Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хишгээ Байгалмаа |
Хэргийн индекс | 135/2024/00773/и |
Дугаар | 209/МА2024/00074 |
Огноо | 2024-09-17 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 209/МА2024/00074
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 135/ШШ2024/00888 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: "2,000,000 төгрөг гаргуулах" тухай нэхэмжлэлтэй,
Иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* нь маш яаралтай мөнгөний хэрэг болоод байна, зээлсэн 10,000,000 төгрөгөө 12,000,000 төгрөг болгож хугацаандаа төлнө гээд гуйхаар нь зөвшөөрч, харилцан тохиролцоод 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр түүний Голомт банкны данс руу шилжүүлж өгсөн.
Миний бие мөнгө зээлснээ баталгаажуулах зорилгоор *******гаас “2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг зээлж, Голомт банкны дансанд шилжүүлж авсан, 2024 оны 03 дугаар сарын 24-ны өдөр 12,000,000 төгрөг болгож зээлээ төлж барагдуулна” гэсэн гарын үсэг бүхий тодорхойлолтыг 03 дугаар сарын 18-ны өдөр бичүүлж авсан юм. ******* нь үндсэн зээл 10,000,000 төгрөгөө 2024 оны 03 сарын 24-ны өдөр өгсөн ч тохирсон зээлийн хүү болох 2,000,000 төгрөгөө өгөөгүй. Иймд зээлийн хүү 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх 1-р тал/
2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие ******* гэх иргэнээс өдрийн 10 хувийн хүүтэй мөнгө зээлж, их хэмжээний өрийн дарамтад орсон байхад ******* нь өрөө төлөхгүй бол фэйсбүүкт тавина гэж айлгаж, сүрдүүлж байсан тул арга буюу *******гаас 10,000,000 төгрөгийг зээлж, *******т өгсөн үнэн. Уг 10,000,000 төгрөгийг 2024 оны 03 сарын 24-ны өдөр буцааж *******д өгсөн.
Бидний хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, ******* нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, намайг өдөржингөө машиндаа суулгаж авч явж чи зээлийн хүү-г төлнө гэж үүнд гарын үсэг зураад өгчих гэж дарамтлаад байсан, би аргагүйн эрхэнд гарын үсэг зурсан, зээлийн хүү гэх 2,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ. /хх 22-р тал/
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч *******гаас 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,200 төгрөгөөс 46,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 21,250 төгрөгийг төрийн сангийн орлогоос, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
Анхан шатны шүүх хариуцагч *******гийн баталгаа, тодорхойлолт маягийн зүйлийг үндэслэж иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байна гэж дүгнэсэн нь буруу. Учир нь иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 -т “...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж зохицуулснаас харахад талууд гэрээний гол нөхцөлөө тохироод гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр гэрээ болдог. Гэтэл *******гийн баталгаа, тодорхойлолт маягийн зүйлийг үндэслэж гэрээ байгуулагдсан гэж дүгнэх нь үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282. –т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно” гэжээ. Энэ нь *******гийн баталган дээр 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг зээлж авснаар зээлийн гэрээг байгуулагдсанд тооцохоор байтал түүнээс 3 хоногийн дараа буюу 3 сарын 18-ны өдөр хүчээр баталгаа бичүүлж авсныг үндэслэж гэрээ байгуулагдсан гэж дүгнэж байгаа нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 43-р тал/
5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
6.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй иргэний хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
7.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн байх боловч зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдал, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтууд зэргийг харьцуулан үнэлж, дүгнэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хэргийн материалаас судлахад:
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ : зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, ... талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа нэг удаагийн шинжтэй, мөн хариуцагч ******* нь “10,000,000 төгрөгийг 12,000,000 төгрөг болгож төлөхөө илэрхийлж, нэхэмжлэгч *******д гар бичвэр баримт бичиж өгсөн, нөгөө тал болох нэхэмжлэгч нь хүлээн авсан байх тул талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болох хүү-г шаардах эрхтэй, хариуцагч нь зээлийн хүү-г төлөх үүрэгтэй гэж тус тус дүгнэсэн байна.
9.Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдол гаргасан байх ба тэрээр гомдолдоо: ... *******гийн баталгаа, тодорхойлолт маягийн зүйлийг үндэслэж гэрээ байгуулагдсан гэж дүгнэх нь огт үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 24-р бүлэгт зээлийн гэрээтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байхад Иргэний хуулийн 2-р дэд бүлэгт заасан 196 дугаар зүйлийг үндэслэсэн нь буруу юм.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.–т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно” гэжээ. Энэ нь *******гийн баталган дээр 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг зээлж авснаар зээлийн гэрээг байгуулагдсанд тооцохоор байтал түүнээс 3 хоногийн дараа буюу 3 сарын 18-ны өдөр хүчээр баталгаа бичүүлж авсныг үндэслэж гэрээ байгуулагдсан гэж дүгнэж байгаа нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ./хх-43/
10. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гаас 2024 оны 03 сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлж авсан, тэрээр тохирсон хугацаандаа буюу 2024 оны 03 сарын 24-ны өдөр буцаан төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгч ******* нь 10,000,00 төгрөгийг зээлдэгч *******д шилжүүлэн өгсөн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан шаардлагыг хангаж байх тул талуудын хооронд зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлтэй.
Тодруулбал, зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй тохиолдолд гэрээний талууд харилцан тохиролцсоны дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх ба энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулсанд тооцогддог зохицуулалтад хамаарна.
11.Иргэний Хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна./Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ гэж заасан.
2002 оны Иргэний хуулийн 286 дугаар зүйл, заалтаар Барьцаалан зээлдэх газраас барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаатай холбогдсон харилцааг,
Иргэд хоорондын байнга, ашиг олох зорилгоор болон зорилгогүй мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, заалтад зааснаар тус тус зохицуулагдаж байсан.
2022 оны хуулиар Иргэний хуулийн 286 дугаар зүйлийг “Барьцаалан зээлдүүлэх журмаар болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор зээл олгох” гэж өөрчлөлт оруулсан байна.
Энэ нь “Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай” 7 бүлэг, 30 зүйл бүхий хууль 2022 онд батлагдаж, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөнтэй холбоотой.
Тус хуулийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь “ барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”,
Хуулийн 3.1-д “Энэ хуулиар барьцаалан зээлдүүлэх журмаар олгох болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа /цаашид "мөнгөн зээлийн үйл ажиллагаа" гэх/-тай холбогдсон харилцааг зохицуулна.”, 3.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.” гэж тус тус заасан.
Хэргээс судлахад нэхэмжлэгч ******* нь байнга, ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.
12.Зээлийн гэрээний “хүү” гэдэг ойлголт нь зээлийн гэрээний үнэ, мөн тухайн мөнгөн хөрөнгийг ашигласны төлөө төлж буй төлбөр гэж тодорхойлдог.
Хариуцагч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******гаас зээлж, 03 дугаар сарын 24-ны өдөр буцаан төлсөн байх ба тэрээр 10 хоногийн хугацаанд ашигласан байна.
Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож “хүү” тогтоож болно, энэ тохиолдолд зээлийн гэрээ-г бичгээр байгуулах, хэрэв энэ шаардлагыг хангаагүй бол “хүү” авах эрхгүй болохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсгүүдээр зохицуулагдсан.
Тухайлбал, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй, зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэжээ.
Энэ тохиролцоо зээл хүссэн, зээл олгосон тухайн өдрөө л талууд хэлэлцэн тохирох гэж ойлгох ба харин зээл олгогдсон, зээлэх мөнгөн хөрөнгийг шилжүүлснээс хойш хугацааны дараа ”хүү” тохирсон гэж байгаа нь хуулийн энэ зохицуулалтад нийцэхгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг талууд хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.
13.Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж заасан.
Хариуцагч ******* нь мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш буюу 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...12,000,000 төгрөг болгож зээлээ төлж барагдуулна“ /хх-4/ гэж бичиж өгсөн байх ба үүгээр зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг ашигласны хөлсийг төлөх үүргийг зөвшөөрсөн болохоо мэдэгдсэн гэж үзэхээр байна.
14.“Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль”-н тавдугаар бүлэг “Мөнгөн зээлийн үйл ажиллагаанд тавих шаардлага, хязгаарлалт“-н ажиллагааг журамлан зохицуулж, үүнд хуулийн 17-22 дугаар зүйл,заалт хамаарч байх ба 17 дугаар зүйлийн 17.1-д ... санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийг байгуулах, энэхүү зөвлөл нь хуулийн 17.4.2-н “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох” гэх чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.
Хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “ Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс гэрээний үндсэн дээр зээлдэгчид олгосон мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг хүү гэж тооцох бөгөөд зээлийн хүүг ашигласан хугацаагаар нь тооцно” гэж заасан.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 тоот “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэжмээ”-г тогтоох тухай тогтоолоор Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосон байх бөгөөд энэхүү тогтоолоор баталсан зээлийн хүүгийн дээд хэмжээг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэжээ.
Талуудын хооронд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр буюу дээрх тогтоолд заасан хугацаанаас хойш зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2024 оны 01 тоот тогтоолд заасны дагуу зээлийн сарын “хүү”-г 4,5 хувиар тооцоход 10,000,000 төг х 4,5 хувь= 450,000 төгрөг : 30 хоног = 15000 төгрөг/ нэг өдрийн хүү/, 10хоног х 15000 төг = 150,000 төгрөг / 10 хоногийн хүү/ болно.
Иймд хариуцагч *******гаас 10,000,000 төгрөгийн зээлийн “хүү” 150,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1.Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 135/ШШ2024/00888 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 2,000,000 төгрөг ...” гэснийг “...150,000 төгрөг ...“ гэж өөрчилж,
2 дахь заалтыг “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68200 төгрөгөөс 46,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 21250 төгрөгийг Төрийн сангийн орлогоос, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 5150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д тус тус олгосугай” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжил төлсөн 46950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Х.БАЙГАЛМАА