Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 184/2023/05500/И |
Дугаар | 210/МА2024/01654 |
Огноо | 2024-08-23 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2024/01654
2024 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 210/МА2024/01654 |
ххххх ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2024/02936 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ххххх ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч хххххХХК-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 388,702,570 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх хххххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хххххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх, хариуцагчийн өмгөөлөгч хххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. хххххХХК болон тус компанийн захирлаар ажиллаж байсан ххххх нар нь хххххны гадаад харилцааны яам салбараас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 139 тоот зээлийн гэрээ байгуулан 460,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээл авсан.
1.2. Зээлдэгч нь зээл авснаас хойш 482 хоногийн зөрчилтэй зээлийн ангилал муу ангилалд шилжсэн ба тус зээлийн хугацаа 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр дуусна. Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлийн гэрээний үүргийг биелүүлэх тухай мэдэгдлийг 12 удаа хүргүүлсэн, зээлийн гэрээний төлбөрийн хугацааг 6 сараар чөлөөлж байсан зэрэг хөнгөлөлтийг банкнаас олгосон.
1.3. 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар эргэлтийн хөрөнгийн зээлээс төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 347,053,374 төгрөг, зээлийн хүү 40,472,096 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,143,935 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2,101,300 төгрөг, нотариатын зардал 32,800 төгрөг, нийт 388,702,570 төгрөгийг хариуцагч хххххХХК-аас гаргуулж өгнө үү.
1.4. 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хххххх уг компанийг шилжүүлж авсан тул хххххиас нэхэмжлэлийн үнийн дүнг шаардаагүй.
1.5. Барьцаа хөрөнгийн өмчлөгч болох хххххх, хххххх, хххххх, хххххх нарыг гуравдагч этгээдээр татах хүсэлт гаргасан. Тухайн хүмүүсийн хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа, банктай байгуулсан нэр бүхий этгээдүүдийн барьцаалбар, барьцааны гэрээ хүчин төгөлдөр, гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдах боломжтой байх тул шийдвэр гүйцэтгэл дээр барьцаалбартай холбоотой асуудал шийдвэрлэгдэх боломжтой. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. хххххХХК нь барааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр эргэлтийн зээл болох 460,000,000 төгрөгийг өөрийн ашиг орлогоо нэмэгдүүлэхээр тус зээлийг бизнесийн өргөтгөл, эргэлтийн хөрөнгөд зориулна гэж ххххх ХК-аас авсан.
2.2. Ковид 19 цар тахлын улмаас манай борлуулалт буурч, бизнесийн үйл ажиллагаа зогссон. Цар тахалтай холбоотойгоор зээлийн үндсэн төлбөр, хүүг түр хойшлуулах хүсэлтийг ххххх ХК-д удаа дараа өгч байсан боловч бидний нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөгүй. Давагдашгүй зүйлүүдийг үл харгалзан хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаатай санал нийлэхгүй.
2.3. Нэхэмжлэлийн шаардлагаас хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн харилцагчийн зээлийн дансны хуулгаас үзэхэд үндсэн зээлийн үлдэгдлийг 342,827,103 төгрөг байхад нэхэмжлэлдээ үлдэгдлийг 347,053,373 төгрөг гэж бичсэн нь эргэлзээтэй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч хххххХХК-иас 383,331,199 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ххххх ХК-д олгож, нэхэмжлэлээс 5,370,204 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ххххх ХК нь нэхэмжлэлийнхээ барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,101,299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,074,606 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Шүүх шийдвэрийн тодорхойлох болон үндэслэх хэсэгт хариуцагч тал нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр зээлийн дансанд 342,827,103 төгрөг гэж дурдсан байхад нэхэмжлэлд 347,053,373 төгрөг гэсэн нь эргэлзээтэй гэж маргасан." гэжээ. Бодит байдалд ххххх ХК анх нэхэмжлэл гаргахдаа зээлийн үлдэгдэл 212,692,892.27 төгрөг, зээлийн хүү 40,472,096 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,143,934.63 төгрөг, нийт өрийн дүн 254,308,922.90 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 388,669,769.58 төгрөг гаргуулах тухай гэсэн. Дээрх нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй буюу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэр дүн нэхэмжилж байгаа эцсийн дүнгээс зөрж, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байсан учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Гэтэл шүүх талуудын хоорондын мэтгэлцээн дуусч, нотлох баримтыг шинжлэн судалсны дараа шүүх хуралдааны завсарлаад буцаад ороод ирэхэд шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргаж, нэхэмжлэгч талыг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, холбогдох баримтыг хавсаргаж ирүүлэхийг даалгасан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн болох тухай гомдол гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 184/Ш32024/07379 захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Үүний дараа, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа үндсэн зээлийн үлдэгдэл 347,053,373.95 төгрөг, зээлийн хүү 40,472,096 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,143,934.63 төгрөг, нийт зээлийн өрийн дүнг 388,669,778.58 төгрөг гэдэг. Гэвч зээлийн дансны хуулгаар эдгээр үндсэн зээлийн төлбөр, хүүгийн төлбөр нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нотлогдохгүй байдаг бөгөөд хариуцагч талаас энэ тухай маргасан. Анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн 342,827,103 төгрөг гэж дурдсан байхад нэхэмжлэлд 347,053,373 төгрөг гэсэн нь эргэлзээтэй гэж маргаагүй. Энэ тухай тэмдэглэлд байхгүй. Гэвч шүүх маргаагүй асуудлыг маргасан болж дүгнэсэн нь хууль зөрчсөн байна.
4.2. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь нэг талаас ххххх ХХК болон ххххх нөгөө талаас ххххх ХК нарын хооронд байгуулсан гэрээ байдаг бөгөөд хххххиас хххххХХК-ийг бол шилжүүлж авсан болохоос хххххийн өмнөөс тухайн зээлийн гэрээний төлбөр төлөх тухай тохиролцоо байхгүй. Тиймээс нэхэмжлэгч талаас хххххийг хамтран хариуцагчаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хххххХХК нь дангаараа зээлийн эргэн төлөлтийг хариуцах боломжгүй тухай маргасан атал шүүх энэ байдлыг огт харгалзаж үзээгүй.
4.3. Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй. Нэхэмжлэгч талаас ямар нэгэн байдлаар гэрээ цуцалж байгаа тухай мэдэгдлийг хариуцагч талд ирүүлээгүй байж байгаад шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Цуцлаагүй, дуусгавар болоогүй гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжилж байгаа байдал нь ойлгомжгүй тухай шүүхэд маргасан бөгөөд нэхэмжлэгч тал гэрээг хэзээнээс хэрхэн цуцалж байгаа тухай ямар нэгэн үндэслэл бүхий тайлбарыг шүүхэд гаргаагүй. Гэвч тус шүүхийн шүүгч өөрөө тухайн асуудлыг дур мэдэн дүгнэсэн байна.
Иймд, анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр хууль зүйн хувьд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ххххх ХК нь хариуцагч хххххХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 388,702,570 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан байна.
Хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ цар тахалтай холбоотойгоор зээлийн үндсэн төлбөр, хүүг түр хойшлуулах хүсэлтийг хххххинд удаа дараа өгч байсан боловч бидний нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй давагдашгүй зүйлүүдийг үл харгалзан хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаатай санал нийлэхгүй гэж тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.
3.1. ххххх ХК, хххххХХК, ххххх нар 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 139 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 460,000,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч хххххХХК, ххххх нар гэрээгээр баталсан хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт төлөх, хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлээс зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-6-9/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн үндэслэлийн талаар зөв дүгнэлт хийсэн байна.
5. Гэрээний дагуу ххххх ХК нь 460,000,000 төгрөгийг хххххХХК-ийн тус банк дахь ххххххххххххх тоот данс руу 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн, хариуцагч хххххХХК нь зээлийн гэрээний үүргээ гэрээгээр тогтоосон хугацаанд бүрэн зохих ёсоор гүйцэтгээгүй үйл баримт хэрэгт авагдсан хххххны зээлийн дансны харилцагчийн хуулга, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдэл, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогджээ. /хх-26-37, 45-47, 151-153/
5.1. Тодруулбал, хариуцагч нь сар бүрийн 02-ны өдөр зээл болон зээлийн хүү төлөх үүрэг хүлээж, гэрээний 6.2.1-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол банк гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж болохоор харилцан тохиролцсон байна. Мөн үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэх гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцохоор гэрээний 2.1.5-д заажээ.
5.2. Нэхэмжлэгч талаас 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийг нийт 13 удаа хариуцагч талд хүргүүлжээ. /хх-26-37/
Иймээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагч хххххХХК-аас шаардах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн тул талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй, нэхэмжлэгч талаас ямар нэгэн байдлаар гэрээ цуцалж байгаа тухай мэдэгдлийг хариуцагч талд ирүүлээгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч тал гэрээг хэзээнээс хэрхэн цуцалж байгаа тухай ямар нэгэн үндэслэл бүхий тайлбарыг шүүхэд гаргаагүй байхад тус шүүхийн шүүгч өөрөө тухайн асуудлыг дур мэдэн дүгнэсэн гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Талуудын байгуулсан зээлийн гэрээнд зээлдэгчээр хххххХХК, хамтран зээлдэгчээр ххххх нар гарын үсэг зурж баталгаажуулсан тул тэдгээрийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ. Нэхэмжлэгч нь хариуцагч хххххХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж буй нь мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
6.1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргахыг нэхэмжлэгч тодорхойлдог, шүүх санаачилгаараа хариуцагчийг татан оролцуулах эрх хуулиар олгогдоогүй учир хххххийг хамтран хариуцагчаас чөлөөлөх үндэслэлгүй, шүүх энэ байдлыг харгалзаж үзээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй болно.
7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ үндсэн зээлийн үлдэгдлийг 347,053,374 төгрөг гэж тодорхойлсон байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Зээлийн бүртгэлийн карт бичгийн нотлох баримтыг үндэслэн үндсэн зээлийн үлдэгдлийг 342,827,103 төгрөг гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцжээ. /хх-116/
7.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн дээрх зээлийн тооцооллоос үзвэл, хариуцагчийн төлсөн төлбөрөөс үндсэн зээлд 117,172,896 төгрөг, зээлийн хүүд 147, 859,701 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,072,949 төгрөг тус тус суутган тооцжээ. Хариуцагч уг баримтыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна.
Мөн Коронавируст халдвар цар тахалтай холбогдон үүссэн нөхцөл байдал нь зээлийн хүүгийн үүргээс хариуцагчийг чөлөөлөх хуулийн үндэслэлгүй болно.
7.2. Талууд гэрээний 3.2.15-д Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг хугацаанд нь төлөөгүйн улмаас зээл төлүүлэхтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцах-аар тохиролцжээ.
Хэрэгт нотариатын зардалд 32,800 төгрөг төлсөн баримт авагдсан. /хх48/
Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзээд үндсэн зээл 342,827,103 төгрөг, зээлийн хүү 40,472,096 төгрөг, нотариатын зардал 32,800 төгрөг, нийт 383,331,199 төгрөгийг хариуцагч хххххХХК-аас гаргуулж, үндсэн зээлээс илүү тооцсон 4,226,270 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
8. Шүүх цар тахлын улмаас улс орны хэмжээнд болон хэсэгчилсэн хөл хорио тогтоосон, олон улсын тээвэрт доголдол үүссэн зэргээс шалтгаалан хариуцагчийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 1,143,934 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс талуудын зарчимд нийцүүлэн эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2024/02936 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,893,217 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ч.ЦЭНД