Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 207/ма2024/00083

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 207/МА2024/00083

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 29 207/МА2024/00083

 

 

Н.*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Г.*******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.*******, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2024/00911 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.*******д холбогдох,

Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 22.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч Г.*******ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайзанбүтэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь Г.*******тай 2017.11.16-ны өдрөөс танилцаж хамт амьдарч эхэлсэн. 2018.08.03-ны өдөр охин Г.*******, 2022.02.07-ны өдөр охин Г.******* нарыг тээн төрүүлсэн. Дээр дурдсан хугацаанаас хойш хамтран амьдарч байгаад хүүхдийн эцэг Г.******* нь хүүхдээ анхаарч хайхрахгүй, бид нартай харьцахаа больсон тул 2024.01.26-ны өдрийн Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2024/00214 дугаартай шийдвэрээр төрсөн охин болох Г.*******, Г.******* нарыг Н.*******ийн асрамжид үлдээсэн. Г.******* нь 2 хүүхдийнхээ тэтгэмжийн мөнгийг өгдөггүй. Иймд 2024.02.21-ний өдрийн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 142/ШЗ2024/0157 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн болно. Н.******* нь Г.*******ын төрсөн 2 охиныг тээж төрүүлэн, эсэн мэнд өсгөн цэцэрлэгт хүмүүжүүлж байна. Төрсөн эцэг болох Г.******* төрсөн алаг үрээ алагчилж үзэн Г.*******ийг миний хүүхэд биш гэсэн учраас ******* нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан. 2023.12.25-ны 5854 тоот Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтээр Г.******* нь Г.*******ийн төрсөн эцэг болох 99.9 хувиар тогтоогдсон шинжээчийн дүгнэлт гарсан. Н.******* нь хамтран амьдрах хугацандаа цэцэрлэгийн багшийн ажлыг хийж, амьдрал ахуйдаа тусалж, амьдралаа цуг босголцсон. Энэ хаягтаа хамт амьдарч байсан нь үнэн болно. Г.*******, Н.******* нь хадам ээжээсээ асууж хашаа байшингаа зарж байраа томруулж шинэ байранд орж, амьдралаа дээшлүүлэх хүсэлт тавьж хашаа байшингаа 30.000.000 төгрөгөөр зарсан. Н.******* нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* хороолол, ******* байр, ******* тоотод 2 өрөө 44.1 м.кв байрыг ипотекийн зээлээр 88.200.000 төгрөгөөр худалдан авч охин Г.*******, Г.******* нартай хамтран амьдарч, 16-р цэцэрлэгт багшийн ажил хийж 2 хүүхдээ цэцэрлэгт нь явуулж өсгөн хүмүүжүүлж байна. Иймд Н.******* болон охин Г.*******, Г.******* нарт ногдох хөрөнгөөс 22.500.000 төгрөгийг авахаар нэхэмжилж, хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2024/00911 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Алаг адуу овогт Надмидын ******* /РД: ИХ/, Харчин овогт Гантулгын ******* /РД: АМ*******/ нарыг хамтын амьдралтай байсан болохыг тогтоож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2-д заасныг баримтлан хариуцагч Г.*******аас 22.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас 340.650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие Г.******* нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагааг ойлгохгүй байгаагаас иргэн Н.*******тэй холбоотой хэд хэдэн хэргийг шийдвэрлэхэд их хохирч байна. Анх хүүхдийн тэтгэвэр нэхэмжилсэн хэрэг үүссэн байсан. Давж заалдаж болно гэдгийг ойлгоод давж заалдах гомдол гаргатал хугацаатай байдаг гэдгийг мэдэхгүй байж байгаад хугацаа хэтрүүлсэн гэж гомдлыг хүлээн авахгүй хүчин төгөлдөр болж, хоёр хүүхдээ асран халамжлах боломжгүй болсон. Дараа нь хадгаламжийн мөнгө нэхэмжилж хэрэг үүсгэсэн, мөн л түүний талд 100 хувь шийдвэрлэсэн. Үүний дараа би өмгөөлөгч авахгүй бол болохгүй юм байна гээд өмгөөлөгч Х.Оюунбатад хандсан. Өөрөөр хэлбэл энэхүү хэрэг шүүхэд ирсэн гэдгийг мэдээд тайлбар өгөх хугацаанд буюу 2024.05.14-ний өдөр өмгөөлөгчид хандаж, уг өдөр тайлбараа бичүүлж шүүхэд өгсөн. Уг бичүүлсэн тайлбараа шүүхэд өгсөн атал хэрэгт ирээгүй гэх шүүхийн шийдвэрт бичснийг уншаад маш их гайхсан. Түүнтэй холбоотой үүсгэсэн олон хэргийн нэгэнд нь тухайн тайлбар хүргэгдэж, алга болсон юм болвуу гэж бодож байна. Учир нь энэхүү 22.500.000 төгрөг тэрээр нэхэмжилсэн нь ямар учиртай вэ гэхээр *******ийн ээж д холбогдуулан би мөнгөө нэхэж хэрэг үүсгэсэн /мөн намайг хойшлуулах хүсэлт өгсөн байхад хуралд ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг саяхан буцаасан/ байсан. Миний хуваарьт хөрөнгө болох эцэг эхээс минь өгсөн хашаа байшинг ******* нь худалдах итгэмжлэл өгснийг маань далимдуулж, худалдаж, улмаар худалдсан үнэ болох 24.000.000 төгрөгийг ээж даа шилжүүлж байхгүй болгосон. Миний аав Ц.Гантулга, ээж Н.Наранчимэг хоёр надад 2020 онд хашаа байшин худалдан авч, надад бэлэглэсэн. Өөрийн гэсэн орон гэртэй болсон тул Н.******* болон хүүхдүүдээ гэртээ авчирч хамт амьдрах болсон. Гэтэл 2023 онд эхнэр Н.******* нь орон сууцанд ормоор байна, байрны урьдчилгаанд хашаа байшингаа зарчих гэхээр нь эхнэр Н.*******ийн үгэнд орж, хашаа байшингаа худалдах эрхийг Н.*******т олгосон. Энэ байдлыг далимдуулан хашаа байшинг зарж, худалдсан үнэ 24.000.000 төгрөгийг хадам ээж П.ы дансруу шилжүүлсэн байсан. Яагаад ээж П.д шилжүүлсэн юм гэтэл ээжийн нэр дээр байж байг, бид үрчихнэ, энэ дансанд байж байг гэсэн. Үүнээс хойш орон байртай больё гэж шаардах болгонд байнга хойшлуулах болсон, шалтгааныг нь тодруулахад тодорхой шалтгаан хэлэхгүй сүүлдээ сална гэх болсон. Ингээд П.аас мөнгөө авья гэтэл хэл амаар доромжилж, мөнгийг маань өгөөгүй. Хадам ээж П. нь үндэслэлгүйгээр миний хашаа байшингийн мөнгийг авсан учир шүүхэд хандсан. Үүнийг мэдмэгцээ хамтын өмч байсан мэт худал нэхэмжпэл гаргасан ба мөнгийг ээждээ өгсөн атлаа байхгүй болгосон хөрөнгөнөөс 22.500.000 төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг буюу зохигчид хамтын хөрөнгө байгаа эсэх, маргаан бүхий тухайн хөрөнгө байгаа эсэх, ямар хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулахаар шийдвэрлүүлж байгаа эсэхийг анхааралгүй, намайг тайлбар гаргаагүй гэх үндэслэлээр хэргийг үндэслэлгүй, баримтгүй шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Шүүх хурлын зарын тухайд надад 2024 оны 06 сарын 12-ны өдөр хуралтай гэх зар ирсэн ба уг хуралд ар гэрийн гачигдалтай гэх үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргасан. Гэтэл тухайн үед 2024 оны 06 сарын 12-ны өдөр миний нэхэмжпэлтэй П.Мэндсаханд холбогдох хурал, 2024 оны 06 сарын 13-ны өдөр ******* надад холбогдуулсан энэхүү хурал адилхан цаг хугацаанд зарласан байсныг төөрч, андуурч, нэг хурал зарласан гэж ойлгон хойшлуулах хүсэлтийг 2024 оны 06 сарын 10-ны өдөр өгч, хурал хойшилсон гэж ойлгож явтал намайг ирээгүй гэх шалтгаанаар хурлыг хийсэн байна. Миний аав Архангай аймгийн Хотон суманд амьдардаг, ходоодны хорт хавдрын улмаас хэвтэрт, асрах хүнгүй улмаас 2024 оны 06 сарын 07 ны өдөр явж, асарч байгаад 2024 оны 07 сарын 05- ны өдөр ирсэн. Гэтэл энэхүү хурал болоод өнгөрсөн байсан. Шүүхээс ярьж байна, та хуралтай гэж хэлэхдээ, хэнд холбогдуулах ямар хурал болох гэж байгаа талаар тодорхой хэлж өгдөггүйгээс би андуурч, хурлаа 2024 оны 07 сарын 02-ны өдрөөр хойшлуулсан гэж ойлгож яваад Архангайгаас иртэл, надад холбогдох шийдвэр ирснээр би хурал болсныг мэдлээ. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 142/ШШ2024 /00911 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 22.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийг хүлээн авсан атлаа хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн татгалзсан талаар хариу тайлбар болон холбогдох нотлох баримтыг гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 11 дүгээр сард танилцаж хамтран амьдарсан. Хүүхдүүдээ харж хандахгүй байсан тул шүүхийн шийдвэрээр охин Г.*******, Г.******* нарыг эхийн асрамжинд үлдээж тэтгэлэг тогтоолгосон. Хадам ээжээсээ асууж хашаа байшингаа зарж байраа томруулж шинэ байранд орж амьдралаа дээшлүүлэх хүсэлт тавьж хашаа байшингаа 30.000.000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгөнөөс төрсөн эгчдээ надад мэдэгдэлгүйгээр 6.000.000 төгрөг өгсөн байсан, миний бие Баян-Өндөр сум ******* баг ******* хороолол ******* тоот байрны ******* тоотод 2 өрөө 44.1 м2 талбай бүхий байрыг ипотекийн зээлээр 88.200.000 төгрөгөөр худалдан авсан. Ногдох хөрөнгөнөөс 2 охин бид гуравт 22.500.000 төгрөг гаргуулна гэсэн тайлбарт үндэслэжээ.

Анхан шатны шүүх хариуцагч Г.*******д нэхэмжлэлийн хувийг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гардуулж, 14 хоногийн дотор буюу 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор хариу тайлбар гаргах хугацааг тогтоож өгсөн, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Г.******* нарыг хамтын амьдралтай байсан болохыг тогтоож Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4., 129 дүгээр зүйлийн 129.2.-т зааснаар хариуцагч Г.*******аас 22.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 125, 126 дугаар зүйлд нийцээгүй байна.

Шүүх зохигчдыг хамтын амьдралтай байсан болохыг тогтоосон атлаа гэр бүлийн хөрөнгийн эрх, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Нөгөө талаар нэхэмжлэгч Н.******* нь дундын хөрөнгөөс 3 гишүүнд ногдох хувийг гаргуулахаар эд хөрөнгийн маргаантай байхад нэхэмжлэлийг ямар хөрөнгөөс оногдох хэсгийг нэхэмжилж байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, тухайн маргаж буй эд хөрөнгийн талаар ямар ч нотлох баримт гаргаагүй байхад гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн байна.

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байх талаар заасан ба 42.4.-т ...хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор зохицуулсан байгаа боловч шүүх энэ заалтыг хэрэгжүүлсэн нь үндэслэлтэй ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийг зөрчсөн, зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй гэсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2024/00911 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Г.*******ын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, 270.450 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