Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/51

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Насанжаргал

Шүүгдэгч: Ц.О 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зая гэгээн овогт Цийн От холбогдох эрүүгийн 1812002420057 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: З овогт Цийн О/РД:АЮ.............../ 

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаандавааны 22 дугаар гудамжны 10 тоот хашаанд иргэн С.Быг хутгаар хэвлийн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

       *Эрүүгийн 1812002420057 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч С.Бы өгсөн:

“...2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14:00 цагийн үед Арслан цохионы сагсан бөмбөгийн талбайн хажууд Г Ц гэх 2 хүнтэй юм яриад сууж байтал гол уруудаад нэг залуу хүрч ирээд бид 3-тай мэндлээд 30,40 минут ойр зуурын юм яриад суусан. Тэгээд намайг ах хоёулаа барилдъя гэхээр нь би босоод тэр залуутай барилдсан юм. Тэр залуу пиво гаргаж ирээд бид 4 тэр пивийг нь хувааж уусан. Тэгээд морины тухай ярьж байгаад таны морь уядаг гэж юу байдаг юм гэхээр нь маргалдсан. Тэгсэн нөгөө залуу бор өнгийн иштэй жижиг тонгорог гаргаж ирээд миний хэвлий рүү хатгачихсан. Тэгээд яваад өгсөн. Хаашаа явсныг нь хараагүй. Тэр хүнийг  танихгүй. Надтай хамт явж байсан Г л сайн таньдаг юм шиг байсан. Тэр залуу ойролцоогоор 170 см орчим өндөртэй туранхай бор залуу байсан харвал танина. Би тухайн үед гайгүй байх гэж бодоод эмнэлэгт үзүүлээгүй юм. Шарх сэдрээд байсан болохоор аргагүй эрхэнд эмнэлэгт ирж боолт хийлгэсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-18 дугаар тал/ 

 

*Хохирогч С.Бы дахин өгсөн:

“...Би 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дгийн хүүхдийг харж байсан юм. Тэгээд өдөр 13:00 цагийн үед Гтой ууүлзаж тамхи татчихаад эргээд гэртээ орж ирээд байж байгаад, өдөр 16:00 цагийн үед гарсан. Б.Дгийнхээс гараад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны арын сагсны талбайн хажууд сууж байсан хүмүүс дээр очсон. Тэгээд сууж байсан хүмүүс дотор миний танихаас Бөхөө гэдэг залуу байсан бусдыг нь зүс таньдаг хүмүүс байсан. Би тэд нартай сууж байгаад Цагаан давааны 22 гудамжинд нэг айлд орж 2 литртэй пиво хувааж уусан. Тэднийхээс гараад явж байтал тэр О гэх залуу миний хэвлий рүү хатгачихсан. Тэгээд би тэднийхээс шууд гэртээ харьчихсан буцаж гараад цагаан даваанд Цгийнд очиж хоносон. Маргааш өглөө нь Гтой хамт Арслан цохионы 6 дугаар гудамжинд байдаг Энхээ эмэгтэйгийн гэрт очиж намайг хутгалсан гэх залуутай очиж уулзсан. Би Отай уулзаад байж байтал ээж эгч 2 нь ирсэн юм. Би тэр айлыг хэнийх гэдгийг сайн мэдэхгүй байна. Бид нар тавуулаа очсон. Миний сайн таньдагаас Бөхөө байсан, бусдынх нь зүсийг л  мэднэ. Оыг бол тухайн үедээ огт таньдаггүй байсан. Би тэдний гэрт ямар ч хүн байхгүй. Би айлын эзэн нь бид нартай хамт явсан. Тэгэхэд Бөхөө бас өөр нэг залуу байсан. Тэр залуугийн гэр нь Арслан цохионд байдаг. Бид нар хэрүүл маргаан хийгээгүй. Тэр хутгыг нь одоо хаана байгааг мэдэхгүй байна. Тухайн үедээ харахад бор өнгийн иштэй жижиг тонгорог л байсан. Бөхөө гэх хүн одоо Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байдаг. Би гэрийг нь сайн мэдэхгүй. Одоо хаана байгааг нь ч мэдэхгүй байна. Бөхөөг эртнээс таньдаг байсан. Би хутгалуулсныхаа дараа маргааш өглөө нь Гтой хамт Арсланцохионд айлд очиж намайг хутгалсан гэх залуутай уулзсан. Цтой угаасаа хамт яваагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/

 

*Гэрч Д.Эгийн өгсөн: 

“...Манай хүргэний төрсөн дүү О ямааны ноолуур тушаах гэж ирсэн гээд өөрийн ээжийн хамт 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр манайхаар ирсэн. Манайд орж ирээд удалгүй ээж нь айлаар очно гээд гэрээс явсан. Би эмнэлэг орчихоод иртэл О мотоциклоо унаад гарээс явсан байсан. Тэгээд тэр шөнөө манайхаар ирээгүй. Харин өглөө 06:00 цагийн үед орж ирээд гутлаа тайлаад дээлээ нөмрөөд хэвтээд өгсөн. Цаг гарангийн дараа гэрт нэг хүн ороод ирэхээр нь хэн бэ гэтэл би Г байна гэсэн. Би өндийгөөд хартал 4 залуу байсан. Тэгсэн өөрийгөө Г гээд залуу чи энийг хутгалчихсан байна ш дээ гээд От хандаад хэлсэн. Мөн Төвшөө гэх залуу халааснийхаа бор өнгийн иштэй тонгорог гаргаж ирээд чи үүгээр энийг хутгалчихсан бэйна ш дээ гэж хэлсэн. Тэр залуучуудыг гараагүй байхад Оын ээж нь эгчтэй нь хамт орж ирсэн. Тэгээд Оын ээж эгч 2 нь тэр хутгалуулсан гэх залуутай хамт яваад  гараад явсан. Удалгүй тэд нар нөгөө хутгалуулсан залууд 140,000 төгрөгний эм тан авч өгөөд тохирчихлоо гэж хэлээд хөдөө гэр рүүгээ явсан. Би Оын гэрийг нь хаагуур байдгийг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр тал/

 

*Гэрч С.Лын өгсөн:

  “...Манай төрсөн ах Цийн эхнэр, хүү хоёр 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16:00 цагийн үед ноолуураа тушаачихлаа гээд миний ажил дээр очсон. Тэр өдрөө О Арсланцохионд айлд мотоциклио янзалж байна гээд ирээгүй, ахын эхнэр манайд хоносон. Маргааш өглөө нь Оыг ирэхгүй болохоор нь эгч бид хоёр Арслан цохионд мотоцикль янзалж байна гэсэн айлд нь явж очсон. Бид хоёрыг очиход тэр айлын үүд дэлгээстэй байсан эгч гэрт нь түрүүлж орчихоод гарч ирэхдээ О чинь хүн хатгачихсан гэнэ гэж хэлсэн. Би эгчтэй хамт яваад ороход манай дүү тэр айлын хоймрын орон дээр хэвтэж байсан. Зүүн талын орон дээр 2 эрэгтэй хүн унтаж байсан. Мөн үүдэнд сандал дээр манай дүүд хатгуулсан гээд нэг залуу сууж байсан. Тэр айлын эзэн нь 60 орчим насны эмэгтэй хүн согтуу байж байсан. Бид 2 тэр айлын хүнийг эмэгтэй хүн байж гэрээрээ дүүрэн согтуу залуучууд цуглуулаад яасан муухай юм бэ? гэж загнасан. Намайг тэгж хэлэхэд тэр эмэгтэй танай дүү чинь халаасандаа хутгатай байсан гэж хэлсэн. Тэр нь худлаа юм билээ. Манай дүү ноолуураа тушаачихаад 200,000 төгрөгтэй явсан. Тэр айлд шөнийн 01:00 цагийн орчим орсон гэсэн. Тэгээд шууд унтчихаад өглөө сэрсэн чинь халаасанд нь байсан мөнгө алга болсон байсан гэсэн. Тэгээд та нар яагаад миний мөнгийг авсан юм гэхэд хэн чиний мөнгийг авсан юм гэж хэлээд дүүгийн нүүр хамар руу цохьсон гэсэн. Тэгээд би босож чадахгүй хашаан дотор эвхрээд хэсэг хэвтсэн. Тэгээд уур хүрээд эргэж гэрт нь ороод зуухных нь хажууд байсан бор өнгийн иштэй жижиг хутгийг аваад тэнд байсан нэг залууг нь хатгачихсан гэж ярьсан. Эгч бид хоёр тэр залуугийн хатгуулсан гэх газрыг харахад зүүн талын хөхний доор хуруу дарам хэмжээтэй шарх байсан. Эгч бид хоёр тэр залууд 18.000 төгрөгөөр эм авч өгсөн. Би тэр залуутай тухайн үед уулзаад л салсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/

 

*Гэрч С.Аын өгсөн: 

“...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр манай нагац ах Д залгаад Б манайд ирчихсэн байна. Гэдсээ дарж хэвтээд байна үзье, харъя гэхээр үзүүлэхгүй байна гэхээр нь би нөхөр хүүхдүүдийн хамт очсон. Тэгсэн ахын зүүн талын хэвлий орчимд жижгэвтэр, их гүнзгий шарх байсан. Шархны ойр орчим нь бохир ороод, үрэвсээд улайчихсан байсан. Тэгээд бид хэд эмнэлэг дээр авчирч боолт хийлгэсэн. Тэгээд эмнэлэгээс цагдаагийн байгууллагыг дуудсан. Тухайн үед найзуудтайгаа ууж сууж байгаад нэг залуу хутга гаргаж ирээд тэгээд тэрэнд нь өртчихсөн гэж л ярьсан. Яг хаана ямар газар асуудал болсон талаар тодорхой сайн яриагүй. Нуугаад байсан. Мөн цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй, гомдолгүй гээд байсан.  Манай ах тогтсон орон гэр байхгүй. Эхнэрээсээ салчихсан одоо ганц бие амьдардаг. Ихтамир сумын Борт багт гэр орон нь байдаг боловч ганцаараа болохоор тэр гэртээ байдаггүй. Хэнтий аймагт хүний мал малладаг. Архангай аймагт ирэхээрээ Ихтамир сумын Борт баг, мөн аймгийн төвд ирэхээрээ Д ахынх болон манайхаар байдаг. Энэ зун Хэнтийд мал маллаж байгаад 2018 оны 09 дүгээр сард аймагт ирсэн сураг байсан боловч манайхаар болон Д ахынхаар огт ирээгүй. Би одоо хаана байгааг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр тал/ 

 

*Гэрч Б.Бын өгсөн: 

“...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр яг хэдний өдөр байсныг санахгүй байна. С.Б бид хэд Цагаандавааны 13 дугаар гудамжны ертөнцийн зүгээр хойд талд нь байх сагсны талбайн дэргэд сууж байгаад тэндээсээ Цагаандавааны 22 дугаар гудамжинд 2 литртэй пиво хувааж уучихаад байж байтал хятад мотоцикльтой ирсэн. Тэр залуу ирээд агсам тавиад байсан. Би юунаас болоод агсам тавиад байсныг нь мэдэхгүй байна. Тэгээд нэг мэдсэн нөгөө залуу жижиг хугархай хутга шиг юмаар хусчихлаа ш дээ гээд цамцаа сөхөөд харуулахад хэвлий орчимд зүгэгдчихсэн байсан. Би тэгээд нөгөө залууг зугтаачихна гэж бодоод тэр залуугийн мотоциклийг Цагаандавааны 22 дугаар гудамжинд байх Цаа гэх айлын хашаанд оруулж хийсэн. Тэгээд Б нөгөө залуутай учраа олно гээд үлдсэн. Би харин гэр рүүгээ харьсан. Тэр хоёр угаасаа бие биенийгээ танихгүй, хэрэлдэж маргалдаад байх юм болоогүй. Тэр залуу өөрөө агсраад байсан. Б, Ц ах бид хэд Цагаандавааны сагсны талбайн хажууд 2.5 литрийн Боргио пиво уусан. Бид хэд тэндээсээ яваад Цагаандавааны 22-р гудамжинд явж байтал Хятад мотцикльтой залуу ирсэн. Тэгээд нөгөө залуутай хамт 2.5 литрийн Боргио пиво уусан. Тухайн үед Бы цамцыг сөхөөд харахад гэдсэн дээр нь зүгэгдчихсэн шарх байсан. Тэр залуу жижигхэн биетэй, туранхай, шаравтар царайтай, 20 орчим насны залуу байсан. Б хутгалуулчихлаа гээд хэлэх үед О гэх залуу хажууд зогсож байсан. Б тэр залуу руу заагаад чи намайг хутгалчихлаа гээд байсан. Бид хэдийг Цагаандавааны 22-р гудамжинд явж байхад хүрч ирсэн...” гэх мэдүүлэг 45-47 дугаар тал/ 

 

*Гэрч Б.Бын дахин өгсөн: 

“...О С.Б хоёр нэг мэдсэн барьцалдаад авсан байсан. Юунаас болж барьцалдсаныг мэдэхгүй. Тэгээд Б энэ намайг хутгалчихлаа гээд цамцаа сөхөөд харуулсан юм. Хэвлийн хэсэгт нь хутгалсан байсан. Гэрийнх нь гадаа Хашааны хаалган дээр болсон. Эхлээд би Сармандахынд Б Г /Адъяасүрүрэн/ хоёртой таарсан. Тэнд бид нар архи ууж байгаад 22 дугаар гудамж руу явсан. Дэлгүүрийн тэнд явж байхад О бид нар дээр халамцуу ирсэн. Тэгээд дэлгүүр орж архи авч өгсөн тэгээд бид нар Цаагийнд очсон. Автобусны буудлын ертөнцийн зүгээр баруун талд нь дэлгүүр байдаг. Тэнд явж байхад О бид нар дээр ирсэн. О архи уучихсан байсан. 6 цаг өнгөрч байсан байх. Хоёр шил ерөөл авсан, 05 граммтай байсан байх. О нэмж архи аваагүй. Сүүлд нэг шил архи нэмж авсан тэрийг хэн авсныг мэдэхгүй. Г бид хоёр хамт байсан. Тухайн үед өглөө учраа олъё гээд үлдсэн. Би гэртээ харьсан. Өглөө нь Бтай 22 дугаар гудамны үзүүлт таарсан.Тэгээд Энхээ гэдэг айлыг заалгуулахаар Гтой уулзаад гуравуулаа очсон. Бд хутга нь байсан. Би От үзүүлээд хутгалсныг нь хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн  48-50 дугаар тал/ 

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 191  дугаартай“...С.Бы биед хэвлийн урд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 53 дугаар тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дүгээр тал/ 

*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 82, 83 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаандавааны 22 дугаар гудамжны 10 тоот хашаанд иргэн С.Б нь бусдад хутгалуулж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.О үйлдсэн болох нь хохирогч С.Бы”... Тэгээд морины тухай ярьж байгаад таны морь уядаг гэж юу байдаг юм гэхээр нь маргалдсан. Тэгсэн нөгөө залуу бор өнгийн иштэй жижиг тонгорог гаргаж ирээд миний хэвлий рүү хатгачихсан. Тэгээд яваад өгсөн...” “...Би тэд нартай сууж байгаад Цагаан давааны 22 гудамжинд нэг айлд орж 2 литртэй пиво хувааж уусан. Тэднийхээс гараад явж байтал тэр О гэх залуу миний хэвлий рүү хатгачихсан. Тэгээд би тэднийхээс шууд гэртээ харьчихсан буцаж гараад цагаан даваанд Цгийнд очиж хоносон. Маргааш өглөө нь Гтой хамт Арслан цохионы 6 дугаар гудамжинд байдаг Энхээ эмэгтэйгийн гэрт очиж намайг хутгалсан гэх залуутай очиж уулзсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Эгийн ”... Тэгсэн өөрийгөө Г гээд залуу чи энийг хутгалчихсан байна ш дээ гээд От хандаад хэлсэн. Мөн Төвшөө гэх залуу халааснийхаа бор өнгийн иштэй тонгорог гаргаж ирээд чи үүгээр энийг хутгалчихсан бэйна ш дээ гэж хэлсэн. Тэр залуучуудыг гараагүй байхад Оын ээж нь эгчтэй нь хамт орж ирсэн. Тэгээд Оын ээж эгч 2 нь тэр хутгалуулсан гэх залуутай хамт яваад  гараад явсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Лын”... Маргааш өглөө нь Оыг ирэхгүй болохоор нь эгч бид хоёр Арслан цохионд мотоцикль янзалж байна гэсэн айлд нь явж очсон. Бид хоёрыг очиход тэр айлын үүд дэлгээстэй байсан эгч гэрт нь түрүүлж орчихоод гарч ирэхдээ О чинь хүн хатгачихсан гэнэ гэж хэлсэн. Би эгчтэй хамт яваад ороход манай дүү тэр айлын хоймрын орон дээр хэвтэж байсан. Зүүн талын орон дээр 2 эрэгтэй хүн унтаж байсан.  Мөн үүдэнд сандал дээр манай дүүд хатгуулсан гээд нэг залуу сууж байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Аын “...Гэдсээ дарж хэвтээд байна үзье, харъя гэхээр үзүүлэхгүй байна гэхээр нь би нөхөр хүүхдүүдийн хамт очсон. Тэгсэн ахын зүүн талын хэвлий орчимд жижгэвтэр, их гүнзгий шарх байсан. Шархны ойр орчим нь бохир ороод, үрэвсээд улайчихсан байсан. Тэгээд бид хэд эмнэлэг дээр авчирч боолт хийлгэсэн. Тэгээд эмнэлэгээс цагдаагийн байгууллагыг дуудсан. Тухайн үед найзуудтайгаа ууж сууж байгаад нэг залуу хутга гаргаж ирээд тэгээд тэрэнд нь өртчихсөн гэж л ярьсан. Яг хаана ямар газар асуудал болсон талаар тодорхой сайн яриагүй...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 191 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ц.Оын бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Оын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Ц.О нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч С.Б нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Ц.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Ц.О нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Заягэгээн овогт Цийн Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь шүүхээс оногдуулсан 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

             5. Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

             6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР