Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 01172

 

 

 

 

 

                                                                                                

2016 оны 09 сарын 26 өдөр                       Дугаар 142/ШШ2016/01172                                 Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1989 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-25-914 тоотод оршин суух Шар торгууд овгийн Баасансүрэнгийн Цэвэлмаагийн /регистрийн дугаар УЗ89012000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1988 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сумын Их залуу багийн 9а дугаар байрны 05 тоотод оршин суух Паалан овгийн Лувсандаржаагийн Отгонбаатарт /регистрийн дугаар ИЗ88030510/ холбогдох эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Цэвэлмаа, хариуцагч Л.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэвэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Цэвэлмаа нь Отгонбаатартай 2011 онд танилцаж үерхэж байгаад 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүү Ц.Мөнхсэргэлэнг төрүүлсэн. Гэтэл Отгонбаатар хүү бид 2 дээр нэг ч удаа ирээгүй, одоо хүү маань 4 нас хүрч байна. Би 4 жил хүлээсэн. Цаашид амьдрах хүсэлгүй байна гэдгийг нь ойлгосон. Иймд 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Мөнхсэргэлэнгийн эцэг нь Отгонбаатар мөн болохыг тогтоож, Л.Отгонбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Л.Отгонбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Б.Цэвэлмаатай үерхэж байсан нь үнэн. Хүүхэдтэй болсоноо надад нэг удаа хэлсэн, ингээд надтай дахиж холбоо бариагүй, эцэг тогтоох шаардалагагүй би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэвэлмаа нь хариуцагч Л.Отгонбаатарт холбогдуулан эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...Отгонбаатартай 2011 онд танилцаж үрхэж байгаад 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүү төрүүлсэн. Гэтэл Отгонбаатар хүү бид 2 дээр нэг ч удаа ирээгүй, одоо хүү маань 4 нас хүрч байна. Би 4 жил хүлээсэн. Түүнийг цаашид амьдрах хүсэлгүй байна гэдгийг ойлгосон. Иймд 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Мөнхсэргэлэнгийн эцэг нь Отгонбаатар мөн болохыг тогтоож, Л.Отгонбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа.

Б.Цэвэлмаа, Л.Отгонбаатар нарын дундаас 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүү Ц.Мөнхсэргэлэн төрж, хүүг эх Б.Цэвэлмаа өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээ авсан нь Г-19 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Хүү Ц.Мөнхсэргэлэн одоо эх Б.Цэвэлмаагийн асрамжинд байж, эрүүл бойжиж байгаа нь өрхийн эмчийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасныг баримтлан Л.Отгонбаатарыг хүү Ц.Мөнхсэргэлэнгийн эцгээр тогтоож, мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан Л.Отгонбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзлээ. Л.Отгонбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 29 145 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Тодруулбал хариуцагч нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Ц.Мөнхсэргэлэнг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 16 нас / суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй. 

Орхон аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард 170 800 төгрөг, үүний 50 хувийг 1 жилээр тооцоход 1 024 800 төгрөг болох ба энэ дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 29 145 төгрөгийг хариуцагч Л.Отгонбаатараас гаргуулж улсын орлогод оруулах үндэстэй. Мөн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Ц.Мөнхсэргэлэнгийн эцэг Паалан овгийн Лувсандаржаагийн Отгонбаатар мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. 40.1.2-д зааснаар 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Ц.Мөнхсэргэлэнг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Л.Отгонбаатараас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 29 145 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

4.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА