| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2016/00198/И |
| Дугаар | 230 |
| Огноо | 2016-08-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Адаацаг сумын 1-р баг, Хонгорын 4-1 тоотод оршин суух, -ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дундговь аймгийн Адаацаг сумын 3-р баг, Тавины 5-7 тоотод оршин суух, /-д холбогдох 1482280 /нэг сая дөрвөн зуун наян хоёр мянга хоёр зуун наян/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.М, хариуцагч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бий харилцан тохиролцоод манай дэлгүүрт 2014 оны 11 сарын 22-ны өдрөөс 2015 оны 06 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаагаар худалдагчаар ажиллуулсан болно. Энэ хугацаанд 1482280 төгрөгийн дутагдал гаргасан. 1482280 төгрөгийн дутагдал гаргаснаас нь хойш тооцоогоо нийлж, хохирлоо барагдуулах талаар удаа дараа хэлсэн боловч ирэхгүй шалтаг шалтгаан тоочоод 1 жил боллоо. Иймд Т.Цэцэгтуяагаас 1482280 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Ц шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.М гуйлтаар 2014 оны 11 сарын 22-ны өдрөөс 2015 оны 6 сарын 7-ны өдрийг хүртэл худалдагчаар ажилласан болно. Энэ хугацаанд дэлгүүрийн орлогыг өдөр тутам өөрт нь тушаадаг байсан. Анх 7394510 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн гэсэн боловч миний тооцоогоор 7159710 төгрөг болсон. Ингээд анх бараа хүлээн авсан зөрүү гэхэд л 234800 төгрөг гарлаа гэсэн чинь яваандаа болох байлгүй та буруу бодсон байлгүй гэсэн. Тооллого болохоор надаас дутдаг байсан гэсэн. Ажлаа хүлээлгэн өгье гэж 1 бус удаа хэлсэн. Надад хэлэхдээ манайх энэ дэлгүүрийг худалдаж авсан гээд сүүлдээ худалдаж авсан хүнтэйгээ наймаа тохироогүй гээд бараагаа татан буулгасан. Тооцоо хийх болохоор Мөнхжаргалын эхнэр Туяажаргал бид хоёр зөрдөг. Туяажаргал болохоор би энэ ажлыг 30 гаран жил хийж байна гээд тооны машинд маш хурдан хийдэг. Би удаан хийдэг. Ингээд тооцоо нийлж чадалгүй хоёр сар болсон. /6, 7 сар/ 2015 оны 8 сарын 15-наас харвалтын улмаас хэвтэрт орсон дүүгээ өөр дээрээ авч асарч байгаад сая 6 сарын 26-нд дахин харвалт өгч ухаангүй байсаар 7 сарын 4-нд нас барсан. Ийм амьдралын гачигдлаар завгүй асаргааны хүнтэй байсан учир дахин тооцоо нийлж чадсангүй. Саяхан 7 сарын 1-нд утсаар ярилцах гэсэн боловч Мөнхжаргал согтуу байсан учир ярилцаж чадсангүй. Би өвөл 2 сард Мөнхжаргалтай уулзаад би дүүгээ харж байна зав муутай байна дүүгээ нэг тийш болгохоор тооцоо хийнэ гэж хэлсэн боловч намайг шүүхэд өгсөн байна. Би Мөнхжаргалтай дахин сайн тооцоо хийж байж л энэ нэхэмжлэлийн мөнгийг шийднэ. Тооллого хийгээд дутсан гэж байсан боловч хэдэн төгрөгийн дутагдал гарсныг мэдээгүй. Албан ёсоор бараа хүлээлцдэггүй байсан. Зарим падан дээр бичсэн бараа дутуу ирэх үе байсан гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Т.Цс 1482280 /нэг сая дөрвөн зуун наян хоёр мянга хоёр зуун наян/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан дараах баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан. Үүнд:
Нэхэмжлэгч А.М дэлгүүрт хариуцагч Т.Ц худалдагчаар ажиллаж байсан гэдэг нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар худалдагчаар ажиллаж байсан эсэх тухай маргаагүй болно. А.Мөнхжаргал нь Т.Цсарын 150000 төгрөгийн цалинтай худалдагчаар дэлгүүртээ ажиллуулахдаа бичгээр гэрээ хийгээгүй, харилцан тохиролцож ажил хийлгэж байсан нь зохигчийн тайлбараар тогтоогддог.
Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болдог. Хөлсөөр ажиллах гэрээний хөлсний хэмжээг талууд харилцан тохиролцож тогтоодог. Хөлсөөр ажиллах гэрээний хэлбэр нь чөлөөтэй байдаг тул нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр амаар байгуулсан гэж үзэхээр байна. Гэвч ажилтан болох худалдагч Т.Ц нь өөрийн ажиллах газар, ажлын үргэлжлэх хугацааг өөрөө тогтоодоггүй, ажил олгогчоос гаргасан зохион байгуулалтын дагуу ажилладаг байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ биш хөдөлмөрийн эрх зүйн харилцаагаар зохицуулагдах ажил үүссэн байсан байна. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ажил олгогч, ажилтан хоёрын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдах бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулснаараа ажилтны эрх ашгийг хамгаалахаас гадна, хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын асуудлыг тусгасан байсан бол ажилтнаас ажил олгогчид учруулсан хохирлыг гаргуулах эрх зүйн орчин бүрддэг. Нэхэмжлэгч нарын хооронд хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдаагүй байх тул Хөдөлмөрийн сайдын 1991 оны 216-р тогтоолд зааснаар хариуцагч Т.Цэцэгтуяагаас дэлгүүрийн бараа дутагдлуулсны хохирол болох 1482280 /нэг сая дөрвөн зуун наян хоёр мянга хоёр зуун наян/ төгрөг гаргуулах үндэслэлгүй болно.
Мөн өмчлөгч өөрийн өмчлөлийн зүйл болох хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа аливаа зөрчлийг арилгуулах үйлдлийг таслан зогсоох, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар эдлэх эрхтэй боловч Т.Цэцэгтуяаг А. дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаанд дэлгүүрт нь ажил олгогчоос хэдэн удаа тооллого хийсэн. Тооллого хийхэд нь хэдэн төгрөгийн бараа дутсан, дутсан бараа тус бүрийн тоо ширхэг, мөнгөн дүнгээр Т.Цэцэгтуяад танилцуулж байсан талаарх нотлох баримт хэрэгт байхгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Нотлох баримт гэж хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтад мэдээллийг хэлдэг тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Иймд зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38630 /гучин найман мянга зургаан зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар А.М нэхэмжлэлтэй хариуцагч Т.Ц холбогдох 1482280 / нэг сая дөрвөн зуун наян хоёр мянга хоёр зуун наян/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38630 /гучин найман мянга зургаан зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.Х