Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 209/МА2024/00078

 

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  07 дугаар сарын 09-ны өдрийн 135/ШШ2024/00920 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                   *******,

                   *******,

                   ******* нарт холбогдох           

Нэхэмжлэлийн шаардлага: "Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс хариуцагч нарын нэрийг хасуулах тухай" нэхэмжлэлтэй,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

   ...миний бие Дархан хотын Мах комбинатад ажиллаж байсан. Олон жил үр бүтээлтэй ажилласан гэж Дархан-Уул аймаг, *******,*******,, тоот 2 өрөө орон сууцыг өгсөн.

Нэхэмжлэгч нь гэр бүлгүй ганцаараа амьдардаг байсан учраас ******* болон түүний гэр бүлийн хүмүүс орон нутгаас шилжиж ирээд таны байранд хамт түр байя гэсэн агуулгаар байрыг нь хөлсөлж хамт амьдарч эхэлсэн. Уг байрыг 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 тоот тогтоолоор өмч хувьчлалаар хувьчилж авсан.   

Тухайн үед миний бие гадуур бичиг цаасны ажил хөөцөлдөхдөө муу, хүний хэлж ярьсныг сайн ойлгохгүй учир орон сууцаа хувьчилж авах үед *******, ******* нар надад тусалж, албан байгууллагуудаар хамт явж, гэрчилгээг гархад авчирч өгсөн. Тухайн үед надад туслаад хамт явж байна гэж ойлгож байсан боловч өмчлөх эрхийн гэрчилгэн дээр өөрсдийн нэрээ оруулсан байсныг мэдээгүй.

...Сүүлийн үед намайг гадуурхаж орон гэрээс минь хөөж эхэлсэн тул найзынхаа хүүхдэд хэлж, гэрчилгээгээ үзүүлэхэд миний байрны хамтран өмчлөгчөөр гэр бүлээрээ орсон байна гэсэн. Миний бие гэр оронгүй байраа алдах хэмжээнд хүрч байна. Иймд ДА гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнээс *******, *******, *******, ******* нарын нэрийг хасаж өгнө үү гэжээ. /хэргийн 1-р тал/

2.Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Бид 1997 онд Орхон сумаас шилжиж ирээд байр хөлслөх зар тавиад ******* ахтай таарч байсан. Миний дүү нар байр түрээсэлж байхаар ахтайгаа цуг бай, ах нь ганцаараа байгаа гэж хэлсэн. Цуг амьдрахад түрээс энэ тэр гэсэн зүйлийг ерөөсөө ярьж байгаагүй. 1998 онд байр хувьчлахад яваад байр хувьчлаад өг. Ах нь ганцаараа байдаг юм чинь миний дүү нар энэ байрыг нэр дээрээ болгож ав гэсэн. Тэгэхэд нь бид нар юу гэж таны байрыг нэр дээрээ авах юм, хамтран эзэмшигчээр оръё гээд би хөөцөлдөж байгаад байрыг нь хувьчлаад хамтран эзэмшигчээр нэрээ оруулсан. Гэрчилгээ нь гарангуут нь би гэрчилгээг нь өөрт нь авчраад өгсөн. Тэрнээс хойш бид нар тэр байрны гэрчилгээг нэг ч удаа харж байгаагүй. Ямар ч байсан өөрт нь өгсөн.

Уг байрны тухайд анх 1991 онд ашиглалтад орж Мах комбинатын ажилчдад өгч байсан байр. Түүнээс биш яриад байгаа шиг нь түрээс энэ тэр өгч байгаагүй. *******ийн эхнэр нь 80,000 төгрөгт зарчхаад явчихсан байсныг нь түүний найз талийгаач, манай хадам ах хоёр хөөцөлдөж байж авч өгч байсан. Тэр цагаас хойш бид бүхэл бүтэн 27 жил цуг амьдарч байгаа. Цуг амьдарч байх хугацаанд нэхэмжлэл дээр бичсэн шиг хөөж барьсан асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. /хэргийн 22 дахь тал/

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******, *******, *******, ******* нарт холбогдуулан гаргасан Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс хариуцагч нарын нэрийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх ба хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж хэргийг зөв шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Хүний орон байранд үнэ төлбөргүй 27 жил амьдарсан, *******ийг бид заавал асарч байранд нь байна гээд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгааг ойлгохгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх хуралдаан дээр гаргасан талуудын тайлбараас үзэхэд орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарах үед хариуцагч нарыг хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн талаар нэхэмжлэгч ******* мэдсэн болох нь тогтоогдож байна гэжээ.

...Энэ талаар хэрэгт авагдсан баримт байхгүй тайлбартайгаа холбогдуулан хариуцагчид ямар нэгэн нотлох баримт гаргаагүй байхад *******ийг мэдсэн болох нь тогтоогдож байна гэсэн нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. /хэргийн 43 дугаар тал/

            5.Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

6.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

7.Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтууд болон хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага зэргийг тодруулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хэргээс судлан үзэхэд:

8.Нэхэмжлэгч ******* нь Дархан хотын Мах комбинатад ажиллаж байсан бөгөөд Дархан-Уул аймаг, *******,*******, 15 дугаар байр, 63 тоот 2 өрөө орон сууцыг орон сууц эзэмших эрхийн бичгийн үндсэн дээр эзэмшиж байгаад 1998 онд хувьчлан авч, тус орон сууцны хамтран өмчлөгчөөр  *******, *******, *******, *******, ******* нар бүртгэгдсэн болох нь талуудын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Харин хариуцагч нар нь нэхэмжлэгч *******ийн хувьд орон сууцыг анх хувьчилж авахдаа *******ийн өөрийнх нь сайн дурын үндсэн дээр бид нар өмчлөгчөөр бүртгүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. /хэргийн 3, 26-29/

9. 1996 оны 10 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, *******, ******* нарын хамт Дархан-Уул аймаг, *******,*******, 15 дугаар байр, 63 тоот 2 өрөө орон сууцыг хувьчлан авах хүсэлт гаргаж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “сууц хувьчлах тухай шийдвэрийг үндэслэн сууц эзэмшигчид тухайн сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно.” гэж заасны дагуу 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохигчдод өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

10.Иргэний хуульд заасны дагуу иргэний хөрөнгө өмчлөх эрх нь хуулийн дагуу, эсвэл хэлцлийн үндсэн дээр үүсэх учиртай бөгөөд ямар хэлцлийн үндсэн дээр хариуцагч нарт дээрх орон сууцыг өмчлөх эрх үүссэн гэдгийг нарийн тодруулах шаардлагатай ба хариуцагч нарын хувьд нэхэмжлэгч *******ийн зөвшөөрлийн үндсэн дээр тус орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, харин нэхэмжлэгч ******* нь орон сууц өмчлөх эрхийн гэрчилгэн дээр хариуцагч нарын нэр бичигдсэн болохыг саяхан мэдсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

1996 оны 10 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Орон сууц хувьчлах тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасны дагуу сууц хувьчлан авах тухай өргөдлийг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн эзэмшигч, эсхүл ...гэр бүлийн нь 18 нас хүрсэн аль нэг гишүүн гаргах эрхтэй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хувийн хэргийн материалаас үзэхэд нэхэмжлэгч *******тэй гэр бүлийн ямар нэгэн хамааралгүй этгээд болох ******* 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдөр аймгийн орон сууц хувьчлах товчоонд өргөдөл гаргаж, тус орон сууцыг хувьчилж авч байжээ.

Нэхэмжлэгч ******* нь орон сууц өмчлөх эрхийн гэрчилгэн дээр гэр бүлийн ямар нэгэн хамааралгүй этгээдүүд болох хариуцагч нарыг нэрээ оруулж бүртгүүлэхийг зөвшөөрч байсан эсэх, зөвшөөрсөн бол ямар үндэслэлээр зөвшөөрч байсан эсэх, мөн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгэн дээр хариуцагч нарын нэр бүртгэгдсэн байсныг хэзээ мэдсэн эсэхийг тодруулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн жинхэнэ байдал, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзнэ.

11.Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу маргаж буй орон сууцны хувийн хэргийг Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн боловч хувийн хэрэг дутуу ирсэн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаж байна.

Иргэний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэргийн гол нотлох баримт болох маргаж буй үл хөдлөх хөрөнгийн түүхчилсэн лавлагаа бүрэн ирсэн эсэхийг тодруулаагүй, уг баримтуудаар хэргийн үйл баримт бүрэн тогтоогдохоор байгаа, дээрх үндэслэл нь нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан  гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 135/ШШ2024/00920 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.БАЙГАЛМАА     

                                                              

                                            ШҮҮГЧИД                                      Р.ҮҮРИЙНТУЯА

 

 Я.ТУУЛ