Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хишгээ Байгалмаа |
Хэргийн индекс | 135/2023/00815/и |
Дугаар | 209/МА2024/00077 |
Огноо | 2024-09-17 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 209/МА2024/00077
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 135/ШШ2024/00810 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: "22,438,337 төгрөг гаргуулах" тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
"нэхэмжлэгч *******оос 29,018,071 төгрөг гаргуулах " тухай сөрөг нэхэмжлэлтэй,
Иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
...аж ахуйн эд хөрөнгүүдээ туслах аж ахуйн суурьшлын бүс рүү Засаг даргын захирамжаар нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн атлаа тус захирамжийн хэрэгжилтийг хангахад зайлшгүй шаардлагатай аж ахуйг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар огт дурдаагүй, иргэд энэхүү зардлыг хариуцах нь иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон үйлдэл болохоор байна.
Миний хувьд гахайн аж ахуйгаа нүүлгэн шилжүүлэхэд хэр зардал гарах талаар мэргэжлийн төсөвчнөөр үнэлгээ гаргуулахад зардал 22,438,337 төгрөг гарахаар тогтоосон бөгөөд энэхүү зардлыг шийдвэрлэн өгч 2022.04.05-ны өдрийн А/56 дугаартай “Хориглосон бүсэд байгаа мал, туслах аж ахуйг нүүлгэн шилжүүлэх тухай” захирамжийнхаа хэрэгжилтийг бодитоор хангаж ажиллана уу хэмээн 2022.05.09-ны өдөр Дархан сумын Засаг даргад гомдол гаргасан хэдий ч Дархан сумын Засаг дарга Л.Тулгаа нь элдэв төсөлд хамрагдуулж өгье, хөнгөлөлттэй зээлд хамрагдуулж өгье, жайка зэрэг тодорхой төслүүдээс мөнгө орж ирэхээр шийдээд өгье" гэх мэтчилэн санал тулгаж, амлалт өгч аргацааж явсаар бүтэн жилийн дараа буюу 2023.04.17-ны өдрийн 01/430 тоот хариу мэдэгдлээр "Хотын төвөөс мал, туслах аж ахуйг гаргах, шинэ суурьшлын бүс байгуулах ажлын хүрээнд өрх тус бүрд нүүлгэлтийн шатахууны зардалд 100,000 төгрөг зарцуулахаар төсөв батлагдсан тул таны нэхэмжилсэн зардлыг олгох боломжгүй." гэх утга бүхий гомдлын хариуг ирүүлсэн.
Засаг даргын дээрх захирамж нь миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Дархан сумын засаг дарга А/56 дугаар захирамжийнхаа биелэлтийг хангах үүднээс иргэн надад нүүлгэн шилжүүлэлтийн зардал 22,438,337 төгрөгийг шийдвэрлэж өгөөгүйгээс иргэн ******* миний бие зардлыг өөрөөс гаргаж чадаагүй учир шинэ суурьшлын бүсэд шилжүүлэн аваачсан гахайнуудаа байр оромжоор хангаж чадалгүй зарим нэгийг нь үхэж үрэгдүүлэн өмч хөрөнгөөрөө хохироод байна.
Иймд Захиргааны ерөнхий хулийн 104 дүгээр зүйлийн 104.4 дэх хэсэгт “Нөхөх олговрын хэмжээний талаар маргаан гарвал захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ" гэж заасны дагуу нэхэмжлэлийг минь хүлээн авч захирамжийг биелүүлэхэд шаардлагатай 22,438,337 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ. /1 хх 1-р тал/
2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Дархан-Уул аймгийн Орхон сум Энхтал 2 дугаар баг Ноён хонгорын нутаг дэвсгэрт *******ийн нэр дээр 10,000 мкв газар буюу 1 га газрыг гэрээгээр олгосон. Энэ нь суурь үнэ 12,000,000 төгрөг дуудлага худалдаагаар авах үнэ 6,000,000 төгрөгийн үнэлгээтэй болж байна. Мөн эрчимжсэн туслах аж ахуйн шинэ суурьшлын бүсийн гахайн аж ахуй эрхэлдэг иргэдийн гадна цахилгаан хангамжид Дархан сумын Засаг даргын тамгын газраас 161,011,228,00 төгрөг хөрөнгө оруулж, дэд бүтэц татах, худаг гаргахад 26,178,564.00 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тухайн иргэнийг аж ахуй эрхлэх нөхцөлөөр хангаж өгсөн.
Иргэн *******той Хот суурин газрын гэр хорооллын бүсээс туслах аж ахуйг /гахай/ гаргахад хамтран ажиллах гурван талт гэрээний үндсэн нөхцөлийг тохиролцож байгуулсан. Тус гэрээний 4.2 дах заалтад А тал: Туслах аж ахуйгаа шилжүүлэн байршуулах зардлыг өөрөө хариуцна гэж заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй.
Монгол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1. Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. ... байгуулсан “Хот суурин газрын гэр хорооллын бүсээс туслах аж ахуйг/гахай/ гаргахад хамтран ажиллах” гурван талт гэрээний 7.4. дах заалтад “Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно” гэж заасанд иргэн ******* нь гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон тул уг иргэний нэхэмжлэлийн 22,438,337 төгрөгийг гаргаж өгөх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. / 1 хх 65-р тал/
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлдээ:
...******* нь хот суурин газраас туслах аж ахуйгаа гаргах зориулалтаар төсөл бичиж, Дархан-Уул аймгийн Орхон сум, 2 дугаар багт Энхталд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор бүхий 5000 квадрат метр талбай 5 жилийн хугацаатай Э-******* дугаар бүхий газрыг газар эзэмших гэрээгээр 2020 оны 05 сарын 25 өдөр авсан.
Газар дээрээ туслах аж ахуйгаа одоог хүртэл гаргаагүй. Хэрвээ бидний санал болгосон газрыг ******* авахаар бол 10000 квадрат метр газрын суурь үнэлгээний анхны үнэ нь 12,000,000 төгрөг, цахилгааны зардлын нэг өрхөд ногдох 14,637,384 төгрөг, худаг гаргасан зардал 2,380,687 төгрөг, нийт 29,018,071 төгрөгийг ******* регистрийн дугаар бүхий ******* тоот төрийн сангийн дансанд шилжүүлснээр танд олгох газрын эрх үүсэж 10000 квадрат метр талбай бүхий газрыг олгоно.
Иймд *******ид туслах аж ахуйгаа гаргахад зориулж гурван талт гэрээгээр олгосон газрын зардал болох нийт 29,018.071 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. / 1 хх 184-185-р тал/
4.Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
...Би хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ дурдсан газрыг аваагүй, нүүж очоогүй, цахилгаан татуулаагүй, тухайн зүйлс надад, миний аж ахуйд бодитоор зориулагдаагүй. Миний хүү Дархан сумын удирдлагын зүгээс тухайн Орхон сум, Энхтал баг, Ноён хонгорын задгай гэх газарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн бүсэд өөрийн гэсэн газартай, хашаа хороотой, тог устай өвөлжөөтэй байсан. Дархан сумаас манай гэр бүлийн эзэмшлийн газрыг тойруулан айл буулгаад эргээд биднээс аваагүй газар, уугаагүй ус, хэрэглээгүй тогны мөнгө нэхэмжилж байна.
Сумаас жинхэнэ малчин өрхүүдээ гаргахгүй атлаа тэжээвэр гахай шувууны аж ахуй эрхэлдэг иргэдийг ялгаварлан гадуурхаж хөөж тууж байна. Би мал малладаг гэх үндэслэлээр оршин сууж буй газраасаа хөөгдсөн хэр нь хуулийн дагуу малчин гэсэн тодорхойлолтод хамрагдахгүй, тэтгэвэр авах боломжгүй байна. 2023 оны 11 сарын эхээр Африкийн мялзан гэх өвчин гарсны улмаас одоогийн байдлаар тухайн бүсэд аж ахуй эрхлэх боломжгүй.
Бидний дунд байгуулагдсан гурвалсан гэх гэрээнд Дархан сумаас бидэнд газар олгоно гэсэн болохоос биш, гэрчилгээ гаргаж, май гээд албан ёсоор өгсөн, авсан газар өнөөдрийг хүртэл байхгүй. Мөн уг гэрээ анх байгуулагдахдаа 42 айл нүүж очих төлөвлөлт, төсөвтэй байгуулагдсан боловч бодит байдал дээрээ 10 айл л очсон бөгөөд 42 айлд зориулсан газар зориулалт, цахилгаан хуваарилалтаа 10 айлд хуваан нэхэмжилж байгаа нь шударга бус байна.
Иймд хариуцагчийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1 хх 228-29-р тал/
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан хохирол 22,438,337 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн 29,018,071 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270142 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
а....Маргаан бүхийн 2 гэрээний хугацаа дуусгавар болсон энэ тохиолдолд гэрээний хугацааг сунгах эсвэл гэрээг шинээр байгуулах тухай хууль зүйн ойлголт үүснэ. ...Гэтэл анхан шатны шүүх хугацаа буюу үйлчлэл нь дуусгавар болсон гэрээнд үндэслэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
б. ...Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийг огт гаргаагүй, харин захирамжийн биелэлтийг хэрэгжүүлэхэд өөрөөс гарах зардал буюу гарах ёсгүй байсан зардал гарах болсон нөхцөл байдалд сумын Засаг дарга шууд хамааралтай гэдэг утгаар хариуцагчаа тодорхойлон нэхэмжлэл гаргасан. Энэ нь Иргэний хуульд заасан хохирлын тухай ойлголтод хамаарах юм. Тэр ч утгаараа Захиргааны Ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлд зааснаар Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж хандсан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын тухай ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй шийдвэр гаргасан.
Холбогдох хууль, журамд тогтоогоогүй. гэх ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Хуулиар зохицуулаагүй, журамд заагаагүй гэдэг нь иргэн хүн хохироод үлдэх ёстой гэсэн үг огт биш юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. / 2 хх 62-63-р тал/
7.Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
9.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, дүгнэлт хийсэн, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байна.
Хэргээс судлахад:
10.Дархан-Уул аймгийн Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр “Мал, туслах аж ахуй эрхлэхийг хориглох бүсийг тогтоох тухай” тогтоолоор Дархан сумын мал, туслах аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарын өөрчлөлтөд хамрагдах мал, туслах аж ахуйтай иргэдийг нүүлгэн шилжүүлэх болон бусад холбогдох арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг Дархан сумын засаг дарга//-д даалгажээ. /1-р хх-3-н ард/
11.Дархан сумын засаг дарга 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр А/56 дугаар “Хориглосон бүсэд байгаа мал, туслах аж ахуйг нүүлгэн шилжүүлэх тухай” захирамж гаргаж, уг захирамжид тус сумын 1-3, 5-8,15 дугаар багийн нутаг дэвсгэрт байгаа туслах аж ахуйг/гахай/, 5-8, 15 дугаар багийн мал бүхий өрхүүдийг холбогдох хууль, журмын дагуу “Эрчимжсэн мал аж ахуй”, “Туслах аж ахуйн”-н суурьшлын бүсэд 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нүүлгэн шилжүүлэх,
нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг 1 дүгээр хавсралтаар баталж, шинэ суурьшлын бүсэд шилжин суурьших боломжгүй өрхүүдийг мал, туслах аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс заагдсан хугацаанд бүрэн гаргахыг ажлын хэсэг //- т даалгаж шийдвэрлэжээ. /1-рхх-3/
12.Дархан сумын Засаг даргын Тамгын газраас А/56 дугаар захирамжийг хэрэгжүүлэхийг мэдэгдэж *******ид мэдэгдэх хуудас/1-р хх-4/ өгсөн байна.
13.******* нь ...гахайн аж ахуй эрхлэн явуулж буй хашаа, гахайн аж ахуйн байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээ туслах аж ахуйн суурьшлын бүс рүү нүүлгэн зөөвөрлөхөд хэдий хэмжээний зардал гарах талаар Тэргүүлэх төсөвчин гэгчээр төсөв, зардлыг тооцуулсан байх ба уг төсөвчин *******ийн буулгах барилга байгууламж, буулгасан барилгыг барих ажлын зардлын нийт төсөвт өртөг 22,438,337 төгрөг гэжээ./1-р хх- 26-49/
14.Нэхэмжлэгч ******* нь 01 тоот мэдэгдэх хуудсыг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад ... Засаг даргын захирамжид нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн атлаа тус захирамжийн хэрэгжилтийг хангахад зайлшгүй шаардлагатай аж ахуйг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүй, миний хувьд гахайн аж ахуйгаа нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой хэр хэмжээний зардал гарах талаар мэргэжлийн төсөвчнөөр үнэлгээ гаргуулахад нийт 22,438,337 төгрөг гарахаар тогтоосон, энэхүү зардлыг шийдвэрлэн өгч А/56 дугаар захирамжийн хэрэгжилтийг бодитоор хангаж ажиллана уу гэсэн гомдлыг Дархан сумын Засаг даргад гаргасан байна./1-р хх-5/
15.Дархан сумын Засаг дарга нь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 01/436 тоот албан бичгээр ...хотын төвөөс мал, туслах аж ахуйгаа гаргасан өрх тус бүрт нүүлгэлтийн шатахууны зардалд 100,000 төгрөг зарцуулахаар төсөв батлагдсан тул таны нэхэмжилсэн зардлыг олгох боломжгүйг мэдэгдэж байна гэсэн хариуг *******-д өгчээ. /1-р хх-6/
16.Хот,суурин газрын гэр хорооллын бүсээс туслах аж ахуйн бүс рүү шилжин суурьших иргэн *******/ ”А”тал/, Дархан сумын Засаг дарга / ”Б”тал/, Орхон сумын Засаг дарга / “В” тал/ нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 04 дугаартай “Хот, суурин газрын гэр хорооллын бүсээс туслах аж ахуйг /гахай/ гаргахад хамтран ажиллах гурван талт гэрээг байгуулсан байна./1-р хх-67, 213/
Тус гэрээний 1.2-т “Талууд харилцан тохиролцож, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, бие биенээ харилцан хүндэтгэх зарчмыг баримтална гэж,
Гэрээний 2.1, 4.2-т ... газар олгосон шийдвэр гаргах, энэ нь гэрээний зүйл, газрын мэдээлэл байршил Орхон сумын Энхтал 2 дугаар баг , Ноёнхонгор, хэмжээ 10,000 м.кв, зориулалт туслах аж ахуй эрхлэх, “А” тал туслах аж ахуйгаа шилжүүлэн байршуулах зардлыг өөрөө хариуцна, “Б” тал нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой шатахууны зардалд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх гэж,
3.1, 3.2-т талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр гэрээний хугацаа дуусгавар болно гэж, талууд тохиролцож нэг удаа сунгах боломжтой гэж,
4.3-т иргэн, хуулийн этгээд нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний дотор 240 толгой мал, амьтныг хот, суурин газрын гэр хорооллын бүсээс гаргасан байх гэж тус тус заасан байх бөгөөд дээрх гэрээний хугацааг 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан №04 тоот гэрээг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дахин байгуулсан байна. /1-р хх-213/
17.Нэхэмжлэгч ******* нь ... Дархан сумын Засаг даргын 2022 оны А/56 дугаар захирамжийн биелэлтийг хангаж гахайн байрыг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай зардал 22,438,337 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч тал эс зөвшөөрч ...Ноён хонгорын нутаг дэвсгэрт 1 га газрыг гэрээгээр олгосон, цахилгаан хангамжид Дархан сумын Засаг даргын Тамгын Газраас хөрөнгө оруулж, дэд бүтэц татах, худаг гаргахад хөрөнгө оруулалт хийж тухайн иргэнийг аж ахуй эрхлэх нөхцөлөөр хангаж өгсөн, суурьшлын бүсэд туслах аж ахуйг гаргахад хамтран ажиллах 3 талт гэрээ байгуулж, үндсэн нөхцөлийг тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэсэн тайлбарыг,
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал Орхон сум 2 дугаар баг, Энхталын туслах аж ахуйн суурьшлын бүсэд гаргасан зардлыг нэг өрхөд хуваахад газрын суурь үнэлгээний анхны үнэ нь 12,000,000 төгрөг, цахилгааны зардал 14,637,384 төгрөг, худаг гаргасны зардал 2,380,687 төгрөг нийт 29,018,071 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг,
Нэхэмжлэгч ******* эс зөвшөөрч ...гэрээний дагуу одоогоор газар олгосон зүйл байхгүй, би нүүж очоогүй, тог цахилгаан хэрэглээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг тус тус гаргаж талууд маргасан байна.
18.Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч нь захиргааны акт буюу Сумын Засаг даргын захирамжийн талаар болон уг захирамжийн дагуу байгуулсан гэрээний талаар маргаагүй гэж тайлбар гаргасан боловч уг 3 талт гэрээгээр нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг нэхэмжлэгч хариуцахаар харилцан тохиролцсон,
мөн захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулж болохыг, нөхөх олговор олгох журмыг хуулиар тусгайлан зохицуулахаар хуульчилсан байх ба уг үйл баримттай холбоотой асуудлын талаар холбогдох хууль, журам тогтоогдоогүй байна гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг,
...талуудын хооронд байгуулсан 3 талт гэрээгээр газрыг үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, харин уг гэрээгээр цахилгааны зардал, худаг гаргасны зардлыг нэхэмжлэгч буюу нүүж очих иргэн хариуцах талаар тохиролцоогүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
19.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдол гаргасан.
Гомдолд : ... анхан шатны шүүх хугацаа буюу үйлчлэл нь дуусгавар болсон гэрээнд үндэслэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой,
... нөхөх олговор уу, хохирол уу энэ тал дээр шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийг огт гаргаагүй, харин захирамжийн биелэлтийг хэрэгжүүлэхэд өөрөөс гарах зардал буюу гарах ёсгүй байсан зардал гарах болсон нөхцөл байдалд Сумын Засаг дарга шууд хамааралтай гэдэг утгаар хариуцагчаа тодорхойлон нэхэмжлэл гаргасан. Энэ нь Иргэний хуульд заасан хохирлын тухай ойлголтод хамаарах юм. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын тухай ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй шийдвэр гарахад нөлөөлсөн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
20.Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй ба энэ нь Монгол улсын иргэн бүр баталгаатай эдлэх эрх болохыг Монгол улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлан тунхагласан.
Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно.
5.1.1.-д төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага ; ... гэж,
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороо нь нийтийн эрх зүйн этгээд байна” гэж заасан.
21.Дархан сумын Засаг дарга нь нийтийн эрх зүйн субъект байх бөгөөд тэрээр 2022 онд А/56 дугаар “Хориглосон бүсэд байгаа мал, туслах аж ахуйг нүүлгэн шилжүүлэх тухай” захирамжийг нийтийн эрх ашгийн тулд гаргасан гэж үзэхээр байна.
Мөн иргэдийг нүүлгээд орхих биш амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх үүднээс мал, туслах аж ахуйгаа эрхлэхэд зориулж газар олгох, тог цахилгаан, худаг усны асуудал, нүүн шилжих шатахууны зардал зэргийг төр хариуцах, үүнээс бусад зардлыг суурьшлын бүс рүү шилжин нүүх иргэн өөрөө хариуцна гэж гурван талт гэрээгээр талууд харилцан тохирсон байна.
22.Дээр дурдсан болон хэрэгт авагдсан үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, татгалзал, талуудын тайлбар зэргээс үзвэл: хэргийн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талуудын хэн аль маргаагүй.
Харин нэхэмжлэгч тал ...суурьшлын бүс рүү гахайн аж ахуйн объектыг шилжүүлэн нүүлгэж, байршуулахад төсөвчний гаргасан тооцооллоор 22,438,337 төгрөгийн зардал гарахаар байгаа тул үүнийг гаргуулах гэжээ.
Нэхэмжлэгч нь гахайн аж ахуйн объектыг шилжүүлэн байршуулахад 22,438,337 төгрөгийн зардал гарахаар байна гэж буй нь хохирлын агуулгаар шаардаж байна гэж үзэх үндэслэлтэй.
Энэ нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-н “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зааснаар тайлбарлагдаж байна.
Иргэний эрх зүйн хохирол хариуцах зарчмаар хариуцагч талын гэм буруугийн асуудал зайлшгүй шаардагдах бөгөөд Сумын Засаг дарга хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлж , 2022 онд А/56 дугаар “Хориглосон бүсэд байгаа мал, туслах аж ахуйг нүүлгэн шилжүүлэх тухай” захирамж гаргасан, уг захиргааны акттай нэхэмжлэгч маргаагүй байна.
23. Хэргийн 67, 213 дугаар талд авагдсан “Хот,суурин газрын гэр хорооллын бүсээс туслах аж ахуйг /гахай/ гаргахад хамтран ажиллах гурван талт гэрээгээр ... “А” тал болох нэхэмжлэгч ******* нь туслах аж ахуйгаа шилжүүлэн байршуулах зардлыг өөрөө хариуцна, ... гэж заасан, өөрөөр хэлбэл, ...суурьшлын бүс рүү туслах аж ахуйгаа нүүлгэн шилжүүлж байршуулахад гарах эрсдэлийг өөрт нь хариуцуулсан байна.
24.Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.
Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсч гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 135/ШШ2024/00810 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 143 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Х.БАЙГАЛМАА