иргэний хэрэгт томилогдсон иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх бөгөөд шүүх зохигчийн зөвшөөрлийг үндэслэн шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх-68-69/
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/01385 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,334 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ч.ЦЭНД