| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2016/00196/И |
| Дугаар | 226 |
| Огноо | 2016-08-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4-р багийн харъяат, одоо 6-р баг, Боржигоны 23-5 тоотод оршин суух, Харчу овогт Ганболдын Дулам /ЗГ90040506/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 2-р баг, Бортээг гэх газар нутаглах Ямаачин овогт Отгонсүрэнгийн Энх-Амгалан /КМ94123012/-д холбогдох 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Дулам, хариуцагч О.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Дулам шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Энх-Амгалантай 2012 оны гэр бүл болж 3 жил 5 сар амьдарсан 2 хүүхэдтэй. Хүү Мягмарбаяр 2013 онд, охин Мишээл 2016 онд төрсөн. 2015 оны 11 сараас бид маргалдан салсан. Энэ үед охин Мишээл эхийн хэвлийд 4 сартай байсан. О.Энх-Амгалан нь жирэмсэн байх хугацаанд хүүхдээ авахуул гэж шаардаж, мөн гэр орноо орхин улмаар маш удаан хугацаанд эцэг, эх дээрээ очиж амьдарч байсан. Гэр бүлээсээ гадуур харилцаа их үүсгэдэг. Ер нь 2 хүүхэддээ амьдралын наад захын хэрэгцээг хангаж огт чаддаггүй, түүнчлэн татах тамхины мөнгөгүй боллоо хүүхдийн 20000 төгрөгийг авч байя гэж шаардаж байсан. Салаад 8 сар болж байна. Цаашид энэ хүнтэй дахин амьдрах боломжгүй. Хүү, охин хоёр маань одоо надтай цуг амьдарч байгаа. Бид 2 гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан юм. Цаашид хүү, охин хоёроо өөр дээрээ өсгөж, хүмүүжүүлэх сонирхолтой байгаа тул хүү, охин хоёртоо хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж авахыг хүсэж байна. О.Энх-Амгалантай цаашид хамт амьдрах боломжгүй гэв.
Хариуцагч О.Энх-Амгалан шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ганболд овогтой Дуламтай 2012 онд танилцаад бид 2013 онд хүү Мягмарбаярыг гаргаж 2015 оны 10 сарын 29-нд нэг гэрт орсон нэг гэр бүл болохоос өмнө бол би ирэн очин үерхэн явдаг байсан. Харин айл гэр болоод сар гарантай л болсон. Г.Дулам нь би аймаг ороод ээж, аавтайгаа уулзаад ирье гээд явсан, харилгүй 2 сар болсоны дараа гэнэт гэрээ авна гээд очиж гэр авсан. Бид хоёр талаасаа босгосон гэрийг чиний юм гэж юу байдгийн гэж дарамталж элдвээр хэлж байгаад аваад явсан. Манайх ам бүл олуулаа амьжиргааны түвшин доогуур амьдралтай тул хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзаж байна. Би Эрхэлсэн ажилгүй, ээж, аавтай бас дүү нартайгаа нэг гэрт амьдарч байгаа. О.Энх-Амгалан миний бие Мишээл гэдэг хүүхдийг бол мэдэхгүй надаар овоглосныг татгалзаж байна. Миний зөвшөөрөлгүй надаар овоглосныг ойлгохгүй байна гэсэн боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байна. 2 хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзахгүй, бид цаашид хамт амьдрах боломжгүй гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Дулам, хариуцагч О.Энх-Амгалангаас 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2 хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
Г.Дулам, О.Энх-Амгалан нар нь 2012 онд танилцаж 2013 онд гэр бүл болж, тэдний дундаас 2013 оны 4 сарын 2-ний өдөр хүү Э.Мягмарбаяр, 2016 оны 4 сарын 1-ний өдөр охин Э.Мишээл нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэргийн 8-9-р хуудсанд авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд бие биенээ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх гэсэн үүргийг биелүүлэхгүй цаашид хамт амьдрах боломжгүй гэдэг нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хүү Э.Мягмарбаяр, охин Э.Мишээл нарыг эх Г.Дуламын асрамжинд үлдээж, эцэг О.Энх-Амгалангаар хүү Э.Мягмарбаяр, охин Э.Мишээл нарыг тэжээн тэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126618 төгрөгөөс 56418 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70200 төгрөг, хариуцагчаас 56418 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар ЗЮ13240217 регистрийн дугаартай 2013 оны 4 сарын 2-ны өдөр төрсөн хүү Энх-Амгалангийн Мягмарбаяр, ЗЮ16240122 регистрийн дугаартай 2016 оны 4 сарын 1-ний өдөр төрсөн охин Энх-Амгалангийн Мишээл нарыг эх Г.Дуламын асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 4 сарын 2-ны өдөр төрсөн хүү Э.Мягмарбаяр, 2016 оны 4 сарын 1-ний өдөр төрсөн охин Э.Мишээл нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг О.Энх-Амгалангаар тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Дуламд даалгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126618 /нэг зуун хорин зургаан мянга зургаан зуун арван найман мянга/ төгрөгөөс 56418 /тавин зургаан мянга дөрвөн зуун арван найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 56418 /тавин зургаан мянга дөрвөн зуун арван найм/ төгрөгийг, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Дуламд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь, аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР