Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буурайн Баттөр |
Хэргийн индекс | 142/2023/01536/И |
Дугаар | 207/ма2024/00088 |
Огноо | 2024-09-05 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 207/ма2024/00088
2024 оны 09 сарын 05 өдөр | Дугаар 207/МА2024/00088 |
******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч М.*******ийн холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2024/01020 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.*******т холбогдох,
******* тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгүүдээр 3052-2019/104 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээлийн өрийн үлдэгдэл 16.998.058.10 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, ******* дугаартай үл хөдлөах хөрөнгийн барьцааны гэрээг хууль зөрчсөн хэлцэлд тооцож, ******* ХК-ийн Орхон аймаг дахь салбараас Орхон аймаг, *******,*******,*******,******* хашаанэы 818 М2 газрын 2101013992 улсын бүртгэлийн дугаартай 000524071 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ, энэхүү газар дээр барьсан 61 м2 талбай бүхий ******* улсын бүртгэлийн дугаартай 000704196 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пүрэвжаргалын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пүрэвжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Эрхэмбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пүрэвжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан ба мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж заасан. Иймд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... Албан шаардлага хүргүүлэх дээр тухайн зээл нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан. Тухайн албан шаардлагыг 2020 оны 8 дугаар сард өгч байсан. Огнооны хувьд зөрүүтэй гэдэг нь тухайн зээл төлөгдөхгүй байсан учраас зээлдэгч болох Эрдэнэчимэг, Наран болон ******* нарт гурвууланд нь энэ албан шаардлагыг хүргүүлсэн. Гарын үсэг зураад баталгаажуулаад өөрсдөө хүлээж авсан байдаг. Хоёрт барьцаа шалгах хуудас нь тухайн барьцаа хөрөнгийг барьцаалахаар ******* нь хариуцсан зээл хүсэж байгаа эдийн засагчид тухайн өөрийн өмчлөлийн хашаа, байшингийнхаа мэдээллийг нь өгч бүрдүүлэлт хийгээд ******* нь гарын үсэг зурсан. Ийм нотлох баримт хэрэгт байгаа, тийм учраас үүнийг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор ******* Эрдэнэчимэг, Наран нар нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийг 30 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн ба тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хариуцагч *******тэй байгуулсан бөгөөд ******* нь зээлийн гэрээний үндсэн болон бусад нөхцөлтэй нарийвчлан танилцаж зээлийн хэмжээ, хүү, эргэн төлөгдөх хугацаа, давтамж, зээлийн зориулалт зэргийг зээлдэгч нарын нэгэн адил ойлгон хүлээн зөвшөөрч үүргийн гүйцэтгэлд өөрийн хөрөнгөө барьцаалуулж гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд барьцааны хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрч барьцааны гэрээнд өөрийн биеэр гарын үсэг зурсан байдаг. ******* миний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаагаар хангахгүй шүүхийн шийдвэр гарсан гэж байна. О.Эрдэнэчимэг нь зээлээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн тул ******* нь зээлийн гэрээний үүрэгт 22.378.217 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж тус шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 465 дугаартай шийдвэрээр О.Эрдэнэчимэгээс 22.378.217 төгрөгийг гаргуулж *******инд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд тухайн асуудлаар дүгнэлт хийх боломжгүй, мөн барьцаалуулагч ******* нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй бөгөөд хариуцагч эсвэл гуравдагч этгээд оролцуулах тухай зохигчдоос аливаа хүсэлт гаргаагүйгээс гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөхөөс сэргийлэх зорилгоор барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүх тухайн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах үндэслэлгүй гэж шийдвэрлээгүй, харин тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд тус шаардлагыг шүүхээр хэлэлцэх энэ талаар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэр гаргах боломжгүй хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч *******ийн тайлбар үндэслэлгүй байна. Иймд тус банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Эрхэмбаяр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:
2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг О.Эрдэнэчимэгээс гаргуулахаар шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2021/00465 тоот шийдвэр бүхий үүргийг М.*******ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан ******* тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх. Үүнд: 1. Хариуцагчаас 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан ******* тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгүүдээр 3052-2019/104 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 16.998.058,10 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:
Миний бие ******* ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2021/00465 дугаартай шийдвэрээр ******* ХК-нд байх барьцаа хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. О.Эрдэнэчимэгээс 22,378,217 төгрөгийг гаргуулж ******* ХК-д гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 14-ний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. О.Эрдэнэчимэг төлбөр мөнгөө хэсэгчлэн төлж байгаа учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна... Орхон аймаг ******* Эрдэнэ баг Сархиа 11-4 тоот 00070419 тоот гэрчилгээтэй 61.8 мкв талбай бүхий хувийн сууц Ү-2201022776, 00524071 тоот, Г-2101013992 тоот дугаартай газар, хашаа байшингийн өмчлөгч. О.Эрдэнэчимэг нь хашаа байшингийн гэрчилгээг түр өгөөч гэхээр нь өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ******* ХК-аас зээл авахдаа барьцаа хөрөнгөөр тавьсан байсныг сүүлд мэдсэн. Миний бие О.Эрдэнэчимэгээс нэг ч төгрөг аваагүй. 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ202100465 дугаартай шийдвэр гарсан. Уг шийдвэрээр ******* ХК-нд байх барьцаа хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийг хэрэгсэхгүй болгож, О.Эрдэнэчимэгээс 22,378,217 төгрөгийг гаргуулж ******* ХК-д гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 14-ний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Миний өмчлөх эрх ноцтой зөрчигдөж би өөрийн өмчлөлийг захиран зарцуулах эрхийг маань ноцтой зөрчиж байгаа тул ******* ХК-аас барьцаа хөрөнгө болон Орхон аймаг ******* Эрдэнэ баг Сархиа 11-4 тоотод байрлах хашаа байшинг чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
"Капитрон" банкны Эрдэнэт салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд: 1.Нэхэмжлэгч 2019-11-25-ны өдөр О.Эрдэнэчимэг, Ц.Наран нартай зээлийн 3052-2019/104 дугаартай зээлийн гэрээг байгуулж 20.0 сая төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 25.2%-ийн хүүтэйгээр зээлдүүлжээ. Энэхүү зээлийн гэрээгээ цуцлаж гэрээний үүрэгт зээлэгч нараас 22.378.217 төгрөгийг гаргуулан авахаар шаардлага гарган Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021-03-15-нд нэхэмжлэл гаргаснаар тус шүүх 2021-05-31- ний өдөр хянан хэлэлцээд зээлийн гэрээг цуцлаж зээлдэгч нараас төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болоод 3 жил болох гэж байгаан дээр шийдвэр Орхон аймгийн ШШГГ-т албадан биелэгдээд явж байгаа болно. 2.Банк зээлдэгч нарын хооронд байгуулсан хоёр талын зээлийн гэрээний 2.1-д: Энэхүү гэрээнд заасан нэр томьёог дараах утгаар ойлгоно гээд ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ-ний:2.1.6 д:Барьцааны зүйл: Гээд-зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээлээ төлөх баталгаа болгож банканд барьцаалуулж байгаа барьцааны болон батлан даалтын гэрээнд заасан зээлдэгчийн хамтран үүрэг гүйцэтгэгчийн гуравдагч этгээдийн буюу батлан даагчийн хууль ёсы өмчийг:гэжээ.Гэрээний энэ заалтаас харахад барьцаалуулагчийн барьцааны гэрээ гэж байхгүйн дээр барьцааны зүйл гэж тодорхойлсон явдал нь хариуцагчтай хийсэн гэрээ хууль зүйн үндэслэлгүй болох нь харагдаж байна. 3.Мөн хоёр талын гэрээний 3.4-т:Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор байгуулсан барьцаа... ны гэрээ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно гэжээ. Гэтэл үндсэн зээлийн гэрээ буюу үндсэн үүрэг хүчин төгөлдөр бус болсноор /2021-05-31-ний өдрийн 142/ШШ2021/00465 дугаартай Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр цуцлагдсан бөгөөд энэ өдрөөс үндсэн гэрээ/үндсэн үүрэг дуусгавар/ болсоноор түүний гүйцэтгэлийг хангах тухай гэрээ хүчин төгөлдөр бус болно. Нэгэнт хүчингүй болсон гэрээнээс ямар нэгэн үр дагавар гарахгүй. 4.Банк хариуцагчийн барьцаа хөрөнгөөс Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-05-31-ний өдрийн 465 дугаартай шийдвэрээс биелэгдээгүй үлдсэн 16.998.058=10 төгрөгийг М.*******ийн барьцаа хөрөнгөөс гаргуулах тухай шаардлага байна. Нэгэнт төлбөрийг зээлдэгч нараас гаргуухаар шийдвэрлэчихсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад дахиад давхар М.*******өөс давхар гаргуулахаар шаардаж байгаа явдал нь үндэслэлгүй юм. Аливаа төлбөр нэг л удаа гаргуулахаар шийдвэрлэгддэг болохоос биелэгдээгүй байна гэж давхар өөр хэн нэгнээс гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Тэгээд ч Зээлийн гэрээний 2.1.6-д тодорхойлсноос харах юм бол үүрэг гүйцэтгэгчээс зээлээ төлөх баталгаа болгож байгаа барьцааны болон батлан даалтын гэрээнд заасан банканд барьцаалуулж байгаа хууль ёсны эмчийг хэлнэ. Харин энэ хэргийн хариуцагч М.******* тухайн зээлийн гэрээгээр үүрэг гүйцэтгэгч биш юм. 5.Иргэний хуулийн 458-р зүйлээр гуравдагч этгээд зээлдэгчийг банкны өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй тохиолдолд өөрийн хөрөнгөөрөө Батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээх тухай зохицуулалт байгаа болохоос хэн нэгэн гуравдагч этгээд өөрийн хөрөнгөөрөө барьцааны гэрээ байгуулж тэр гэрээгээрээ хариуцлага хүлээх зохицуулалт байхгүй юм.Аливаа хууль зөрчсөн гэрээ хэлэлцээрийн тухайн заалт хүчин төгөлдөр бус байдаг. Харин гуравдагч этгээдийн өөрийн хөрөнгийнхөө эрхийг зээлдэгчид шилжүүлж зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч цааш нь барьцаалж болох зохицуулалтууд хуульд байгаа. 6.Нэхэмжлэгч 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2021/00465 дугаартай шийдвэр бүхий үүргийг М.*******ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 3052-2019/104-01 тоот Үл хөдлөх хөрөнгийн барцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан. Дээрх шийдвэрээр М.*******өөр ямар нэгэн үүрэг гүйцэтгүүлэхийг даалгасан заалт байхгүй байтал юуны учир шүүхийн шийдвэрийг үндэслэн шаардлага гаргана вэ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учир бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Хариуцагч М.******* тус шүүхэд хандаж сөрөг нэхэмжлэл гаргахдаа "Хууль бус барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэсэн шаардлагыг гаргаж байсан бөгөөд шаардлагаа: Нэхэмжлэгчтэй байгуулсан 2019-11-25-ны өдрийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-дэх хэсэгт заасан "хууль зөрчсөн...хэлцэлд тооцож, "*******" ХХК-ийн Орхон аймаг дахь салбараас Орхон аймаг ************** Эрдэнэ Сархиа 11-р гудамж******* хашааны 818 м газрын Г-2101013992 улсын бүртгэлийн дугаартай 000524071 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ, энэхүү газар дээр барьсан 61м2 талбай бүхий ******* улсын бүртгэлийн дугаартай 000704196 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус гаргуулж өгнө үү. Шаардлагын үндэслэл нь:1-рт: Нэхэмжлэгч 2021-03-12-ны өдрийн 279 дугаартай Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээрээ талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүдийг цуцлаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан байх бөгөөд энэ тухайгаа энэ хэргийн хариуцагч М.*******т огт мэдэгдээгүй. Иргэний хуулийн 204-р зүйлийн 204.1-д: "Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ" гэжээ. М.*******ийг гэрээний нэг тал гэж үзэж байсан бол хуулийн энэхүү заалтыг биелүүлэх үүрэгтэй байжээ. 2-рт: Зээлийн 3052-2019/104 дугаартай гэрээний "Тодорхойлолт, тайлбарууд" гэсэн 2-р хэсгийн 2.1.6-д: "Барьцааны зүйл-зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээлээ төлөх баталгаа болгон банканд барьцаалуулж байгаа барьцааны болон батлан даалтын гэрээнд заасан зээлдэгчийн хамтран үүрэг гүйцэтгэгчийн, гуравдагч этгээдийн буюу батлан даагчийн хууль ёсны өмчийг" гэжээ. Гэрээний энэхүү заалтаас харахад М.******* зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч биш бөгөөд мөн батлан даагч биш учраас банкны өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй болох нь нотлогдож байна. 3-рт: Зээлийн гэрээний 1.6-д: Банк болон зээлдэгч О.Эрдэнэчимэг, Ц.Наран нарын хооронд 2019-11-25-ны өдөр байгуулагдсан 3025-2019/104 тоот зээлийн гэрээ нь барьцаалагчийн барьцааны эрхийг олж авах үндэслэл болно гэжээ. Гэрээний энэхүү заалт нь банкны барьцааны эрхийг олж байгаа болох нь харагдаж байна. Барьцаалагч гэж банкийг хэлж байгаа бөгөөд хариуцагч М.*******т ямар нэгэн хамааралтай заалт биш юм. 4-рт: Мөн гэрээний 1.7-д: Энэхүү гэрээнд заасан Банк, зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч гэдэг нь Зээлийн гэрээгээр тодорхойлсон этгээдүүд байна гэжээ. Зээлийн гэрээгээр банк нь зээлэгч нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчээр тодорхойлсон байгаа болно.М.******* банкны өмнө зээлдэгч нартай хамт хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргийг хүлээгээгүй болох нь энэхүү зээлийн гэрээнээс тодорхой харагдаж байна. 5-рт: Зээлийн гэрээний 14.3-т: Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс гуравдагч этгээд зээлийн батлан даалт гаргаж болно гэсэн байх бөгөөд гуравдагч этгээд хөрөнгөө барьцаалж, зээлдэгч хамтран зээлдэгч нарын өмнөөс хариуцлага хүлээх үүрэг байхгүй болох нь харагдаж байна. 6-рт 2019.11.25-ны өдрийн 30852-2019/104-1 дугаартай барьцааны гэрээний 6-д баталгаа гээд барьцааны зүйлийн тухай байх юм. Иргэний хуулийн 457-р зүйлд заасан баталгааны тухай зохицуулалт нь Банк баталгаа гаргах тухай болохоос хэн нэгэн иргэний бусдын авсан зээлийн хариуцлагыг хүлээх тухай зохицуулалт биш юм. Иймд хуулиар зохицуулаагүй барьцааны гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр 2019 оны 104-1 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож хариуцагчийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэгч банкнаас гаргуулж, М.*******т олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2024/01020 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, барьцааны зүйл болох хариуцагч М.*******ийн өмчлөлийн Орхон аймаг, *******,*******,*******,******* хаягт байрлах, 000524071 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-2101013992 дугаартай, 818 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 000704196 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2201022776 дугаартай, 61.8 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******-ны барьцаанаас чөлөөлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.941 төгрөг, хариуцагч М.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пүрэвжаргал шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Хариуцагч М.******* нь *******ны Эрдэнэт салбартай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр №******* тоот Үл хөдлөх хөрөнгийн барыдааны гэрээг байгуулан, Зээлдэгч О.Эрдэнэчимэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Наран нарын *******-ны Эрдэнэт салбартай байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №3052-2019/104 тоот Зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан. М.******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дараах хөрөнгийг барьцаалсан болно. Үүнд: М.*******ийн өмчлөлийн Орхон аймаг, *******,*******,*******,******* хаягт байрлах, 000704196 тоот гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн Ү-2201022776 дугаартай, 61.8 м.кв талбай бүхий амьдрах зориулалттай хувийн сууц, М.*******ийн өмчлөлийн Орхон аймаг, *******,*******,*******,******* хаягт байрлах, 000524071 тоот гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн Г-2101013992 818 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай өмчлөх эрхтэй газар. Зээлдэгч О.Эрдэнэчимэг, Ц.Наран нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ гэрээний дагуу төлөөгүй тул Банкны зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2021/00465 тоот шийдвэрээр банкны нэхэмжлэлийг хангаж О.