Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/01650

 

 

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/01650

 

хххххий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/03179 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххххий нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххд холбогдох,

 

хххххийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4475 дугаартай Өмчлөгч өөрт ногдох хэсгийг бэлэглэх гэрээ-г хуурч мэхэлсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй,

2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, хххххххх дүүрэг, ххх дугаар хороо хххх, хххххххххх байр, ххх тоот хаягт байрлах хххх м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэгдсэн хх өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххххх, хххххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ххххххх, хариуцагч ххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Миний эцэг хххххх нь эцэг, эхийн хамт хххххххх дүүргийн ххх дугаар хороо, ххх дугаар хорооллын хххх тоотод байрлан ххх м.кв орон сууцанд хамт амьдарч байсан. Өвөг эцэг хххххх нь 2007 онд нас барж 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр эцэг хххххх нас барсан.

1.2. Ингээд эмээ ххххх нь дээрх орон сууц болон хххххх ХХК-ийн хувьцаа зэргийг өвлөн цор ганц өмчлөгч болсон байдаг. 2013 онд эмээ маань уг орон сууцаа худалдаж ххххххххх дүүргийн ххх дугаар хороо, ххх дугаар байрны ххх тоотод байрлах орон сууцыг худалдан авч, өөрийн дүүгийн хүүхэд хххххг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг.

1.3. Эмээ 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нас барсан, үүний дараа 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ххххх эгч надад өв хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг бэлэглэх гэрээ хийж орон сууцыг 50, 50 хувиар өмчлөхөөр болсон.

Бид орон сууцыг борлуулж, өөрсдийн хувиа авахаар шийдсэн боловч ххххх эгч зах зээлийн үнээс хэт өндөрөөр үнэлснээс уг орон сууцыг зарах боломжгүй болгосон. Мөн орон сууцны үнээс 50,000,000 төгрөг өгвөл өгнө, өгөхгүй ч байсан миний эрх гэж миний эрхийг зөрчсөн асуудал болсон.

1.4. Миний бие уг орон сууцыг бүхэлд нь өвлөн авах эрхтэй ганц ач хүү нь тул хххххийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгож, хариуцагч хххххтэй байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Өмчлөгч өөрт оногдох хэсгийг бэлэглэх гэрээ-г хуурч мэхэлж хийсэн хэлцэл болохыг тогтоолгож, орон сууцыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ххххх нь миний ээжийн төрсөн эгч, түүний нөхөр хххххх нь 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, ганц хүү хххххх нь 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тус тус нас барсан.

2.2. Нагац эгч ххххх бид хоёр 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хххххх ХХК-аас ххххххххх дүүрэг, ххх дугаар хороо, ххх дугаар байрны ххх тоот хххх м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан. Энэ нь миний нагац эгчийн хүсэл байсан. Намайг 10 настай байхад ххххх төрж байсан, манай гэрт ирдэггүй, холбоогүй байсан. Нагац эгч, хүргэн ах, ах маань ч уулздаггүй байсан.

2.3. ххххх ганц сар хүрэхгүй хугацаанд хамт амьдарсан. 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ххххх эгч нас барсан, нэг жилийн дараа төрсөн дүү болох ххххх, ххххх нар өөсдийн өвлөхөөс татгалзсан. Би хххххийг ахын хүүхэд гэж итгээд орон сууцны тал хувийг өгөхөөр шийдэж 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатчаар Өвлөх эрхийн гэрчилгээ хийлгэхээр болоход ххххх нь хххххийн хүү ххххххоор овоглодоггүй, ач хүү гэсэн нотолгоо байхгүйн улмаас татгалзсан.

2.4. Харин миний нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа дүү хххххд өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ хийж болно гэж зөвлөсөн. Ингээд миний нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ гарч, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр миний нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 4475 дугаартай гэрээ байгуулж, ххххх, ххххх нарын өмчлөлд орон сууц бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон.

2.5. Байраа зараад мөнгөө хувааж аваад дахиад байр авах гэхээр нэмэх мөнгө дутаж байсан тул хэдэн жил хүлээж бай гэхэд миний хүсэлтийг хүлээж аваагүй. Хуурч мэхлэх байсан бол орон сууцны талыг хххххд бэлэглэхгүй байсан. Миний бие 2013 оноос хойш уг байрны хууль ёсны өмчлөгч тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:

3.1. ххххх нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь миний өмч хөрөнгөд шунасан, сайхан сэтгэлийг минь ойлгохгүй, хууран мэхэлсэн болгож байгаад гомдолтой байна. Иймд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4475 дугаартай Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 9 тоот орон сууцны өмчлөгч ххххх мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, үндэслэл:

4.1. хххххийг талийгаач ххххххийн төрсөн хүү болохыг гэрчлэх нагац, авга нар нь гэрчлэх болно.

ххххх нь хххххий эмээг нас барахын өмнө энэ талаар ямар нэг маргаан гаргаж байгаагүй.

Хариуцагч өөрөө хххххийг ххххххийн хүү гэдгийг мэддэг, хүлээн зөвшөөрсөн учир бэлэглэлийн гэрээгээр өмчлөх хувь хэмжээг 50, 50 хувиар хийсэн байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.2, 58 дугаар зүйлийн 58.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1, 280.2-т зааснаар хариуцагч хххххд холбогдох өвлөгчөөр тогтоож, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч хххххий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, зохигчдын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, хариуцагч хххххг ххххххх дүүрэг, ххх дугаар хороо хххххххххххххх , ххх дугаар байр, хх тоот хаягт айрлах ххх м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэгдсэн хх өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 1,681,300 төгрөг, хариуцагчийн 1,540,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч хххххөөс 1,215,900 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 325,000 төгрөг гаргуулж тус тус хариуцагч хххххд олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Шүүх нэхэмжлэгч түүний өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нь хуулийн хугацаанд өв залгамжлах асуудлаар нотариатч хххххх дээр хариуцагч хххххгийн хамт очиж уулзсан. Нотариатчид нэхэмжлэгч, хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч талийгаач ххххх, түүний хүү хххххх нар нас барсан болон өв нээлгэх талаар хүсэлт тавьсан.

Нотариатч хххххх нь нэхэмжлэгч хххххийг талийгаач ххххххийн хүү болохыг нотлох баримт байхгүй учир та нар орон сууцаа хххххгийн нэр дээр болгоод ххххх маргахгүй байгаа бол хоорондоо гэрээ байгуулаад орон сууцны оногдох хувийг хххххд өгч болох талаар зөвлөсний дагуу хариуцагч хххххд өв нээж, уг өвийн дагуу ххххх маргаан бүхий орон сууцыг өөрийн нэр дээр болгож, нэхэмжлэгч ххххх, ххххх нар нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4475 дугаартай Өмчлөгч өөрт оногдох хэсгээ бэлэглэх гэрээ-г байгуулсан талаар талууд шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан. Хариуцагч мөн адил энэхүү байдлаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар хийсэн. /Тэмдэглэлд тусгагдсан/

Талуудын энэхүү тайлбар хэрэгт цугларсан баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагчаар нотариатч ххххххг оролцуулах, өв нээсэн талаарх баримтыг шүүхэд гаргуулан ирүүлсний эцэст хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.2. Нэхэмжлэгч талаас хххххий эцэг болон эмээгийн талын гэрч 3 хүнийг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулах талаарх хүсэлт гаргасан боловч шүүх мөн л үндэслэлгүйгээр гэрч оролцуулах хүсэлтийг хүлээн аваагүй болно.

6.3. Шүүх нь нэхэмжлэгч талаас хариуцагч ххххх нь талийгаач хххххийн төрсөн дүү ххххххгийн охин учир Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан маргаан бүхий орон сууцыг өвлөх эрх бүхий этгээд биш энэ талаар нотариатчийн хууль бус үйлдлийг тогтоолгох шаардлагатай. Нотариатчийг хариуцагчаар татах, өвийг нотариатч хууль зөрчиж нээсэн үндэслэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад талуудын тайлбараар гарч ирж байгаа талаар нэхэмжлэгч талаас тайлбар хийсэн. Энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлтийг шүүх үл анхаарч хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.4. Шүүх нь нэхэмжлэгч талаас энэхүү гомдолд дурьдсан үндэслэл байсаар атал хэт нэг талыг барьж хариуцагчийн өөрийнх нь би хххххх ах намайг жаахан 10 настай байхад ххххххх эгчийн дагуулж ирж байсан, их хөөрхөн өндөр цагаан царайлаг эгч байсан, энэ эгч шиг гоё болохсон гэж бодож байсан. хххххд орон сууцны талыг өгөхөд болохгүй зүйл байхгүй, даанч бид 2 хоорондоо ярих асуудалд хххххий ээж ххххххх эгч орж ирээд надад байрыг зарж мөнгөө авья гэхээр нь дургүй хүрдэг гэх мэт тайлбар хийсэн нь шүүхийн хэлэлцүүлгийн үед тэмдэглэлд тусгагдсан байгааг үл харгалзан анхан шүүх нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.5. Шүүх талуудын хооронд өвийн маргаан буйг үл анхаарч үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүх хуралдаанд хххххийг ххххххийн хүүхэд болохыг нотлох асуудал яригдсан боловч ямар нэгэн нотлох баримт байхгүй учир шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Мөн ххххххийн нь хххххий биологийн эцэг мөн байх тохиолдолд ххххх өв залгамжлагчаар тогтоогдох ёстой. Гэтэл ххххх энэхүү байдлаа нотолж чаддаггүй атлаа аман байдлаар хэлж, өвийн талаар маргадаг. Нэхэмжлэгч талын гаргасан гэрч оролцуулах тухай хүсэлтийн хувьд биологийн эцэг мөн эсэхийг гэрч тодорхойлохгүй гэх үндэслэлээр шүүх хүсэлтийг хангаагүй. Ноцтой гомдоосон гэх асуудлын хувьд миний бие хххххд итгэж маргаан бүхий орон сууцны 50 хувийг 10 гаруй хоногийн дотор шилжүүлэн өгсөн.

7.2. Мөн талийгаач хххххийн 2 төрсөн дүү хуульд зааснаар өвлөж авах эрхтэй хүмүүс атлаа өв хүлээн авахаас татгалзаж хххххд өгсөн байхад хүний сайхан сэтгэлийг ойлгохгүй, хэл ам хийж байгаад ноцтой гомдсон. Мөн нэхэмжлэгч тал намайг тухайн орон сууцны өв залгамжлагч биш байхад яагаад орон сууц миний нэр дээр байгаа талаар маргасан. 2013 онд миний эгч тухайн орон сууцны өмчлөгчөөр миний нэрийг оруулсан болохоос би эгчийгээ нас барсны дараа өөрийн нэрийг оруулах гэж зүтгэсэн зүйлгүй.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан гомдол үндэслэлгүй ба анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ххххх нь хариуцагч хххххд холбогдуулан хххххийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4475 дугаартай Өмчлөгч өөрт ногдох хэсгийг бэлэглэх гэрээ-г хуурч мэхэлсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох, орон сууцыг хххххий өмчлөлд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...2013 онд орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн, ... өөрийн орон сууцны 50 хувийг бэлэглэлийн гэрээний дагуу хххххий өмчлөлд шилжүүлсэн..., хууран мэхэлсэн гэх үндэслэлээр шүүхэд хандаж гомдоосон... гэх үндэслэл заан татгалзаж, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4475 дугаартай Өмчлөгч өөрт ногдох хэсгийг бэлэглэх гэрээ-г хүчингүй болгож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч хххххий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

3.1. Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч ххххх нь хххххийн ач хүү гэх үндэслэлээр хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2-т хууль ёсны өвлөгчид ямар этгээдүүд хамаарах болохыг заасан. Иймд шүүх, хууль ёсны өвлөгчөөр тогтоох боломжгүй тул нэхэмжлэгч хххххий дээрх нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлгүй байна.

3.2. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч ххххх нь хариуцагч хххххтэй байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Өмчлөгч өөрт оногдох хэсгийг бэлэглэх гэрээ-г хууран мэхэлж хийсэн хэлцэл гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулж, хххххххх дүүрэг, ххх дугаар хороо, ххх дугаар байрны ххх тоот хаягт байрлах ххх м.кв талбайтай ххх өрөө орон сууцыг хариуцагчаас гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Талуудын маргаж буй дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр ххххх, ххххх нарыг 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эрхийн улсын бүртгэлтийн хххххххххххх дугаарт бүртгэж, гэрчилгээ олгожээ. /хх-65/

ххххх, ам бүл дөрөв, тус хорооны 82 дугаар байрны 09 тоот хаягт оршин суудаг болохыг ххххххх дүүрэг, хххх дугаар хорооны Засаг дарга тодорхойлсон байна. /хх-62/

Өвлүүлэгч ххххх нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болох нь хэргийн 69 дэх талд авагдсан нас барсны гэрчилгээгээр тогтоогдсон.

ххххх нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатчаас хх дугаар байрны ххх тоот орон сууцны өвлүүлэгч хххххийн оногдох хэсгийг өвлөх 0301 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ авч, мөн сарын 27-ны өдөр тус орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгүүлсэн байна. /хх-21, 70/

Улмаар хххххтэй 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 4475 дугаартай Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ байгуулж, маргаан бүхий 82 дугаар байрны 09 тоот орон сууцны үнийг 120,000,000 төгрөгөөр тодорхойлж, бэлэг хүлээн авагчид ногдох хэсгийг 60,000,000 төгрөгөөр үнэлж, орон сууцны өмчлөх эрхийн 50 хувийг бэлэглэсэн байна. Гэрээний дагуу ххххх, ххххх нарыг тус орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэж, гэрчилгээ олгожээ. /хх-74/

 

Дээрхээс дүгнэхэд хариуцагч ххххх нь маргаж буй орон сууцны 50 хувийн хууль ёсны өмчлөгч байх бөгөөд тэрээр өвлүүлэгч хххххээс хүлээн авсан өвийг нэхэмжлэгч хххххд бэлэглэлийн гэрээгээр бэлэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хххххгээс орон сууцыг гаргуулахаар нэхэмжлэгч ххххх шаардах эрхгүй.

 

4. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

4.1. Хариуцагч ххххх нь ...шүүхэд нэхэмжлэл гаргасан нь миний өмч хөрөнгөд шунасан, сайхан сэтгэлийг минь ойлгохгүй хууран мэхэлсэн болгож байгаад гомдолтой байна гэх үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тайлбар, агуулгаас үзвэл бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид буцаан олгохыг шаардаж байна.

4.2. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан дүгнэх боломжтой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй. гэж заасан.

Нэхэмжлэгч ххххх нь хуулиар олгосон үндсэн эрхээ эдэлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2 дахь хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн орон сууцны 50 хувийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч хххххөөс хариуцагч ххххх шаардах эрхгүй тул түүний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Тодруулбал, анхан шатны шүүхийн шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны үеэр хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг шүүх хуралдааны хэлэлцүүлэг дуусах шатанд гаргасан, холбогдох бүрдүүлбэр хангаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргаагүй гэж шүүх дүгнэж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь, шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дэгийн дагуу явуулна. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчийг татан оролцуулах хүсэлт гаргаагүй байна. Иймд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч хххххий гаргасан үндсэн нэхэмжлэл, хариуцагч хххххгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/03179 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч хххххд холбогдох хххххийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4475 дугаартай Өмчлөгч өөрт ногдох хэсгийг бэлэглэх гэрээ-г хуурч мэхэлсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох, орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч хххххий нэхэмжлэл, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, хххххххх дүүрэг, хх дугаар хороо ххххххххххххх, ххх дугаар байр, ххх тоот хаягт байрлах ххххх м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэгдсэн ххх өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч хххххгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,911,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

 

Ч.ЦЭНД