Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/61

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Билгүүн  

Шүүгдэгч: Э.М 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цорос овогт Эын Мд холбогдох эрүүгийн 1912000800066 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч:  Ц овогт Эын М/РД:АБ.............../ 

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.М нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний орой 23 цагийн үед Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн хойд талд П.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

       *Эрүүгийн 1912000800066 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч П.Огийн өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цагийн үед ажлаасаа гэр рүүгээ харихаар машинтай гарсан. Тэгээд цэцэрлэгийн араар гараад явж байсан чинь 2 залуу хашаа дагаад алхаж байх шиг байхаар нь хажуугаар нь өнгөрөөд явсан чинь араас шүгэлдээд хөөе гээд дуудхаар нь эргээд очоод яасан бэ? гэж асуусан чинь өмнөөс М хэн бэ гэж асуухаар нь О ах нь байна гэсэн чинь та машинаасаа буугаад ир гэхээр нь буусан чинь шууд миний баруун хөмсөг рүү зүүн гараараа цохиод тэгээд бас хэд хэдэн удаа цохьсон. Тэгсэн чинь хажууд явж байсан Д нь хүүе чи болиоч гээд салгах гэсэн чинь цааш нь түлхээд ойртуулаагүй. Тэгээд намайг үсдээд доош нь дарж байгаад миний нүүрэн хэсэг рүү өшиглөөд бас гараараа цохиод байсан тэрүүхэн үед би шоконд ороод хэсэг юу болсныг санахгүй байна. Ямар ч байсан намайг хэдэн удаа  цохьсоны дараа Д салгасан чинь за ахаа одоо хоёулаа больё гэж хэлээд над руу ойртож байснаа гарандаа атгасан чулуугаараа миний зулайн хэсэг рүү цохиод миний зүүн нүд рүү хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд миний толгойноос цус гараад Д салгахаар би зугтаагаад ажил дээрээ очоод байж байсэн чинь араас  Дтай хамт М ирээд М надад ахаа уучлаарай дүү нь цусыг нь угаагаад өгье гэж хэлэхээр нь яах юм бэ? би өөрөө цэвэрлэнэ гэж хэлсэн чинь М яваад өгсөн. М миний толгой руу чулуу атгаж байгаад цохиод хагалсан мөн үснээс зулгаагаад тугаар нь унагаасан, зүүн дагз руу цохьсон, зүүн нүдний ухархай руу цохьсоны улмаас миний нүд битүү хавдаж хөхөрсөн байсан. Би түүнтэй маргасан зүйл байхгүй. Намайг зүгээр явж байхад дуудахаар нь очсон чинь шууд намайг зодсон. Өмнө нь бид хоёр маргаж байгаагүй. Д намайг цохиогүй, Мг салгах гэж оролдоод байсан боловч хүч нь хүрэхгүй байх шиг байсан. М намайг зодож миний биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/ 

 

*Гэрч  Ч.Дын өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 11 цагийн үед өөрийн найз болох Мтай уулзаад дэлгүүрээс 2.5 литрийн Боргио нэртэй пиво аваад Б ахынд очоод хувааж уучихаад дахин дэлгүүр яваад 2.5 литрийн Боргио нэртэй пиво нэгийг ууж дуусгаад дахин нэгийг аваад хуваагаад уусан. Тэгээд нэг мэдэхэд орой болсон байхаар нь Мтай харих гээд цэцэрлэгийн хойно ойр зуурын юм яриад явж байсан чинь нэг машин ирээд зогссон. Тэгээд тэр машинаас О ах бууж ирээд яагаад байгай юм гэсэн чинь М яадаг юм гэж хэлсэн чинь О ах Мг заамдаад хоорондоо маргалдаад байхаар нь больцгоо гээд би салгасан чинь М дахин О ахыг зодоод байсан. Тэгээд дахин салгах гэсэн боловч дийлээгүй. Тэгээд би сайн санахгүй байна. Пиво уугаад их согтсон байсан болхоор тухайн үед юу болсон талаар сайн санахгүй байна. Би О ахыг цохиогүй харин ч тэр 2-ыг салгах гэж оролдсон. О ахыг М зодсон. Тухайн үед О ах, М бид 3 байсан. Тэр 2 ямар шалтгааны улмаас маргалдсаныг би сайн мэдэхгүй байна. Өмнөн маргалдаж байсан талаар би сайн мэдэхгүй байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/