Эрдэнэчимэгээс 22.378.217 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Банкны зүгээс барыдаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан боловч шүүхээс барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь хэний өмч, хамтран өмчлөгч байдаг эсэх, тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд бариулах талаар зохих этгээдийн зөвшөөрөл байгаа эсэх, хөдлөх хөрөнгө болох бараа материал байгаа эсэх болон энэ талаархи нотлох баримтгүй, шүүх Дүгнэлт хийх боломжгүйгээс гадна барьцаалуулагч М.*******ийг хариуцагч эсвэл гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүй нь түүний эрх ашиг сонирхол хөндөгдөх тул гэсэн үндэслэлүүдээр энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс ******* ХК нь хариуцагч М.*******т буюу барьцаалуулагчид холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан ******* тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгүүдээр 3052-2019/104 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 16.998.058,10 төгрөг гаргуулахаар шаардсан. Хоёр. Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар. Орхон аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2024/01020 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******-ны барьцаанаас чөлөөлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг дахин шийдвэрлэх боломжгүй хэмээн үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байсан тухай. 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2024/1020 дугаар шийдвэрт "... шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг шүүхийн шийдвэр, хүчин төгөлдөр болсон, ингэснээр дээрх шаардлагыг дахин шийдвэрлэх боломжгүй болсон байна хэмээн үзсэн байна. Өөрөөр хэлбэл, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжтой хэдий ч өмнө нь шийдвэрлэгдсэн тул дахин шийдвэрлэх боломжгүй хэмээн үндэслэсэн. ИХШХШтХ-ын 65 дугаар зүйлийн 65.1.6-т " Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа; бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана хэмээн зохицуулсан байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан бөгөөд хянан шийдвэрлэсэн. Хэрвээ үнэхээр шүүх тус хэргийг өмнө нь шийдвэрлэгдсэн хэмээн үзсэн бол шийдвэр бус шүүгчийн захирамж гаргаж хэргийн аль ч шатанд нэхэмжлэлээс татгалзах боломжтой байсан. Харин шүүх нь хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гаргасан. Гэхдээ тус шийдвэр дээрээ өмнө нь хүчин төгөлдөр гарсан шийдвэр байгаа тул дахин шийдвэрлэх боломжгүй байна хэмээн үндэслэсэн нь хууль бус, процессын алдаатай, үндэслэлгүй шийдвэр болжээ. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2021/00465 тоот шийдвэрээр хариуцагч О.Эрдэнэчимэгээс зээлийн төлбөрт 22.378.217 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-ийн Эрдэнэт салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд тэгэхдээ ...барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө хэний өмч, хамтран өмчлөгч байдаг эсэх, тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан бариулах талаар зохих этгээдийн зөвшөөрөл байгаа эсэх талаарх нотлох баримтгүй, шүүх дүгнэлт хийх боломжгүйгээс гадна барьцааны гэрээний дагуу барьцаалуулагч М.*******ийг хариуцагч эсвэл гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардсан агуулгатай байсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шүүхээс үүнийг ханган шийдвэрлэсэн ба тэгэхдээ барьцаалуулагчийг зохигч этгээдээр оролцуулаагүй тул тэр хэсгийг хэрэгсэхгүй орхисон. Тэгэхээр зээлдэгч нарыг хариуцагчаар татан шийдвэрлүүлсэн маргаан болон одоо өмчлөгч буюу барьцаалуулагчийг хариуцагчаар татан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага хоёр нь тусдаа, ялгаатай маргаан болно. Тиймээс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2021/00465 тоот шийдвэр нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Мөн тус барьцааны гэрээний дагуу манайх шаардах эрхтэй бөгөөд тус шаардах эрх нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-т заасан Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасан Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэсэн зохицуулалтуудаар тодорхойлогдож байна. Талууд төлбөр төлөөгүй дээр маргаагүй ба барьцааны гэрээний 1.4-т Барьцааны гэрээ нь Зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байж, зээлдэгчийн зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэнээр дуусгавар болно хэмээн зохицуулсны дагуу зээлийн гэрээний үүргийн бүрэн биелүүлснээр дуусгавар болохоор байна. Тэгэхээр нотлох баримт болон зохигч нарын тайлбараас зээлдэгч нар үүргээ гүйцэтгээгүй тул барьцааны гэрээг дуусгавар болсон гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Жич: Давж заалдах гомдлыг хэлэлцэх шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пүрэвжаргал биечлэн оролцох тул түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэнэ үү гэв.
ХЯНАВАЛ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч М.*******т холбогдуулан ******* ХХК болон зээлдэгч О.Эрдэнэчимэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Наран нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч М.******* нь ******* ХК-д холбогдуулан Орхон аймгийн *******ын Эрдэнэ багийн Сархиа 11-4 тоотод байрлах хашаа, байшинг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1., 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, барьцааны зүйл болох хариуцагч М.*******ийн өмчлөлийн Орхон аймаг, *******,*******,*******,******* хаягт байрлах, 000524071 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-2101013992 дугаартай, 818 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 000704196 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2201022776 дугаартай, 61.8 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******-ны барьцаанаас чөлөөлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлдэгч О.Эрдэнэчимэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Наран нар нь ******* ХХК-тай 3052-2019/104 дугаар зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн барьцаанд хариуцагч М.*******ийн өмчлөлийн Орхон аймгийн *******ын 17 дугаар баг,*******ны******* хаягт байрлах, 000524071 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-2101013992 дугаартай, 818 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 000704196 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2201022776 дугаартай, 61.8 м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.
Зохигчдын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ******* дугаар барьцааны гэрээ байгуулагдсан байна.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2021/00465 дугаар шийдвэрээр хариуцагч О.Эрдэнэчимэгээс зээлийн төлбөр 22.378.217 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-ийн Эрдэнэт салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж О.Эрдэнэчимэг төлбөрөө хэсэгчлэн төлж байгаа болох нь тогтоогдож байна.
Барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө хэний өмч, хамтран өмчлөгч байдаг эсэх, тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулах талаар зохих этгээдийн зөвшөөрөл байгаа эсэх талаарх нотлох баримтгүй, шүүх дүгнэлт хийх боломжгүйгээс гадна барьцааны гэрээний дагуу барьцаалуулагч М.*******ийг хариуцагч эсвэл гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.
Шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, тухайн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дахин шийдвэрлэх боломжгүй юм.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч М.*******ийн өмчлөлийн Орхон аймгийн *******ын 17 дугаар багийн*******ны******* хаягт байрлах, 000524071 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-2101013992 дугаартай, 818 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 000704196 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2201022776 дугаартай, 61.8 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ******* ХК-ийн барьцаанаас чөлөөлж, нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пүрэвжаргал нь ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх..., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-д заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пүрэвжаргалын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пүрэвжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 313.141 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2024/01020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пүрэвжаргалын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пүрэвжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 313.141 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР