Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Э.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч А.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн А.Ш-т холбогдох эрүүгийн 1820000000131 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д аймгийн Д хотод төрсөн, ... настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, Т овгийн  А.Ш,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ш нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын сургуулийн урлаг зааланд иргэн Ч.У-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч А.Ш мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би өөрийн найз Т-тэй 0,5 литрийн Е нэртэй архийг дэлгүүрээс худалдан авч гадаа сууж байгаад уусан тэгээд гэртээ ирээд байж байтал орой нь миний танил З над руу залгаж чи манай гэрт хүрээд ир гэж хэлэхээр нь би гэрт нь очтол З нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүний хамт 3-уулаа 0,5 граммын Е нэртэй архийг талд нь ортол нь уугаад сууж байсан. Үлдсэн архийг нь бид 4 хувааж уусан. Би дэлгүүр лүү орж Е нэртэй 0,5 граммын 1 шилийг худалдан аваад бид 4 хувааж уугаад талд нь орж байхад тэр 3 бүжгэнд явахаар болсон. Би З ахын костьюм пиджакийг нь өмсгөөд гутлыг нь тосолж өгсөн. Би бүжигэнд явахгүй гэтэл З ах намайг хамт явъя гээд байсан бид 4 гэрээс гараад Ерөнхий боловсролын сургуулийн урлаг зааланд очсон. Тухайн үед бүжигэнд орж байгаа гээд заал дүүрэн хүнтэй байсан. З бид 2-той архи уусан гэх нэг эрэгтэй, нэг эмэгтэй 2 нилээн настай хөгшчүүл байсан. Тухайн үед би архи уугаад маш их согтсон байсан болохоор зааланд очоод болсон үйл явдлыг санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа ирчихсэн намайг авч явсныг санаж байна. Маргааш нь З ахаас юу болсон талаар асуухад үл таних залууг нэг удаа цохичихсон гэж хэлсэн... Хохирол төлбөрийг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... ” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 35-36/,

- Хохирогч Ч.У мөрдөн шалгах ажиллагаанд: “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би 19 цаг өнгөрч байхад сургуулийн урлаг зааланд бүжгэнд оролцохоор очиход нилээд олон хүн байсан. Тэгээд бараг 40 хүн байсан байх, намайг очиход согтууруулах ундааг нилээд хэтрүүлэн хэрэглэсэн залуу дуулна гээд микрофон буцаалдаад микрофон өгөхөөр нэг дуулчихаад дахин микрофон булаацалдаад байсан. Тэгээд тэнд байсан өнгөрсөн хүмүүс рүү салаавч өгөөд, орилж хашгираад танхайраад байсан. Тухайн үед би хөгжимний хажууд сууж байсан. Тэр залууг танхайраад байхаар нь Г гэх хүн /утас нь .../ гаргаж байгаа харагдсан. Нөгөө залуу зааланд буцаж орж ирээд мөн л түрүүчийнх шиг ээ танхайрч байгаад хөгжимний хажууд сууж байсан над дээр ирээд би нэг дуулая гэхэд чи түрүүнд дуулсан одоо хэрэггүй ээ. Энд настай хүмүүс, хүүхдүүд байна гэж хэлсэн. Ер нь бол хөгжимчин гэх хүн тусдаа байсан. Би бол хүний дуулах дуулахгүйг мэдэхгүй тэгээд хажуунаас явахгүй болохоор нь би тэр хүнийг түлхэж гаргасан. Тэр залуу заал руу буцаж орох гээд байхаар нь чи заал руу орох хэрэггүй гэж маргалдаж байгаад заал руу орох гээд эргэтэл тэр залуу миний нүүрэн тус газар цохисон. Энэ үед миний харааны шил газарт унасан. Намайг түүнд цохиулаад тонгойтол хүн салгах шиг болсон. Би өөрөө шилгүй тохиолдолд юм хардаггүй тул шилээ хайж байгаад газраас автал нэг шил нь хагарчихсан, нэг шил нь мултраад уначихсан зүүх боломжгүй байсан тэнд байсан нэг хүн хэн байсныг мэдээгүй. ... Надад учруулсан хохирол болох 150,000 төгрөгийг А.Ш нь бэлнээр төлж барагдуулсан намайг хохиролгүй болгосон. Иймд А.Ш-т ямар нэгэн гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10, 59/,

- Гэрч Ж.З мөрдөн шалгах ажиллагаанд: ”... 2018 оны 11 дүгээр сарын 24-ний орой 18:30 цагийн үед намайг гэрт байж байхад А.Ш нь Точикт байх манай гэрт согтуу орж ирсэн. Гартаа шил 0,5 граммын Е архи барьчихсан байсан. Тухайн үед манайд надаас өөр хүн байгаагүй. Ш архиа задлахаар нь би архинаас нь 1 татсан, Ш өөрөө 2-3 удаа хундаглаж татсан. Би 19:00 цагаас сургууль дээр болох бүжгэнд явах гэж байсан болохоор архи үнэртүүлээд яахав гээд уугаагүй. Ингээд Ш бид 2 гэрээс гарч такси аваад сургууль руу очсон. Архиа манай гэрт үлдээсэн. Бүжгэн дээр очиход маш олон хүн байсан. Бужигнаад л байсан Ш нилээн согтсон, ер нь далжигнаад байсан. Ш хөгжимчин залуугаас микрофоныг нь аваад дуулсан. Тэгээд хүмүүс таарч тохирохгүй бусдыг ер нь л хүндлэхгүй, тээртэй зан гаргаад байсан. Би бүжиглэж байтал гадаа хүмүүс муудалцах гээд байна гээд бархиралдаад эхлэхээр нь бүжиг болж байсан урлаг заалнаас гараад коридорт гартал Ш нэг нүдний шилтэй залууг баруун гараараа 1 удаа хүчтэй шанаадсан. Нөгөө нүдний шилтэй залуу газар унасан нүдний шил нь газар бас унаж байсан. Тэр үед нь хажууд нь надаас өөр хүнгүй байсан тул би дундуур нь орж салгасан. Тэгтэл араас хэдэн залуус /тэнд байсан хүмүүсийг танихгүй/ гарч ирээд Ш-г хорьсон. Ингээд М гэх хүн цагдаа дуудаад хүлээлгэж өгсөн. Нүдний шилтэй залуугийн амнаас нь бага зэргийн цус гарсан харагдсан. Энэ залуу бол эрүүл, архи дарс уугаагүй байсан Харин Ш-н хувьд архи уусан байсан, ухаанаа алдсан байсан үгүй мэдэхгүй байна. Би уг нь анхнаасаа Ш-г бүжгэн дээр согтуу очоод хэрэггүй, хэл ам гарна шүү гэж хэлсэн боловч хамт явъя гэсээр хамт явсан бүжгэн дээр очихдоо эхлээд гайгүй байх шиг байсан, дараа нь дуулаад бүжиглээд  хөөрөөд л согтчихсон байх.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 02/0425 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. 2018 оны 11 дүгээр сарын 24-ний яаралтай тусламжийн хуудсыг үзэхэд Ч.У-н биед уруулын шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  3. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.   Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 17/,

- А ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ/818-039 тоо үнэлгээний тайлан: нүдний шил /хол ойрын харааны/ 1 ширхэг 150,000 төгрөг гэсэн дүгнэлт /хх-ийн 22-24/,

- А.Ш-н иргэний үнэмлэхийн лавлагаа, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн ам бүлийн тодорхойлолт, /хх-ийн 37, 47/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар А.Ш нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын сургуулийн урлаг зааланд иргэн Ч.У-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч А.Ш нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын сургуулийн урлаг зааланд иргэн Ч.У-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч А.Ш нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ч.У-н “...Тэр залуу заал руу буцаж орох гээд байхаар нь чи заал руу орох хэрэггүй гэж маргалдаж байгаад заал руу орох гээд эргэтэл тэр залуу миний нүүрэн тус газар цохисон. Энэ үед миний харааны шил газарт унасан. Намайг түүнд цохиулаад тонгойтол хүн салгах шиг болсон. Би өөрөө шилгүй тохиолдол юм хардаггүй тул шилээ хайж байгаад газраас автал нэг шил нь хагарчихсан, нэг шил нь мултраад уначихсан зүүх боломжгүй байсан тэнд байсан нэг хүн хэн байсныг мэдээгүй...” гэсэн, гэрч Ж.З-н “... бүжиг болж байсан урлаг заалнаас гараад коридорт гартал Ш нэг нүдний шилтэй залууг баруун гараараа 1 удаа хүчтэй шанаадсан. Нөгөө нүдний шилтэй залуу газар унасан нүдний шил нь газар бас унаж байсан. Тэр үед нь хажууд нь надаас өөр хүнгүй байсан тул би дундуур нь орж салгасан...” гэсэн мэдүүлгүүд болон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 02/0425 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд А.Ш-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Ш-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан торгуулийн ялаар шийтгэж, шүүхээс оногдуулах торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Ш нь урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх ба өнөөдрийн байдлаар 182 цагийн ялыг эдлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ял болон уг тогтоолоор оногдуулах ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Ш нь хохирогч Ч.У-т учруулсан хохирол болох 150,000 төгрөгийг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн  А.Ш-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овгийн  А.Ш-г дөрвөн зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470,000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-т Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн ял болох 182 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, уг шийтгэх тогтоолоор оногдуулсан дөрвөн зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470,000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгийн торгох ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-т оногдуулсан 470,000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш нь торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч А.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Б.Н