Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 01159

 

 

 

 


 

 

 

2016 оны 09 сарын 23 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01159                             Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж,тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1969 төрсөн, 47 настай эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Нарлаг дэнжийн 3а дугаар гудамжны 04 тоотод оршин суух Ар тогоруутан овгийн Халзвайгийн Алтанцэцэгийн /регистрийн дугаар РЭ69030809/ нэхэмжлэлтэй Э.Мандахбаяртай хамтын амьдралтай байсан болохыг, мөн хүү А.Ганбаярын эцэг нь Э.Мандахбаяр мөн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Алтанцэцэг, гэрч Б.Оюунчимэг, Э.Мөнхбат, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие талийгаач нөрөх Эрдэнэ-Очирын Манхдахбаяртай 1998 онд танилцаж улмаар хүү Ганбаярыг төрүүлэн насан өөд болтол эв найрамдалтай сайхан амьдарч ирсэн. Нөхөр маань 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэнэт зуурдаар нас барж хүү бид хоёр өнчин хоцорсон. Тухайн үед ааваар нь овоглож чадаагүй байтал амьдралд хүнд уй гашуу тохиолдож хүү маань тэжээгчээ алдсаны тэтгэмж авах боломж нөхцөл алдагдахад хүрсэн. Иймд 2000 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Ганбаярыг төрсөн эцгээр нь Эрдэнэ-Очир овогтой Мандахбаяр мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн намайг Э.Мандахбаяртай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Алтанцэцэг нь Э.Мандахбаяртай хамтын амьдралтай байсан болохыг, мөн 2000 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү А.Ганбаярын эцэг Э.Мандахбаяр мөн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Халзвайгийн Алтанцэцэг, Эрдэнэ-Очирын Мандахбаяр нар нь 1998 оноос 2016 оны 07 сарын 02-ны өдөр  хүртэл хамтран амьдарч, тэдний дундаас 2000 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүү Ганбаяр төрсөн, Х.Алтанцэцэг хүү Ганбаярыг Зоригтоор овоглон төрсний гэрчилгээ авсан нь Ганбаярын 0000335/324 дугаар гэрчилгээгээр, Э.Мандахбаяр  нь 2016  оны  07 дугаар сарын 02-ны өдөр нас барсан болох нь нас барсны Г-201 дугаар гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Б.Оюунчимэг, Э.Мөнхбат нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Оюунчимэг, Э.Мөнхбат нарыг гэрчээр асуусан ба гэрч Б.Оюунчимэг шүүх хуралдаанд “Би 1990 оноос Х.Алтанцэцэгийн ах Жаргалсайхантай хамт амьдарч байсан. Тэр хугацаанд Мандахбаяр Алтанцэцэг хоёр Мөрөн сумын 3-р бригадад хамт амьдарч байсан. 1997 онд намайг Мөрөн рүү шилжиж ирэхэд нэг гэрт орсон амьдарч байсан. Манайхыг Мөрөнд шилжиж ирэхэд хүү нь төрсөн байсан.  Би 2001 онд Жаргалсайханаас салсан” гэсэн мэдүүлэг өгсөн.

Гэрч Э.Мөнхбат шүүх хуралдаанд “Миний төрсөн ах Э.Мандахбаяр Алтанцэцэг нар 1997 оноос хойш цуг амьдарсан. 2009 онд Орхон аймагт шилжиж ирсэн, хүү Ганбаяр нь 2000 онд төрсөн. Ах маань 2016 оны 07  сард нас барсан” гэж гэрчлэн мэдүүлсэн.

Дээрхи байдлуудыг үндэслэн нэхэмжлэгч Х.Алтанцэцэгийг талийгаач Э.Мандахбаяртай  1998 оноос 2016 оны 07 сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг, мөн 2000 оны 06 дугаар сарын 08-нд төрсөн хүү Ганбаярын эцэг нь Э.Мандахбаяр мөн болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Х.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч Х.Алтанцэцэг нь Э.Мандахбаяртай 1998 оноос 2016 оны 07 дугаар сар хүртэл гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч байсан болохыг, мөн 2000 оны 006 дугаар сарын 08-нд төрсөн хүү Ганбаярын эцэг нь Э.Мандахбаяр мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч У.Батцэцэгээс  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Р.ҮҮРИЙНТУЯА