| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2016/00191/И |
| Дугаар | 231 |
| Огноо | 2016-08-17 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол Нарны гудамжны 145-р байрны 25 тоотод оршин суух, Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн Өлзийт сумын 3-р багийн иргэн, д холбогдох 6855000 /зургаан сая найман зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх Д.Ой 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр уулзаж, түүнтэй ярилцаж тохиролцсоны дагуу түүнд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, Намъяанжүүгийн гудамж, 170 байрны 91 тоот хаягт байрлах 2 өрөө, 52.53 м2 талбайтай орон сууцаа түрээслэсэн. Бидний хооронд тохиролцсон нөхцлөөр уг байрыг Д.Отгондаваа нь 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай түрээсэлж, түрээсийн төлбөр сарын 700000 мянган төгрөг байхаар тохиролцсон. Гэтэл Д.Отгондаваа нь уг байрыг түрээсэлж суусан мөртлөө мөнгө төгрөгөө өгөхгүй, удаа дараа би одоо нэг ийм ажил хийгээд өгнө, байгаа мөнгөө эргүүлж өгсөөд, нэлээд хэдэн сарын мөнгийг зэрэг өгье гэх мэтээр худлаа хэлж булзах болсон тул би түүнтэй уулзаж, 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр бид Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ нөхөж хийсэн. Отгондаваа нь эхний жилийн түрээсийн төлбөрийг дээр дурдсан гэрээний дагуу, гэхдээ алдаг оног, хугацаа хэтрүүлэн, дахин дахин шаардаж шахуулж байж увуу цувуулж хийдэг байсан бөгөөд уг гэрээний дагуу 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх буюу уг гэрээний хугацаа дуусгавар болох үед эхний жилийн түрээсийн төлбөр 1560000 төгрөгийг огт төлөөгүй байсан. Би Отгондавааг түрээсийн төлбөрөө төлөхгүй удаа дараа ямар нэг шалтаг хэлээд байхаар нь уг гэрээг дуусгахад байрнаасаа гар гэсэн боловч Отгондаваа нь би гармааргүй байна, төлбөрөө өгнө, цаашид ч түрээслэж сууна, ер нь дандаа маргаашийн дотор төлчинө, нөгөөдөр төлчинө гэх мэтээр хэлж, ярьж байсаар өдийг хүрлээ. Би хэдийгээр уг байр нь миний өмчлөлийн зүйл боловч айл амьдарч байгаа, түрээслэж буй хүмүүсийн эзэмшил юм байгаа, нялх нярай хүүхэдтэй айлыг байрнаасаа хөөж гаргаж чадалгүй, Отгондавааг мөнгөө өгчих байх гэж итгэж найдсаар өдийг хүрсэн.
Дээр дурдсан анх байгуулсан гэрээ дууссанаас хойш Отгондаваа нь миний байранд байсаар, мөнгөө тэдийд өдийд өгнө гэсээр байсан тул 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Отгондаваатай уулзаж тооцоо нийлж, 2 дахь гэрээг байгуулсан, энэ гэрээний хугацаа нь 2015 оны 9 дүгээр сарын 21-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл дахин 1 жилийн хугацаатай байгуулсан гэрээ юм. Энэ өдөр Отгондаваа нь өмнөх гэрээний төлбөрт тооцож 950000 төгрөг өгсөн. Ингээд эхний жилийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 1560000 төгрөг байснаас 950000 төгрөгийг өгснөөр 610000 төгрөг үлдсэн. Үүнээс хойш Отгондаваа нь 2 дахь гэрээний төлбөрөөс 2016 оны 3 дугаар сарын 10-ныг хүртэл ямар ч төлбөр хийгээгүй тул хөлслүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж, Отгондавааг байрнаас гаргасан. Отгондаваа нь энэхүү нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар одоог хүртэл ямар ч төлбөр хийгээгүй байгаа бөгөөд энэ байрыг ашиглан суусаны төлбөр нь эхний гэрээний түрээсийн үлдэгдэл төлбөр 610000 төгрөг, 2 дахь гэрээний түрээсийн төлбөр 3960000 төгрөг болсон байна. Нийт түрээсийн үндсэн төлбөр 4570000 төгрөг болсон байна.
Бидний хооронд байгуулсан 2 дахь гэрээ буюу Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээний зүйл заалтад хөлслөгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хөлслүүлэгч талд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэсэн заалт байна. Үүнийг тооцвол алданги нь 2809500 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232.4-т ‘’...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй’’ гэж заасан байгаа тул үндсэн түрээсийн төлбөр 4570000 төгрөг, үүний 50 хувийн алданги 2285000 төгрөг, нийт 6855000 төгрөгийг хариуцагч Д.О гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Г шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: Үйлчлүүлэгч П.Д гуай надтай 3 сараас эхлээд холбогдсон. Хариуцагчтай хэд хэдэн удаа уулзсан. Сүүлдээ холбогдохгүй болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч мэдэж байгаа. Бид нар хариуцагчийг байхгүй гээд тоо нэмээгүй. Бодит байдлаар нь бодсон. Сая 3960000 төгрөгнөөс алдангийг нь бодоход 2970000 төгрөг болж байна. Нэхэмжлэл дээрээ бид нар 2809000 төгрөг гэж буруу бодсон байна. Сүүлд гаргаж өгсөн баримтууд нь хариуцагч эд зүйл эвдэлсэн, цахилгааны төлбөрөө төлөөгүй хэрнээ төлж, барагдуулаагүй явсан. Харин түүнийг нь нэхэмжлэгч өөрөө төлсөн учраас барьцаа хөрөнгөөр суутгаж авсан гэсэн баримтаа өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг маань хангаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Д нь Д.Ос 6855000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Д.Отгондаваа нэхэмжлэлийг 2016 оны 6 сарын 23-ны өдөр гардан авсан бөгөөд 2016 оны 7 сарын 7-ны өдөр хариу тайлбараа шүүхэд ирүүлэх байсан. Хэргийн үндсэн хугацаа дуусч байгаа тул шүүх хуралдааныг товлон зарласан. Шүүх хуралдааны товыг хариуцагчид утсаар мэдэгдэж, шуудангаар хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан дараах баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан. Үүнд:
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Д хариуцагч Д.О нарын хооронд Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан болох нь хэргийн 4-5-р хуудсанд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч Д.О нь нэхэмжлэгчийн орон сууцыг сарын 700000 /долоон зуун мянга/ төгрөгийн төлбөртэй хөлслөхөөр тохиролцож анх 2015 оны 1 сарын 6-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг 2014 оны 9 сарын 1-ний өдрөөс 2015 оны 9 сарын 1-ний өдрийг хүртэл буюу 1 жилийн хугацаатай байгуулсан байна. Энэ гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, Намъяанжүүгийн гудамж, 170 байрны 91 тоот хаягт байрлах 2 өрөө, 52.53 м2 талбайтай орон сууцыг хөлслөн амьдарсан байна. Эхний гэрээний хугацаа дууссаны дараа зохигч харилцан тохиролцож, гэрээний хугацааг үргэлжлүүлэн 1 жилийн хугацаагаар сунгаж, 2015 оны 11 сарын 30-ны өдөр эхний гэрээний дууссан хугацаанаас буюу 2015 оны 9 сарын 21-ний өдрөөс 2016 оны 9 сарын 21-ний өдрийг хүртэл дахин 1 жилийн хугацаагаар гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар 2 дахь гэрээг байгууллахад эхний гэрээний төлбөрийн үлдэгдэл 610000 төгрөг үлдсэн байсан гэжээ.
Хариуцагч нь 2015 оны 11 сарын 30-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид 2015 оны 9 сарын 21-нээс 2016 оны 3 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны орон сууц хөлсөлсний төлбөр болох 4200000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг 2015 оны 12 сарын 21-ний дотор төлөх байсан. Гэвч хариуцагч нь орон сууц хөлсөлсний төлбөрөө төлөөгүйн улмаас 2016 оны 3 сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн байрыг чөлөөлж өгсөн байна. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д зааснаар /нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нэг талын санаачлагаар гэрээг цуцалж болно гэжээ/ хариуцагч Д.Отгондаваа гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу байрны түрээсийн төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэгчийн санаачлагаар гэрээ цуцлагдах хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар /гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахыг шаардах эрхтэй гэжээ/ хариуцагчаас орон сууц хөлслүүлсний төлбөрөө шаардах эрхтэй байна. Зохигчийн хооронд байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1 дэх хэсэгт заасан нөхцөл үүсээгүй тул нэхэмжлэгч П.Доржпагам, хариуцагч Д.Отгондаваа нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн хариуцагч нэхэмжлэлийг 2016 оны 6 сарын 23-ны өдөр гардан авсан бөгөөд 2016 оны 7 сарын 7-ны өдөр хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүрэгтэй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд буюу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хариу тайлбараа ирүүлээгүй түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77-р зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж хариу тайлбараа өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасны дагуу хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Зохигчийн хооронд байгуулсан эхний гэрээний үлдэгдэл 610000 /зургаан зуун арван мянга/ төгрөг үлдсэн. Зохигчийн хооронд байгуулсан эхний гэрээгээр үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол алданги тооцох тухай асуудлыг тусгаагүй тул эхний гэрээний орон сууцны хөлсний үлдэгдэл болох 610000 /зургаан зуун арван мянга/ төгрөгөнд алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.
Харин 2015 оны 11 сарын 30-ны өдөр зохигчийн хооронд байгуулсан Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээгээр хариуцагч нь 6 сарын түрээсийн төлбөр 4200000 /дөрвөн сая хоёр зуу мянга/ төгрөгийг 2015 оны 12 сарын 21-ний өдөр төлөх үүрэгтэй байсан ба хариуцагч нь 2015 оны 9 сарын 21-ний өдрөөс 2016 оны 3 сарын 10-ны өдрийг хүртэл 5 сар 17 хоног нэхэмжлэгчийн өмчлөлийн байранд амьдарсан байдаг. Тус байрны сарын төлбөр 700000 /долоон зуун мянга/ төгрөг тул 5 сарын түрээсийн төлбөр 700000*5=3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, нэг хоногийн төлбөр нь 700000:30=23333 /хорин гурван мянга гурван зуу гучин гурав/ төгрөг тул 17 хоногийн төлбөр нь 17*23333=396666 /гурван зуун ерэн зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг болж байна. Нийт 5 сар, 17 хоногийн орон сууц хөлсөлсний төлбөр 3500000+396666=3896666 /гурван сая найман зуун ерэн зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой байсан байна. Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаанд /2015 оны 12 сарын 21-ний дотор/ төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байх боловч тухайн гэрээний зохицуулалтаар алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3896666 /гурван сая найман зуун ерэн зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийн 50 хувь болох 3896666:2=1948333 /нэг сая есөн зуун дөчин найман мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийн алдангийг тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Иймд хариуцагчаас өмнөх гэрээний үлдэгдэл 610000 төгрөг, 5 сар 17 хоногийн төлбөр 3896666 төгрөг, алданги 1948333 төгрөг нийт 6454999 /зургаан сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга есөн зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 124630 /нэг зуун хорин дөрвөн мянга зургаан зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Отгондаваагаас 118230 /нэг зуун арван найман мянга хоёр зуун гуч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Доржпагамд олгож шийдвэрлэв..
Хэргийн 30-34-р хуудсанд байгаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан зарлагийн баримтуудыг нотлох баримтаар үнэдээгүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Ос 6454999 /зургаан сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга есөн зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124630 /нэг зуун хорин дөрвөн мянга зургаан зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ос 118230 /нэг зуун арван найман мянга хоёр зуун гуч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Дд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.Х