 

*Яллагдагч Э.Мн өгсөн: 

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Заяабазар гэх залуутай Боргио нэртэй пиво хувааж уучихаад түүнээс салаад Дтай таараад хэдэн пиво уугаад харих гээд цэцэрлэгийн ард алхаад чанга юм яриад хоорондоо ноцолдож тоглоод явж байсан чинь нэг машин ирээд зогсоод юу болоод байна гээд О ах буугаад ирэхээр нь гэнэт өмнө нь намайг олон хүний дэргэд чи миний хүүхэд тэрийгээ мэдэх үү гэж хэлж байсан нь санаанд ороод тэр талаар нь асуухад үгүй ээ ах нь тэгээгүй чи буруу ойлгоод байна гэхээр нь миний уур хүрээд барьж аваад цохьсон. Тэгсэн чинь толгойноос нь цус гараад байхаар нь би цамцаараа арчаад өгөх үү гэж асуусан чинь үгүй би өөрөө угаагаад цэвэрлэнэ гэж хэлээд гэр рүүгээ яваад өгсөн. Тэгэхээр нь араас нь ажил дээр нь явж очоод уучлалт гуйгаад усаар угаагаад өгье гэсэн чинь өглөө өөрөө угаана маргааш ирж уулзаарай гэхээр нь за өглөө яваад очье гэж хэлээд би харьсан. Өмнө нь олон хүний хажууд чи миний хүүхэд чи тэрийгээ мэддэг үү гэж хэлсэн нь миний уурыг хүргэсэн. Эхлээд Зтай 2 ширхэг Боргио нэртэй 2 литрийн пиво хувааж уусан. Дараа нь Дтай 1 ширхэг Боргио нэртэй 2 литрийн пиво хувааж уугаад дараа нь 1 лаазтай пиво хувааж уусан байсан. П.Ог би зодож гэмтэл учруулсан. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Энэ үйлдэлдээ их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24 дүгээр тал/ 

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 62 дугаартай“...П.Огийн биед зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зулайн зүүн урд хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 15 дугаар тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр тал/ 

*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 33, 34 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2019 оны 01 дүгээр сарын 21-ний орой 23 цагийн үед Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн хойд талд иргэн П.О нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Э.М үйлдсэн болох нь хохирогч П.Огийн”... Тэгээд цэцэрлэгийн араар гараад явж байсан чинь 2 залуу хашаа дагаад алхаж байх шиг байхаар нь хажуугаар нь өнгөрөөд явсан чинь араас шүгэлдээд хөөе гээд дуудахаар нь эргээд очоод яасан бэ? гэж асуусан чинь өмнөөс М хэн бэ гэж асуухаар нь О ах нь байна гэсэн чинь та машинаасаа буугаад ир гэхээр нь буусан чинь шууд миний баруун хөмсөг рүү зүүн гараараа цохиод тэгээд бас хэд хэдэн удаа цохьсон. Тэгсэн чинь хажууд явж байсан Д нь хүүе чи болиоч гээд салгах гэсэн чинь цааш нь түлхээд ойртуулаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Дын”... Тэгээд тэр машинаас О ах бууж ирээд яагаад байгай юм гэсэн чинь М яадаг юм гэж хэлсэн чинь О ах Мг заамдаад хоорондоо маргалдаад байхаар нь больцгоо гээд би салгасан чинь М дахин О ахыг зодоод байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 62 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Э.Мн бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Мн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Э.М нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч П.О нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Э.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Э.М нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Э.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Ц овогт Э-ын М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь шүүхээс оногдуулсан 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

             5. Шүүгдэгч Э.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

             6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР