Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хишгээ Байгалмаа |
Хэргийн индекс | 135/2024/00295/и |
Дугаар | 209/МА2024/00076 |
Огноо | 2024-09-17 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 209/МА2024/00076
"*******" ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 135/ШШ2024/00854 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч "*******" ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: "Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлтэй,
Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7-д Энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хэмжээнд тохирсон байна гэж заасан байхад өөр өөр төлбөр авагчид барьцаалагдсан хөрөнгөд явагдах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр нэгтгэн гүйцэтгэсэн.
...Шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүх шинжилгээний хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан, эрх, үүргийг шинжээчид танилцуулаагүй, хүчингүй болсон хууль хэрэглэж, тогтоол үйлдсэн,
"Ашид билгүүн" ХХК-ийг төлөөлж үнэлгээчин ******* тогтоолтой танилцаж, гарын үсэг зурж, улмаар хөрөнгийн үнэлгээний тайланг баталгаажуулсан байна. ...гэрээ байгуулагдсан тухай төлбөр төлөгчид танилцуулаагүй, Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 39 дүгээр хуудаст хавсаргасан Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл"-д ...тухайн хуулийн этгээд нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хөрөнгийн үнэлгээний тайлангийн 40 дэх хуудсанд хавсаргасан тодорхойлолтоос үзэхэд үнэлгээчин *******ы тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон, эрх сунгагдсан баримтгүй, үнэлгээ тогтоох эрх бүхий этгээд мөн эсэх нь эргэлзээтэй, эрхгүй этгээд гэж үзэхээр байна.
Шинжээчээр томилсон этгээд нь "*******" ХК-ийн байранд ...9 үл хөдлөх эд хөрөнгө болох барилгын шинж чанар, гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжүүд, дагалдах зүйлийн бодит байдалтай ердөө 1 цаг 37 минутын хугацаанд танилцах үйл явцыг хэрэгжүүлж, үнэлгээ тогтоосон байгаа нь хөрөнгийн үнэлгээ бодитой тогтоох үйл явцыг хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Шинжээч нь эрхийн улсын бүртгэлийн нийт 9 үл хөдлөх эд хөрөнгийг 26,386,067,842 төгрөгөөр, Алапала брэндийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 13,013,439,034 төгрөгөөр тус тус үнэлж, нийт хөрөнгийн үнэлгээг 39,399,506,876 төгрөгөөр тогтоожээ. Түүнчлэн 9 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоохдоо өртгийн хандлагын аргаар үнэлсэн байх бөгөөд хөрөнгийн үнэлгээний тайлангийн 6 хуудаст ...үнэ огцом өөрчлөгдөхгүй гэсэн таамаглалаар үнэлгээний ажлыг хийсэн" болохыг тэмдэглэж, тайлангийн 6 дахь хуудаст барилгын нэгж хүчин чадлын жиших нэгжийн аргаар 2016 онд батлагдсан дүрэм, итгэлцүүрийг үндэслэн үнэлсэн талаар дурдсан байна.
Гэтэл Хөрөнгийн үнэлгээний тухай хууль 2022 онд батлагдаж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байхад хуучин хуульд нийцүүлэн баталсан баримт бичгүүдийг үндэслэн үнэлгээ тогтоосон байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн тайлангийн 16 дугаар хуудаст эрсдэлгүй хүүг 6 хувиар тооцсон талаар заасан байна. Уг хувийг хэрхэн тооцсон аргачлал, үндэслэл нь тодорхойгүй байна.
Дээрх үндэслэлээр шинжээч нь хөрөнгийн үнэлгээг бодитой үнэлээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээ тогтоогдоогүй гэж үзэж байна.
Иймд шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12/11 дүгээр тогтоолоор "*******" ХХК-аас тогтоосон хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. /хх 1-5-р тал/
2.Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д нэг төлбөр төлөгчид холбогдох хөрөнгийн шинжтэй хэд хэдэн шаардлагыг нэгтгэн гүйцэтгэж болно гэж заасан бөгөөд дээрх барьцааны хөрөнгүүдээр үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт заасан хөрөнгүүдийн байршил болон өмчлөгч нь тус тусдаа өөр тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн явуулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гаргаагүй тул талуудад танилцуулаагүй болно.
...талууд шинжээчээр томилогдсон "Ашид билгүүн" ХХК-иас татгалзсан хариу ирүүлээгүй. Иймд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12/11 дугаартай тогтоолоор "Ашид билгүүн" ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд Шүүх шинжилгээний хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу Шинжээчийн эрх үүрэг, хариуцлагыг нэг бүрчлэн тэмдэглэлд тусган, танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулсан. ...оролцогч үнэлгээний тайланг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр танилцуулсан.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2.3, 8.3.9-д заасны дагуу орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханш болон тухайн хөрөнгийн насжилт, элэгдлийн байдал, адил төстэй хөрөнгийн үнийн харьцуулалт зэрэг нөхцөл байдлыг харгалзан үнэлгээ хийж, хөрөнгийн үнэлгээ хийсэн газар, үнэлгээчний гарын үсэг, тамга тэмдэг, мөн зургаар баримтжуулсан байна. Мөн төлбөр төлөгч талууд хөрөнгийн мэдээлэл болон үнийн санал авахаар шинжээч удаа дараа холбогдсон боловч нэг ч удаа өөрийн хөрөнгийн үнийн санал болон хөрөнгийн мэдээлэл өгөхгүй, хөрөнгийн үнэлгээ хийхэд их чирэгдэл учруулж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу зохион байгуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 89-91-р тал/
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т зааснаар 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-******* дугаартай ******* ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
... шүүхийн шийдвэрт заасан хөрөнгүүдийн байршил болон өмчлөгч нь тус тусдаа өөр тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн явуулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гаргаагүй учраас талуудад танилцуулаагүй. ...талууд шинжээчээр томилогдсон "Ашид билгүүн" ХХК-иас татгалзсан хариу ирүүлээгүй. Иймд оролцогчдод үнэлгээний тайланг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр танилцуулсан.
...төлбөр төлөгч тал хөрөнгийн мэдээлэл болон үнийн санал авахаар шинжээч удаа дараа холбогдсон боловч нэг ч удаа өөрийн хөрөнгийн үнийн санал болон хөрөнгийн мэдээлэл өгөхгүй, хөрөнгийн үнэлгээ хийхэд их чирэгдэл учруулж байсан.
Төлбөр төлөгч хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх 210-212-р тал/
5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
6.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй иргэний хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
7.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, дүгнэлт хийсэн, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байна.
Хэргээс судлан үзвэл:
8.Нэхэмжлэгч “*******” ХК-г төлөөлж ******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан "Ашид билгүүн" ХХК-н тогтоосон үнэлгээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл/гомдол/-н шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан байна.
9.Анхан шатны шүүх, нэхэмжлэгч “*******” ХК-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ : ...хэрэгт авагдсан шинжээч томилох тухай тогтоол, шинжээчийн эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл/хх-110-113/ зэргээр шийдвэр гүйцэтгэгч нь хүчингүй болсон хуулийн зүйл заалтыг тогтоолдоо дурдаж, түүний дагуу шинжээчид эрх үүрэг, хариуцлагыг танилцуулсан нь хуульд нийцсэн гэж үзэхгүй, шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12/11 дугаартай тогтоол нь хуульд нийцээгүй байх тул тухайн тогтоолын дагуу гарсан хөрөнгийн үнэлгээг үндэслэл бүхий гэж үзэх үндэслэлгүй, иймд "Ашид билгүүн" ХХК-с тогтоосон хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2,55.7-д зааснаар 2023 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-******* дугаартай “Ашид билгүүн“ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
10.Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан ба гомдолд ...төлбөр төлөгч “*******” ХК нь хөрөнгийн үнэлгээ буюу дээр дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшаар доогуур үнэлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга дурджээ.
11.Хариуцагч талын гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь :
11.1.Дархан-Уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 529 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “*******” ХК-иас гэрээний үүрэгт 5,862,250,942 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 29,539,407 төгрөгийг тус тус гаргуулж Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн байх ба энэ шийдвэр нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээр тус тус хянагдаж, анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-12-20/
Анхан шатны шүүхийн дээрх 529 дугаар шийдвэрт 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 563 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн ./хх-11/.
11.2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 175 дугаар шийдвэрээр “Дархан гурил тэжээл” ХК-иас 2,033,954,550 төгрөгийг гаргуулж “” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, 2023 оны 07 дугаар сарын 26-нд 581 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-125/ бичигдсэн, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. /хх-126/
12.Төлбөр төлөгч "*******” ХК дээр дурдсан шүүхийн хоёр шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс 563, 581 дугаар гүйцэтгэх баримт бичгүүдийг үндэслэн хариуцагч байгууллага нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, нэхэмжлэгч талын эзэмшил, өмчлөлийн нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуульд заасан журмын дагуу эд хөрөнгө хураах тогтоол /хх-118,119,122- 124, 127/ үйлдэж, үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч хуулийн этгээдэд албан бичгээр мэдэгдсэн/хх-115,116/,
Улмаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн төлбөрт хураагдсан нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдэд мэргэжлийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох шаардлагатай гэж 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 12/11 дугаар тогтоолоор “Ашид билгүүн” ХХК-г шинжээчээр томилж, шинжээчийн эрх үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл/хх-113/ үйлдсэн, “Ашид билгүүн” ХХК нь үнэлгээ тогтоосон байна. / хх-23-61/
13.Анхан шатны шүүхийн 2019 оны 529 дугаар шийдвэртэй “Төрийн банк ХХК-н нэхэмжлэлтэй “Дархангурил тэжэл” ХК-д холбогдох 5,862,250,942 төгрөгийн, 2023 оны 175 дугаар шийдвэртэй “" ХХК-н нэхэмжлэлтэй “*******” ХК-д холбогдох 2,033,954,550 төгрөгийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч ******* явуулсан байна.
14.Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч “*******” ХК-н төлөөлөгч нь ...төлбөр авагч Төрийн банк болон “” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр нь өөр өөр улсын бүртгэлд бүртгэгдсэн хөрөнгүүдийг барьцаалсан, хэд хэдэн гүйцэтгэх баримт бичигтэй атал нэг тогтоолоор хөрөнгийн үнэлгээ тогтоолгох үйл явцыг хэрэгжүүлсэн, ... нэгтгэн гүйцэтгэх шийдвэр гаргасан эсэх нь тодорхойгүй, энэ талаар төлбөр төлөгчид танилцуулаагүй атал нэг тогтоолоор шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний тайланг нэгтгэн гаргуулсан нь үндэслэлгүй,
-шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүх шинжилгээний болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан, эрх ,үүргийг шинжээчид танилцуулаагүй, хүчингүй болсон хууль хэрэглэж, тогтоол үйлдсэн, энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан шаардлагад нийцээгүй,
-Хөрөнгийн үнэлгээний тухай хууль 2022 онд батлагдаж, 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байхад хуучин хуульд нийцүүлэн баталсан баримт бичгүүдийг үндэслэн үнэлгээ тогтоосон нь хуульд нийцээгүй,
-дээрх үндэслэлүүдээр шинжээч нь хөрөнгийн үнэлгээг бодитой үнэлээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээ тогтоогдоогүй гэсэн үндэслэлүүд дурдаж “Ашид билгүүн “ХХК-иас тогтоосон хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. /хх-1-5/
15. Хөрөнгийн үнэлгээний тухай /шинэчилсэн найруулга/ хууль нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, хууль хүчин төгөдөр болох хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт хуульчлан зохицуулжээ.
Хуулийн 3.1.11-д “үнэлгээчин” гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг ...ойлгоно гэж,
Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг 5.1.1-5.1.3-т заасан үндэслэлээр хийнэ гэж заасан, тухайлбал, 5.1.3-т хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр хөрөнгийн үнэлгээг хийнэ гэж,
Хуулийн 11 дүгээр зүйлд Үнэлгээчний эрхийг, 12 дугаар зүйлд Үнэлгээчний үүргийг тус тус хуульчлан зохицуулсан байна.
Шүүхийн шинжилгээний тухай /шинэчилсэн найруулга/ хууль нь 2022 оны 12 дугаар сарын 23-өдөр батлагдаж, хууль хүчин төгөлдөр болох хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт хуульчлан заажээ.
Хуулийн 3.1-д “Эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх шинжилгээний үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд энэ хууль үйлчилнэ” гэж,
3.3-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүх шинжилгээний үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд энэ хууль үйлчилнэ” гэж хуулийн үйлчлэх хүрээг хуулийн 3 дугаар зүйлээр зохицуулсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9-д “ Хуульд заасан үндэслэл, журмын дагуу битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд үнэлгээчнийг оролцуулах” /энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ гэж,
Хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Дараах хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасан үнэлгээчнээр үнэлүүлнэ, ... 5.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө ; ... –г үнэлгээчнээр үнэлүүлнэ гэж тус тус зохицуулсан байна.
16.Шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах,, хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэх ажиллагаанд “үнэлгээчин”-г оролцуулж, үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудаар тусгайлан хуульчлан зохицуулагдсан байгааг хариуцагч байгууллага анхаараагүй буруутай байна.
Ер нь гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж буй шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч хэн боловч хууль дээдлэх зарчмыг баримтлах, холбогдох хууль, дүрэм, журмыг хуульд заасны дагуу дагуу зөв хэрэглэж байх учиртай.
17.Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 135/ШШ2024/00854 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Х.БАЙГАЛМАА