| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0262/Э |
| Дугаар | 277 |
| Огноо | 2019-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 277
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс,
улсын яллагч Б.Энхбат,
шүүгдэгч Б.М-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баярбаатар овогтой Т.М-д холбогдох эрүүгийн 1908009420266 дугаартай хэргийг 2019 оны 03 сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 11 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт ял шийтгэлгүй, Б. М
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.М-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 хороо, Орбитын 55-28 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Т.М-гийг нуруун тус газар хутгаар зүсэж, зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:
Шүүгдэгч Б.М-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 хороо, Орбитын .......... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Т.М-гийг нуруун тус газар хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг,
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Иргэн Т.М-гээс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “нөхөр Б.М согтуу хутга барьж, дайрч нурууны баруун хэсэгт зүссэн” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, /хх2-4-р тал/,
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх6-10-р тал/,
3. Хохирогч Т.М-гийн: “...2019 оны 02 сарын 12-ны өдөр ажлаа хийгээд байж байтал нөхөр Т.М-г над руу утсаар залгаад охиноо ирж хар, би харж чадахгүй гэж хэлсэн, би ажлаас чөлөө аваад гэртээ иртэл нөхөр байгаагүй, тэгсэн хүү утсаар над руу залгаад аав намайг хичээлд хүргэж өгсөн гэхээр нь бага дүү чинь хаана байна гэтэл аавтай хамт явж байгаа гэж хэлсэн, удалгүй машин ирээд зогсох чимээ гарсан, би гараад хартал нөхөр бага охины хамт согтуу машиндаа сууж байхаар нь би охиноо аваад гэртээ ортол нөхөр араас орж ирээд хэрүүл болсон, би өр ширтэй байхад ажлаас чөлөө авахууллаа гээд хэлтэл нөхөр орилж хашгичаад миний хүзүүнээс гараараа базаад атгах үед охин уйлаад гэрээс гараад гүйсэн, би охиноо араас нь гараад авч ирэх үед нөхөр би чамайг ер нь ална гээд унинд хутга нуусан байсан гаргаж ирээд миний нурууг зүсэх үед охин орилоод гарсан би охины араас гараад охиноо аваад хамар хашаанд амьдардаг хүргэн ах Р-ийн гэрт ороод намайг нөхөр Т.М-г хутгаар нуруунд зүсчихлээ гэж хэлтэл Р-г ах хараад цус гарч байна гэж хэлсэн, би Р-г ахын дугаараас цагдаад дуудлага өгсөн удалгүй цагдаа нар ирээд түргэн дуудсан, түргэн ирээд 9 оёдол тавиад явсан...” гэсэн мэдүүлэг /хх25-26-р тал/,
4. Гэрч Г.Д-ийн: “...2019 оны 02 сарын 13-ны өглөө хамтран амьдрагч болох Мөнхцэцэг над руу утсаар залгаад хүү Т.М-г эхнэрийгээ хутгалсан байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх20-р тал/,
5. Гэрч Г.Р-ийн: “...2019 оны 02 сарын 12-ны өдөр намайг гэртээ байж байтал манай хүү М надад дүү М нөхөр Т.М-г хутгалчихсан байна гэж Р-г хэллээ гэж хэлсэн тэгээд би мэдсэн. Тэгээд би М-тэй холбогдоход та яах юм бэ гээд байсан, би маргааш нь гэрт нь охин дээрээ очоод шархыг нь хартал нуруунд нь хөндлөн хутганы сорви байсан...” гэсэн мэдүүлэг/хх21-р тал/,
6. Гэрч Ц.Р-гий: “...2018 оны 02 сарын 12-ны өдөр намайг гэртээ байж байтал хөрш хашаанд амьдардаг баз хүргэн Т.М-г халамцуу машин бариад хүүхдээ өвөр дээрээ суулгачихаад яваад байхаар нь би болиоч машинаа хашаандаа оруул гэж хэлсэн чинь өөрөө мэдэж байна гээд байсан. Тэгээд удалгүй эхнэр нь уйлаад ороод ирэхээр нь яасан юу болсон юм гээд асуутал М нөхөр агсам тавьж байгаад хутгаар нуруу зүсчих шиг боллоо гэхээр нь нурууг нь хартал нилээн том хөндлөн зүсэгдсэн байхаар нь цагдаа дууд гэж хэлээд өөрийнхөө утсыг өгөөд Т.М-гын гэрт очиход хүн байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг, /хх22-р тал/,
7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2306/-ний дүгнэлт:
Т.М-гийн биед нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц, ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно.
Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /хх29-р тал/
8. Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар Б.М-болон Т.М-г нар нь 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтийн бүртгэл хийгдсэн байна. /хх44-р тал/
9. Шүүгдэгч Б.М-нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/, мөн хохирогч Т.М эрүүл мэндэд хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрсөн, хялбарсуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт, хохирогчтой эвлэрсэн гэрээ, хохирогчийн гомдол саналгүй тухай хүсэлт /хх69-71-р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Дээр дурдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасанд үндэслэл, журмын дагуу авагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.М-болон хохирогч Т.М-г нар нь Сонгинохайрхан дүүргийн .............. тоотод 3 хүүхдийн хамт оршин суудаг, мөн хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт, гэрлэлтийн баталгаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээс хохирогч, шүүгдэгч нар нь гэр бүлийн эхнэр нөхөрийн харилцаатай болох нь тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан. Шүүгдэгч Б.М-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ........... тоотод агсан согтуу тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Т.М-гийг нуруун тус газар хутгаар зүсэж, зодож, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь хохирогч, гэрч, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тус тус хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Б.Т.М-гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч Б.Т.М-гын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон дээр дурдсан нотлох баримтууд болон гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч Т.М-г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх26-р тал/, Эвлэрлийн гэрээ /хх69-р тал/, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг үнэлэн, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т.М-г улсын яллагчийн санал болгосон 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч Б.Т.М-гын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ахуйн хэрэглээний хутгыг устгахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.М-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Т.М-гыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т.М-гт оногдуулсан 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх боломжтойгоор тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.М-нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25 см урттай, хар өнгийн иштэй ахуйн хэрэглээний 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Т.М-г авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР