Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 182/2024/00822/И |
Дугаар | 210/МА2024/01740 |
Огноо | 2024-09-11 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2024/01740
2024 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 210/МА2024/01740 |
хххххххххххххххххх ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2024/02935 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч хххххххххххххххххх ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч хххххд холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,116,860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ххххх нь хххххххххххххххххх ХХК-аас дараа төлбөрийг нь хийж гүйцэтгэх нөхцөлтэй бараа худалдан авч ххххх хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ба 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуусталх хугацаанд тооцоо нийлэхэд 2,116,860 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гарсан.
1.2. хххххххххххххххххх ХХК нь тухайн төлбөрөө яаралтай төлж барагдуулах асуудлаар ххххх хүнсний дэлгүүрт бараа хүргэж очих бүртээ шаардаж байсан боловч төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн байна.
1.3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хххххаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,116,860 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ххххх ххххх хүнсний дэлгүүрт 5-6 жил кассчинаар ажиллаж байх хугацаанд дэлгүүрийн эзэн хххххх нь дэлгүүрээ түрээсэлж ажиллуул гэсэн удаа дараа санал болгосон тул аргагүй эрхэнд зөвшөөрсөн.
2.2. Ингээд ххххххээс 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дэлгүүрийн барааны тооллого хийж дэлгүүрийг хүлээж авахад 62,000,000 төгрөгийн бараа байсан, ххххх нь 32,000,000 төгрөгийг нь бэлнээр өгөхөд тэрээр 30,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй төл гэж тулгасан тул аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрсөн.
2.3. ххххх хүнсний дэлгүүрийн жинхэнэ эзэн нь өөр хүн байдаг. Харин хххххх нь хххххтай амаар тохирч итгэлцэл дээр түрээсэлсэн. хххххх нь цаад үндсэн түрээслэгчээсээ 2,000,000 төгрөгөөр түрээсэлж байсан ч сүүлд нь 2,500,000 төгрөг болсон гээд, мөн тоног төхөөрөмж болох лангуу хөргүүрүүдийн түрээс гэж 1,000,000-1,500,000 төгрөгийг нэмж хххххаас сард түрээс төлбөрт 3,500,000 төгрөгийг авдаг болсон.
2.4. Түрээсийн төлбөр дээр 4 хувийн хүүгийн 1,200,000 төгрөгийг нэмээд нийт 4,700,000 төгрөг авдаг болсон. ххххх нь сард өөртөө цалингүй түрээсийн төлбөрөөс илүү гардаггүй байсан. Дэлгүүрийн орлого багасаж компаниудын барааны үнийг өгөх боломжгүй болсон. Ингээд 2023 оны 10 дугаар сард дэлгүүрийг үлдэгдэл бараатай нь ххххххт хүлээлгэн өгсөн.
2.5. Гэтэл хххххххххххххххххх ХХК-ийн үл таних хүн хххххыг бичиг хийж өг гэж шаардсаар бичүүлж авсан. ххххх нь дэлгүүрийн үлдэгдэл барааг ххххххт хүлээлгэн өгсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч хххххаас 2,116,860.80 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч хххххххххххххххххх ХХК-д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,819.78 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч хххххаас 48,819.78 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч хххххххххххххххххх ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Хариуцагч ххххх нь нэхэмжлэгч хххххххххххххххххх ХХК-ийн зарлагын 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 29558 дугаартай 380,560 төгрөгийн, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 16567 дугаартай 508,400 төгрөгийн, 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 42628 дугаартай 499,240 төгрөгийн үнийн дүнтэй баримтуудад заасан 1,388,200 төгрөгийн бараа материалуудыг хүлээж аваагүй.
4.2. Мөн 29558, 16567, 42628 дугаартай зарлагын баримтуудад хүлээн авсан харилцагчийн гарын үсэг илт зөрүүтэй, гарыг үсгийн тайлал байхгүй байгаа зэргийг тайлбарлаж нотлох баримтыг шинжлүүлээд байхад шүүх тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь зөв үнэлээгүй, буруу дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж хариуцагч хххххаас гаргуулахаар шийдвэрлэсэн бараа материалын үнэ болох 2,116,860 төгрөгийн үнийн дүнгээс 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 29558 дугаартай 380,560 төгрөгийн баримт, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 16567 дугаартай 508,400 төгрөг баримт, 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 42628 дугаартай 499,240 төгрөгийн баримт, нийт 1,388,200 төгрөгийг хасаж тооцуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болох үлдэгдэл 2,116,860 төгрөгийг нэхэмжилсэн. Мөн хариуцагчийн зүгээс 29558, 16567, 42628 дугаартай зарлагын баримтуудын гарын үсэг зөрүүтэй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна.
Шүүх шинжилгээний байгууллагаас томилсон шинжээч нь гарын үсэг, бичгийн хэвийн чөлөөт, харьцангуй чөлөөт загварыг нэмэлтээр ирүүлнэ үү гэдгийг хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч хххххххххххххххххх ХХК нь хариуцагч хххххд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,116,860 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, зарлагын баримтууд, талуудын гар утсанд үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэл, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон. Улмаар талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж тодорхойлон, гэрээний шаардах эрхийн талаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэл бүхий болжээ.
4. Хариуцагч тал шийдвэрийг эс зөвшөөрч, 29558, 16567, 42628 дугаартай зарлагын баримтуудыг шүүх үнэлэхдээ хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,388,200 төгрөгийг хасч, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хангах хуулийн үндэслэлгүй байна.
4.1. Хэргийн 31, 33, 34 дэх талд нэхэмжлэгч хххххххххххххххххх ХХК-аас ххххх хүнсний дэлгүүрт бараа хүлээлгэн өгсөн тухай 499,240 төгрөгийн үнийн дүн бүхий 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 42628 дугаартай зарлагын баримт, 508,400 төгрөгийн үнийн дүн бүхий 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 16567 дугаартай зарлагын баримт, 380,560 төгрөгийн үнийн дүн бүхий 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 29558 дугаартай зарлагын баримт тус тус авагджээ.
Эдгээр баримтад бараа хүлээн авсан харилцагч гэх хэсэгт зурсан гарын үсэг нь хариуцагч хххххын гарын үсгийн тайлал мөн эсэх талаар зохигч маргаж, хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар шинжээч томилсон байна. Хариуцагч нь уг хүсэлтээ дэмжиж, шинжээчид шинжилгээ хийх боломж олгоогүй буюу бичгийн хэвийн чөлөөт, харьцангуй чөлөөт загварыг хүргүүлээгүйн улмаас шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжгүй болсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
Иймд харилцагчийн гарын үсэг илт зөрүүтэй, гарыг үсгийн тайлал байхгүй байгаа зэргийг тайлбарлаж нотлох баримтыг шинжлүүлээд байхад шүүх тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь зөв үнэлээгүй, буруу дүгнэлт хийсэнд гомдолтой гэх хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй.
4.2. Талууд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлж, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуусталх хугацаанд өгч, авалцсан бараа материалаа нягтлан бодох бүртгэлийн баримтаар нэг бүрчлэн нийлж үзэхэд ххххх дэлгүүр нь 2,116,860 төгрөг төлөх үлдэгдэлтэй гарсныг харилцан баталж, Тооцооны үлдэгдлийн баталгаа нэртэй баримт үйлдэж, хоёр тал гарын үсэг зурж, баталгаажуулжээ. /хх-6/
Уг баримтын ар талд хариуцагч ххххх нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Вива сити хотхон ххххх супермаркет нь 2,748,300 төгрөгийг барааны НӨТ-ыг 13-14-ний хооронд шивж өгөхгүй бол үлдэгдэл 2,116,860 төгрөгийн үлдэгдэл дээр 10%-г нэмж төлнө. Үлдэгдэл тооцоо болох 2,116,860 төгрөгийн тооцоог 11-р сарын 20-ны өдөр төлж барагдуулна. гэсэн бичиг гараар үйлдэж, нэхэмжлэгч хххххххххххххххххх ХХК-д өгсөн байна.
4.3. Мөн нэхэмжлэгч хххххххххххххххххх ХХК-ийн нягтлан бодогч ххххххххххын ххххххххх дугаартай гар утаснаас 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явуулсан 2,748,300 төгрөгийн дүн гэх зурваст хариуцагч ххххх 15-нд өгөх агуулга бүхий хариу зурвас илгээснийг шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн байна. /хх-77-78/
Дээрх бичгийн нотлох баримтыг хариуцагч тал өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байх тул түүнийг нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрөө нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтаа цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
4.4. Хариуцагч ххххх нь 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хүртэл хугацаанд ххххх дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байсан, тэрээр үүрэн телефоны 8940-3091 дугаар эзэмшдэг байсан талаар талууд маргаангүй.
5. Дээрх нотлох баримтуудаар хариуцагч ххххх худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч хххххххххххххххххх ХХК нь барааны үнийн үлдэгдэл 2,116,860 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Иймд хариуцагч хххххаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,116,860 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч хххххххххххххххххх ХХК-д олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2024/02935 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,161 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Ч.ЦЭНД