Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 124/2018/0015/З |
Дугаар | 221/МА2019/0589 |
Огноо | 2019-11-13 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2019/0589
2019 оны 11 сарын 13 өдөр Дугаар 221/МА2019/0589 Улаанбаатар хот
“Б.Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Б.Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатар шүүгчийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр:Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь “Б.Д” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-0000, XV-0000тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн хайгуулын ажлын 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг талахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь ашигт малтмалын хайгуулын ХV-0000, XV-0000дугааруудтай тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, төлөвлөгөө батлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд энэ нь дараах байдлаар үндэслэлгүй байна.
Өмнө нь хэргийг анхан шатны журмаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж, улмаар давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, тодорхой асуудлуудыг тодруулах, нотлох баримт гүйцэд цуглуулах, маргааны зүйл болсон хариуцагчийн төлөвлөгөө батлахаас татгалзсан татгалзалд дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзсэн байдаг.
Харин Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 07 дугаартай шийдвэр гаргахдаа дээр дурдсан магадлалыг үл хайхарчээ. Хэдийгээр шат шатны шүүхийн бие даасан, хараат бус байдал байгаа ч дээд шатны шүүхээс хэрэг буцсан уг тохиолдолд магадлалд заасныг анхаарах ёстой.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Байгаль орчин менежментийн төлөвлөгөөг Сумын засаг дарга хүлээн авсан нь тогтоогдохгүй гэж дүгнэсэн боловч хариуцагч өдийг хүртэл маргахдаа энэ талаар шүүхэд ямар ч тайлбар өгч байгаагүй, энэ талаар мэтгэлцэж байгаагүй. Үүнийг зөвхөн хариуцагчийн өөрийн бүртгэлээр тодруулж, дүгнэсэн нь ч өрөөсгөл. Хэрэв үнэхээр Сумын засаг даргад нэхэмжлэгчийн зүгээс Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө өгөөгүй бол Сумын засаг дарга тэр талаар яаж мэдэж, батлахгүй тухай хариуг өгөх вэ? Эндээс харахад Сумын засаг дарга төлөвлөгөөг хүлээж аваагүй гэж үзэх ямар ч боломжгүй.
Манай компанийн хайгуулын менежер Н.Баярсайхан 2017 оны 11 дүгээр сард Увс аймгийн төв Улаангом хотод томилолтоор ажиллан БОАЖ газраар тухайн оны Хайгуулын ажлын байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө хянуулан улмаар 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өндөрхангай суманд очин Засаг дарга Ц.Сундуйтай уулзаж ажил байдлаа танилцуулж уулзах хүсэлт тавьсан боловч уулзахаас цааргалан, завгүй байна хүлээж бай гэж утсаар хэлж байснаа чамтай уулзах шаардлага байхгүй гэсэн хариуг өгөн буцаасан байдаг. Үүнээс хойш компанийн зүгээс удаа дараа утсаар холбогдон Байгаль орчны шинэчилсэн төлөвлөгөө батлуулах хүсэлтээ тавьж байсан ба сумын засаг даргын зүгээс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр №32 тоот дугаартай албан бичгээр хариу өгсөн. Улмаар шүүхэд хэрэг шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэл татгалзлын үндэслэлээ:
Анх тусгай зөвшөөрөл авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасны дагуу сумаас санал аваагүй тул одоо нэхэмжлэгч компанийн үйл ажиллагааг дэмжих боломжгүй, тусгай зөвшөөрлийн талбайнууд нь иргэдийн өвөлжөө хаваржааны газартай давхацсан, нэгэнт нутгийн иргэд эсэргүүцэж байгаа учир Сумын засаг даргын зүгээс хуулиас илүү ёс зүйтэй байж, иргэдийнхээ саналыг дээдлэх ёстой, Хайгуулын ажлаа хийдэггүй байж дахиад төлөвлөгөө батлуулах гээд байгаа нь буруу зэрэг байдлаар тавьж байгаа болно.
Нэхэмжлэгчийн хувьд захиргааны байгууллага, албан тушаалтан нь хуульд заасан үүргийг хэрэгжүүлэх ёстой, Ашигт малтмалын тухай хуулийн 38.2 дахь заалт (Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-т заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ) нь хариуцагчид үүрэг болгосон заалт бөгөөд дээр дурдсан 4 үндэслэлээр төлөвлөгөө батлахгүй байх боломжгүй гэж үзэж байгаа юм. Хэрэв энэ мэт байдлаар Сумын засаг дарга нар хууль биелүүлэхгүй байх аваас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сунгагдах эсэхийг шууд шийддэг практик үүсэх юм. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-т заасны дагуу Засгийн газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбицлуудыг тогтоож, нийтэд мэдээлж, түүн дээр сонгон шалгаруулалт, өргөдөл гаргаж тусгай зөвшөөрөл олгогдож байгаа бөгөөд сум, орон нутгаас тухай бүрд нь саналаа өгөх зохицуулалттай. Гэвч нэгэнт энэ процесс явагдсаны дараа сум, орон нутгаас хуульд байхгүй асуудлаар шалтаглан, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хохироож байгаа нь зүйд нийцэхгүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасны дагуу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хянав.
Анхан шатны шүүх холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, үйл баримтад зохих дүгнэлтийг өгч, Ашигт малтмалын тухай хуулийн зүйл заалтыг зөв хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
“Б.Д” ХХК-аас Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдуулан Өндөрхангай сумын нутаг дахь “Б.Д” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0000, XV-0000 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн хайгуулын ажлын 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоон, 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Ашигт малтмалын газраас “Б.Д” ХХК-д 2015 оны 3 дугаар сард Увс аймгийн Өндөрхангай сумын Цагаануур нэртэй газарт орших 14316.03 гектар талбайг хамарсан ХV-0717851 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон, улмаар 2016 онд талбайн хэмжээг 3061.48 гектар болгон буцаан өгч, харин 797.62 гектар талбайг хамрах ХV-0000дугаар тусгай зөвшөөрлийг олгож, дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг дуустал байхаар олгосон байна.
“Б.Д” ХХК Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан, гэтэл Кадастрын хэлтсээс өргөдлийг хянаж үзээд, хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн улмаар тусгай зөвшөөрлүүдийг эзэмших эрх дуусгавар болжээ.
Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлүүд эзэмших эрх дуусгавар болсон явдалд ““Б.Д” ХХК-ийн 2018 оны шинэчлэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа” хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас болсон гэж буруутган маргаж байна.
Харин хариуцагчаас анхан шатны шүүхэд Ашигт малтмалын газраас анх 2015 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо аймаг болон сумын нутгийн удирдлагаас санал аваагүй, ямар нэгэн мэдээлэлгүйгээр олгосон нь хууль зөрчсөн шийдвэр байсан, мөн тухайн орон нутгийн иргэд хайгуулын болон ашиглалтын ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй байгаа талаар саналаа илэрхийлж байгаа тул тус хуулийн этгээдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн байдаг.
Хэдийгээр хариуцагчийн тайлбар зарим талаар хэрэгт хамааралгүй боловч анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад хийсэн дараах дүгнэлтүүд нь үндэслэлтэй.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахаасаа өмнө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргад хүргүүлэн батлуулаад дараа нь орон нутгийн байгаль орчны хяналтын хүргүүлэн хянуулж, уг өргөдөлд хавсаргах ёстой байсан гэж зөв дүгнэжээ.
”Б.Д” ХХК нь 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж Өндөрхангай сумын Засаг даргад хүргүүлсэн болон хүлээн авсан нь тогтоогдохгүй байх тул түүнийг дээрх төлөвлөгөө батлаагүй гэж буруутгах боломжгүй гэж маргааны үйл баримтыг үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар 2017, 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар удаа дараа холбогдсон ч тодорхойгүй шалтгаанаар татгалзаж байсан гэх тухайд:
Энэ тохиолдолд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах нь сумын Засаг даргын үүрэг боловч, хэрэв тухайн албан тушаалтан энэхүү үүргээ биелүүлэхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхийн тулд менежментийн төлөвлөгөө хянах, батлуулахтай холбоотой үүргээ биелүүлэхийг холбогдох албан тушаалтнаас шаардах, шаардлагатай бол буруутай албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйтэй нь холбогдуулан дээд шатны захиргааны байгууллага болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой буюу уг эрх нь захиргааны үүргээр хязгаарлагдахгүй юм.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн ирсэн бичгийн бүртгэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдээс Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг дарга хүлээж авсан эсэх нь тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэх тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч маргаан бүхий үйл баримттай холбоотой өөрт байгаа нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой байсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байна.
Дүгнэвэл, Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахаасаа өмнө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргад хүргүүлэн батлуулаад дараа нь орон нутгийн байгаль орчны хяналтын хүргүүлэн хянуулж, уг өргөдөлд хавсаргах ёстой байтал, нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасныхаа дараа буюу 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 03/12-1 тоот албан бичгээр хандан ашигт малтмалын хайгуулын XV-0000, XV-0000тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2018 оны хайгуулын ажлын үед мөрдөж ажиллах байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж өгөхийг хүссэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан шаардлагыг хангаагүй байна.
Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.” гэж хуульчилсан байх боловч нэхэмжлэгчээс сумын Засаг даргад төлөвлөгөөгөө батлуулахаар хандаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчийн гаргасан эс үйлдэхүйг хууль бус эсэхийг тогтоох боломжгүй байх тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хийх хүрээ үүгээр хязгаарлагдаж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР