| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2016/00193/И |
| Дугаар | 222 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р баг /Далай/-ийн иргэн Саруул овогт Цэндсүрэнгийн Өлзийбадрах /ЗК67052001/-ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.Өлзийбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Өлзийбадрах шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1967 онд төрсөн, миний бие 4-р ангиас сургуулиас гарч хөдөө ээжтэйгээ хамт мал аж ахуй эрхэлж байгаад 1983 оноос эхлэн өрх тусгаарлаж Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн Үйзэн багт бог малыг өнөөг хүртэл маллаж байна. Би малчнаар 1983 оны 1 сарын 1-нээс 1992 оны 5 сарын 1-н хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн Үйзэн бригадад бог мал маллаж байсныг нутгийн иргэд сайн мэднэ. 1986 онд хүргэн ах Эрдэнэбаатарын хамт отор нүүдэл хийдэг, нэг гэрт амьдарч байсан ба хүргэн ахын гэр 3 хүүхдийн хамт шатаж ямар ч эд зүйлс үлдээгүй юм. Тэр үед байсан хөдөлмөрийн дэвтэр, нэгдлийн гишүүний үнэмлэх болон бүх бичиг баримт шатаж үрэгдсэн. Галын акт нь хүргэн ах Эрдэнэбаатарын нэрээр гарч ирсэн юм. Сайнцагаан сумын Мандах нэгдэл нь 1992 онд бүтэц зохион байгуулалтанд орж хувьчлал явагдаж эхэлсэн юм. Аймгийн архиваас холбогдох баримт бичиг гарч ирсэнгүй. 1986 оны 1 сарын 1-ний өдрөөс ажиллаж эхэлсэн гэх нотлох баримтууд гарч ирээд 1983 оны 1 сарын 1-нээс ажиллаж байсан гэх нотлох баримт олдохгүй байгаа. Иймд 1986 оны 1 сарын 1-нээс 1992 оны 5 сарын 1-ний өдөр хүртэл малчин байсныг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Өлзийбадрах нь 1983 оны 1 сарын 1-нээс 1992 оны 5 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1986 оны 1 сарын 1-нээс 1992 оны 5 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд ажиллаж байснаа тогтоолгохоор тайлбар гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хүсэлт гаргагч Ц.Өлзийбадрахыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын ‘’Мандах’’ нэгдэлд 1986 оны 1 сарын 1-нээс 1992 оны 5 сарын 1-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн бөгөөд ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын газарт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 121 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/-оор нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийг 1986 оны 1 сарын 1-нээс 1992 оны 5 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын ‘’Мандах’’ нэгдэлд ажиллаж байсан нь ‘’Арвижих-Далай’’ хоршооны дарга Ж.Зоригтбаатар, архив бичиг хэргийн ажилтан С.Оюунчимэг нарын гаргасан Ц.Өлзийбадрахын цалингийн тодорхойлолт, 313 дугаартай нотариатаар батлуулсан Гүйцэтгэсэн ажлын бүртгэл, Цалингийн тооцооны хүснэгт, гэрч С.Ичинхорол, С.Рина, Б.Цэрэндорж нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
Иймд дээрх нотлох баримтанд үндэслэн хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Саруул овогт Цэндсүрэнгийн Өлзийбадрахыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын ‘’Мандах’’ нэгдэлд 1986 оны 01 сарын 01-нээс 1992 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР