Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 102/2024/00785/И |
Дугаар | 210/МА2024/01712 |
Огноо | 2024-09-06 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2024/01712
2024 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 210/МА2024/01712 |
ххххх ХХК, хххххх нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/03537 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ххххх ХХК, хххххх нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч ххххх ХХК-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 220,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ххххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ххххх ХХК нь ххххххх маркийн, хххх улсын дугаартай, экскаватор машинтай бөгөөд уг автомашины гэрчилгээ нь захирал хххххх миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Манай компани нь уг экскаватор автомашинаа бусдад төлбөртэйгөөр түрээслүүлэх, ажил гүйцэтгэх зэргээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ххххх ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/02 дугаартай машин механизмын түрээсийн гэрээг байгуулж, уг гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хүртэл хугацаагаар байгуулсан.
1.2. ххххх ХХК нь авто засвар үйлчилгээ, үзлэг шалгалт бүрэн хийгдсэн, цэвэр, ашиглахад бэлэн, аливаа эрхийн зөрчилгүй, ххххххх маркийн, хххх улсын дугаартай, экскаватор машиныг ххххх ХХК-д түрээслүүлэх, ххххх ХХК нь уг түрээсийн тээврийн хэрэгслийг ххххх аймгийн ххххххх уурхайн талбайд ажиллуулж, түрээсийн төлбөр 1 сарын 44,000,000 төгрөгийг ххххх ХХК-д төлөхөөр тохиролцож, эхний сарын түрээсийн урьдчилгаанд 1 сарын түрээсийн төлбөрийн дүнгийн 50 хувь 22,000,000 төгрөгийг ажил эхлэхээс өмнө төлж, сар бүрийн түрээсийн төлбөрийг гэрээ хийгдсэнээс хойш 15 хоног тутамд түрээслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон.
1.3. Мөн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 002/22 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 003/23 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажил гүйцэтгэгч буюу ххххх ХХК нь өөрийн өмчлөлийн ххххххх маркийн, хххх улсын дугаартай экскаватор машинаар захиалагч буюу ххххх ХХК-ийн даалгасан ажлыг хийж гүйцэтгэх, ххххх ХХК нь ажил гүйцэтгэгч ххххх ХХК-д 1 сар тутамд 44,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 002/22 тоот, 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 003/23 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүдийн 2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний хөлс тооцох болон төлбөр төлөх журам, хугацааг заасан болно.
1.4. Дээрх гэрээний дагуу ххххх ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 22,000,000 төлөх ёстойгоос 12,000,000 төгрөгийг төлж, 10 сая төгрөгийн үлдэгдэлтэй болсон бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг удаа дараа хэтрүүлэн, төлбөрийн үлдэгдэлтэй болсон. 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ххххх ХХК-тай тооцоо нийлсэн бөгөөд тухайн үед 167,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөг төлж, 147,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон.
1.5. ххххх ХХК-ийн захирал хххххх миний бие 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ххххх аймагт очиж, ххххх ХХК-ийн захиралтай уулзаж ажлыг зогсоож тээврийн хэрэгслийг буцаан авах гэсэн боловч үлдэгдэл төлбөрөө 2 хоногийн дотор төлөхөө илэрхийлсэн тул ажлыг зогсоогоогүй буцсан. Гэвч заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул ххххх ХХК-д 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 004/23 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг хүргүүлж, гэрээг цуцалж, тээврийн хэрэгслийг буцаан татсан.
1.6. ххххх ХХК нь төлбөрийн үлдэгдэл дээр маргадаггүй, төлбөрөө төлнө гэдэг тул уг асуудлыг эвийн журмаар шийдвэрлүүлэхээр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч, тус компанийн захирал удаа дараа ирээгүй.
Иймд, ххххх ХХК-аас 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/02 дугаартай машин механизмийн түрээсийн гэрээ, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 002/22 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 003/23 тоот ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 147,000,000 төгрөг, алданги 73,500,000 /алдангийг 50 хувиар тооцов/ төгрөг, нийт 220,500,000 төгрөг гаргуулж, ххххх ХХК-д олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 11/02 дугаартай машин, механизмын түрээсийн гэрээ байгуулагдаж, хххххулсын дугаартай ххххххх маркийн экскаваторыг хариуцагч түрээслэн ажлуулах болсон. Уг гэрээний хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай байхаар гэрээний 2.2-д талууд тохиролцсон бөгөөд энэ гэрээ цаашид сунгагдахгүйгээр үргэлжилж, талуудын хэн алин нь гэрээг сунгах талаар хүсэлтээ бичгээр илэрхийлээгүй байдаг.
2.2. Хэдийгээр гэрээ сунгагдаагүй боловч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн экскаваторыг 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл түрээсээр ажлуулж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин энэ дунд буюу 2023 оны 07-08 сарын хооронд экскаватор эвдэрч, түрээслүүлэгч талаас засварлаж байгаа гэх нэрийдлээр 1 сар ажил хийгээгүй учир 1 сарын түрээсийн төлбөр буюу 44,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцуулах хүсэлттэй байгаа болно.
2.3. Хэрэгт авагдсан Тооцооны баримтын жагсаалт гэх баримт бичигт ххххх ХХК-ийн зүгээс гэрээний төлбөрт 157,000,000 төгрөг төлсөн байдлаар тусгагдсан байх бөгөөд хариуцагч талын зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг тооцоонд оруулаагүй байх тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс энэ хэмжээгээр хасагдах ёстой гэж үзэж байна.
2.4. Хариуцагч ххххх ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч ххххх ХХК-тай гэрээ байгуулах замаар ажил гүйцэтгэх үүрэг хүлээж байгаагүй болно. Энэ гэрээ хүчин төгөлдөр болж хэрэгжээгүй гэрээ байх тул энэхүү гэрээгээр хариуцагч ххххх ХХК нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээхгүй гэж үзэж байна.
2.5. Талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 11/02 дугаартай машин, механизмын түрээсийн гэрээний 3.3-д Гэрээгээр тогтоосон хугацаат үүргийг биелүүлээгүй тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувиар алданги төлнө. гэж заасан бөгөөд хариуцагч талын зүгээс хүчин төгөлдөр үйлчилж, хэрэгжсэн дээрх гэрээний хугацаанд алданги төлөх хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Харин хүчин төгөлдөр болж хэрэгжээгүй гэрээний хариуцлагыг хүлээхээс татгалзаж байна.
Ийнхүү хариуцагчийн зүгээс гэрээний төлбөрөөс 83,000,000 төгрөгийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас буюу үндсэн төлбөрөөс 64,000,000 төгрөг, алданги 73,500,000 төгрөг, нийт 137,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ххххх ХХК-аас 190,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ххххх ХХК, ххххххт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,260,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,110,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Хариуцагч талаас гэрээг хүлээн зөвшөөрөн төлбөрийг төлсөн. Гэвч тус хэргийн нотлох баримт болох 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 002/02 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 003/23 тоот ажил гүйцэтгэх гэрээг шүүх хүчин төгөлдөр гэрээ хэмээн тооцож шийдвэрийн үндэслэл болгон авч үзсэн байна. Бидний зүгээс дээрх гэрээг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан боловч шүүх гэрээний гүйцэтгэлтэй холбоотой шаардах эрхээ эдэлж байна хэмээн үзсэн. Тус гэрээнд нэхэмжлэгч буюу захиалагч нь ххххх ХХК бөгөөд хариуцагч ххххх ХХК-ийг ажил гүйцэтгэгч хэмээн тодорхойлсон байдаг.
Шүүх зохигчдын хооронд байгуулсан 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 002/02 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 003/23 тоот ажил гүйцэтгэх гэрээний 1.1, 2.1,2.8 дахь хэсэгт заасан агуулгаас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулсан гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй.
2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан машин механизмын түрээсийн гэрээний дагуу алдангийг тооцохдоо 0.05 хувиар биш 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 002/02 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 003/23 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу тооцсон хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.
4.2. Тус хэрэгт авагдах ёстой хариуцагчийн үйл ажиллагааг зогсоосон Баяндалай сумын засаг даргын тамгын газар, байгаль орчны газраас илгээсэн албан тоотыг гаргуулах, нотлох баримтын шаардлага хангуулах тухай хариуцагчийн хүсэлтийг шүүх авч хэрэгсэхгүй, хүсэлтийг хангалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх эрхээ хангуулж чадаагүй, шүүгч нэг талыг барин шийдвэр гаргасан гэх үндэслэлтэй байна.
4.3. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд эвлэрэх хүсэлт гаргасан бөгөөд 180,000,000 төгрөгийг тэр даруй гаргах боломжгүй тул байгууллагын санхүүжилт, тооцоо зэргийг тооцсоны үндсэн дээр гаргахаар тохирсон. Нэгэнт эвлэрэх тухай хүсэлтээ илэрхийлсэн тул хугацааны хувьд тохирч болно гэж үзэж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тухайн үед артерийн даралтын улмаас тухайн шүүх хуралд оролцох боломжгүй болсон тухайгаа илэрхийлсэн бөгөөд [email protected] хаягт шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, эмчилгээний хуудсыг илгээсэн боловч шүүх хурал эхэлсэн хэмээн үзэж шүүх хуралдаанд шийдвэр гаргажээ. Хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээ эдлэх боломжоор хангаагүй бөгөөд шүүх шийдвэрээ гаргахдаа илт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй. ххххх ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 11/02 дугаартай машин механизм түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээг сунгахдаа ажил гүйцэтгэх гэх нэртэйгээр сунгасан бөгөөд гэрээний агуулга, түрээсийн нөхцөл, төлбөр төлөх боломж зэрэг бүгд хэвээр байгаа.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн машин механизмыг түрээсэлж үйл ажиллагаа явуулсан, түрээсийн төлбөр төлөх ёстой үүргийг тооцоо баримт, жагсаалт гаргаж хүлээн зөвшөөрдөг бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу алдангийг нэхэмжилсэн. Гомдолд дурдсан албан бичиг нь хххххх сумын Засаг даргын Тамгын газраас хариуцагч ххххх ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл бүхий албан бичиг байдаг. Гэтэл нэхэмжлэгчээс уг албан бичигт дурдсан хугацааны төлбөрийг нэхэмжлээгүй байхад гомдолдоо аваагүй мэтээр дурдсан байна.
5.2. Гэрээг албан ёсоор цуцалснаас хойш талууд эвлэрэх асуудал яригддаг боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрээгүй учраас хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ххххх ХХК, хххххх нар хариуцагч ххххх ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 220,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь 83,000,000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, үлдэх 137,500,000 төгрөгт холбогдох хэсгийг татгалзаж буй гэх үндэслэлээ ...2023 оны 7 дугаар сараас 8 дугаар сарын хооронд экскаватор эвдэрч, ... 1 сар ажил хийгээгүй тул 1 сарын төлбөрийг нэхэмжлэлийн дүнгээс хасч тооцуулна ..., ... 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 002/22 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 003/23 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүй учир ямар нэгэн үүрэг хүлээхгүй, ... алдангийг 0,05 хувиар тооцон төлнө гэж тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж маргааны үйл баримтыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
4. Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт эрх зүйн маргаанд хамааралгүй хуулийг баримталсан буюу зөрчлийн улмаас гэрээг цуцалсантай холбогдон учирсан хохирол арилгах шаардах эрхийн зохицуулалт болох Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж үзлээ.
4.1. ххххх ХХК, ххххх ХХК нар 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/2 тоот Машин механизмын түрээсийн гэрээ-гээр түрээслүүлэгч ххххх ХХК нь ххххххх маркийн хххххулсын дугаартай экскаваторыг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч ххххх ХХК нь экскаваторын түрээсийн 1 сарын төлбөрт 44,000,000 төгрөг, урьдчилгаа 50 хувь 22,000,000 төгрөгийг ажилд гарахаас өмнө төлөх, гэрээ байгуулагдсанаас хойш 15 хоног тутамд төлбөр урьдчилж төлөх, гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувиар алданги төлөх үүрэг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон байна. /хх-9-13/
4.2. Үүний дараа талууд 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 002/22 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээ байгуулж, гэрээгээр ххххх ХХК нь дээрх экскаватораар 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд даалгасан ажлыг гүйцэтгэх, ххххх ХХК нь хийсэн ажлын хөлсийг төлөх, гэрээний сарын төлбөр 44,000,000 төгрөг, гэрээний урьдчилгаанд 50 хувийг төлж, төлбөрийг сар бүрийн эхний 15 хоног тутамд урьдчилж төлөх, төлбөр хийгдэх хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгээс төлөгдөөгүй дүнд өдрийн 0,5 хувиар алданги төлөх,
Мөн 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 003/23 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээгээр ххххх ХХК нь тухайн экскаватораар 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд даалгасан ажлыг гүйцэтгэх, ххххх ХХК нь хийсэн ажлын хөлсийг төлөх, гэрээний сарын төлбөр 44,000,000 төгрөг, гэрээний урьдчилгаанд 50 хувийг төлж, төлбөрийг сар бүрийн эхний 15 хоног тутамд урьдчилж төлөх, нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх-14-19/
Талууд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/2 тоот гэрээний дагуу түрээслүүлэгчээс техник хэрэгслийг түүнийг ажиллуулах операторын хамт хүлээлгэн өгсөн, түрээслэгч нь түрээсийн зүйлийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд эзэмшиж, ашигласан, түрээсийн төлбөрт нийт 177,000,000 төгрөг төлсөн үйл баримтад маргаангүй. Харин 2023 онд байгуулагдсан 002/22, 003/23 дугаартай гэрээтэй холбогдон үүссэн эрх зүйн үр дагаврын талаар маргажээ.
Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Учир нь, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
5. ххххх ХХК болон ххххх ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 002/22 дугаартай, 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 003/23 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ нэртэй 2 гэрээнд ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажил, хүлээлгэн өгөх ажлын үр дүн буюу гэрээний зүйл юу болох нь тодорхой бус, өөрөөр хэлбэл, гэрээний гол нөхцөлийг дээрх 2 гэрээнд тусгаагүй байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй.
Харин гэрээний 2.1-д Гэрээний нэг сарын төлбөр 44,000,000 төгрөг болно. гэж, мөн гэрээний хугацааг тус бүр 3 сараар, алдангийн хэмжээг 0.5 хувиар тооцохоор харилцан тохиролцсон нь өмнөх гэрээний хугацааг сунгаж, алдангийн хэмжээнд өөрчлөлт оруулсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, талууд 11/02 тоот гэрээгээр түрээсийн зүйл болох техник хэрэгслийг түүнийг ажиллуулах ажилтны хамт 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай түрээслэж, гэрээний 3.3-т гэрээгээр тогтоосон хугацаанд үүргийг биелүүлээгүй тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон. 002/22, 003/23 дугаартай 2 гэрээгээр 11/02 тоот гэрээний хугацааг гурав, гурван сараар сунгаж, алдангийн хэмжээг 0,5 хувь болгосон өөрчлөлтийг тус тус оруулж, гэрээнд эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, компанийн тамга, тэмдэг дарж баталгаажуулжээ.
Дээрх гэрээний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулан Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлавал талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, 002/22, 003/23 дугаартай гэрээгээр 11/02 тоот гэрээний хугацааг сунгаж, алдангийн хувь хэмжээг өөрчилсөн гэж үзнэ. Иймд, шүүх хуулийг буруу тайлбарласан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
6. Зохигчийн гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах байсан, хариуцагч ххххх ХХК нь гэрээний дагуу түрээсийн төлбөрийг 15 хоног тутамд төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй зөрчсөн, нэхэмжлэгч нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь хэрэгт авагдсан 003/23 дугаартай гэрээ, нэхэмжлэгч компаниас хариуцагч компанид хүргүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 004/23 дугаартай мэдэгдэл, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-17, 22, 98-100/
7. Хариуцагч тал үүргээ зөрчсөнтэй холбогдон нэхэмжлэгч тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, түрээсийн зүйлийг эзэмшиж, ашигласан 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр болон үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй зөрчилд алданги тооцон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасантай нийцжээ.
Хариуцагч тал гүйцэтгэсэн үүргийн хэмжээнд маргаагүй.
Тодруулбал, нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу сарын 44,000,000 төгрөгөөр, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг 20,000,000 төгрөгөөр тус тус тооцож, нийт 324,000,000 төгрөг төлөх үүргээс хариуцагчийн гүйцэтгэсэн 177,000,000 төгрөгийн үүргийг хасч, үлдэх 147,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Мөн талууд харилцан тохиролцон алдангийн хэмжээг 0.5 хувь болгон гэрээнд өөрчлөлт оруулсан тул гүйцэтгээгүй үүргийн дүн болох 147,000,000 төгрөгөөс 0.5 хувиар алданги тооцон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн 73,500,000 төгрөг нэхэмжилсэн нь энэ хууль болон гэрээг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дээрх хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн. Харин үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзасан үндэслэлийн талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу байна. Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй буюу зөрчлийн улмаас гэрээг цуцалсантай холбоотой Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймээс шүүх 002/22, 003/23 тоот гэрээний дагуу алдангийг 0.5 хувиар буруу тооцож, хуулийг буруу хэрэглэсэн гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.
8. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2024/13266 дугаартай захирамжаар нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үндэслэлд хамааралгүй, өөрөө бүрдүүлэх боломжтой гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-93-94/
Мөн хэрэгт авагдсан 002/22, 003/23 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г хэргийн нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийн хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах гэж заасан үндэслэлд хамаарахгүй байна. Учир нь, талууд дээрх хоёр гэрээний эрх зүйн үр дагаврын талаар маргасан. Анхан шатны шүүх тус 2 гэрээг хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан гэж дүгнээд хариуцагч талын гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт шүүхэд ирүүлэхдээ хүндэтгэн үзэх шалтгаанаа буюу өвчтэй гэх үндэслэлээр баримтаар нотлоогүй байх тул шүүх, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна. /хх-101/
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/03537 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 227 дугаар зүйлийн 227.1 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,260,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Ч.ЦЭНД