| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0156/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/166 |
| Огноо | 2019-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн 1938003490208 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь согтуугаар 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төв 5 дугаар баг Цагаанчулуут хороолол ...тоотод эхнэр Э.Сийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б нь согтуугаар 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төв 5 дугаар баг Цагаанчулуут хороолол ... тоотод эхнэр Э.Сийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938003490208 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Галаагийн хашааны ард нэг алгадаад нэг өшиглөсөн...Би эхнэрийн өмсөж явсан куртикны энгэр орчмоос хоёр гараараа татаад мөргөсөн. Энэ үед эхнэр газарт унасан...Бид хоёр одоо эвлэрсэн байгаа...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Смөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...нөхөр намайг гудамжинд зодохдоо хөл, гар цээж рүү өшиглөөд байсан. Одоо ч гэсэн цээж хөндүүр байна ...намайг мөргүүлээд газарт унахад манай ээж орилж хашгираад эмч цагдаа дуудахаар гэрээс гараад гүйсэн гэсэн. Би Г.Бтай эвлэрч гэрээ байгуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-14 дүгээр хуудас/,
Гэрч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.Б гэдэг айлд очиход эхнэр Э.Снь нөхөр Г.Бд зодуулсан гээд Сарангэрэлийн биеийн ил харагдах хэсэгт дух орчим нь овоож хавдсан. Хамараас нь их хэмжээний цус гарсан байдалтай гэрийнхээ гол хэсэгт сандал дээр нилээн байсан байдалтай чичэрсэн, хувцас нь норсон байдалтай сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,
Гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...гэрт ороод ах эгч 2 бас хэрэлдэж байснаа Сараа эгч ахын нүүр лүү цохиод нүд рүү нь хуруугаа хийчих шиг болсон. Тэгэхэд Баяраа ах өмнө чи согтуу ирж надад агсам тавьж намайг зодож байсан. Одоо чамд зодуулж чадахгүй шүү гээд Баяраа ах эхнэрээ мөргөж унагаасан. Энэ үед эхнэрийнхэн хамараас цус гарахад эхнэрийнх нь ам руу цус орсон бололтой эхнэр нь түй түй гээд нулимаад байсан. Энэ үед хадам ээж Хүрэлчулуун гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,
Гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сарангэрэлийн ээж нь манай охиныг нөхөр нь зодоод ам хамраас нь цус гоожоод нүүр нь хавдсан босож чадахгүй байна гэж надад дуудлага өгсөн....Сарангэрэлийг авчраад эмнэлгийн анхны тусламж үзүүлж би эмчийн заавраар өвчин намдаах тариа хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,
Гэрч Д.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай хүргэн орон дээрээсээ босож ирээд эхнэр Сарангэрэлийн 2 мөрөн дээрээс нь шүүрч аваад мөргөтөл миний охин Сараа газар унаад хамар амнаас нь цус гарч байхаар нь би айгаад гэрээс гарч гүйгээд замд явсан хүний утсаар Арбулаг сумын эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/,
Гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ээлжинд хоносон сувилагч Оюунцэцэг надруу залгаад Э.Сгэдэг хүн нөхөртөө зодуулаад эмнэлэгт ирсэн эмчийн тодорхойлолт авна гэж байна, та ирэх үү гэхээр нь эмнэлэг орж Сарангэрэлийг үзсэн. Сарангэрэлийг тархины хөнгөн хэлбэрийн гэмтэл гэсэн оноштойгоор аймгийн нэгдсэн эмнэлэгт оношлогоо эмчилгээ хийлгэхээр явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 264 дугаартай:
1. Э.Схамар ясанд хугарал, тархины аалзавчин бүрхүүл дор бага хэмжээний цус харвалт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, няцралт, зүүн гуя шилбэ, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ.
4. Э.Сбиед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, 2018 оны малын А данс, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-62, 64 дүгээр хуудас/,
Хохирогч Э.Снь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938003490208 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь согтуугаар 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төв 5 дугаар баг Цагаанчулуут хороолол ... тоотод эхнэр Э.Сийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Э.Смөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-14-р хуудас/, гэрч С.М.н /хх-ийн 21-23-р хуудас/, гэрч Г.О-ийн /хх-ийн 26-28-р хуудас/, гэрч Г.О-ийн /хх-ийн 29-31-р хуудас/, гэрч Д.Х-ы /хх-ийн 35-37-р хуудас/, гэрч Д.Н-ын /хх-ийн 38-40-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 264 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/, Хохирогч Э.Снь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Г.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Г.Б нь хохирогч Э.Сэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, эмчилгээний зардалд 3.500.000 төгрөгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Г.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Г.Б нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан нь торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938003490208 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Бэсүд Г.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1938003490208 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР