Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 223

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 1-р баг, Цавчир гэх газар нутаглах Булгууд овогт Чимэдийн Лувсмаа /ЗП64101003/-ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ч.Лувсмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Лувсмаа шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 он Эрдэнэдалай сумын 1-р багийн нутаг Эхэн-Ус гэдэг газар төрсөн. 1972 онд сургуульд 1-р ангид орж 8-р ангиа 1980 онд төгсөөд илгээлтээр хөдөө гарч 1980 оны 8 сарын 15-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн дарга Намжилын тушаалаар 450 төлөг шүдлэн хүлээн авч малчин болж 1980 оны 8 сарын 1-нд нэгдлийн гишүүн болсон. 1983 оны 8 сарын 1-нээс хуц, ухна хүлээн авч малчин болсон. 1990 оны 12 сарын 31-нийг дуустал хуц, ухна маллаад 1991-1992 оны 2 сарын 19-нийг хүртэл 600-аад төллөх бог мал маллаж байсан. Нэгдэл 1992 оны 2 сард хувьчлагдаж, Хөгжил хувьцаат компани болоход 1992 оны 2 сарын 19-нөөс 1993 оны 12 сарын 31-нийг дуустал компанид мал малласан. 1989 оны зун байгалийн гамшиг болж гэр салхинд ойчиж, бороонд хөдөлмөрийн дэвтэр, бусад бичиг баримт үрэгдсэн. Иймд архивын лавлагаа, тушаалын хуулбар, цалингийн тодорхойлолт, тооцооны хүснэгт, гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн 1980 оны 8 сарын 15-наас 1993 оны 12 сарын 31-нийг дуустал ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв. 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Лувсмаа нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1980 оны 08 сарын 15-ны өдрөөс 1992 оны 2 сарын 19-ний өдрийг хүртэл, Хөгжил ХК-д 1992 оны 2 сарын 19-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-нийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

  1. Дундговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 сарын 14-ний өдрийн 131 тоот тодорхойлолт: ‘’Тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт Чимэд овогтой Лувсмаагийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1980 оны 8 сарын 15-наас 1993 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай холбогдох баримт байхгүй байна. Хөгжил нэгдлийн даргын 1984, 1986 оны Лувсмаад холбогдох 26, 28-р тушаалуудын эх хувиас нь хуулбарлан гаргаж хүргүүлэв’’ /хэргийн 2-р хуудас/ гэжээ.
  2. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн даргын 1984 оны 4 сарын 25-ны өдрийн 26 дугаартай ажилд томилох тухай тушаалд: ‘’....Нэгдлийн Цавчир бригадад хоньчноор 1983 оны 8 сарын 1-нээс ажилласан Чимэдийн Лувсмааг ажилласан өдрөөс нь эхлэн тооцож ажиллуулсугай. ............... шинээр ажилд орсон хүмүүст үйлдвэр, бригадынхаа ажлыг танилцуулж, цаашид ажиллах талаар ажлын баримжаа дадлага олгож ажиллахыг туслах үйлдвэрийн дарга У.Чойжамц, Цавчир бригадын дарга Н.Цэдэнраш нарт үүрэг болгосугай’’ /хэргийн 7-р хуудас/ гэжээ.
  3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн даргын 1986 оны 7 сарын 8-ны өдрийн 28 дугаар ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал: ‘’...2.Эхчүүдийн байрны үйлчлэгч өвчтэй байгаа тул Чимэдийн Лувсмааг 6 сарын 20-ноос эхчүүдийн байрны үйлчлэгчээр түр томилон ажиллуулсугай’’  /хэргийн 8-р хуудас/ гэжээ.
  4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ЗДТГ-аас гаргасан Ч.Лувсмаагийн цалингийн тодорхойлолт : ‘’ 1986 оны 1-12 сар, 1988 оны 1-12 сар, 1989 оны 1-12 сар, 1990 оны 1-12 сар, 1991 оны 1-12 сар, 1992 оны 1-12 сар, 1993 оны 1-12 сар’’-ын цалингийн түүвэр, /хэргийн 11-р хуудас/;
  5. 1984 оны 9 сар, 1986 оны 1-12 сар, 1987 оны 1-12 сар, 1988 оны 1-12 сар, 1989 оны 1-12 сар, 1990 оны 1-12 сар, 1991 оны 1-12 сар, 1992 оны 1-12 сар, 1993 оны 1-12 саруудын цалин, хөлсний хүсэгтийн хуулбар  /хэргийн 12-22-р хуудас/.  1984 оны 7 сар гэсэн цалингийн хүснэгт хэрэгт авагдсан байгаа боловч нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
  6. 1991 оны 12 сарын 17-нд Ч.Лувсмаад олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тус дэвтрийн хуулбарт ‘’1991 оны 1-12 сар, 1992 оны 1-12 сар, 1993 оны 1-12 сар’’-ын цалингийн бичилт хийгдсэн /хэргийн 3-р хуудас/
  7. Гааль, татварын Ерөнхий газрын харъяа Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн 2016 оны 5 сарын 30-ны өдрийн 08/182 тоот лавлагаа: ‘’Эрдэнэдалай  сумын ‘’Хөгжил’’ нэгдэл нь 1991 оны 03 сарын 12-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 02 дугаар сарын 19-нд ‘’ Хөгжил’’ хувьцаат компани, 1996 оны 4 сарын 18-нд ‘’Далайн хөгжил’’ хоршоо болон өөрчлөгдсөн болно‘’ /хэргийн 3-р хуудас/ гэжээ.
  8. Гэрч Ө.Мандахсүрэн, Ц.Ганболд, О.Пагамдорж нарын мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагч Ч.Лувсмаа нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1980 оны 08 сарын 15-ны өдрөөс 1989 оныг хүртэл хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, 1991 оноос хойш хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч зөрчилтэй гэх бөгөөд ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын газарт бүрэн эхээрээ хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 131 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч нь 8-р ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч 1980 оны 8 сарын 15-ны өдрөөс эхлэн ажилласан гэх боловч түүнийг 1980 оны 8 сарын 15-ны өдрөөс эхлэн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд ажилласан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Харин хэргийн 7-р хуудсанд Ч.Лувсмааг 1983 оны 8 сарын 1-ний өдрөөс эхлэн Хөгжил нэгдэлд ажилласан тухай бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байх тул түүнийг 1983 оны 8 сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн гэж үзэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч нь 1983 оны 8 сарын 1-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл болон ‘’Хөгжил’’ хувьцаат компанид ажиллаж байсан гэдэг нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн даргын 1984 оны 4 сарын 25-ны өдрийн 26 дугаартай ажилд томилох тухай тушаал, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн даргын 1986 оны 7 сарын 8-ны өдрийн 28 дугаар ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ЗДТГ-аас ирүүлсэн  Ч.Лувсмаагийн цалингийн тодорхойлолт, 1984 оны 9 сар, 1986 оны 1-12 сар, 1987 оны 1-12 сар, 1988 оны 1-12 сар, 1989 оны 1-12 сар, 1990 оны 1-12 сар, 1991 оны 1-12 сар, 1992 оны 1-12 сар, 1993 оны 1-12 саруудын цалин, хөлсний хүснэгтийн хуулбар, 1991 оны 12 сарын 17-нд Ч.Лувсмаад олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тус дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдох бөгөөд эдгээр нотлох баримтууд нь гэрч Ө.Мандахсүрэн, Ц.Ганболд, О.Пагамдорж, хүсэлт гаргагчийн тайлбар, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын даргын тодорхойлолт болох нотолгооны хэрэгслээр нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг дээр дурдсан нотлох баримтуудад үндэслэн хүсэлтийн шаардлагын заримыг хангаж буюу Чимэдийн Лувсмааг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1983 оны 8 сарын 1-ний өдрөөс эхлэн 1992 оны 2 сарын 19-ний өдрийг хүртэл /учир нь Хөгжил нэгдэл нь 1992 оны 2 сарын 19-нд ‘’Хөгжил’’ хувьцаат компани болж өөрчлөгдсөн байна./, тус сумын ‘’Хөгжил’’ хувьцаат компанид 1992 оны 2 сарын 19-ний өдрөөс эхлэн 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас үлдсэнийг буюу 1980 оны 8 сарын 15-наас 1983 оны 8 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан гэдэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д тус тус зааснаар Булгууд овогт Чимэдийн Лувсмааг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1983 оны 8 сарын 1-ний өдрөөс эхлэн 1992 оны 2 сарын 19-ний өдрийг хүртэл, тус сумын ‘’Хөгжил’’ хувьцаат компанид 1992 оны 2 сарын 19-ний өдрөөс эхлэн 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР